Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0373

 

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0373

Улаанбаатар хот

Ч.Б-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0289 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б-н  нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0289 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэгч Ч.Б-н гаргасан “Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газар эзэмших эрх, гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх намайг өөрийн эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар дээр ил задгай автомашин худалдан борлуулах үйл ажиллагааг эрхэлж байсан нь газар дээр нь суурин судалгаа хийж тогтоогдсон гэж шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч энэ талаар шүүхэд тайлбар гаргахдаа намайг ил задгай талбайд автомашины худалдаа эрхэлж байсан зөрчил гаргаж байсныг хээрийн болон суурин судалгаа явуулж тогтоосон гэснийг шүүх үндэслэл болгосон байх боловч хээрийн болон суурин судалгаагаа хэрхэн хэзээ яаж явуулсан болох, ямар автомашинуудын хэзээ яаж худалдан борлуулсан талаар баримт нотолгоо огт гаргаагүй болно. Надад мэдэгдэлгүй хээрийн болон суурин судалгаа хэний ямар шийдвэрээр явуулсан болох нь тодорхой бус, тагнан туршсан ч байж болох хууль бус судалгаа гэдгээр нь хэдэн удаа хэчнээн ямар автомашин худалдагдсан гэсэн тоо баримт ч байхгүй болно.

Энэ нь миний эзэмшил газартаа тойруулан хашаа хайс барьж, хүн амьдрах зориулалтаар жижиг байшин, гэр барьж газрыг зориулалтын дагуу буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгааг шүүхээс хийсэн үзлэгээр тогтоосон баримтаар няцаагдсан болно.

Автомашины ил зогсоолын зориулалттай байсан газрыг би Э.Э гэдэг хүнээс шилжүүлэн авч өөрийн нэр дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай авсан болно. Би автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй, миний эзэмшил газарт автомашины худалдаа наймаа огт яваагүй байхад автомашины худалдаа эрхэлсэн гэж миний газар эзэмших эрхэнд халдаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байхад анхан шатны шүүх гэрэл зургаар баталгаажсан гэж хэрэгт байхгүй баримтад үндэслэн иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгсөнгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч намайг нэг удаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Газрын албаны ажлын байранд уулзалт хийсэн тухай тэмдэглэлийг сонсох ажиллагаа хийгдсэн гэж үнэлсэн байх бөгөөд миний газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болгосонд гомдолтой байна.

Энэхүү уулзалтаар намайг зөрчил гаргасан гэж үзсэн, зөрчлийг арилгах хугацаа тогтоосон үйл баримт огт байхгүй, харин автомашин хашаандаа зогсоож байсан үйл баримтын талаар ярилцлага болсон бөгөөд дахин зөрчил гаргаж удаа дараа газар эзэмших гэрээгээ зөрчсөн гэх нотлох баримт байхгүй болно.

Миний би энэ уулзалтыг захиргааны байгууллагын сонсох ажиллагаа явуулж байна гэж огт мэдээгүй, энэ талаар надад тайлбарлаагүй бөгөөд уулзалтаар хэрэв хашаандаа дахин автомашин зогсоосон байвал газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар урьдчилан сануулаагүй, энэ талаар тэмдэглэлд ч огт байхгүй.

Би автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй, надад худалдах автомашин ч байхгүй, харин манай хашаанд машины зогсоолоор ашиглаж байсан учир хоёр гурван машин орж тавьдаг явдлыг би үгүйсгээгүй, хашаандаа ерөөс огт машин оруулж зогсоож болохгүй гэсэн хатуу шаардлага захиргааны аль ч байгууллага, улсын байцаагчийн зүгээс хүлээж аваагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч манай тайлбарыг дахин сонсох ажиллагааг хийх ёстой байсан гэж утгаар нь тайлбарлах боломжгүй гэж шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт дүгнэсэн нь надад сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх миний гомдол шаардлагыг гуйвуулан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны хууль бус шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байна.

Энэ газрыг 2006 оноос хойш эзэмшүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/193 тоот захирамжаар гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон нь хууль бус болох талаар ямар нэг маргаан огт гараагүй, Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу надад олгосон газар эзэмших эрхийг хүчингүйд тооцох нөхцөл байдал үүсээгүй болох нь нотлох баримтуудад анхан шатны шүүх тал бүрээс нь бодитой дүгнэлт хийгээгүй байна.

Ч.Б би 2-16 насны 5 хүүхэдтэй, 4 хүү, нэг охинтой, гэр бүлийн хэрэгцээнд энэ газрыг эзэмшиж, ирээдүйд үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх аж ахуй эрхлэх, миний үр хүүхдүүдийн ажил амьдрал, амьжиргааны эх үүсвэр болох учир энэ газраа эзэмших эрхээ сэргээж гэр бүлийн хэрэгцээндээ ашиглах хэрэгцээ шаардлага юу юунаас илүү чухал бөгөөд цаашид хуульд заасан журмын дагуу өмчлөн авах эрх минь хөндөгдөж хохирч байна.

Миний эзэмшиж байгаа газрын байрлал зам дагуу цаашид үйлдвэрлэл үйлчилгээ явуулах өрхийн хэрэгцээ хангах ямар ч аж ахуй эрхлэхэд таатай байршилтай болох талаар би шүүхэд илэн далангүй тайлбарласан болно. Миний эзэмшиж байгаа газар одоо хэн нэгэнд маш ашигтай байдлаар харагдаж, энэ нь миний газар эзэмших эрхэнд халдах үндэслэл болсон байж болох бөгөөд хариуцагчийн тайлбарт ч энэ газрыг дуудлага худалдаанд оруулж болох талаар хөндөгдсөн нь захиргааны байгууллагаас миний эзэмшил газрыг хураах, газар эзэмших 15 жилийн хугацаа дуусаагүй байхад дүүргээс олгосон газрын эзэмших эрхийг Нийслэлээс хүчингүй болгох үндэслэл нь хууль бус байсныг тодорхойлж байгаа болно.

Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор анх ил зогсоол байсан газарт би тойруулан хашаа хайс барьж, хашаандаа жижиг орон сууцны байшинтай болоход хөрөнгө зардал гаргасан хирээр эдийн засгийн хохирол хүлээх болж миний эрх ашиг давхар хөндөгдөн хохирч байна.

Иймд Ч.Б миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2919 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0289 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

          Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/658 дугаар захирамжаар Ч.Б нь өөрийн эзэмшилд байгаа газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, ил задгай талбайд автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 /газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх/, 35.3.2 /газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх/-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, түүний Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 480 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй байна.

            Хэрэгт авагдсан баримтуудаар, уг газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Э.Эд “автомашины ил зогсоол”-ын зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 246 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг Ч.Б-д шилжүүлэн, зориулалтыг өөрчлөлгүй 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд тус дүүргийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэхдээ газрын зориулалтыг “гэр бүлийн хэрэгцээний” болгож өөрчилсөн үйл баримтууд тогтоогджээ.

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь газрын зориулалтыг өөрчлөн, автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болсон гэж маргаж байна.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

            Хуулийн дээрх заалтаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцлийг зөрчсөн зөрчил гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр урьдчилан тогтоогдсон тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн, газар эзэмшигч нь удаа дараа зөрчил гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэхийг харгалзаж Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.

            Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.Б нь газар дээрээ автомашин худалдан борлуулж, газрыг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан болохыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгаж тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, улмаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрэн гүйцэт тогтоогдож, хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/658 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

   ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН