Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2020/0013/З |
Дугаар | 001/ХТ2022/0025 |
Огноо | 2022-05-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/0025
“Н З т н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, Хууль зүй,
дотоод хэргийн сайд, Оюуны өмчийн газарт
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, С.Т, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У, Г.Э, гуравдагч этгээд Ч.А, түүний өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Д.Ж, түүний өмгөөлөгч Э.Г, гуравдагч этгээд С.Э (цахим), түүний өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Н З т н” ОНӨААТҮГ-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюуны өмчийн газарт тус тус холбогдуулан “Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламжийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEA 800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 06 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”-ийн 3177 дугаар патент, “JAF-01” тогтмол гүйдлийн хувиргуур”-ийн 3178 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Д.Ж, С.Э, Ч.А нараас 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Троллейбус JEA 800” бүтээлийн шийдлийг, Д.Ж, Ч.А нараас 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлүүдийн шийдлийг дэвшүүлсэн өргөдлийг Оюуны өмчийн газарт гаргаж, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Троллейбус JEA 800” болон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” бүтээлүүдийн шийдлийг хамтран эзэмшигчээр С.Эийг оруулах хүсэлтийг гаргасан; дээрх шинэ бүтээлүүдийг нийтэлсэн өдрөөс хойш тэдгээрт хамаарах аливаа няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй болохыг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/109 дугаар албан бичгээр тодорхойлсон”; нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, “Н З т н” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулсан; “Цахилгаан тээвэр” НӨҮГ нэртэй байхаас гуравдагч этгээд Д.Ж 2006-2014 онуудад тус газрын захирлаар, гуравдагч этгээд С.Э 2005-2016 онуудад ерөнхий инженер, нэгтгэлийн 2 дугаар баазын даргаар, гуравдагч этгээд Ч.А 2006 оноос цахилгаан хангамж, техник засварын албаны даргаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон ...” талууд энэхүү үйл баримттай холбоотой маргаагүй байна.
2.1. Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар Оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтээр 2927 дугаар патент бүхий “Троллейбус JEA 800”, 3177 дугаар патент бүхий “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, 3178 дугаар патент бүхий “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, 3181 дугаар патент бүхий “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлүүд, 1801 дугаар патент бүхий “Троллейбус JEA 800” бүтээгдэхүүний загварын үнэлгээг аудитын тооцоо, гаргасан хэмнэлт зэргийг харгалзан үзсэнээр 4,260,000,000 (дөрвөн тэрбум хоёр зуун жаран сая) төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож, баталгаажуулсан; Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Оюуны өмчийн газраас “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-т 04 дугаартай батламжийг олгосон байна.
2.2. Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бүртгэж, патент олгох” 59 дугаар тушаалын 1 дэх заалтаар Патент олгох шалгуур хангасан 19 шинэ бүтээлийн товчоо, томьёоллыг нэгдүгээр хавсралтаар; 19 шинэ бүтээлийн патент болон өмчлөгчийн нэрийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, ... тус тус баталж, эдгээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсний дотор Д.Ж, С.Э, Ч.А нарын “Троллейбус JEA 800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент;
2.3. Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бүртгэж, патент олгох” 06 дугаар тушаалын 1 дэх заалтаар Патент олгох шалгуур хангасан 13 шинэ бүтээлийн товчоо, томьёоллыг нэгдүгээр хавсралтаар; 13 шинэ бүтээлийн патент болон өмчлөгчийн нэрийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, ... тус тус баталж, эдгээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсний дотор Д.Ж, Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем” шинэ бүтээлийн 3177 дугаар, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур” шинэ бүтээлийн 3178 дугаар патентууд;
2.4. Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Шинэ бүтээл бүртгэж, патент олгох тухай” 13 дугаар тушаалын 1 дэх заалтаар Патент олгох шалгуур хангасан 6 шинэ бүтээлийн товчоо, томьёоллыг нэгдүгээр хавсралтаар; 6 шинэ бүтээлийн патент болон өмчлөгчийн нэрийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, эдгээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсний дотор Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патент тус тус багтаж, дээрх тушаалуудын 2 дахь заалтаар хавсралтад нэр дурдсан шинэ бүтээлийн өмчлөгч нарт патент олгохыг Оюуны өмчийн газарт даалгажээ.
2.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Д.Ж, С.Э, Ч.А нар нь дээрх шинэ бүтээлүүдийг бүтээхдээ “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, хуулийн этгээдээс гаргасан хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглаж уг бүтээлүүдийг бүтээсэн байхад патентыг Д.Ж, С.Э, Ч.А нарын нэрээр бүртгэсэн, шинэ бүтээлүүдийн үнэлгээг эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэж хийсэн ба уг дүгнэлтэд дурдсан аудитын тооцоо нь бодит нөхцөл байдалд нийцсэн эсэхийг эргэлзээтэй байхад тодруулалгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль бус” гэж тодорхойлон, Оюуны өмчийн газраас үнэлгээ, батламжийн талаар бидэнд мэдэгдээгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ж нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаас уг дүгнэлт, батламжийн талаар анх олж мэдсэн, ... Д.Ж, С.Э, Ч.А болон “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх лицензийн гэрээ нь тус газрын лицензийн гэрээний бүртгэлд бүртгэгдээгүй, уг гэрээнд “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ыг төлөөлөх эрхгүй этгээд гарсан үсэг зурсан ...” хэмээн маргасан.
2.6. Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “... Д.Ж, С.Э, Ч.А нарын бүтээл нь Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шалгуурыг хангасан тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэн 2927, 3177, 3178, 3181 дугаартай патентуудыг олгосон. Патент эзэмшигчдийн хүсэлтээр үнэлгээг баталгаажуулсан тул хүчингүй болгох үндэслэлгүй ...” гэж;
2.7. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Оюуны өмчийн газарт шилжсэн байдаг, ... Оюуны өмчийн газар нь дангаараа хариуцаж, үйл ажиллагаа явуулдаг тул Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх асуудал биш, ... хамтран хариуцагчаар сайдыг татсан захирамжийг хүчингүй болгож өгнө үү, сайд уг хэрэгт хамааралгүй ...” гэж;
2.8. Гуравдагч этгээд Д.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Гуравдагч этгээдүүдийн зүгээс тус гэрээнүүдийн ... хураамжийг төлж, сунгалтыг хийлгэсэн байдаг, ... лицензийн гэрээ нь Оюуны өмчийн газарт бүртгэлтэй байгаа, ... зохиогч зохиосон бүтээлдээ мэдүүлэг гаргах эрх нээлттэй учраас хуульд зааснаар мэдүүлэг гаргаж, патент авсан. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан. Нэхэмжлэгч нь 2014 онд маргаан шийдвэрлэх комисст хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэх хуулийн зохицуулалттай байхад уг гомдол гаргах хугацаагаа хэтрүүлж 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Оюуны өмчийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/628 дугаартай албан бичгийг үндэслэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Маргаан шийдвэрлэх комисс хянан шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэсэн үг биш, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу 2014 онд шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. Иймд, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн ...” гэж;
2.9. Гуравдагч этгээд Ч.А-аас “... маргаан бүхий захиргааны актад хамаарах 2927, 3177, 3178, 3181 дугаартай шинэ бүтээлийн патент болох оюуны үнэт зүйлийг Д.Ж, С.Э нартай хамтран оюуны бүтээлч үйл ажиллагаагаар зохион бүтээсэн бөгөөд тэдгээрийг Патентийн тухай хуульд заасан шаардлага, шалгуурыг ханган олж авсан хууль ёсны өмч юм. Эдгээр патентуудын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн хэлцэл хийгээгүй. Патент өмчлөгчийн хувьд өөрийн оюуны бүтээлээ үнэлэх онцгой эрхтэй, ... нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрвөл тус шинэ бүтээлийн патентыг ашиглахгүй байх эсхүл ашиглахаа зогсоох үүрэгтэй. Харин патентийн лицензийн гэрээний төлбөрийг багасгах эсхүл бууруулах асуудлыг гэрээний талууд хэлцэл хийх замаар хувийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ ...” гэж;
2.10. Гуравдагч этгээд С.Э-оос “... Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар Оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай батламжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж шүүхэд тус тус тайлбар гаргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.8, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар дугаартай оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
3.1. Гуравдагч этгээдүүдийг шинэ бүтээлийн зохиогч болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, тэднийг уг шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
3.2. Д.Ж, С.Э, Ч.А нар нь Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлэх зорилгоор, тухайн хуулийн этгээдийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглаж шинэ бүтээлүүдийг зохиосныг үгүйсгэхээргүй боловч энэ нь тухайн шинэ бүтээлийн шийдлийг гаргасан зохиогчийн бүтээлч үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
3.3. Зохиогчоос зөвшөөрөөгүй тохиолдолд шинэ бүтээлийн патентыг хуулийн этгээдэд олгох нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн зорилгод нийцэхгүй.
3.4. Хариуцагч нь үнэлгээг тогтоохдоо 2927, 3177, 3178, 3181 дугаар патент бүхий шинэ бүтээлүүдийн зөвхөн эдийн засгийн үзүүлэлт болон хэмнэлт буюу цахилгаан зарцуулалтын бууралтыг үндэслэсэн гэж үзэхээр байх ба бусад үзүүлэлтүүд болох үр ашиг, орлого, зардал, үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдал зэргийг тооцоолоогүй нь төрийн албаны хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
4.1. Анхан шатны шүүх энэхүү маргааны тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д ... зохицуулалтаас үзэхэд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч гаргах эрхтэй, гэхдээ албан үүргээ гүйцэтгэх явцад бүтээсэн бол ажил олгогч уг эрхийг эдлэхээр, хэрэв ажил олгогчоос шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрхийг эдлэхээр нарийвчлан зохицуулсан байна.
4.3. Хариуцагчаас хуульд заасан нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ажил олгогчийг төлөөлж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд нь өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна.
4.4. Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.7, 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хандах, маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын захирал Д.Ж өөрөө байхын зэрэгцээ, уг үүргээ хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд Д.Ж, С.Э, Ч.А нарыг маргаан бүхий шинэ бүтээлийн өмчлөгчөөр баталж, улмаар шинэ бүтээлийн патент олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.
4.5. Үнэлгээний комисс маргаан бүхий патентуудын үнэлгээг тогтоохдоо дээр дурдсан журамд заасан ажиллагааг хэрхэн хэрэгжүүлсэн, ямар баримтад үндэслэн үнэлгээг тогтоож, баталгаажуулсан нь тодорхойгүй, Үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл, холбогдох баримтууд байхгүй, оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтэд “бүтээгдэхүүний загварын үнэлгээг аудитын тооцоо, гаргасан хэмнэлт зэргийг харгалзан үзсэнээр ... ” гэснээс үзэхэд дан ганц аудитын тооцоо, түүнд тусгагдсан хэмнэлтэд үндэслэн үнэлгээг тогтоож, баталгаажуулсан гэж үзэхээр байна.
4.6. Үнэлгээний комисс оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт гаргаж, түүнийг үндэслэн 04 дүгээр батламжийг олгосон нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
5. Хариуцагч Б.О, Г.У, Г.Э, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээд Д.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ч.А-ын өмгөөлөгч Д.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 143 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1. Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У, Г.Э нар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар гомдол гаргасан.
6.1.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж, Патентыг хүчингүй болгосон тухайд: Патентийн тухай хуулийн 3.1.1-д зааснаар “байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг шинэ бүтээл гэх ба тухайн шийдэл шинэ бүтээл болохыг тодорхойлж зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг патент гэнэ” гэж томьёолсон байдаг. Бидний эргэн тойрон байгаа эд юмс жишээ нь маргаан бүхий 2927 дугаар патентийн техник шийдэл болох “Троллейбус JЕА800”, 3181 дугаар патентийн техник шийдэл болох “Хосолмол тэжээлийн эх үүсвэрт троллейбус “Дуобус-МЛ””, 3177 дугаар патентийн техник шийдэл болох “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, 3178 дугаар патентийн техник шийдэл болох “JАF-01 тогтмол гүйдлийн хувиргуур” нь патентад бичигдсэн зохион бүтээгчдийн оюун ухаанаар зохион бүтээгдэж бид хэрэглэж мэддэг болсон. Эдгээр техникийн шийдлүүд бидний хэрэглээ материаллаг эд зүйлс болж хувирдаг бөгөөд дээрх патентууд хуулийн дагуу олгогдсон. Өөрөөр хэлбэл, патентийн амин сүнс нь шинээр сэдэгдсэн техникийн шийдэл бөгөөд хэрэв дээрх техникийн шийдлүүд зохион бүтээгдээгүй бол патент гарахгүй байх байсан.
6.1.2. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалаар одоо хүчинтэй байгаа патент хүчингүй болох нь хуульд заасан техник шийдэл зохиогдоогүй, түүний үр дүнд бий болох эд юмс байхгүй гэсэнтэй утга нэг ойлголтод хүрч байна. Эдгээр техникийн шийдэлд үндэслэн бий болсон эд зүйлс байгааг, мөн ашиглагдаж ашгаа өгч байгааг бид бүхэн тэрчлэн нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байхад түүнийг хүчингүй болгож байгаа нь хуулийг зөрүүтэй хэрэглэх байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, патент олгож буй техникийн шийдэл эхлээд бий болж, зохиогч түүнийг Оюуны өмчийн газарт мэдүүлж, Оюуны өмчийн газар патентийн бусад шийдлүүдтэй харьцуулан хянаж магадлан шүүлт хийж, патентлагдах чадварын шалгууруудыг хангасан гэсэн шинжээчийн дүгнэлт гарч патент олгогддог.
6.1.3. Өмнөх шатны шүүх хуралдаанаас харахад патентад бичигдсэн техникийн шийдлээр зохион бүтээгдэж бий болсон оюуны өмчийг хэн зохиосон талаар огт маргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн хуулийн дагуу техникийн шийдэлд олгосон патентыг патент эзэмшигчийн асуудлаас болж хүчингүй болгуулж байгаа нь уг маргаанд Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 4, 5 болон 11 дүгээр зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн алдааг гаргаж үүний улмаас Монгол Улсад олгож буй патентийн мөн чанар болон хайлт, шүүлтийн тогтолцоо гажуудах мөн Парисын конвенц болон Патентийн хамтын ажиллагааны олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс зөрчихөд хүрээд байна. Тодруулбал:
6.1.4. А. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 92 дугаартай магадлалын хяналтын хэсгийн 2.7-д дурдсан “... нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ... өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна” гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: “... хариуцагчаас хуульд заасан нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ... өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна ...” гэсэн дүгнэлтээр, өөрөөр хэлбэл, бидний буруугаас болж хүлээн авсан мэдүүлгээр олгогдсон патентыг хүчингүй болгож байгаа мэтээр хуулийг зөрүүтэй хэрэглэн тайлбарлаж шийдвэр гаргаж байгаа нь цаашдын патентыг хүлээн авах, хайлт, шүүлтийн үйл ажиллагааны мөн чанар, зорилго гажуудах эсвэл Оюуны өмчийн газар хуулиар олгоогүй чиг үүргийг гүйцэтгэх буюу Патентийн тухай хуульд тусгайлан заагаагүй шаардлага, шалгуурыг зохион бүтээгч, мэдүүлэг гаргагчаас шаардахад хүргэж байна.
6.1.5. Тухайлбал, хуульд зааснаар манай байгууллагын үндсэн чиг үүрэг бол патентийн мэдүүлэг гаргагчийн мэдүүлсэн техник шийдэлд мөн чанарын магадлан шүүлт хийж хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан эсэхийг тогтоож тухайн шийдэлд патент олгох эсвэл үл олгох эсэхэд шийдвэр гаргадаг. Патентийн тухай хуулийн 7.1-д заасан “... шинэ бүтээлийн ... мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт гаргана ...” гэсэн заалтын дагуу мэдүүлэг гаргаж буй этгээд хэн байхаас үл шалтгаалан ямар нэг шаардлага тавилгүй, жигд шударга, адил тэгш боломж олгох, хэн нэгэнд давуу байдал үл олгох үүднээс мэдүүлгүүдийг хүлээн авдаг.
6.1.6. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг гаргагчдаас хувийн эсвэл бизнесийн чанартай асуулт асуух, зохион бүтээсэн эсэхээ нотлохыг шаардах гэх мэт шаардлага (хуульд заагаагүй) шаардах эрхгүй болно. Хэрэв зохиогч биш хүн зохиогч гэж мэдүүлэх эсвэл патент эзэмших эрхгүй этгээд патентыг эзэмших мэдүүлэг гаргаж патент авсан нь гуравдагч этгээдийн хүсэлтээр илэрч энэ нь хуулийн дагуу шүүхээр шийдүүлж няцаагдвал шүүхийн шийдвэрээр мэдүүлэг гаргагч хуулийн хариуцлага хүлээх хуулийн заалттай тул Оюуны өмчийн газар хэн нэгнийг зохиогч эсвэл патент эзэмшигч мөн биш гэж тодорхойлох энэ үүднээс харьцаж мэдүүлгийг авах эсвэл үл авах чиг үүрэггүй.
6.1.7. Мөн Патентийн тухай хуулийн 13.1-д зааснаар Оюуны өмчийн газар шинжээчийн дүгнэлт гарсан шинэ бүтээлийн ном зүй, томьёоллыг патентийн хэвлэлд нийтэлж, нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгодог. Энэ нь нэг ёсондоо зохиогч, патент эзэмшигч, сонирхогч гуравдагч талуудад хяналт тавих, хууль бус шийдвэр гарч эрх ашгийг нь хохироохоос сэргийлэх боломж олгож байгаа хуулийн зохицуулалт юм. Ийм зохицуулалт хуулиар байхад Оюуны өмчийн газар мэдүүлэг гаргагчид, зохиогчдод хуулиар олгогдоогүй шаардлага шалгуурыг урьдчилан тавих нь хууль бус. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2.7-д дурдсан ... өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг хүлээн авсан нь буруу ... хэмээн Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн байна.
6.1.8. Тэрчлэн 2.7-д “... нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ... мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна ...” гэж Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 4, 5 болон 11 дүгээр зүйлд дурдсан процессуудын дэс дарааллыг алдагдуулан буруу тайлбарлажээ. Учир нь, Оюуны өмчийн газар мэдүүлэг хүлээн авсны дараа (ПХ 7.1) бүрдлийг нягталж шалгаад бүрдэл хуулийн дагуу байвал патентлагдах чадварыг тогтоох мөн чанарын шүүлтийг (ПХ 11) хийж патент олгох эсэх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг хүлээн авах процесс нь түрүүлж хийгдээд хүлээн авагдсан мэдүүлэгт нягталж шалгах, шүүлт хийх дараагийн процессууд хуулийн тодорхой хугацаануудад үргэлжлэн хийгдэж явагддаг. Гэтэл шүүх патент олгох процессын дэс дарааллыг буруу тодорхойлж, үүнээс үүдэн бид хангалтгүй буруу ажилласан гэх ойлголтыг өгч хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.
6.1.9. Мөн 2.7-д дурдсан “... хариуцагч хуульд заасан нягталж шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр ... патент олгосон...” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, хуульд зааснаар мэдүүлгийг нягталж шалгах ... шүүлт хийх гэдэг ойлголт нь зохиогч эсвэл патент эзэмшигчийг нягталж шалгаж шүүх гэсэн ойлголт биш бөгөөд энэ нь тухайн зохиогчийн сэдсэн 4, 5 дугаар зүйлд заасан патентлагдах чадварын шалгуурууд тухайлбал, шинэ байх, шинэ бүтээлийн түвшин хангаж байгаа байдал, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой эсэхийг тогтооход хийгдэж байгаа Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүлт хийх ойлголт юм. Ийнхүү Патентийн тухай хуулийн 7.1, 4, 5 болон 11 дүгээр зүйлийг зөрүүтэй тайлбарлаж буй нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг болон Монгол Улсын патентийн хайлт, шүүлтийн 60 гаруй жилийн практик тогтолцоог буруутгаж, үгүйсгэсэн хэрэг болж байна.
6.1.10. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын патентийн мэдээллийн санд нийт 11,008 патентийн мэдүүлэг бүртгэгдсэн байгаа ба үүний 58%-ийг дэлхийн бусад улс орны иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлсэн патентийн мэдүүлгүүд эзэлдэг. Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу мэдүүлж буй олон улсын мэдүүлгийн бүрдэл, маягтууд, тавигдах шаардлагууд бүгд ижил байдаг (үүнд, мэдүүлэг гаргагчийн хувийн эсхүл бизнесийн нууц руу халдсан мэдээлэл, баримт бичгийг шаарддаггүй). Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу патенттай холбоотой Монгол Улсын соёрхон баталж нэгдэн орсон гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг буюу “хэлэлцээрт нэгдсэн улс бүр өөрийн иргэдэд олгодог эрхийн хамгаалалтыг хэлэлцээрт нэгдсэн бусад улсын иргэдэд өөрийн нэгэн адил олгох” үүргээ зөрчих эсхүл олон улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн ажилтандаа ямар үүрэг өгснийг хянан шалгах сорилттой тулгараад байна.
6.1.11. Б. Патентыг хүчингүй болгох хуулийн заалтыг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Патентийн тухай хуулийн 25.1, 25.2-т заасны дагуу Оюуны өмчийн газраас олгосон патент хүчингүй болох хоёр тохиолдол байдаг. Тухайлбал, хуулийн 25.1-д ... хуульд заасныг зөрчиж патент, гэрчилгээ олгосон байвал ... шүүх патентыг хүчингүй болгоно ... Хуульд заасныг зөрчинө гэдэг нь патентийн шалгуур хангаагүй эсхүл мэдүүлгийн шаардлага хангаагүй зүйлд патент олгосон бол хуулийн дагуу хүчингүй болдог. Гэтэл нэхэмжлэгч энэ үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагад тавиагүй байхад эзэмших эрхийн маргааныг патентыг хүчингүй болгох замаар шийдэж байгаа нь хуулийн энэ заалттай зөрчилдөж анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.
6.1.12. В. Патентыг хүчингүй болгосноор техник шийдлийг зохион бүтээсэн зохиогчийн Үндсэн хуулиар тунхаглаж, Патентийн тухай хуулиар хамгаалсан эрхийг хөсөрдүүлэх нөхцөл үүсгэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Өмнө дурдсан патент болох техникийн шинэ шийдлийг хувь хүн буюу зохиогч сэдэж бий болгодог бөгөөд үүнийг Патентийн тухай хуулийн 3.1.6-д ... зохиогч гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг хэлнэ ... гэж томьёолсон байдаг. Иймээс түүнийг бий болгосон зохиогч хамгийн анхдагч, давуу эрхийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, хуулийн ... 16.1.1.шинэ бүтээлээ ...өмчлөх; 16.1.2.патент ... авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх; 16.1.4.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх ... эрхтэй байна. 16.1.2-т зааснаар зохиогч патент эзэмших эрхээ бусдад шилжүүлэх бол патентыг нь эзэмших гэж байгаа этгээдтэй гэрээ байгуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл, хэнд эзэмшүүлэх эрх мэдэл нь зохиогчид хадгалагдаж байдаг. Хэрэв зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах эсвэл патент эзэмших бол патент авах эрхээ нотолсон баримтыг зохиогчийн зөвшөөрөл гарын үсгээр баталгаажуулж, өргөдөлтэй хавсаргаж Оюуны өмчийн газарт өгдөг /ПХ 7.7/.
6.1.13. Зохиогчийн гарын үсэг бүхий энэ баримтыг үндэслэн Оюуны өмчийн газаар патентыг зохиогчоос өөр этгээдэд өмчлүүлэх эрхийг олгож патент дээр бичдэг. Хэрэв өмчлөх эрхээ шилжүүлсэн ийм баримтгүй бол олон улсын жишгийн дагуу зохиогчид патентыг эзэмшүүлдэг. Маргалдаж буй патентуудын мэдүүлэгт ийм баримт байхгүй байсан тул Оюуны өмчийн газар зохиогчдод патент олгосон нь буруу зүйл биш бөгөөд хуулийн дагуу зохиогчийн эдлэх эрхийг хэрэгжүүлсэн. Хэрэв зохиогч биш этгээдийг тухайлбал, шинэ бүтээлийн мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлсэн, санхүүжүүлсэн, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогчид тооцон мэдүүлэг гаргасан бол мэдүүлэг гаргагч хариуцлага хүлээх хуулийн заалттай /ПХ 16.3/. Патентийн техникийн шийдлийг зохион бүтээсэн зохиогч хуулийн дагуу дээрх эрхүүдийг эдэлдэг байтал хэрэв патентыг хүчингүй болговол хуульд заасан эрхүүдээ эдлэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн шийдлийг зохиож бий болгосон зохиогч маргалдаж буй нэхэмжлэгчээс өөр сонирхсон гадаад дотоодын хэд хэдэн этгээдэд лицензийн гэрээгээр бүтээлээ ашиглуулан үр шимийг нь хуулиар хүртэх эрхтэй байтал ашиг үл хуваахыг хүссэн нэг хэрэглэгчийн хүсэлтээр хуульд заасан бүх эрхээ хасуулж болохгүй. Иймээс хуульд заасан зохиогчийн эрхийг эдлүүлэх нөхцөл нь патент хүчинтэй байснаар хангагдана.
6.1.14. Г. Давж заалдах шатны шүүх Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг буруу тайлбарлан, анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн тухайд: 16.6-д “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ ...” гэсний дагуу дээрх зохиогчид тухайн байгууллагадаа шинэ зүйл зохион бүтээх албан үүрэг хүлээгээгүй эсвэл ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт ийм зүйл байхгүй байгаа мөн хөдөлмөрийн гэрээнд ийм заалт байхгүй байгаа нь албан үүргийн дагуу хийгдсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шинэ бүтээл зохион бүтээх үүргийг хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд хүлээлгэж, зохих цалин хөлс олгож байснаас бусад тохиолдолд ажлын байранд зохион бүтээгдсэн бүтээлийн патент авах эрхийг зохион бүтээгч эдлэх ба хэрэв ажил олгогч уг бүтээлийг ашиглахыг хүсвэл зохиогчтой гэрээ байгуулж зохих төлбөр төлнө.
6.1.15. Нэхэмжлэгчийн ... эдгээр хүмүүс энд ажиллаагүй бол энэ патент зохион бүтээгдэхгүй байсан гэсэн... тайлбар хийсэн нь хүний сэтгэн бодох, сэдэх заяагдмал эрхийг үгүйсгэж хязгаарласан, хаана хэзээ хэнээс ч шинэ бүтээл төрж болохыг, зохиогч энэхүү бүтээлээ ашигласан хэнээс ч болов хохирлоо төлүүлэх эрхтэйг явцуу байдлаар үгүйсгэсэн тайлбар гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ... албан тушаалаа ашиглаж патентыг эзэмшсэн гэх асуудал гарахаас биш албан тушаалаа ашиглаж зохион бүтээсэн гэсэн асуудал гарч болохгүй. Учир нь, хүний буюу зохиогчийн зохион бүтээлт нь тухайн хүний оюун ухааны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болохоос биш давуу албан тушаал хашсанаар бий болдог зүйл биш. Харин ч тухайн компанид тулгарч буй асуудлыг ажилладгийнхаа хувьд бусдаас түрүүлэн олж харж шийдэж, ашигтай байлгах гэсэн санаачилга, хичээл зүтгэлийг ийм тайлбар хийж үгүйсгэн, энэ зүтгэлийн үр дүнд бий болсон патентыг хүчингүй болгож байгаа нь туйлын буруу юм. Патентыг ашиглаагүй бол зохиогчид ашигласны төлбөр нэхэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал патентыг ашиглаж ашиг олж байгаа учраас хүчингүй болгуулж байгаа бөгөөд хэрэв ашиглаагүй бол бид ашиглаагүй гээд патентыг хүчингүй болгуулахгүйгээр нэхэмжилсэн ашгийг хэрэгсэхгүй болгуулах боломж байсан. Мэтгэлцээний явцад нэхэмжлэгч тал эдгээр хүмүүс зохион бүтээсэн түүний үр дүнд материаллаг өмч бий болсныг хүлээн зөвшөөрч байсан нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлдсэн байгааг дурдъя.
6.1.16. Нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрч буй шинэ сэдэлт хэрэгцээнээс урган гарах бөгөөд тулгарч буй дутагдалтай талуудыг хэн ч гэсэн судалж, энэ дутагдалтай талыг арилгах зорилго тавин шинийг бүтээдэг. Энэ жишгээр олон улсад нэг орны битгий хэл өөр өөр орны хүмүүс мэдээлэл, мэдлэг дээрээ тулгуурлан зохион бүтээсэн шинэ бүтээлээ аль ч орны хэрэгцээтэй газруудад өөрийн зөвшөөрлөөр патентаа эзэмшүүлж ашиг хүртэж байдаг. Ингэснээр зохиогч өөрийн зохион бүтээсэн зүйлээс ашиг хүртэх, зөвшөөрөлгүй хууль бусаар ашигласан этгээдээс хохирлоо нэхэмжлэн тодорхой хугацаанд буюу патентыг хүчинтэй байх хугацаанд давуу байдал олж санхүүгийн тал дээр боломжтой болж дараа дараагийн шинэ сэдэлт, үр ашгийг нийгэм эдийн засагт бий болгон хүчирхэгжүүлдэг бөгөөд энэ үр өгөөжийг бид бүхэн ашиглаж бидний амьдрал чанаржих зүй тогтолтой. Зохиогчид ийм урамшуулал, эрхийг олгохгүйгээр дараа дараагийн шинэ бүтээл сэдэх урамгүй болж, нийгэм эдийн засаг хөгжихгүй. Энэ зүй тогтлыг хангахын тулд олон улсын конвенц, гэрээ, Патентийн хууль тогтоомж, журам боловсруулагдан гарсан байдаг тул түүнийг зөв тайлбарлан, зөв хэрэглэх мэдлэг туршлагатай байж маргаанд оролцогч аль нэг талын эрх ашгийг хөндөж хохируулахгүй байх нь нь маргаанд оролцогч талуудын нэн тэргүүний шаардлага юм.
6.1.17. Эцэст нь дүгнэхэд, олгогдсон патентийн ард техникийн шинэ шийдэл, түүнийг зохиож бий болгосон зохиогч, патент эзэмшигч гэсэн 3 үндсэн зүйл байдаг бөгөөд маргалдаж буй патентийн хувьд эхний хоёр нь байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс маргаан нь хуулийн дагуу хэн эзэмших вэ гэдэг байхаас биш, патентыг хүчингүй болгуулах маргаан биш юм. Учир нь, патентыг хүчингүй болгох хуулийн заалттай тохирохгүй нөхцөл болох патент эзэмшигчийн маргаанаар өөрөөр хэлбэл, хуулийг зөрүүтэй хэрэглэн патентыг хүчингүй болгох нь үндэслэлгүй. Иймээс энэ асуудлыг процессын хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Парисын конвенц болон Патентийн хамтын ажиллагааны гэрээ, Патентийн тухай хуулийг зөв хэрэглэн шийдвэр гаргах нь тухайн патент бий болоход оролцсон талууд тухайлбал, зохион бүтээгч, патент эзэмшигч, хэрэглэгч, ашиглагч, патент олгосон байгууллага гэх мэтэд учирч болохуйц буруу үр дагавруудыг арилгахад ач холбогдолтой. Иймд хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр тус хэргийг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
6.2. Гуравдагч этгээд Д.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л магадлалыг эс зөвшөөрч “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр гомдол гаргасан.
6.2.1. Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар шийдвэрт “… Төрийн эрх бүхий байгууллагаас патент олгож, улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж байгаа нь “шинэ бүтээл зохиосон болохыг баталгаажуулж улмаар зохиогчийн шинэ бүтээлээ өмчлөх эрх”-ийг баталгаажуулж байгаа эрх зүйн хэлбэр тул зохиогчоос зөвшөөрөөгүй тохиолдолд шинэ бүтээлийн патентыг хуулийн этгээдэд олгох нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006/-ийн “зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах” зорилгод нийцэхгүй тул нэхэмжлэгч талын “Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдлэх ёстой байсан. Гуравдагч этгээдүүд нь албан тушаалын байдлаа ашиглаж өөрсөд дээрээ патентыг гаргуулсан нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар магадлалын 2.9-д “… Патентийн тухай хууль /2006/-д заасан албан үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг ажил олгогч эдлэхээр заасан ...” гэж үндэслэсэн байна. Дээрхээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх нь патентуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Патентийн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна.
6.2.2. Гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEА 800” шинэ бүтээлийн 2927 дугаар патент, 2008 оны 06 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж болон Ч.А нарт олгогдсон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем” шинэ бүтээлийн 3177 дугаар патент, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур” шинэ бүтээлийн 3178 дугаар патент, мөн оны 13 дугаар тушаал, тус тушаалаар Д.Ж С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаар патентуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэн хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх патентуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Патентийн тухай хууль /2006/-ийг жинхэнэ агуулгаар хэрэглэсэн гэж үзэж байна.
6.2.3. Учир нь, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухай хууль /2006/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зохиогч” гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг” хэлнэ гэж заасан. Үүнээс үзэхэд хууль тогтоогчийн зүгээс шинэ бүтээлийн шийдлийг гаргасан зохиогчийн бүтээлч үйл ажиллагааг үнэлэх, цаашлаад хувь хүний оюуны чадвар нь уг бүтээлийн салшгүй хэсэг юм гэдгийг тодорхойлж, мөн хуулийн 3.1.4-т ““патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг” хэлнэ гэж зааж өгсөн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд патентийг зохиогч нь өмчлөх эрхтэй болохыг илэрхийлсэн байна гэж үзэхээр байна. Иймд дээрхээс нэгтгэн үзэхэд, маргаан бүхий патентуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул маргаан бүхий патентуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон Патентийн тухай хууль /2006/-ийг жинхэнэ агуулгаар хэрэглэсэн гэж үзэж байна. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Патентийн тухай хуулийн холбогдох заалтын агуулгыг буруу ойлгож хэрэглэсэн, үүний улмаас давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна.
6.2.4. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Нэхэмжлэгчийн зүгээс патентуудийг хүчингүй болгуулах шаардлагыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тус патентууд хүчинтэй талаар Д.Ж-ны нэхэмжлэлтэй “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “4 патент хүчинтэй байна, лицензийн гэрээ бүртгэлтэй байна” гэдэг Оюуны өмчийн газраас ирсэн албан бичгээр мэдсэн гэдэг нь хангалттай баримтаар харагддаг … Гэтэл нэхэмжлэгч нь энэ талаар 2020 онд мэдсэн гэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарладаг. Гуравдагч этгээдүүдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад патент хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр тайлбарладаг боловч анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг хүлээн аваагүй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт ч хийдэггүй. Нэхэмжлэгчийн зүгээс “хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн” гэж мэтгэлцдэг. Гэвч давж заалдах шатны шүүхээс зөвхөн дүгнэлт, батламж хүчингүй болгуулах шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрлэсэн болохоос биш патент хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг огт хэлэлцээгүй байдаг.
6.2.5. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь патентуудийг хүчинтэй байсан талаар 2019 онд мэдсэн атлаа 2020 онд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “... хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана ...” гэснийг зөрчсөн байдаг. Мөн патентуудийг хүчингүй болгуулахтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байтал нэхэмжлэлийг хүлээн авсан. Дээрхээс үзэхэд, анхан шатны шүүх нь хуулиар зааж өгсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсоор байтал нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
6.2.6. Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламж нь захиргааны акт биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Гэтэл Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламж нь хувийн эрх зүйн хүрээнд чиглэгдсэн, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй, ... Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.3. Гуравдагч этгээд Ч.А-ын өмгөөлөгч Д.Н магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргасан.
6.3.1. Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн тухайд: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлээ “... анхан шатны шүүх энэхүү маргааны тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “... шинэ бүтээлийн өмчлөгчөөр бүртгэж, патент олгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзнэ” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна ...” гэж тодорхойлсон нь дараах байдлаар хуульд нийцээгүй буюу оюуны өмчийн хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад сөрөг үр дагавартай тайлбар хийж, анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
6.3.2. а/ Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх, мөн шүүхийн харьяаллын тухайд: Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд “... ажиллаж байх хугацаандаа “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг албан тушаалын байдлаа ашиглан өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй байна гэж үзэж байна ... патентуудыг тус тус хүчингүй болгох ... шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “патентыг эзэмших, өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох” гэх агуулгатай атлаа захиргааны акт гаргасан ажиллагааг буруутгаж, түүнийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо хууль зүйн хувьд уялдахгүй байна ...
6.3.3. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “... иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч ...” гэж тунхагласан. Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... патент гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг...”, 3.1.6-д “... зохиогч гэж оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг ...” гэж хувь хүний заяамал эрх болохыг хуульчилсан. Хэрэв ажил олгогч Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан эрхээ эдлэх тохиолдолд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “... мэдүүлэг гаргагч гэж шинэ бүтээлийн эрхийн хамгаалалт хийлгэж, патент буюу гэрчилгээ авахаар мэдүүлж байгаа зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдийг ...”, 7 дугаар зүйлийн 7.1-д “... шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт гаргана ...” гэсэн шаардлагыг хангасан тохиолдолд патентийн мэдүүлэг гаргах эрх үүсэж, улмаар патентыг эзэмших, өмчлөх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх боломжтой.
6.3.4. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд оюуны үнэт зүйл зохион бүтээх албан үүрэг хүлээлгэсэн зохицуулалт огт байхгүй, ажил олгогч нь маргаан бүхий патентийн эрхийг шилжүүлэн аваагүй бөгөөд зохиогч патентийн эрх шилжүүлэх хүсэл зоригоо огтоос илэрхийлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Ч.А нар маргаан бүхий патентуудыг өөрсдийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар туурвиж, зохион бүтээх явцдаа ажил олгогчоос хөрөнгө, төлбөр аваагүй. Харин патент зохиогдсоны дараа түүнийг ашиглаж биет (бодит) хөрөнгө бий болгоход ажил олгогч хөрөнгөө зарцуулсан (харин зохиогч болон оюуны үнэт зүйл туурвихад зарцуулаагүй) бөгөөд өнөөдрийг хүртэл ажил олгогч нь өөрийн хөрөнгөөр угсарч тус троллейбуснуудыг өмчилж, нийтийн тээвэрт ашигласаар байгаа.
6.3.5. Түүнчлэн, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд патент ашигласны төлбөрийн маргаан гарч, уг шинэ бүтээлийн патентуудын өмчлөгч “Ч.А” нар болохыг зөвшөөрч, нэхэмжлэгч патент ашигласны төлбөр төлөхийг зөвшөөрсөн талуудын эвлэрлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/0727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дугаартай магадлалаар тогтоосон бөгөөд эдгээр шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
6.3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6360 дугаар захирамжид “... Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Жич: Нэхэмжлэгч нь маргаан бүхий патентуудын өмчлөх эрхийн асуудлаар Иргэний хэргийн шүүхэд ... хандаж шийдвэрлүүлэхийг энэхүү захирамж хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй байна ...”, мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 793 дугаар шийдвэрт “... гуравдагч этгээдүүдийг шинэ бүтээлийн зохиогч болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, тэднийг уг шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй ...” гэж тус тус маргааны үйл баримтад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.
6.3.7. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 739 дугаар тогтоолд “... Оюуны өмчийн газарт патент олгох зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг “тухайн этгээдийн өмчлөх эрхийг баталгаажуулсан шийдвэр” гэж үзэх боломжгүй ...” гэж анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэж, 6360 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 739 дугаар тогтоол болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг тогтоогоогүй, үндэслэлгүйгээр зохиогч Ч.А-ын патентийн өмчлөх эрхэд халдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоосон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй, үйл баримтад хуулийг өөр тайлбарлаж хэрэглэсэн нь тус тус анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
6.3.8. Давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд заасан патентыг хүчингүй болгох үндэслэл бүхий тайлбарын улмаас Патентий хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах болон ижил төрлийн харилцаанд дараах “сөрөг үр дагавар” бүхий нөхцөл байдал үүснэ. Үүнд: Патентийн өмчлөх эрх баталгаагүй, үнэ цэнэгүй, мөн эрхийн хамгаалалтгүй болно; Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 2 дугаар зүйлийн (1) дэх хэсэгт зааснаар Монгол Улсын харьяаттай адил тэгш эрхээ эдлэхээр дэлхийн аль нэгэн улсын хэн нэгэн этгээд хүссэн үедээ дурын үндэслэлээ гаргаж ирээд патентийн бүртгэлийг хүчингүй болгуулах, илт хууль бусд тооцуулах маргаан цуварч, патентийн бүртгэл болон эрхийн хамгаалалтын тогтолцоо гажуудуулна; Монгол Улс Патентийн хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихөд хүрэх буюу олон улсын гэрээнд заагаагүй баримт бичгийг шаардах эсхүл түүнд үндэслэж патентыг хүчингүй болгох гэх мэт; Салбарын (үндэсний болон олон улсын) өрсөлдөгчид өөрт байгаа дурын үндэслэлээ гаргаж ирээд патентыг хүчингүй болгуулаад дэлхий даяар ашиглах жишиг тогтоно, улмаар патент хүчингүй болсны улмаас үүссэн хохирол, нөхөн төлбөрөө Монгол Улсын Засгийн газар эсхүл шинжээчээс нэхэмжилж олон улсын шүүх, арбитрт хандана; Шинэ бүтээлийн шинжээч “зөвхөн хэн нэгэн этгээдээс хамааралтай гаргах үндэслэл” (ех-раrte basis)-ийг өөрийн санаачилгаар хайх олох, шалгах, шүүлт хийх үүргийг үндэсний эсхүл олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх ямар ч “бодит” боломжгүй; Олон улсын патентийн мэдүүлгийн тоо эрс цөөрнө, учир нь “хувийн шинжтэй, тогтворгүй, тодорхойгүй” шаардлагаар патентыг хүчингүй болгодог улсад хөрөнгө оруулахаас татгалзана; “Бүртгэл-Мөн чанарын шүүлт-Эрхийн хамгаалалт”-ын аль үе шатанд явж буйгаар нь улсын орнуудын оюуны өмчийн тогтолцоог тодорхойлдог бөгөөд Монгол Улс “бүртгэл”-ийн шатны ангилал руу шилжих магадлалтай; эсхүл Патентийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай буюу “зөвхөн хэн нэгэн этгээдээс хамааралтай гаргах үндэслэл” (үүнд, гэрээ болон талуудын ямар үүрэг хүлээснийг, ажилтны албан тушаал, эрх мэдлээ тухай улсын хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэх гэх мэт аж ахуйн үйл ажиллагааны баримт бичиг)-ийг хайж олох, шаардах, шалгах, шүүлт хийх оюуны өмчийн байгууллагын эрх, үүргийг хуульчлах гэх мэт.
6.3.9. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 739 дугаар тогтоолд “... Оюуны өмчийн газарт патент олгох зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг “... тухайн этгээдийн өмчлөх эрхийг баталгаажуулсан шийдвэр” гэж үзэх боломжгүй ...”, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 739 дугаар тогтоол болон 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар магадлалд “... нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэж нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоогоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоосон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарласан нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1-ийн “... Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх зорилго хангагдана ...”, 2.2-ын “... Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана ...”, болон 3.3-ын “... Шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой юм. ... Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм ...” ... заасан албан ёсны тайлбарт тус тус нийцээгүй.
6.3.10. б/ Оюуны өмчийн байгууллагын мэдүүлгийн бүрдэл хянах, мөн чанарын шүүлт хийх чиг үргийн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 2.7-д “... хариуцагчаас хуульд заасан нягтлан шалгах ... үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээр ... ажил олгогчийг төлөөлж шинэ бүтээлийн мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд нь өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна ...” гэсэн нь хэрэгт цугласан нотлох баримт, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудад нийцээгүй, эдгээр үйл баримтад хамаарах хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарласан, мөн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, “мэдүүлгийн бүрдэл хянах, хүлээн авах” гэдэгт Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Оюуны өмчийн байгууллага нь шинэ бүтээлийн мэдүүлэг ... хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор ... мэдүүлгийн бүрдлийг хянаж, Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно” гэж хуульчилжээ. Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан өргөдөл, шинэ бүтээлийн тодорхойлолт, томьёолол, товч тайлбар, шаардлагатай бол зураг болон эрх бүхий байгууллагын магадлагаа, зохиогч бус этгээд мэдүүлэг гаргасан бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримт, давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбар болон олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлт, үйлчилгээний хураамж төлсөн баримт, мэдүүлгийг Монгол хэлээр үйлдэх гэсэн 10 төрлийн баримт бичгийг бүрдүүлсэн эсэхийг хянаж хүлээн авч, анхдагч огноог тогтоох чиг үүргийг тус тус хамаарна.
6.3.11. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 2.7-д “... хариуцагчаас хуульд заасан нягтлан шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээр ... буруу байна ...” гэсэн нь хэрэгт цугласан нотлох баримт, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудад нийцээгүй, эдгээр үйл баримтад хамаарах хуулийг зөрүүтэй тайлбарласан, мөн Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, “мөн чанарын шүүлт хийх” гэдэгт мэдүүлгийн бүрдэл хангаж анхдагч огноо тогтоогдсон тохиолдолд, шинжээчээс тухайн мэдүүлэг шинэ бүтээлийн түвшин агуулсан (ПтХ 4.3), үйлдвэрлэлд ашиглах боломжтой (ПтХ 4.4), шинэ (ПтХ 4.2) гэсэн шалгуурыг хангаж буй эсэхэд Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.8 дахь хэсэг болон 11 дүгээр зүйлийн дагуу мөн чанарын шүүлтийг хийж, патент олгох шийдвэр гаргадаг. Энэхүү мөн чанарын шүүлтийг “байгалийн болон техникийн шинжлэх ухааны хүрээнд”, мөн тухайн шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө гаргасан мэдүүлэг болон эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын мэдээллийн баримтыг ашиглаж гүйцэтгэх чиг үүрэг тус тус хамаардаг.
6.3.12. Түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй нийт патентийн 60% орчим нь Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагаар дамжуулан Монгол Улсад нэр зааж мэдүүлсэн олон улсын патентууд байдаг. Монгол Улс нь Патентийн хамтын ажиллагааны гэрээгээр патентийн олон улсын мэдүүлгийн бүрдэлд өргөдөл, тодорхойлолт, томьёолол, зураглал (хэрэв шаардлагатай бол), давуу эрх эдлэх хүсэлт, тогтоосон маягт, тогтоосон хураамж гэж заасан баримт бичгийн хүрээнд буюу үндэсний мэдүүлгийн адил “мэдүүлгийн бүрдэл хянах” болон “мөн чанарын шүүлт хийх” чиг үүргийг тус тус хүлээсэн байдаг. Харин патент олгох эрх бүхий Засгийн газрын байгууллагууд өөрийн санаачилгаар “зөвхөн хэн нэгэн этгээдээс хамааралтай гаргах үндэслэл (ех-parte basis)”-ийг хянах эсхүл шүүлт хийх үүрэг хүлээдэггүй. Мөн энэхүү захиргааны маргааны зүйл болох 3905 (патент 2927), 4171 (патент 3178), 4172 (патент 3181), 4173 (патент 3177) дугаартай шинэ бүтээлийн мэдүүлгүүд нь Патентийн тухай хуулийн 7, 10 дугаар зүйлд заасан мэдүүлгийн бүрдэл хангасан, 4, 11 дүгээр зүйлд зааснаар мөн чанарын шүүлтээр шинэ бүтээлийн шалгуур хангасан тул патентыг зөвшөөрөх шийдвэр гарсан, мөн тус патентийн талаар гомдол, маргаан гараагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
6.3.13. Анхан шатны шүүх нь хэрэгт цугласан нотлох баримт, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудад Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-4.5, 4.8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1-7.3, 7.7-7.11 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйл болон 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг агуулга, зорилго, зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэв давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд оюуны өмчийн байгууллагын “мэдүүлгийн бүрдэл хянах” болон “мөн чанарын шүүлт хийх” чиг үүргийг Патентийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцсэн гэж үзвэл, дор дурдсан хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах болон ижил төрлийн харилцаанд энэхүү гомдлын 1.1-д дурдсантай адил “сөрөг үр дагавар”-тай. Мөн давж заалдах шатны шүүх “... ажиллаж байх хугацаандаа “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ-ын хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг ... өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас хуульд заасан нягтлан шалгах, шүүлт хийх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээр ажил олгогчийг төлөөлж шинэ бүтээлийн мэдүүлэг гаргах эрх бүхий этгээд нь өөрийн нэрээр мэдүүлэг гаргасныг анхааралгүй мэдүүлгийг хүлээн авсан нь буруу байна ...”, мөн 2.8-д “... маргаан үүсгэх эрх бүхий этгээд нь ... өөрөө байхын зэрэгцээ, уг үүргээ хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд ... Ч.А нарыг маргаан бүхий шинэ бүтээлийн өмчлөгчөөр баталж, улмаар шинэ бүтээлийн патент олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй ...” гэсэн нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1-ийн “... Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх зорилго хангагдана ...”, 2.2-ын “... Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана ...”, 3.3-ын “... Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм” гэсэн албан ёсны тайлбарт тус тус нийцээгүй.
6.3.14. в/ Ажил олгогч шинэ бүтээлийн мэдүүлэг гаргах эрх болон өмчлөх эрхийн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн мөн 2.8-д “... “өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй ...”, мөн 2.9-д “... шинэ бүтээлийн зохиогч нь гуравдагч этгээд Ч.А нар байхыг үгүйсгэхгүй боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шинэ бүтээл ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан Патентийн тухай хууль /2006/-д албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг ажил олгогч эдлэхээр заасан, энэ агуулгаараа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Патентийн тухай хууль (2021)-ийн 11 дүгээр зүйлийн 11-д “ажлын байран дахь шинэ бүтээл ... -ийн патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ” хэмээн тусгасан байна ...” гэсэн нь хэрэгт Патентийн тухай хуулийн агуулга, зорилго болон Иргэний хуульд заасан оюуны үнэт зүйлийн эзэмшил, өмчлөлийн зохицуулалтын зорилгод нийцүүлээгүй, оновчгүй, буруу тайлбарлаж анхан шатны шүүхийг буруутгасан нь тус тус анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт нийцээгүй.
6.3.15. Учир нь, Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан эрхээ эдлэхийн тулд ажил олгогч нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “... зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан ...” гэх шинэ бүтээлийн зохиогчоос эрхийг шилжүүлэн авсан байх шаардлагыг хангана. Мөн ажил олгогч хувь хүний оюуны үнэт зүйлийн эрх шилжүүлэх эрхийг олж авахын тулд Иргэний хуулийн 98 дугаар зүйл, 122 дугаар зүйлд заасан гэрээг эсхүл тус нөхцөлийг ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлөөр зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 болон 2.7-д заасан агуулга болон хэлбэрийн шаардлагыг хангах шаардлагатай. Харин захиргааны маргааны зүйл болох 2927, 3178, 3181, 3177 дугаартай шинэ бүтээлийн патентыг зохион бүтээх албан үүрэг өгсөн, эсхүл тэдгээрийн зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй, мөн гуравдагч этгээд Ч.А-ын тайлбар болон хөндлөнгийн этгээдээс гаргуулсан баримтаар нотлогдоогүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.
6.3.16. Анхан шатны шүүхээс хэрэгт цугласан нотлох баримт, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудад бүрэн, бодитой дүгнэлт хийж, Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсгийг Патентийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт хамааралгүй нотлох баримтад тулгуурласан, Патентийн тухай хуулийн агуулга, зорилгод нийцүүлээгүй, оновчгүй, буруу тайлбарласан болон захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудал (өмчлөл болон үүрэг)-д дүгнэлт хийсэн, Улсын Их хурлаас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр баталсан Патентийн тухай шинэ хуулийн материаллаг эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэж, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн нарийвчилсан зохицуулалт болох 12 дугаар зүйлийн агуулгыг эсрэгээр нь тайлбарласан үндэслэлээр тус тус анхан шатны шүүхийг буруутгасан нь Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсгийг тус тус анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлал дахь албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад туурвисан оюуны үнэт зүйлийн эзэмшил, өмчлөх эрх болон түүний эрх шилжүүлэх нөхцөл, үндэслэлийн талаарх тайлбарыг зөвтгөвөл ижил төрлийн харилцаанд дараах “сөрөг үр дагавар” бүхий нөхцөл байдал үүснэ. Төрийн захиргааны байгууллагаар зөвшөөрүүлэх шаардлагагүйгээр шууд өмчлөх эрх үүсдэг “зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн харилцаанд оролцогчдыг зөв төлөвшүүлж, хөгжүүлж буй практикт буруу үлгэр дуурайл болно, энэхүү гомдлын 1.1-д дурдсан сөрөг үр дагавартай.
6.3.17. Мөн давж заалдах шатны шүүх 2.8-д “... “өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй ...”, мөн 2.9-д “... шинэ бүтээлийн зохиогч нь гуравдагч этгээд Ч.А нар байхыг үгүйсгэхгүй боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шинэ бүтээл ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан Патентийн тухай хууль /2006/-д албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг ажил олгогч эдлэхээр заасан, энэ агуулгаараа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Патентийн тухай хууль (2021 оны)-ийн 11 дүгээр зүйлийн 11-д “ажлын байран дахь шинэ бүтээл ... -ийн патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ” хэмээн тусгасан байна ...” гэсэн нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2 болон 3.3-д заасан (үүнд энэхүү гомдлын 1.2-т дурдсан 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2, 3.3-ын хэсгүүд хамаарна) албан ёсны тайлбарт тус тус нийцээгүй.
6.3.18. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлийн тухайд:
6.3.19. а/ Патентыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд (давж заалдах шатны шүүх) маргаан бүхий шинэ бүтээлийн патентуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнөх буюу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжууд болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолуудаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд маргаан бүхий патентуудыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны асуудлыг нь огт хэлэлцээгүй, мөн шийдвэрлээгүй. Гуравдагч этгээд нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох патентуудыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн боловч эдгээрийг хүлээн аваагүй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна.
6.3.20. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий 2927, 3178, 3181, 3177 дугаартай шинэ бүтээлийн патентууд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн атлаа тухайн эрхийг сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа болон тэдгээрийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны асуудлыг нь огт хэлэлцэж шийдвэрлээгүй нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2-т заасан (үүнд энэхүү гомдлын 1.2-т дурдсан 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2-ын хэсгүүд хамаарна) албан ёсны тайлбарт тус тус нийцээгүй.
6.3.21. б/ Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай батламжийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай батламж нь захирамжилсан, зохицуулалт, нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэх шинжгүй байхад “захиргааны акт” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2-ын (үүнд энэхүү гомдлын 1.2-т дурдсан 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2-ын хэсгүүд хамаарна) албан ёсны тайлбарт нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
6.3.22. Маргаан бүхий үнэлгээ дүгнэлт, батламж нь захирамжилсан, зохицуулалт, нийтийн эрх зүйн хүрээнд гэх шинжгүй тул захиргааны акт биш. Дүгнэлт, батламж нь заавал (өөрөө) биелэгдэх шинжгүй буюу түүнийг биелүүлээгүй тохиолдолд албадлага хэрэгслээр гүйцэтгэдэггүй, мөн дүгнэлт нь тодорхой эрх зүйн нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн хэдий ч ямар нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэдэггүй. Өөрөөр хэлбэл, зохион бүтээсэн зохиогч (хүн) бүр өөрийн итгэл үнэмшлээр оюуны бүтээлээ үнэлэх эрхийг эдлэх боломжтой, уг эрхийг иргэн өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлдэг, харин захирах-захирагдах харилцаанд үндэслээгүй. Оюуны өмчийн үнэлгээ нь зөвхөн хувийн ашиг сонирхлыг илэрхийлдэг тул хувийн эрх зүйн харилцаа бөгөөд, уг харилцаанд зохиогч (хүн) оролцохдоо өөрийн хүсэл зоригт (хувийн сонирхолд) төрийн хүсэл зоригийг (нийтийн ашиг сонирхлыг) нийцүүлэх шаардлагагүй байдаг. Хэрэв оюуны өмчийн үнэ цэнийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл тус шинэ бүтээлийн патентыг ашиглахаа зогсоох үүрэгтэй, эсхүл төлбөрийн дүнг зохиогчтой хэлэлцэн тохирч өөрчлөх боломжтой, харин бусдын оюуны өмчийг үнэгүйдүүлэх, үнэ цэнийг үгүйсгэх “субьектив” эрхгүй.
6.3.23. Мөн нэхэмжлэгч нь Ч.А нарын патентыг ашигласны үнэлгээ болон патентийн өмчлөл, эзэмшлийн талаар маргаангүй зөвшөөрсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/0727 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дугаартай магадлалаар тогтоогдсон үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ...” гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн боловч нь шүүх эдгээрийг хүлээн аваагүй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн дээрх үндэслэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.2-ын шийдвэр үндэслэл бүхий байх, 2.2.3-ын “... Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй ... Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно ...” гэсэн албан ёсны тайлбарт нийцэхгүй байна.
6.3.24. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “... уг дүгнэлт, батламжид үндэслэн “Патентийн лицензийн гэрээ”-г патент эзэмшигч бөгөөд ... техник засварын албаны дарга Ч.А нар нь тус үйлдвэрийн газрын орлогч Ч.Лхагвасүрэнтэй байгуулж, энэ нь өнөөг хүртэл эрх зүйн болон эдийн засгийн үр дагаврыг үүсгэсээр байгааг дурдах нь зүйтэй ...” гэсэн нь хэрэгт цугласан нотлох баримт, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтуудад нийцээгүй, мөн “Шүүхийн шийдвэрийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2 , 2.2.3 болон 3.3-т заасан албан ёсны тайлбарт тус тус нийцээгүй. Учир нь, “Патентийн лицензийн гэрээ”-г талууд 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан, харин тус лицензийн гэрээ байгуулагдсанаас хойш 6 жилийн дараа буюу 2014 онд үнэлгээний дүгнэлт батламжийг зохиогч болон патент ашиглагч нарын хүсэлтээр хийлгэсэн. “Н З т н” ОНӨААТҮГ нь 2927, 3178, 3181, 3177 дугаартай шинэ бүтээлийн патентыг ашиглаж эхэлсэн мөчөөс патент ашигласны төлбөр төлөх хууль зүйн болон эдийн засгийн үүрэг, үр дагавар үүссэн, харин үнэлгээний дүгнэлт тус үр дагаврууд үүсгээгүй. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, Оюуны өмчийн газрын 04 дугаартай батламжид хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.4. Гуравдагч этгээд С.Э-оос магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар гомдол гаргасан.
6.4.1. Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүн”-ийг зохиогч гэж тодорхойлсон байх ба Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.14-т “... тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас патент олгох”-оор, 13 дугаар зүйлийн 13.1-д “Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгох” тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж аливаа шинэ бүтээлийн зохиогч бөгөөд өмчлөгч нь зөвхөн хувь хүн болох талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
6.4.2. Д.Ж, С.Э, Ч.А нараас 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Троллейбус JЕА 800” бүтээлийн шийдлийг, Д.Ж, Ч.А нараас 2008 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Тогтмол гүйдлийн хувиргуур тоон гүйдлээр хурдыг удирдах систем”, “Дуобус-МЛ” шинэ бүтээлүүдийн шийдлийг дэвшүүлсэн өргөдлийг Оюуны өмчийн газарт гаргаж, мөн оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Троллейбус JЕА 800” болон “Дуобус-МЛ” бүтээлүүдийн шийдлийн хамтран эзэмшигчээр С.Эийг оруулах хүсэлтийг гаргасан байх ба дээрх шинэ бүтээлүүдийг нийтэлсэн өдрөөс хойш тэдгээрт хамаарах аливаа няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй болохыг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/109 дугаар албан бичгээр тодорхойлсон байна.
6.4.3. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзвэл Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59, 2008 оны 06 болон 13 дугаар тушаалуудаар Д.Ж, С.Э, Ч.А нарыг “Троллейбус JЕА 800”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр бүртгэж, патент олгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзнэ. Д.Ж, С.Э, Ч.А нарын хувьд уг бүтээлүүдийг зохион бүтээснээр зохиогчийн болоод шинэ бүтээлийн өмчлөгчийн эрх дагалдаж үүсэх ба энэхүү эдгээр эрх нь зохиогчийн хувьд жам ёсны эрхэд тооцогдоно. Иймд гуравдагч этгээдүүдийг шинэ бүтээлийн зохиогч болохыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан, тэднийг уг шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэсэн Оюуны өмчийн газрын хуулийн үндэслэл бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
6.4.4. Мөн Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасны дагуу “гуравдагч этгээдүүдийн ажил олгогч байсан нэхэмжлэгч байгууллага шинэ бүтээлийн өмчлөгчийн эрхийг эдлэх үндэслэлгүй” гэж анхан шатны шүүх энэхүү маргааны тохиолдолд хэрэглэгдэх Патентийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан дүгнэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Д.Ж, С.Э, Ч.А нарыг маргаан бүхий шинэ бүтээлүүдийн өмчлөгчөөр баталж, улмаар шинэ бүтээлийн патент олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, гуравдагч этгээдүүд нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээлийн патент авах эрх нь ажил олгогчид байна” гэж дүгнэхдээ Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, уг хуулийн мөн чанарыг илтэд алдагдуулж, оюуны шинэ бүтээл зохиогчдыг патент эзэмших эрхгүй хэмээн дүгнэсэн нь алдаатай болсон.
6.4.5. Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээд Д.Ж, С.Э, Ч.А нарын “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй холбогдуулан тэдний шинээр бүтээсэн техникийн шийдэл болох бүтээлийг өмчлөх эрхийг хохироож, ажил олгогч шууд өөртөө шилжүүлэн авах эрхтэй мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тус хөдөлмөрийн гэрээнд гуравдагч этгээд нарт оюуны үнэт зүйл буюу шинэ бүтээл туурвихыг үүрэг болгосон заалт байхгүй, ажил үүргээ гүйцэтгэх явцад тэдний зохион бүтээсэн шинэ бүтээл, шинэ патентийн өмчлөх эрхийг ажил олгогч эзэмшинэ гэсэн зохицуулалт байхгүй байна.
6.4.6. Мөн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Д.Ж-ыг “Цахилгаан тээвэр” УҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа “... троллейбус угсрах зардлыг төсөвт суутгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий бичиг үйлдсэн, ажиллаж байхдаа тус компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бүтээлүүдийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж авсан нь хууль, холбогдох дүрэм, журамд нийцэхгүй” талаарх нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Патентийн тухай хуульд огт байхгүй үндэслэлээр дүгнэлт хийсэн нь Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2 ба 2.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
6.4.7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 2.8-д “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ын захирал Д.Ж-ыг төрийн захиргааны байгууллагад хандах, маргаан үүсгэх эрх бүхий этгээд ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас хариуцагч Оюуны өмчийн газрыг “... Д.Ж, С.Э, Ч.А нарыг маргаан бүхий шинэ бүтээлийн өмчлөгчөөр баталж, улмаар шинэ бүтээлийн патент олгосныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй” хэмээн анхан шатны шүүхийн энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг үгүйсгэж өөрчлөхдөө ямар хуулийн ямар заалтыг үндэслэн шийдвэрлэж буй нь ойлгомжгүй, хуулийн эх сурвалж нь тодорхой бус, үндэслэлгүй алдаатай дүгнэлт хийн, анхан шатны шүүхийн дээр дурдсан Патентийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэн гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
6.4.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэдэгт тухайн хэргийн үйл баримтад хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг хоёр шатны шүүх 2 өөр байдлаар тайлбарлан зөрүүтэй дүгнэлтүүд хийсэн нь ойлгогдож байгаа тул тус хуулийн үндэслэлээр уг захиргааны хэргийг хянан үзэж, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.
6.4.9. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар: Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандан Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Шадар сайдын 2007 оны 59 дугаар тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Троллейбус JEA 800” шинэ бүтээлийн 2927 дугаартай патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 06 дугаар тушаалаар Д.Ж, Ч.А нарт олгосон “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах систем”-ийн шинэ бүтээлийн 3177 дугаартай патент, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”-ын 3178 дугаартай патент, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2008 оны 13 дугаар тушаалаар Д.Ж, С.Э, Ч.А нарт олгогдсон “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус “Дуобус-МЛ” шинэ бүтээлийн 3181 дугаартай патентуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн.
6.4.10. Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламжийн талаар манай байгууллага мэдээгүй, Д.Ж-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дүгнэлт, батламжийн талаар анх олж мэдсэн гэх тайлбар нь худал, бодит байдалд нийцэхгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
6.4.11. Гуравдагч этгээд Ч.А, С.Э нар нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрсдийнхөө өмчлөлд байдаг патент ашигласны төлбөрийг “Н З т н” ОНӨААТҮГ-аас нэхэмжилсний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183\ШШ2018\0727 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг. Уг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх хэрэг маргаанд Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламж зэрэг нь нотлох баримтаар авагдсан байсан тул нэхэмжлэгчийн 2019 оны 02 дугаар сард анх мэдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2018 онд дүгнэлт, батламжийн талаар мэдсэн болох нь нотлогдсон тул тухайн асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тухайн үйл явдал болж өнгөрсөн хугацаанаас тооцох ёстой байна.
6.4.12. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн асуудалд шүүх эрх зүйн дүгнэлт хийх үндэстэй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэр гаргах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шинэ бүтээлийн ном зүй, томьёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно” гэж заасны дагуу уг хуулийн хугацаанд нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй байжээ. Хуулийн тус зохицуулалтаар нэхэмжлэгч нь шинэ бүтээлийн патентуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2007-2008 онуудад эрх бүхий байгууллагуудад гаргаагүй учир тухайн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд патент авсан цаг хугацаанаас 12 жил өнгөрсний хойно, 2020 онд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх тухайн асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байгаа. Мөн нэхэмжлэгч нь дээр дурдсан шинэ бүтээлүүдийн патентуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан Захиргааны актад гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байгаад шүүх огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж байгаа ба энэ нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
6.4.13. Нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст “Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байсан. Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуульд заасныг зөрчиж патент, гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентийг хүчингүй болгоно” гэж заасан бөгөөд Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст Оюуны өмчийн Үнэлгээний комиссын дүгнэлтийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй тул уг гомдлыг Маргаан шийдвэрлэх комисс хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь зөвхөн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан ба гомдолдоо шинэ бүтээлүүдийн патентуудыг хүчингүй болгох тухай дурдаагүй атлаа тухайн асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлээд хариу авсан мэтээр зориуд худал тайлбар гаргасан байгааг анхаарах хэрэгтэй юм. Давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байгааг зөвтгөж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэнгүй гэж үзэж байна.
6.4.14. Гурав. Нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус болох тухайд: Шинэ бүтээлд олгосон патент нь патентийн шалгуур хангаагүй эсвэл мэдүүлгийн шаардлага хангаагүй тохиолдолд хууль зөрчиж олгосон гэж тооцох ба энэ үндэслэлээр гомдол гаргагч этгээд Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисс.эсвэл шүүхэд патентийг хүчингүй болгуулахаар хандах тухай Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдүүдийн өмч болох шинэ бүтээлүүдийн патентуудыг ажил олгогч эзэмших эрхтэй. Оюуны өмчийн газарт хүсэлт гаргах эрхгүй этгээд хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь патентийг хүчингүй болгох тухай Патентийн тухай хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй байна. Иргэний хуулийн 122 дугаар зүйлд “Эдийн бус хөрөнгө өмчлөх эрх олж авах” талаар зохицуулсан байх ба “Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ” гэж заажээ.
6.4.15. Давж заалдах шатны шүүх Д.Ж, С.Э, Ч.А нар нь “Троллейбус JЕА 800”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” зэрэг шинэ бүтээлүүдийн зохиогч мөн болохыг үгүйсгээгүй бөгөөд техникийн шинэ шийдлийг зохиож бий болгосон хувь хүн патент эзэмших эрхтэйг хуульчилсан Патентуудын тухай хуулийн холбогдох заалтуудыг магадлалдаа дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь патент эзэмшигчийн талаарх маргаан болохыг зөв тодорхойлж дүгнээгүйгээс захиргааны шүүхийн харьяаллын бус маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
6.4.16. Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэж тодорхойлсны дагуу аливаа техникийн шийдлийн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар нь тодорхой хугацаанд зохиогчийн өмчлөх онцгой эрх болохыг хуульчилсан. Гуравдагч этгээдүүд нь оюуны үнэт зүйлийн зохиогчийн хувьд шинэ бүтээлийн патентийн өмчлөх эрх нь анхдагч бүртгэлт хийсэн үеэс эхлэн Патентийн тухай хуулиар хамгаалагдахаар хуульчилсан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Патентийн тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7, 26 дугаар зүйлийн 26.1.12-т заасныг баримтлан Д.Ж, С.Э, Ч.А нарын шинэ бүтээлийн патентуудыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна. Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана” гэсний дагуу зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр патентийн эрхийг шилжүүлэн авах зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь шүүхэд патент эзэмшигч эрхтэй гэж маргаж буй нь иргэний шүүхийн харьяалалд хамаарч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.
6.4.17. Дөрөв. Оюуны өмчийн газрын үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтийн талаар: Магадлалын Хянавал хэсгийн 3.3-т “... Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт болон зөвлөмжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна” гэж дүгнэхдээ Патентийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдаатай шийдвэрийг зөвтгөж дүгнэсэнд гомдолтой байна. Патентийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Патент, гэрчилгээ эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх онцгой эрх эдэлнэ.”, 16 дугаар зүйлийн 16.1.4-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх” гэсэн хуулийн зохицуулалт нь оюуны үнэт зүйлийг бүтээсэн зохиогч аливаа иргэн буюу хувь хүн өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж, өөрийн оюуны бүтээлээ үнэлэх эрхтэй, үнэлгээг баталгаажуулах хүсэлтийг Оюуны өмчийн газарт гаргах эрхтэй байна.
6.4.18. Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.12-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах”, Оюуны бүтээлийг үнэлэх журмын 1.2-т заасны дагуу шинэ бүтээлийн патентийн зохиогч, өмчлөгч нь Оюуны өмчийн газарт үнэлгээг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу тус газрын даргын тушаалаар томилогдсон Үнэлгээний комисс нь шинэ бүтээлүүдийн загварын үнэлгээг 4,260,000,000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой болохыг тогтоож баталгаажуулсан дүгнэлт гаргасан нь хууль ёсны шийдвэр болсон. Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлтийг гаргасан Үнэлгээний комиссын үйл ажиллагаа нь Оюуны өмчийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журмын хүрээнд явагдсан бөгөөд тус комиссын оюуны өмчийн салбарын мэргэшсэн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ, 100 хувийн ирцтэй хуралдаж, оюуны бүтээлийн үнэлгээний тооцооллыг мэргэжлийн түвшинд дүгнэн гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үгүйсгэх баримтууд хавтаст хэрэгт байхгүй учир Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон 04 дугаартай батламжийг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Мөн патент эзэмшигч С.Э, Ч.А нар нь дээр дурдсан үнэлгээ, батламжийг үндэслэн патент ашигласны төлбөрийг шүүхийн журмаар нэхэмжилсэн ба тус нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/0727 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1309 дугаартай магадлал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
6.4.19. Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хүчинтэй байна” гэж заасны дагуу Д.Ж, С.Э, Ч.А нарын бүтээсэн “Троллейбус JЕА 800”, “Тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем”, “JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур”, “Хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ” шинэ бүтээлүүдийн патентийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байна. Хариуцагч Оюуны өмчийн газар нь хуулиар олгосон чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж гуравдагч этгээд С.Э миний бусадтай хамтран бүтээсэн оюуны үнэт зүйлийн өмчлөх эрхийг баталгаажуулж, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентийн гэрчилгээ олгосон нь тухайн үед үйлчилж байсан Патентийн тухай хуульд нийцсэн байсан бөгөөд энэхүү хуулийн хүрээнд явагдсан үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны эрх ашиг нь хохироогүй болно ... Иймд гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд оролцоогүй, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээд талаас хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлуудыг хангахгүй орхив.
9. Нэг. “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 6360 дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 739 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч хяналтын журмаар гаргасан гомдолд “хэргийн харьяалал зөрчсөн” гэх асуудлыг хөндсөн учир дараах байдлаар дүгнэв.
10. Гуравдагч этгээд С.Э-оос хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Иргэний хуулийн 122 дугаар зүйлд “Эдийн бус хөрөнгө өмчлөх эрх олж авах” талаар зохицуулсан байх ба “ Хуульд өөрөөр заагаагүй бол оюуны өмчид хамаарах оюуны үнэт зүйлийг бүтээсэн этгээдийн өмчлөх эрх уг зүйлийг бүтээсэн үеэс үүснэ” гэж заажээ. Давж заалдах шатны шүүх ... (гуравдагч этгээд нарыг) ... шинэ бүтээлүүдийн зохиогч мөн болохыг үгүйсгээгүй бөгөөд техникийн шинэ шийдлийг зохиож бий болгосон хувь хүн патент эзэмших эрхтэйг хуульчилсан Патентийн тухай хуулийн холбогдох заалтуудыг магадлалдаа дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь патент эзэмшигчийн талаарх маргаан болохыг зөв тодорхойлж дүгнээгүйгээс Захиргааны шүүхийн харьяаллын бус маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна ...” гэжээ.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Патентийн тухай (2006 оны, цаашид оныг дурдахгүй) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг" гэж тус тус заасан.
12. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг хянан хэлэлцдэг; патент нь нэгдүгээрт, шинэ бүтээл болохыг тодорхойлсон, хоёрдугаарт, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн (нийлмэл гипотез бүхий) төрийн эрх бүхий байгууллагаас олгох баримт бичиг буюу захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн хүрээнд гадагш буюу иргэн, хуулийн этгээдэд чиглэн эрх зүйн шууд үр дагавар бий болгож, захирамжилсан шинжтэй шийдвэр болохын хувьд захиргааны актын шинжийг бүрэн хангаж байна.
13. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд холбогдуулан “зохиогчийн эрхтэй” холбоотой маргаагүй, харин тухайн патентийг олгохдоо зохих хууль зөрчсөн, уг патентуудийг “хүчингүй болгох”-оор буюу олгосон захиргааны байгууллага болох Шадар сайд, Оюуны өмчийн газрыг хариуцагчаар тодорхойлж, гаргасан захиргааны акт болох патентийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх хэргийн харьяалал зөрчөөгүй, “... нэхэмжлэгч нь шүүхэд патент эзэмшигч эрхтэй гэж маргаж буй нь иргэний шүүхийн харьяалалд хамаарч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна ...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
14. Хоёр. Гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... нэхэмжлэгч нь патентуудийг хүчинтэй байсан талаар 2019 онд мэдсэн атлаа 2020 онд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн ...”, мөн “... патентуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан захиргааны актад гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байгаад шүүх огт дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон, ... энэ нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ...” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд үүнээс үзэхэд гуравдагч этгээд нар нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн үндэслэлээ анх патент олгосноос хойш бус, харин маргаан бүхий патентийн лицензийн төлбөртэй холбоотой иргэний хэргийн маргаан шийдвэрлэх явцад патентийн хүчинтэй байгааг мэдсэнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдэг үндэслэлээр маргаж буй тул энэ хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй.
15. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
- гуравдагч этгээд Д.Ж-аас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан;
- нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунчимэгээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19/50 дугаар албан бичгээр Оюуны өмчийн газарт хандсан;
- Оюуны өмчийн газрын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3/491 дугаартай албан бичгээр өмгөөлөгч О.Чулуунчимэгт патентийн талаар хариу хүргүүлсэн;
- нэхэмжлэгч “Н З т н” ОНӨААТҮГазраас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1382 дугаар албан бичгээр Оюуны өмчийн газарт хандсан;
- Оюуны өмчийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2/628 дугаар албан бичгээр “Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журамд Оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын дүгнэлтийг хүчингүй болгох эрх тусгагдаагүй учраас Маргаан шийдвэрлэх комисс хянан хэлэлцэх боломжгүй” талаар хариу хүргүүлсэн;
- нэхэмжлэгч “Н З т н” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-гаас захиргааны хэргийн шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7298 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүрдүүлбэр хангаж өгсөн;
- Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7739 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 732 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон;
- Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн;
- нэхэмжлэгч “Н З т н” ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-гаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн зэрэг үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гаргаснаас хойш энэхүү хэргийн нэхэмжлэгч этгээд нь хариуцагч байгууллагад хандаж, хариу авсны дараа шүүхэд тогтоосон хугацаанд анх нэхэмжлэл гаргаж, уг маргааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байсан тул “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж үзэхгүй, шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
16. Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий нөхцөлийг хууль тогтоогч заахдаа хуульд өөрөөр заасан бол (иш татсан диспозицээр) тухайлсан хуульд заасан хугацааг шүүх баримталж болох талаар зохицуулсан, маргаан гарах үед хүчин төгөлдөр байсан Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Патентийг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана” гэж заасныг дурдах нь зүйтэй.
17. Иймд, дээр дурдсан үндэслэлээр “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргах үндэслэлтэй ...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
18. Гурав. Гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламж нь хувийн эрх зүйн хүрээнд чиглэгдсэн, ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна ... Иймд оюуны өмчийн газрын Үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/76 дугаар оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, 04 дугаартай батламж нь захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна ...” гэсэн үндэслэлээр маргажээ.
19. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:” гээд 26.1.12-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах” гэж; Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 65 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Оюуны өмчийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам”-ын 2.1-д “Үнэлгээ тогтоох болон баталгаажуулах үйл ажиллагааг Оюуны өмчийн газрын даргын тушаалаар томилогдсон комисс явуулна ...”, 2.2-т “Комисс нь оюуны бүтээлийн үнэлгээг тогтоолгох, баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Оюуны өмчийн газрын хэлтсийн дарга, шинжээч, мэргэжилтнүүд болон холбогдох салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн таваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна”, 2.3-т “Комисс хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргана”, 2.9-д “Комиссын гишүүд 80-аас доошгүй хувийн ирцтэйгээр зөвлөлдөж шийдвэр гаргана” гэж заажээ.
20. Дээрх зохицуулалтаас үзэхэд, Оюуны өмчийн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Комиссын үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт, түүнийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын тушаалаар олгосон батламж нь тухайн байгууллагын хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж буй учир нийтийн эрх зүйн хүрээнд гарсан; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр өөрсдөд нь хандсан буюу гадагш чиглэсэн; журамд заасан тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд үнэлгээ тогтоож баталгаажуулснаар захиргааны актын “зөвшөөрсөн” төрөл бүхий эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт мөн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв юм.
21. Түүнчлэн, “Оюуны өмчийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам”-ын 2.10-т “Үнэлгээ тогтоох болон баталгаажуулахад дараах зүйлүүдийг харгалзан үзнэ” гээд 2.10.2-т “Эдийн засгийн үзүүлэлт, хэмнэлт, үр ашиг, орлого, зарлага”, 2.10.3-т “үнэлгээний зүйлийг бүтээхэд гаргасан оюуны болон бусад зардал” гэж үнэлгээ тогтоох болон баталгаажуулахад харгалзан үзэх шалгуурыг нарийвчилсан журамд тодорхой заасан; энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс эдгээр шалгуурыг хэрхэн хангаж байгаа эсэхийг тогтоосон талаар үндэслэл бүхий тайлбар болон холбогдох нотлох баримт гаргаж маргаагүй байх тул анхан шатны шүүхийн “... Маргаан бүхий патентуудаар ... баталгаажуулахдаа ... оюуны болон бусад зардал, одоо ашиглагдаж байгаа байдлыг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй ...”; давж заалдах шатны шүүхийн “... дан ганц аудитын тооцоо, түүнд тусгагдсан хэмнэлтэд үндэслэн үнэлгээг тогтоож, баталгаажуулсан гэж үзэхээр байна ...” гэсэн дүгнэлтүүдийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
22. Иймд, дээр дурдсанаар гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдлын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
23. Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс өмнө дурдсан “2927, 3177, 3178, 3181 дугаартай патентуудыг тус тус хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн; анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... төрийн эрх бүхий байгууллагаас патент олгож, улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж байгаа нь шинэ бүтээл зохиосон болохыг баталгаажуулж улмаар зохиогчийн шинэ бүтээлээ өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа эрх зүйн хэлбэр тул зохиогчоос зөвшөөрөөгүй тохиолдолд шинэ бүтээлийн патентийг хуулийн этгээдэд олгох нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль /2006/-ийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгод нийцэхгүй ...” гэж; давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа “... Патентийн тухай хууль /2006/-д албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг ажил олгогч эдлэхээр заасан …” гэж тус тус дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгэжээ.
24. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн зааж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийн жагсаалтыг тоочсон; Патентийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг;” гэж тус тус заасан.
25. Эндээс үзэхэд, шинэ бүтээлийн өмчлөх эрхийг баталгаажуулах, түүнийг ашиглахтай холбоотой харилцаанд илүү нарийвчилсан Патентийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх учиртай; мөн өмнө тэмдэглэсэнчлэн, нэхэмжлэгчээс зохиогчийн эрхтэй холбоотой маргаагүй, гагцхүү “патентийг олгохдоо хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж байхад анхан шатны шүүх энэ маргаанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн холбогдох (хууль тогтоогчийн аутентик тайлбар бүхий) заалтыг баримтлан дээрх дүгнэлт хийсэн нь буруу, “... Д.Ж, С.Э, Ч.А нарын хувьд уг бүтээлүүдийг зохион бүтээснээр зохиогчийн болоод шинэ бүтээлийг өмчлөгчийн эрх дагалдаж үүсэх ба энэхүү эдгээр эрх нь зохиогчийн хувьд жам ёсны эрхэд тооцогдоно ...” гэх хяналтын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
26. Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ” гэж тус тус заажээ.
27. Энэхүү зохицуулалтыг задалж үзвэл, ерөнхий нөхцөлөөр шинэ бүтээлийн мэдүүлгийг түүнийг зохиосон зохиогч гаргах эрхтэй боловч албан үүргээ гүйцэтгэх явцад, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад шинэ бүтээлийг бүтээсэн бол ажил олгогч уг эрхийг эдлэхээр, тодруулбал, хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан зохицуулалт нь эрх зүйн хэм хэмжээ талаасаа нэгд, албаны этгээд албан үүргээ гүйцэтгэх явцад, эсхүл хоёрт, иргэний хуульд заасан болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад гэсэн тохиолдлоос хамаарч сонгон авах зэрэгцээ (нийлмэл бус) хоёр нөхцөл (гипотез)-ийг хууль тогтоогч зааглаж, энэ хоёр нөхцөлийн аль нэг нь бүрдсэн бөгөөд тухайн зохиогчтой байгуулсан гэрээнд өөрөөр (ажил олгогч, эсхүл гэрээлэгч патентаас татгалзахаар) заагаагүй бол шинэ бүтээлийн гэрчилгээ авах эрх ажил олгогчид шууд шилжих агуулгатай байна.
28. Гуравдагч этгээд нар нь шинэ бүтээлийг бүтээх болон гэрчилгээ авахаар хандах үед тухайн байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан энэ тохиолдолд тэдгээрийг “албан үүргээ гүйцэтгэх явцад” уг шинэ бүтээлийг бүтээсэн гэж үзэх бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээнд шинэ бүтээлийн патентийн талаар тусгасан эсэх нь хамааралгүй, өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалтын эхний нөхцөлд хамаарч байгаа тул энэ талаар гаргасан “... нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд оюуны үнэт зүйл зохион бүтээх албан үүрэг хүлээлгэсэн зохицуулалт огт байхгүй …” гэх, мөн “... Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана” гэсний дагуу зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр патентийн эрхийг шилжүүлэн авах зохицуулалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна ...” гэх гомдол үндэслэлгүй.
29. Түүнчлэн, Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д “Ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ” хэмээн зааснаар хэрэв ажил олгогчоос шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрхийг эдлэх боловч энэ маргааны хувьд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Д.Ж нь 2006-2014 онуудад тус газрын захирлаар ажиллаж байхдаа шинэ бүтээлийн гэрчилгээг өөртөө авахаар хандсан, хуулийн дагуу өөр этгээд тухайн үеийн “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг төлөөлж Оюуны өмчийн газарт хандах боломжгүй байсан зэргээс одоогийн нэхэмжлэгч “Н З т н” ОНӨААТҮГ-ыг мэдүүлэг гаргаагүй гэж буруутгах боломжгүй юм.
30. Мөн Патентийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуульд заасныг зөрчиж патент, гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентийг хүчингүй болгоно” гэж заасан буюу шинэ бүтээлийн огноо, зүйл, шалгуур, мэдүүлгийн загвар, шаардлагаас гадна хуульд заасан журмыг зөрчиж патент олгосон бол патентийг хүчингүй болгохоор хууль тогтоогч өргөн хүрээнд тодорхойлсон байх тул “... нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдүүдийн өмч болох шинэ бүтээлүүдийн патентуудыг ажил олгогч эзэмших эрхтэй. Оюуны өмчийн газарт хүсэлт гаргах эрхгүй этгээд хүсэлт гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь патентийг хүчингүй болгох тухай Патентийн тухай хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй байна ...”, “... зөвхөн шинэ бүтээл мөн эсэхэд шүүлт хийж патент олгодог ...” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хангах боломжгүй.
31. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал урьд дүгнэснээр зөв байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.У, Г.Э, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээд Д.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ч.А-ын өмгөөлөгч Д.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд С.Э, Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ