Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 88

 

 

Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                      

          Прокурор Б.Алтанцэцэг,                                          

          Ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат,

          Ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

          Хохирогч Э.Соёл-Эрдэнэ,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Т.Амгаланбат, ялтан М.Өлзийбаяр, ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 0107 0133 дугаартай Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн, 1980 оны 12 дугаар сарын 4-нд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, “Доун” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УГ80120403/,

2. Боржигон овгийн Мягмарын Өлзийбаяр, 1973 оны 11 дүгээр сарын 3-нд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ВБ73110387/,

3. Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэл, 1981 оны 3 дугаар сарын 1-нд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЮ81030101/.

Б.Оюунсүрэн нь Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, дээрээс нь өшиглөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Ц.Урангэрэл нь Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, үснээс нь зулгааж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

М.Өлзийбаяр нь Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, толгой, нүүрний орчимд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Урангэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарыг тус бүр 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Ц.Урангэрэлд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт мэдэгдэж, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь хохирогч Э.Соёл-Эрдэнэд 2.200.000 төгрөг төлснийг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахыг, өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргаж өгсөн CD-г түүнд буцаан өгөхийг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Оюунсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие доорх гомдлыг гаргаж байна.

2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байхад Б.Эрдэнэбат нь “чамтай уулзах чухал хэрэг байна” гэж утсаар залгаад байхаар нь гарч уулзсан. Гэтэл манай нөхөр Д.Гантулга нь буруугаар ойлгон хардаж намайг болон Б.Эрдэнэбатыг зодсон. 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Б.Эрдэнэбат над руу залгаж “эмнэлэгт үзүүлж байна, миний толгой өвдөөд хоол, унд идэж чадахгүй байна” гэж ярьсан. Би тэгэхэд нь “үзүүлчихээд яриарай” гэсэн. Орой 19 цагийн үед Б.Эрдэнэбатын утаснаас “хаана байна уулзъя” гэсэн мессэж ирэхээр нь 64 дүгээр сургуулийн хашаанд би ганцаараа очсон. Би тухайн үед Б.Эрдэнэбатын эрүүл мэндэд санаа зовж уулзахаар очиход Э.Соёл-Эрдэнэ нь манай нөхөр Д.Гантулгатай хуйвалдаж Б.Эрдэнэбатын утаснаас хоёулаа мессеж бичиж, намайг хуурч аваачин нийлж зодсон. Б.Эрдэнэбат нь манай нөхөртэй нэг байгууллагад ажилладаг бөгөөд манай үйлчилгээний газраар үйлчлүүлдэг хүн байсан. Б.Эрдэнэбат бид хоёрын хооронд ямар нэгэн дотно харьцаа байхгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр намайг зодож, зүүн нүдийг минь хөх няц болтол цохисон. Би Э.Соёл-Эрдэнэ болон нөхөр Д.Гантулга нарт зодуулсандаа маш их гомдож хуулийн байгууллагад хандсан. Гэвч би нөхөр Д.Гантулгын нэр хүнд, албан тушаал, амьдрал, 3 хүүхдээ бодож гомдолгүй гэж прокурор дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Би 2 найз Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нартай “Наран” зоогийн газарт уулзаж Д.Гантулга, Э.Соёл-Эрдэнэ нарт зодуулсан талаар хэлсэн. Би урьд өдөр нь ганцаараа очоод зодуулсан болохоор 2 найзыгаа хань болгоод Б.Эрдэнэбаттай уулзахад цуг яваад өгөөч гэж гуйсан.

Биднийг гэрт нь очиход Э.Соёл-Эрдэнэ хаалгаа тайлж өгсөн. Би Б.Эрдэнэбат байна уу гэхэд “яах гэж байгаа юм, өө за за гурвуулаа хүрээд ирдэг байна шүү дээ” гээд утсаа гаргаж шууд бичлэг хийж эхэлсэн. Ц.Урангэрэл нь утсаараа бичлэг хийхийг нь болиулахаар гараа сарвайхад Э.Соёл-Эрдэнэ нь Ц.Урангэрэлийг үсдээд тавихгүй байхаар нь М.Өлзийбаяр очиж салгасан. Энэ үед Ц.Урангэрэл орц руу гарсан, хаалга онгорхой орхисон байсан. Э.Соёл-Эрдэнэ над руу дайрч “чамаас бүх юм болж байгаа юм” гээд миний хөхөрсөн нүд рүү цохиход миний толгой манарч, дотор муухайран гэрээс нь гарах гэхэд Э.Соёл-Эрдэнэ нь М.Өлзийбаярын нуруу луу цохисон. Тэдний гэрээс М.Өлзийбаяр бид хоёр гарч сүүлд нь би хаалгыг нь савж хаасан. Тухайн үед ердөө л болсон үйл явдал энэ. Бид гэрт нь орж бие махбодид нь хүрч цохиж зодож, маажсан зүйл огт байхгүй. Харин ч бид нар цохиулаад, үсдүүлээд гарсан.

Хохирогч гэх хүн өөрийнхөө дураар хүн гүтгэж, худал мэдүүлэг өгч, санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн болгож байгаад нь, мөн шүүхээс хийгээгүй хэргийнхээ төлөө яв авсанд гомдолтой байна.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь надаас сэтгэл санааны хохирлын мөнгө гэх 5.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн нэхэж байсан. Би тухайн үед яагаад, ямар учраас би энэ эмэгтэйд мөнгө өгөх ёстой юм бэ, хийгээгүй хэргийнхээ төлөө төлөх ёстой юм уу гэж мөрдөн байцаагчид хэлж байсан.

Тухайн үед Ж.Цэцэгээ өмгөөлөгчийг бид 3 өмгөөлөгчөөр авсан байсан.

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Э.Соёл-Эрдэнэ нь уулзах санал бидэнд тавьсан. Тэгэхэд нөгөө 5.000.000 төгрөгөө нэхэж өөрийн амьдралаа ярьж, түрээсийн байранд амьдардаг, би өөрөө ажилгүй, нялх нойтон хүүхэдтэй гэж уйлаад ярьж байсан. Тухайн үед бид нар ярилцаж байгаад Э.Соёл-Эрдэнэд 2.000.000 төгрөг өгөх талаар Ж.Цэцэгээ өмгөөлөгчтэй утсаар ярьж асуухад “та нарын хэрэгт тус нэмэртэй, хохирогчийг зөөллөж өгнө, өг өг наадахаа” гэж хэлээд бид нараар өгүүлсэн.

Хэрвээ бид гурвыг гэмт хэрэг үйлдээд уулчлалт гуйж, эсвэл хэргээ хаацайлах гэж мөнгө өгсөн гэж үзэж байгаа бол бид гурав тийм санаа огт агуулаагүй учир өгсөн 2.000.000 төгрөгөө буцааж авах хүсэлтэй байна. Би ч ялгаагүй эх хүн, хохирсон эмэгтэй, гурван хүүхдийн эх, дээд боловсролтой сэхээтэн айлд өсч хүмүүжсэн. Хүнийг учир утгагүй цохиж зодож асуудлыг шийддэг хүмүүжлээр өсөөгүй юм. Би одоог хүртэл гэм зэмгүй хоёр найзыгаа хийгээгүй хэрэгт холбогдуулж тэдний гэр бүл, амьдралд нь хагарал зөрчил, нэр төрд нь асах их хар толбо учруулсандаа маш их харамсаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Ялтан М.Өлзийбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Бид гурав тэр эмэгтэйг маажих, цохих ямар ч үйлдэл болоогүй, харин ч бид гурав Э.Соёл-Эрдэнэд цохиулаад гарсан. Би 4 хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй хүн. Хүн тэгж зодож, маажих ухамсар болон хүч тамир ч байхгүй. Б.Эрдэнэбат гэдэг айлынх хүн авч шидэх зай байхгүй айл. Айлын гэрт зодолдоод байх ухамсартай тийм эхчүүд бид биш.

Биднийг хаалга тогшиход 2 хүүхэд нь уйлалдаж байсан. Биднийг гэрт нь байхад том өрөөндөө хаалга нь хаалттай, хүүхдүүд нь тэндээ байсан.

Бид тухайн үед Ж.Цэцэгээ өмгөөлөгчийг авсан байсан. Шүүх хурал болохын өмнөхөн Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл нар нь тус тусдаа өмгөөлөгч авсан. Бидний өмгөөлөгч байсан болохоор Ж.Цэцэгээ өмгөөлөгчид итгэж шүүх хуралд орсон. Шүүх хурал болох өдөр надаас хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хэлж өмгөөллийн хөлс авсан. Гэтэл шүүх хуралдаанд “би худлаа өмгөөлөл үзүүлж чадахгүй, прокуророос ялласан 300 цагийн албадан ажил хийлгэх ялыг 240 цаг болгож өгнө үү” гэж хэлээд намайг ялласанд би туйлын гомдолтой байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж хийгээгүй хэргийн төлөө намайг ялласанд гомдолтой байна. Би болон бид гурав өмгөөлөгч Ж.Цэцэгээг Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралд энэ өмгөөлөгчийг авч орохоос татгалзаж өмгөөлөгчгүй орох хүсэлтэй байна.

            Би хийгээгүй хэргийн төлөө, хохирогч гэх Э.Соёл-Эрдэнийн санаатай худал гүтгэлгээс болж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаад туйлын гомдолтой байна...” гэв.

             Ялтан Ц.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 9.792.000 төгрөгөөр торгох ял авсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний хувьд Э.Соёл-Эрдэнийг маажиж, цохих ямар ч үйлдэл гаргаагүй, харин ч үснээсээ зулгаалгаад гэрээс нь түрүүлээд гарсан байхад М.Өлзийбаяртай нийлж маажиж, зодсон гэж нөхрөө хардсаны улмаас биднийг санаатайгаар гүтгэж, хилс хэрэгт холбогдуулж хагас жил гаран сэтгэл санаа, нэр төр, санхүүгийн хувьд хүнд дарамтад байлгаж байна.

Бидний хувьд үнэн зөвөөр нь шийдэгдэнэ гэж хуулийн байгууллагад анхнаасаа итгэж бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлж байсан. Гэтэл шүүхээс надад хийгээгүй хэргийн төлөө торгуулийн ял өгсөнд туйлын гомдолтой байна.

Миний бие нь 4 хүүхэдтэй, бага насны 2 хүүхэдтэй эх хүн. Мөн төрийн удирдлагын магистр зэрэгтэй, төрийн албанд 11 жил ажиллаж байгаа, тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Танихгүй айлд хүн зодож, маажих ёс зүйгүй үйлдэл гаргах хүн биш.

Би хэргийн талаар үнэн зөвийг сонсох бодолтой Э.Соёл-Эрдэнэтэй 10 дугаар сарын 26-ны өдөр уулзаж ярилцахад миний талаар тэр “Таныг байсан үгүйг санахгүй байна, байсан л гэж бодсон шүү дээ”, мөн Б.Оюунсүрэнг нэг ч цохиогүй гэж шүүхэд мэдүүлдэг мөртлөө надад хэлэхдээ “Б.Оюунсүрэнгийн зүүн нүд рүү нь би цохисон” гэж үнэнээ хэлсэн байдаг.

Би аргагүйн эрхэнд хэргийн үнэн зөвийг тогтоохын тулд энэ ярианы бичлэгийг утсан дээрээ бичиж авсан ба шүүх хурлын үеэр энэ бичлэгийг сонсогдохгүй байна гээд шүүгч, прокурор, хохирогчийн өмгөөлөгч нарт сонсгоогүй, сонсохыг ч хүсэхгүй байсан.

Э.Соёл-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн шатанд хүртэл байнга санаанаасаа зохиож худлаа мэдүүлж, бүх мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг.

Анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж, хохирогчийн худал мэдүүлгийг үндэслэн торгуулийн ял оногдуулсанд туйлын гомдолтой байна...” гэв.

            Ялтан Ц.Урангэрэлийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.Урангэрэл нь Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нартай “Наран” зоогийн газар 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 14:00 цагийн орчим уулзаж хоолонд ороод найз Б.Оюунсүрэнгийн хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны орой өөрийн нөхөр Б.Эрдэнэбатын утсаар Б.Оюунсүрэн лүү нөхрийхөө өмнөөс мессеж бичиж 64 дүгээр сургуулийн хашаанд уулзахаар тохиролцож очихдоо ялтан Б.Оюунсүрэнгийн нөхөр Д.Гантулгыг дагуулан очиж Д.Гантулга нь хохирогч гэх Э.Соёл-Эрдэнэтэй бүлэглэн өөрийн эхнэр Б.Оюунсүрэнг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тухай ярьсан байдаг.

Улмаар Б.Оюунсүрэн нь хохирогч Э.Соёл-Эрдэнийн нөхөр Б.Эрдэнэбаттай уулзах тухайгаа Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт хэлж цуг гэрт нь очихыг гуйсан бөгөөд Б.Эрдэнэбатынд очиход эхнэр Э.Соёл-Эрдэнэ хоёр хүүхдийнхээ хамт байсан ба тухайн хүүхнүүдийг гэрт нь оронгуут “Гурвуулаа явж байна шүү дээ” гээд хүлээж байсан аятай шууд утсаараа бичлэг хийж эхэлсэн байна.

Ялтан Ц.Урангэрэл нь хохирогчийг утсаар бичлэг хийхийг боль гээд бичлэг хийхийн болиулахаар гараа сарвалзсан ба энэ нь хохирогч Э.Соёл-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/ нотлох баримтаар авагдсан байдаг.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ цагдаад анхны тайлбар гаргахдаа “гурван эмэгтэй над руу дайраад үсдсэн. Тэгэхээр нь би нэгийг нь цааш түлхэж байгаад утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн...” гэдэг.

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хоёр дахь тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...намхан хүүхэн миний утсыг авах гээд дайрсан. Тэгээд дараа нь махлаг хүүхэн утас авах гээд хоёулаа дайрсан. Би утсаа өгөхгүй гээд утсаа хамгаалсан...” гэж хохирогч Э.Соёл-Эрдэнэ удаа дараа мэдүүлсэн. Хохирогч Э.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд маш тогтворгүй зөрүүтэй мэдүүлдэг.

Хохирогч Э.Соёл-Эрдэнийн анхны тайлбар “...өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15:00 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгээд хаалгыг онгойлгож өгтөл гурван эмэгтэй шууд дайрч орж ирсэн. Тэгээд манай хоёр хүүхэд уйлаад байхаар нь та нар юун хүн бэ, гараад байж бай, би гараад очъё” гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг махлаг хүүхэн “чи хаана уулзахыг мэддэг юм уу” гээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд би гарч байгаач ээ гэсэн чинь гурван эмэгтэй над руу дайраад үсдсэн. Тэгэхээр нь би нэгийг нь цааш түлхэж байгаад утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн...” гэж анх цагдаад тайлбар өгсөн.

Хохирогчийн өгсөн мэдүүлгээс харахад гурван хүн үсдсэн байхад хохирогч утсаараа бичлэг хийх боломжгүй. Хавтаст хэргийн 21 дүгээр талд гаргаж өгсөн бичлэгт ялтан Ц.Урангэрэл бичлэг хийхийг болиулах гээд гараа сарвалзуулсан дүрс бичлэг, харин М.Өлзийбаяр Б.Оюунсүрэн нар нь тухайн айлын хаалганы хажууд ямар ч хөдөлгөөнгүй зогсож байгаа бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.

Тухайн бичлэг дээр эдгээр ялтан гэх бүсгүйчүүд хаалганы хавьд зогсож байгаа нь харагддаг бөгөөд өөр ямар нэгэн үйлдэл хийж цохиж, зодсон, дүрс бичлэг байдаггүй.

 Хохирогч Э.Соёл-Эрдэнэ гэр бүлийн учир битүүлэг хардалтаас үүдэн ялтан Б.Оюунсүрэнг өөрийн нөхөртэй дахин ямар нэгэн байдлаар холбогдуулахгүйн улмаас гэрт нь орж ирсэн хүмүүсийг маажиж, нүүр нүдгүй цохисон, үсдсэн гэж илт худал мэдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна.

Шүүх эмнэлгийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн биологийн шинжилгээгээр ялтан Ц.Урангэрэл болон ялтан М.Өлзийбаяр, Б.Оюунсүрэн мөн хохирогч Э.Соёл-Эрдэнийн хумснуудад цус байгаа эсэхийг тогтоолгоход цус болон биологийн гаралтай зүйл илрээгүй нь маш эргэлзээтэй.

Учир нь хохирогч өөрийн биеийг маажих буюу гадны биетээр хоёр хүн маажсан гэхээргүй тасралтгүй тууш үргэлжилсэн гэмтэл учруулсан байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн үед эдгээр хүмүүс хөдөлгөөнтэй байдалтай байсан. Хохирогч Э.Соёл-Эрдэнийн мэдүүлгээр буланд шахагдаж суусан, газар унагасан, авч чулуудсан гэх мэдүүлгүүд нь байнгын хөдөлгөөнтэй байсныг харуулсан мэдүүлэг гэж ойлгож байна.

Үүнтэй холбоотойгоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1083 тоот дүгнэлтэд: “...Э.Соёл-Эрдэнийн биед тухайн үед учирсан их бие, дээд мөчний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл нь хүний гарын үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой.

Уг гэмтлийг хоёр хүний нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь өөрийн болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой. Нарийвчлан ялгаж тогтоохгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Сэлэнгэ нь мэдүүлэхдээ “хүн өөрийн гар хүрэх газраа гэмтэл учруулж болно” гэж тайлбарласан нь хохирогч өөрийгөө маажсан болон гадны биетээр тасралтгүй үргэлжлүүлэн тууш маажиж самардсан байх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь ялтан Ц.Урангэрэл болон М.Өлзийбаяр, Б.Оюунсүрэн нар нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хохирогч Э.Соёл-Эрдэнэд гар хүрээгүй зодоогүй, маажаагүй гэдгээ анхнаасаа тогтвортой үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг.

Эдгээр ялтнууд хохирогч Э.Соёл-Эрдэнийг үнэхээр гэрт нь орж цээжин хэсгийн зэрэг зэрэг маажсан бол хэн аль нэгний хумснаас цус болон биологийн гаралтай зүйл илрэх ёстой гэж ойлгож байна.

Мөн хохирогч Э.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт надаас утас авах гээд Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нар цээжинд хүрсэн гэж тайлбарласан бөгөөд яг маажсан гэж тодорхой хэлдэггүй.

Харин утас авах гээд булаацалдах үед маажигдсан байх гэж мэдүүлдэг. Мөн мөрдөн байцаалтын шатанд эдгээр гурван хүүхнийг гарсны дараа хүүхдээ хөхүүлэх гэтэл хүүхэд маань ёо, ёо гээд цээж рүү зааж хэлсэн. Тэгээд би маажуулсанаа мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үнэнд нийцэхгүй. Эрүүл саруул хүнд энэ олон тооны маажилт, хорсолт, өнгөц зулгаралт, гэмтэл мэдэгдэхгүй, хорсохгүй, өвдөхгүй байсан гэдэг нь маш ойлгомжгүй, цэвэр гүтгэлэг гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Урангэрэл нь “...бид гурав Б.Эрдэнэбатын гэрт очоод хаалгыг нь тогштол эхнэр Э.Соёл-Эрдэнэ хаалгаа тайлж өгсөн бөгөөд “Б.Эрдэнэбатыг гэртээ байна уу” гэхэд “байхгүй” гэж хэлсэн.

Бид гурав гэрт нь ороход Э.Соёл-Эрдэнэ бичлэг хийгээд байхаар нь би болиулах гээд гараа сарвайсан ба түүний гарт хүрээгүй. Харин Э.Соёл-Эрдэнэ нь намайг буланд үсдсэн бөгөөд би үсдүүлчихээд түрүүлээд гэрээс нь гарч орцонд зогссон. Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нар миний араас удалгүй гарч ирсэн...” гэж тогтвортой мэдүүлсэн байдаг ба үүнийг нь нотолж ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нар “...Ц.Урангэрэлийг утасны бичлэгийг болиулах гэж явж байхдаа хохирогч Э.Соёл-Эрдэнэд үсдүүлж бид хоёрыг салгахад Ц.Урангэрэл гэрээс шууд гараад явсан...” талаар мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл тогтвортой мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж ганцхан хохирогчийн тогтворгүй худал мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ц.Урангэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 323 дугаар зүйлийн 323.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Б.Оюунсүрэнгийн өмгөөлөгч Т.Амгаланбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй болох нь дор дурдсан байдлаар тогтоогдоно.

1. Шийтгэх тогтоолд хохирогч гэх Э.Соёл-Эрдэнийн мэдүүлэг болон түүний нөхөр гэрч Б.Эрдэнэбат, тэдний найз Х.Бадмаарагийн худал мэдүүлгийг дурдаж, түүнчлэн хэрэг үйлдэх үед хэрэг учралын газар хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй, тэдгээрийн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргах эрх бүхий этгээд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тайлбар, мэдүүлэг өгөх бүртээ мэдүүлэг бүхэн хоорондоо зөрүүтэй, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөөр байтал хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, гэрч нарын мэдүүлэгтэй зөрчилдөөгүй байна. Шүүгдэгч нар нь хохирогчийг өөртөө гэмтэл учруулсан гэж маргах боловч шинжээчийн гаргасан “...хохирогчийн биед олон тооны гэмтлүүд байгаа учир бусдын гараар үүсгэгдсэн байх магадлал өндөр байна гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэх бөгөөд хохирогчийн өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов...” гэж шүүгдэгч Б.Оюунсүрэнг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж гэм бурууг тогтоох боломжгүй юм.

2. Б.Оюунсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны орой 64 дүгээр сургуулийн хашаанд Д.Гантулга, Э.Соёл-Эрдэнэ нарт зодуулан биедээ хөнгөн гэмтэл авч хохирогчоор тогтоогдон мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод Б.Эрдэнэбаттай уулзахаар хоёр найзыгаа дагуулан очиж Э.Соёл-Эрдэнэ гэгчид өөрийнхөө нүүр лүүгээ цохиулан найз М.Өлзийбаярыг Э.Соёл-Эрдэнэ гэгч үсдсэн байсныг болиулан гэрээс нь гарч явсан байдаг. Э.Соёл-Эрдэнэ энэ болсон асуудлаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг.

3. Багануур дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн 41 дугаартай яллах дүгнэлтэд Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар Э.Соёл-Эрдэнийн гар утаснаас хуулбарлан авсан бичлэг нь юуг нотлох гээд байгаа нь тодорхойгүй, хэн нэгнээ зодож цохисон зүйлгүй байхад нотлох баримтаар тооцсон нь учир дутагдалтай байна.

- Хохирогч Э.Соёл-Эрдэнэ анхнаасаа удаа дараа худлаа мэдүүлэг өгч Б.Оюунсүрэнгээс хэдэн төгрөг авах зорилготой байдаг. Иймээс ч зодуулсан гэж худлаа мэдүүлэг өгч сэтгэл санааны хохирол гэж 5.000.000 төгрөг нэхэмжилсэн болох нь хавтаст хэргээс харагддаг. Мөн Э.Соёл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 64 дүгээр сургуулийн хашаанд Б.Оюунсүрэнг устай саваар бугалга, хүзүү хавьцаа цохиж байтал Д.Гантулга утсаа гаргаж ирэхээр нь би бичлэг хийх нь гэж бодоод цохиж зодохоо больсон гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа.

- Гэрч Х.Бадмаараг нь “...найз Э.Соёл-Эрдэнийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны орой 64 дүгээр сургуулийн хашаанд Б.Оюунсүрэнг 0.5 литрийн устай саваар зүүн талын мөр лүү нь цохиж зодсоныг харсан гэрч. Тэрний маргааш утас руу нь Э.Соёл-Эрдэнэ олон удаа залгасан байдаг. Тэгэж залгасныг орой мэдсэн. Утас руу нь эргүүлээд залгаад найзтайгаа уулзтал Б.Оюунсүрэн гэдэг хүн хоёр найзтайгаа орж ирээд намайг зодчихлоо гэж хэлээд утсан дээрээ хийсэн бичлэгээ надад үзүүлсэн. Тэгэхэд бие нь мажуулчихсан, үс нь арзайчихсан, гар нь хөхөрчихсөн байсан. Зодуулсан хүн ямар байдаг яг тийм хүн шиг болсон байсан” гэж мэдүүлдэг. Х.Бадмаараг уг асуудал болсныг бүр орой мэдсэн гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Соёл-Эрдэнэ өөрийгөө зодуулсны дараа нөхөр Б.Эрдэнэбатаар үсний боолт, сам авчруулан үсээ самнаж боосон гэж мөн өөрийгөө үс нь сэгсийсэн байдалтайгаар утсаараа зургаа аваагүй гэж мэдүүлдэг. Тийм байхад Х.Бадмаарагийн өгсөн гэрчийн мэдүүлэг худлаа болох нь тогтоогддог. 

- Гэрч Д.Гантулга 64 дүгээр сургуулийн хашаанд Э.Соёл-Эрдэнэтэй бүлэглэн Б.Оюунсүрэнг зодсон талаараа мэдүүлдэг /хх 65-66/.

- Гэрч Б.Эрдэнэбат “...Э.Соёл-Эрдэнэ өөрийнхөө биеийг маажих шалтгаан байхгүй, дээрээс нь өөр хүнд тэгж маажуулах боломж байгаагүй. Намайг эмнэлэг дээр байхад эхнэр хүнд зодуулчихлаа гээд уйлаад ярьсан...” гэх мэдүүлэг /хх 72-73/.

Б.Оюунсүрэнг дээр дурдсан 5 үндэслэлийг прокурор яллах үндэслэлээ болгосон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөс гадна гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй байхад эдгээр мэдүүлгүүдээр нотлогдсон гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох болон мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн нотлоогүйтэй холбоотой юм. Нөгөө талаар прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон хохирогч гэх Э.Соёл-Эрдэнийн мэдүүлэг нь тогтворгүй, зөрүүтэй байхаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1083 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “Э.Соёл-Эрдэнийн биед тухайн үед учирсан их бие, дээд мөчний зөөлөн эдийн өнгөц зулгаралт гэмтэл нь хүний гарын хумсны үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлийг хоёр хүний нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр учирсан өнгөц зулгаралт гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүдгэрч арилна. Уг гэмтэл нь өөрийн болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой, нарийвчлан ялгаж тогтоохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт байхад шүүх Б.Оюунсүрэнд ял шийтгэл оногдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв гарсан, энэ хүмүүсийг ингэж ярьж байгаад маш их гомдолтой байна...” гэв.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэлүүд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Б.Оюунсүрэн нь Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, дээрээс нь өшиглөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Ц.Урангэрэл нь Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, үснээс нь зулгааж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

М.Өлзийбаяр нь Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан, толгой, нүүрний орчимд цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх 20/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 21-25/, эд мөрийн баримт /1 хх 55/,

            Хохирогч Э.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... нөхөр гарч яваад 5 минут ч бололгүй хаалга нүдэхээр нь би нөхрийгөө орж ирж байгаа юм байна гэж бодоод хаалгаа онгойлготол Ооёо гэдэг хүүхэн нь хоёр хүүхэн дагуулаад орж ирсэн. Тэгэхээр нь би “юун хүмүүс вэ та нар, гараад байж бай, гараад ярилцъя” гэж хэлсэн чинь “чи хаана ярилцахыг мэддэг юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд бичлэг хийсэн. Тэгтэл намхан хүүхэн миний гар утсыг авах гээд дайрсан, дараа нь махлаг хүүхэн нь гар утсыг авах гээд хоёулаа дайрсан. Тэгэхдээ хоёулаа миний гар болон цээжийг маажаад үснээс зулгаагаад байсан. Тэгж ноцолдож байх хугацаанд намайг унагачихсан. Б.Оюунсүрэн миний дээрээс өшиглөсөн. Тэгэж зодож байхдаа тэр гурав намайг заналхийлээд байсан. Тэгэхэд манай хоёр хүүхэд аймаар их айсан байдалтай уйлаад байхаар нь миний уур хүрээд “та нар манай гэрээс гар” гээд гурвууланг нь түлхтэл нэг махлаг эмэгтэй нь эргэж хараад гараа саваад, толгой руу цохиод, миний үснээс зулгаагаад хаалга руу чирж байх явцад нөгөө махлаг хүүхний гар утас нь газар унасан. Тэгснээ намайг доош нь үсдэж дарж байснаа хөлөөрөө гар утсаа өшиглөж “миний гар утсыг аваарай” гэж нөгөө хоёр хүүхэндээ хэлсэн. Тэгээд үснээс чирээд хаалга руу явахад нь би хаалганаас зуурч байгаад чангаар орилсон. Тэгсэн чинь намайг тавиад, хаалга саваад гарсан ...” /1 хх 36-60, шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Гэрч Х.Бадмаараг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Э.Соёл-Эрдэнэтэй уулзтал “Б.Оюунсүрэн гэдэг хүн хоёр найзтайгаа орж ирээд намайг зодчихлоо” гэж хэлээд гар утсан дээрх бичлэгээ надад үзүүлсэн. Тэгэхэд бие, энгэр нь маажуулчихсан, үс нь арзайчихсан, гар нь хөхөрчихсөн байсан. Зодуулсан хүн ямар байдаг яг тийм хүн шиг болчихсон байсан...” /1 хх 61-62/,

            Гэрч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр намайг эмнэлэг явахаас өмнө 3 дугаар хорооны хэсгийн байцаагч Гүлбану дуудаад очтол Оюунсүрэн байцаалт өгөөд байж байсан. Харин намайг гадаа түр хүлээгээд байж бай гэж хэлсэн. Тэгээд гараад зогсож байтал Оюунсүрэнгийн 2 найз нь хоорондоо “муу гичийг ална, ямар гичий байдаг юм” гээд хоорондоо яриад зогсож байсан. ... Соёл-Эрдэнэ намайг эмнэлэг рүү гарахад хүүхдүүддээ хоолыг нь хийж өгөх гээд байж байсан. Намайг эмнэлэг дээр байж байхад эхнэр Э.Соёл-Эрдэнэ залгаад уйлаад “намайг гэрт хүмүүс орж ирээд зодоод гарчихлаа” гэж хэлсэн. Дараа нь 9902-той дугаараас хаана байна чамайг алнаа, алалцъя гээд Оюунсүрэн орилж хашгираад яриад байсан. ... би Батбаяртай хамт гэр лүүгээ явсан. Тэгэхэд  яг гэрт ороход цагдаа нар хамт орж таараад цуг гэрт орсон. Намайг эмнэлгээс гэр лүү явахад 5-10 минут орчим хугацаа болсон. Гэрт ороход эхнэрийн үс нь сэгсийчихсэн, цээжээрээ дүүрэн мажуулчихсан, баруун гар билүү зүүн гарын булчин дээрээ хөхөрчихсөн, бага охин маань уйлчихсан байж байсан...” /1 хх 72-73/,

Шинжээч эмч Т.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... хүн өөрийн гар хүрэх газраа гэмтэл учруулж болно. Хохирогчийн биед харьцангуй олон тооны гэмтлүүд байгаа учир бусдын гараар үүсгэгдсэн байх магадлал нь өндөр. Би хохирогчийн биед үзлэг хийсэн бөгөөд уг гэмтлүүд нь гадны биетээр бус хумсаар маажигдсан гэмтэл байсан. Хажууд нь бид хамт байж хараагүй учраас хоёр хүн зэрэг маажсан эсэхийг тогтоох боломжгүй. Маш түргэн хугацаанд болж өнгөрч байгаа болохоор хоёр тал хоёулаа хөдөлгөөнтэй байсан ч гэсэн тасралтгүй үргэлжилсэн жигд тууш шарх үүсэх боломжтой. Хохирогчийн цээжин биед үүссэн олон тооны шарх болон гарын бугалганд үүссэн хөхрөлт нь аль аль нь хөнгөн гэмтэл болно”  гэх мэдүүлгүүд,

Хохирогч Э.Соёл-Эрдэнийн биед “...их бие, дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шэ/229 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 76-77/,

Хохирогч Э.Соёл-Эрдэнийн биед “...тухайн үед учирсан их бие дээд мөчний зөөлөн эдийн өнгөц зулгаралт гэмтэл нь хүний гарын хумсны үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой, уг гэмтлийг хоёр хүний нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр учирсан өнгөц зулгаралт гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүдгэрч арилна, уг гэмтэл нь өөрийн болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой, нарийвчлан ялгаж тогтоохгүй...” гэсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 1083 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 193-194/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчин, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод оршин суух Э.Соёл-Эрдэнийн гэрт орж, хувийн сэдэлтээр хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй маргалдан улмаар түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт зодуулсан өдрөө Цагдаагийн байгууллагад гомдол, тайлбар гаргасан ба мөрдөн байцаагч “Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол” үйлджээ. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогч шүүх эмнэлэгт үзүүлэн шинжилгээ хийлгэж, шинжээчийн шэ/229 дүгээр дүгнэлтээр Э.Соёл-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, мөн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр нэмэлт шинжилгээ хийлгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1083 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тус тус тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон байх бөгөөд Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ц.Урангэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарыг тус бүр 255 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй, ялтнуудын гэм буруу, хувийн байдлууд, учруулсан гэм хорд нь ял шийтгэл тохирсон байна.

Ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат, ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нар давж заалдах шатны шүүхэд “..хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү, шийтгэх тогтолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлууд тус тус гаргаж байгаа боловч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Э.Соёл-Эрдэнэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 254, 255 дугаар зүйлд заасныг сануулж мэдүүлэг авсан байх тул хохирогчийг эргэлзээтэй, худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч нарын гэм буруутай байдлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат, ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

            1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Т.Амгаланбат, ялтан Ц.Урангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                              Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ