Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00226/и |
Дугаар | 208 |
Огноо | 2016-04-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Хилчин 51-16 тоотод оршин суух С.Бат-Өлзий /РД:АЙ61031903/-ийн нэхэмжлэлтэй
Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1979 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа зэргийг харгалзан Санжрагчаагийн Бат-Өлзий намайг Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1979 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчин саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Бат-Өлзий нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С.Бат-Өлзий нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1979 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:
- С.Бат-Өлзийгийн Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт малчнаар ажиллаж байх үеийн 1979 оны 1-2, 5-12, 1980 оны 2, 5, 7-9, 1981 оны 6-10, 1983 оны 1, 6-12, 1984 оны 1-3, 6-12, 1985 оны 1, 6-9, 1986 оны 6, 1987 оны 6-12, 1988 оны 1-4, 6-12, 1989 оны 1-12 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,
2. С.Бат-Өлзийгийн 1981 оны 10-р сарын 3-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нинжбадгар овогт Санжрагчаагийн Бат-Өлзийгийн Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1979 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ