Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч А.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүр овогт А.Пхолбогдох эрүүгийн 1807000000226 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1979 оны 11 дүгээр сарын 22-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаандаваа 21 дүгээр гудамж 06 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 53б дүгээр гудамж 09 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Гүр овогт А.П.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.П нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 53б дүгээр гудамж 9 тоотод Дорж овогтой Атой архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Пын өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би ажилдаа явах гээд байж байтал манай 2 найз нэг нэг шил архи бариад орж ирсэн. Бид гурав тэр архийг хувааж уугаад би тухайн өдөр ажилаа тасалсан. А анх надад хэлэхдээ “Чи намайг эхнэртэйгээ хардаад байгаа шүү” гэж хэлэхээр нь би хардаагүй гэж хэлэхэд “Би танай эхнэрийг тоож унтахгүй гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд А манай ширээг цохиод босоод ирэхээр нь бид хоёр барьцалдаж авсан бөгөөд би хохирогчийг мөргөчихсөн. Намайг мөргөсний дараа Аын зүүн нүд хавдсан байсан. Тэгэхээр нь би Аыг гэрт нь хүргэж өгөхөд дүү нь цагдаа дуудаж өгсөн” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Аын өгсөн “Би тэр өдөр найз Пүрэвжаргалын гэрт очоод тэднийд хөдөөнөөс ирсэн Бат-Эрдэнэ гуравуулаа архи ууцгаасан юм. Тэгээд согтоод юу нь дээрээс ч билээ болж найз Пүрэвжаргалтайгаа муудалцаж хоёулаа заамдалцаад намайг Пүүжээ нүүрэнд 3 удаа мөргөхөд би газар унаж тэр зуур ухаан алдаад сэргэж “чи намайг яачихав” гэхэд “нүүр ам  чинь хавдчихсан байна, чи гэртээ харьж чадахгүй байх, би хүргээд өгье” гээд Пүүжээ 2-лаа тэднийхээс гарч манайд ирэхэд дүү Д.А “та ахыг минь яачихаваа” гэхэд “би золчихлоо” гэсэн. Тэгэхээр нь дүү цагдаа дуудсан юм.

...Надад гомдол, санал байхгүй. Шүүх хуралд орохгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05-09 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Аийн өгсөн “...14 цаг 30 минутын орчимд гаднаас Пүрэвжаргал, А ах 2 орж ирэхэд нь харахад манай ах Аыг нүүр ам нь дан цус болсон, нүүр дух нь битүү хаван болчихсон байхаар нь “та ахыг маань яачихваа” гэхэд “яадаг юм тэгээд цагдаа дуудаач” гээд байсан. Тэгэхээр нь би цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нармандахын өгсөн “...Д.А над руу утсаар залгаж “А ахыг нөхөр чинь зодсон байна” гэж хэлэхээр нь мэдсэн юм. Тэгээд би гэртээ ирэхэд цагдаа ирээд Пүрэвжаргалыг аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №08шэ/605 дугаар:

  1. “Д.Аын биед эмнэлгийн бичгээр хацар  ясны хугарал, нүүрэнд зулгаралт, хуйханд цус хуралт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 16 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 30 дугаар тал/

 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,

/хх-ийн 32-36 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 40 дүгээр тал/

 

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,

/хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч  А.П нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 53б дүгээр гудамж 9 тоотод Дорж овогтой Атой архидан согтуурч улмаар хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хацар  ясны хугарал, нүүрэнд зулгаралт, хуйханд цус хуралт, нүүр толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч А.Пын “...А манай ширээг цохиод босоод ирэхээр нь бид хоёр барьцалдаж авсан бөгөөд би хохирогчийг мөргөчихсөн...” гэх,

хохирогч Д.Аын “...найз Пүрэвжаргалтайгаа муудалцаж хоёулаа заамдалцаад намайг Пүүжээ нүүрэнд 3 удаа мөргөхөд би газар унаж...” гэх,  

гэрч Д.Аийн: “...“та ахыг маань яачихваа” гэхэд “яадаг юм тэгээд цагдаа дуудаач” гээд байсан...” гэх мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №08шэ/605 дугаар дүгнэлт /хх-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч А.П нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим өөрийн гэрт архи ууж хохирогч Атой маргалдсаны улмаас түүнийг мөргөж зодох байдлаар эрүүм мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх, хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид 920.000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулсан учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Цаашид хохирогчиийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гадаад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээ авсан, тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч А.Паас: “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь А.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд А.Пыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирлыг талаар баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гүр овогт А.Пыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Пыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Пд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Пд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ