| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2023/00021/И |
| Дугаар | 208/МА2023/00038 |
| Огноо | 2023-10-10 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 208/МА2023/00038
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэг, бусад төлбөрт 38,780,209 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1... Миний бие, гэр бүл, *******, иргэн *******, ******* нартай хамтарч самарын бизнес хийхээр болж газар дээрээс нь самар худалдан авах, бэлтгэх хүн шаардлагатай байсан учир өөрсдийн танил *******, ******* нарыг сонгож хамтран ажиллах тохиролцоог бид нар амаар хийж ажилласан.
...Бид нар хамтран ажиллахаар ярилцахдаа ашгийг хэн аль ижил тэнцүү хуваана, хэн ч илүү авахгүй гэж тохирсон тул *******, ******* нарын буцаан өгөх мөнгө 52,887,949 төгрөгөөс тэдгээрт өгөх ашгийн 30,104,500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 22,783,449 төгрөгийг гаргуулах мөн ******* 2022 оны 10 сард өөрийнхөө мөнгөөр 4802 кг самар бусдаас худалдан авч *******ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлалтай гражид хадгалуулсан. Гэтэл *******, ******* нар *******эс зөвшөөрөл авалгүйгээр хадгалуулсан самарыг дур мэдэн бусдад 1 кг-ийг 16,000 төгрөгөөр худалдан борлуулаад зөрүү 6,446,800 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан байдаг.
Дээрхи 4802 кг самарыг худалдан авахад эдгээр хүмүүсийн оролцоо байгаагүй, хамтран ажиллахаар ярилцаагүй тул *******, ******* нараас 4802 кг самарыг худалдан борлуулсан зөрүү мөнгө 6,446,800 төгрөг нийт 29,230,249 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, эрх ашгийг хамгаалж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
...Нэхэмжлэгч миний бие, хариуцагч *******, ******* нараас 24,230,249 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
...Би анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа өөрсдийн (гэр бүл *******ын) хөтөлсөн тооцоог үндэслэн *******, ******* нараас 52,887,949 төгрөгийн авлагатай гэж тооцоолоод уг авлагаас ******* нарын авах ашиг 30,104,500 төгрөгөөр тооцож хасаад үлдэгдэл 22,783,449 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Аудитын дүгнэлтээр хариуцагч нараас миний авах авлага 57,482,909 төгрөг (57,482,909-52,887,949) төгрөг болохыг баталгаажуулсан тул зөрүү буюу дутуу нэхэмжилсэн 4,594,960 төгрөгийг,
Мөн ******* нарт самар нийлүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн*******ийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг
*******ийн нар 2022 оны 3 сард 20,000,000 төгрөгийг самраар буцаан төлнө гэж аваад 19,000,000 төгрөгийн тооцоог хийгээд 1,000,000 төгрөгийг надад өгөөгүй юм.
Иймд ******* нараас 2022 оны 8 сард самар бэлтгэхээр авсан мөнгөний зөрүү буюу дутуу нэхэмжилсэн 4,594,960 төгрөг, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн*******ийн тооцооны зөрүү 4,000,000 төгрөг, 2022 оны 3 сард авсан мөнгөнөөс төлөөгүй байгаа 1,000,000 төгрөг нийт 9,549,960 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Одоо хариуцагч нараас 38,780,209 төгрөгийг (29,230,249+9,549,960=38,780,209) гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч нар хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
... нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэг, бусад төлбөрт 29,230,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч бид нэхэмжлэгч болох Анар-Эрдэнэ, Ариунжаргал хоёрыг өмнө нь таньдаг байсан учраас хамтран ажиллах тухай хоорондоо аль зунаас хойшоо ярилцаж байгаад хамтран ажиллахаар болсон. Самар худалдан борлуулах бизнес хийгээд ашгаа танай манай гэж 2 л хуваана гэж л анхнаасаа тохиролцсон. Түүнээс биш бид Сүхээ, ******* гэж хүнтэй хамтран ажиллахаар ярилцаагүй, тэднээс мөнгө аваагүй, огт танихгүй.
...Хариуцагч бид нэхэмжлэгч Анар-Эрдэнэтэй хамран ажиллахаар анх тохиролцохдоо олсон ашгийг 2 хуваана гэж тохиролцсон. Бид *******, *******тай огт танихгүй, харж ч байгаагүй, тэдэнтэй тохиролцож хамран ажилласан зүйл байхгүй. Харин Анар-Эрдэнэ ажил гүйцэтгэж эхлэхдээ өөрөө тэднээс зээлж авсан мөнгөө эргээд хариуцагч биднээр төлүүлэхээр санаархаж байна гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 163,971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хамтран ажиллах гэрээг 2 талын хооронд байгуулагдсан, олсон ашгаа 2 л хуваах ёстой гэж зөв үнэлж дүгнэсэн атлаа аудитын дүгнэлтийн дагуу бодож гаргасан тооцооллоо алдаж шийдвэрийнхээ зарим хэсгийг үндэслэлгүй гаргажээ.
Тухайлбал анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт Дээрх аудитын дүгнэлтэд дурдагдсан тоон мэдээллээс үзвэл зохигчид нийт 57,366 кг самар бэлтгэж 843,916,400 төгрөгөөр борлуулсан байх ба нийт 133,593,400 төгрөгийн ашиг олсон байна. Үүнийг гэрээний 2 талд хуваавал тус тус 66,796,700 төгрөгийн ашиг оногдохоор байх ба зөрүү 9,313.791 төгрөг болж байна. ... Иймд дээрхээс дүгнэхэд *******, ******* нараас 9,313,791 төгрөг гаргуулан *******д олгож..." гэж дүгнэн шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байгаа юм.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо самар бэлтгэн нийлүүлэх хамтран ажиллах гэрээг *******ийн гэр бүл, Э.Анар- Эрдэнийн гэр бүл, Сүхээ, ******* гэсэн 4 талын хүмүүс байгуулсан тул нийт олсон ашгаа 4 хувааж буюу 1 тал нь 30,104,500 төгрөгийн ашиг авах ёстой байтал *******ийн гэр бүл 57,482,909 төгрөгийг ашиг гэж тооцон авчихаад өгөхгүй байх тул зөрүүг гаргуулан авах гэж тодорхойлсон.
Шүүх гэрээг 4 биш 2 талын хооронд байгуулагдсан тул нэг талд оногдох ашгийг 30,104,500 бус 66,796,700 төгрөг гэж тодорхойлсон. Тэгвэл шүүхийн дүгнэлтийн дагуу хариуцагч *******, ******* нар нь 66,796,700 төгрөгийг ашиг гэж авах ёстой атлаа 57,432 909 төгрөгийг ашиг гэж тооцон авах ёстой ашгийн мөнгөнөөс 9,313,791 төгрөгийг дутуу авсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч нарыг ашгийн мөнгийг илүү авсан гэж тооцоолон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүх дутуу авсан байна гэж үнэлж дүгнэн тооцоолсон атлаа хариуцагчдаас нэхэмжлэгчид энэхүү зөрүү 9,313,791 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь илэрхий алдаатай буюу огт үндэслэлгүй байгаа юм.
2. Талууд нийт 133,593,400 төгрөгийн ашиг олсон, энэхүү ашгаас тээврийн зардал гэж 13,175,000 төгрөгийг хасаж тооцсон тооцоололд маргаагүй. Талуудын тооцооллоор бол цэвэр ашиг нь 120,418,400 төгрөг болж байна Нэгэнт шүүхээс талуудын олсон ашгийг 4 бус 2 хуваах ёстой гэж үзсэн учир 1 тал 60,209.200 төгрөгийн ашиг хүртэхээр байгаа юм. Хариуцагч нар нэхэмжлэгчээс 57,482.909 төгрөгийг ашиг гэж; тооцон авсан талаар талууд маргаагүй. Хариуцагч нар нь авах ёстой 60,209,200 төгрөгийн ашгаасаа бага буюу 57,482,909 төгрөгийг ашиг гэж тооцон авсан тул нэхэмжлэгч нараас 2,726,291 төгрөгийг дутуу авсан гэж үзэх нөхцөл байдал үүссэн байхад ямар нэгэн үндэслэлгүйгээр 9,313,791 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн бодит байдал, талуудын тайлбар зэргийг хуулийн дагуу зөв үнэлж дүгнэсэн атлаа зөрүү мөнгийг буруу тооцоолон гаргасан мөн тэрхүү мөнгийг огт үндэслэл дурдалгүйгээр хариуцагчдаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.13-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлын гол агуулга нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд үүссэн гэрээний эрх харилцаанд бодитой дүгнэлт өгсөн. ... Шүүх дүгнэлтээ зөв хийсэн атлаа тооцоолол дээр алдаа гаргасан. Аудитын дүгнэлтээр 57.000.000 төгрөг гээд дансны орсон гарсан хөдөлгөөн дээр дүгнэлт хийхээр 57.000.000 төгрөгийг Содтуяа, Гандэлгэр нараас буцааж шилжүүлээгүй байна гээд нэхэмжлэгч тал ашиг гээд илүү мөнгө аваад үлдчихлээ. Ашгийг хоёр тэнцүү хуваагаад 2.700.000 төгрөгийг дутуу авсаар байхад энэ мөнгийг тээврийн зардалдаа тооцоод 9.313.791 төгрөг нь тээврийн зардал хасахгүйгээр энэ мөнгө гарч ирж багаа. Энэ мөнгийг хариуцагч тал авах ёстой ашгаасаа дутуу мөнгө аваад үлдчихсэн. Харин ч буцаагаад авах ёстой байтал энэ дүнгээр нь нэхэмжлэгч талд өг гээд шийдвэрлэсэн нь тооцооллын алдаа гэж харж байна. Ямар ч үндэслэл заагаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн давж заалдах гомдлыг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх гэрээний талуудыг үйл баримтаар ******* ******* гэх хүмүүс 1.206.750.000 төгрөгийг Анар-Эрдэнэ аваад самарт зориулсан. Анар-Эрдэнэ нь Содтуяа, Гандэлгэр нарт хүнээс мөнгө аваад самарт зориулж байгаа гэж хэлсэн. Нөгөөдүүл нь хүмүүс мөнгө авч байгаа юм чинь ашгийг нь өгөлгүй яах вэ гэсэн асуудал яригдсан. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд Содтуяа хэлж байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Содтуяаг ...та ингэж ярихгүй... гээд дуугүй болгосон. Хамтран ажиллах гэрээний гол зорилго нь ашиг олох, тэрбум төгрөгийг гаргасан хүмүүст ашиг өгөхгүй гэж, хамтран ажиллах гэрээний талууд хоёр гэж дүгнээд буруу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн гэв.
Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзээд дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161.1 дэх хэсэгт зааснаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор үнэлж дүгнээгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Аудитын дүгнэлтэнд дурдсан орлого зарлагаас үзвэл зохиогчид нийт 57,366 кг самар бэлтгэж, 843,916,400 төгрөгөөр борлуулсан байх ба нийт 133,593,400 төгрөгийн ашиг олсон байна. Үүнийг гэрээний 2 талд хуваавал тус тус 66,796,700 төгрөгийн ашиг ногдохоор байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тал нь бүрээс нь авч үзэж, бодитойгоор үнэлж дүгнээгүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь:
Шүүх хамтран ажиллах гэрээний талуудыг *******, *******, ******* нар гэж үзсэн үндэслэлгүй бөгөөд хариуцагч Э.Содтуяа шүүхэд гаргасан тайлбартаа ... самар авч эхэлснээс хойш хэд хоногийн дараа Анар-Эрдэнэ ... самарын мөнгийг хүнээс авсан гэдгээ хэлэхэд манай нөхөр Гандэлгэр хүний мөнгө ашигласан юм чинь ашиг өгөлгүй яахав гэж хэлж байсан,
гэрч ******* ... самар худалдан авч эхлэхдээ Сүхээ буюу Ц.******* нараас мөнгө авсан, мөнгө авсан хүмүүст ашиг өгөх тухайгаа Гандэлгэр ахад хэлж байсан, ашиг өгөх асуудлаас болж маргаж муудалцсан гэсэн мэдүүлэг,
Миндүг аудит ХХК-ийн 2023 оны 03 сарын 20-ний өдрийн 03 тоот дүгнэлтээр Ц.*******, ******* (******* ) нараас 1,194,300,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, уг мөнгөөр самар худалдан авч тодорхой хэмжээний ашиг олсон талаар дурдсан байдаг. Дээрхи нотлох баримтуудаар хамтран ажиллах гэрээнд *******, *******, ******* нараас гадна самар худалдан авах мөнгийг гаргасан Ц.*******, ******* (*******) нар оролцсон талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нотолсон байхад ашгийг 2 хуваасан буруу дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Түүнчлэн хариуцагч нар самар худалдан авах ажлыг хийсэн нь үнэн хэдий ч хамтын ажиллагаанаас олсон ашгийг бий болгох мөнгийг гаргасан Ц.*******, ******* нартай хамтран ажиллаагүй гэж маргасныг шүүх дэмжсэн нь буруу болсон юм.
Шүүхийн дүгнэлтийн дагуу ашгийг 2 хувааснаар самар худалдан авах мөнгийг гаргасан Ц.******* нар болон хариуцагч нарт ашигтай байдлыг бий болгож, самар худалдан авах мөнгийг олсон, ашиг олох нөхцлийн бүрдүүлсэн миний хувьд хамгийн их хохирч үлдэх болсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэсэнтэй нийцээгүй юм.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбараас өөрөөр татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гардуулах, хариу тайлбар авах ажиллагааг хийгээгүй, шийдвэрт талуудын хооронд үүссэн харилцааг гэрээний харилцааг 2 өөр байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй болсон зэргээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг уг шийдвэр хангаагүй тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Үйл баримтын хувьд Анар-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Хуш модны самар бэлтгэх цагаар *******, Анар-Эрдэнэ нар нь самар бэлтгэе гэж ярилцаад *******, ******* нараас мөнгийг нь гаргахаар 1.206.750.000 төгрөгийг гаргасан. Энэ их мөнгөөр их хэмжээний самрыг богино хугацаанд бэлтгэх шаардлагатай байсан учраас Гандэлгэр, Содтуяа нарыг мэддэг. Тэгээд хамтарч ажилласан. Ингээд 17 хоногийн дотор 57.366 кг буюу 57 тонн самар бэлтгэсэн. Бэлтгэсэн самарт маргаан байхгүй. Самрыг 710.323.000 төгрөгөөр бэлтгээд буцааж, зарахдаа 843.916.400 төгрөгөөр зарсан. Дээрх үнийн дүнгээс 133.000.000 төгрөгийн ашиг олсон. Талуудын гаргасан хар тооцоо, аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Аудитын дүгнэлт хийлгээд байгаа шалтгаан нь хэн хэнээс ямар мөнгө орж ирсэн бэ гэдэг нь дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт дүгнэсэн байгаа. ******* буюу ******* гэх хүнд 300.000.000 төгрөг шилжүүлсэн, ******* ах дүү, найз нөхөд бусад хамаарал бүхий этгээдүүдээсээ үлдсэн мөнгийг шилжүүлээд нийт 1.209.750.000 төгрөг оруулсан гэдэг нь тогтоогдсон. Шүүх хамтын ажиллагаанаас олсон ашгаа ижил тэнцүү хуваана гэдэг асуудал яригдаж байсан. Гэтэл Гандэлгэр, Содтуяа нар нь чи бид хоёр хамтар ажилласан. Ашгаа хоёр хуваана гэдэг маргаан үүсээд, шүүхэд хандсан. Шүүх гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Гэрээний харилцааг зөв дүгнэсэн. Бид анхнаасаа хамтран ажиллах гэрээнд 2 тал оролцоогүй, 4 хүн оролцсон, ашиг гаргах мөнгийг гаргасан *******, ******* нарыг оролцуулахгүй байх боломжгүй гэдгийг хэлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа ингэж гаргасан. Гэтэл шүүх гэрээнд хоёр тал оролцсон гээд үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэсэн. ... Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн дүгнээгүй учраас Анар-Эрдэнэ хохироод үлдсэн... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:
... Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ хийгдсэн нь тогтоогдсон. Хоёр талын хамтран ажиллах гэрээ байна гэж шүүх зөв үнэлж дүгнэсэн. Хууль сануулж асуусан өөрийнх нь ээж Оюунгэрэл, эхнэр Ариунжаргал нарын мэдүүлгээр *******, ******* нартай хамтарч ажилласан 4 талын гэрээ гэдгийг нотолсон зүйл байхгүй. Хариуцагч талаас Батзолбоо гэж Содтуяа, Гандэлгэр нарын хүргэнийг асуулгасан. Гэрч нарын мэдүүлгээр хоёр тал харилцан тохиролцож, гэрээ хийсэн гэж нотлогдсон. ... шүүхийн шийдвэрт ганц л асуудал байгаа нь жаран сая төгрөгийн ашиг авах ёстой буюу тээврийн зардлаа оруулаад жаран зургаан сая төгрөгийн ашиг авах ёстой гэж дүгнэчхээд 9.313.000 төгрөгийг дутуу авсан мөнгөө буцаагаад нэхэмжлэгч талд гаргахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байгаа юм. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөөд, шүүгч битгий хэл миний толгой ч эргэж байна.
... Нэхэмжлэгч талын гаргаж өгөөд байгаа аудитын дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэлүүд нь өөрсдөө эргээд хариуцагчийн татгалзлыг нотлох баримт болчхож байгаа юм. Хариуцагчийн татгалзал хангалттай нотлогдож байгаа тул бид нэмж нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй. Аудитын дүгнэлтэд хэн ч маргаад байх шаардлагагүй. Дансаар орсон, гарсан мөнгөний тооцоо гарч ирсэн. Аудитын дүгнэлтэд та нар гомдол гаргаагүй тул нотлогдож байна гэдэг тайлбар хэлээд байдаг. Аудитын дүгнэлтээр ч жаран сая төгрөгийн ашиг авах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.
2.Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашиг 38.780.209 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч, хариуцагч нар тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
3.Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ хамтран ажиллах талуудыг шүүх зөв тодорхойлоогүй, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлоогүй гэж тайлбарласан бол хариуцагч нар давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх талуудын ашгийг хуваарилахдаа тооцооллын алдаа гаргасан гэж тайлбарлажээ.
4.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж тодорхойлсон. Хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох боловч гэрээгээр гэрээний талууд хамтын ажиллагааны төрөл, зорилго, ашиг алдагдал хуваарилах журам зэргийг тодорхойлсон байхыг шаарддаг.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь самар худалдан авах санхүүжилтийг гаргах, хариуцагч *******, ******* нар нь самрыг бусдаас худалдан авах ажлыг гүйцэтгэж ашгаа тэнцүү хуваан авахаар тохирч үйл ажиллагаа явуулсан байна.
Хамтын ажиллагааны санхүүжилтийн нэхэмжлэгч ******* гаргаснаар хариуцагч нар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар худалдан авах ажиллагааг эхлүүлж нийт 40.323 кг самар бэлтгэсэн байх ба самраас тодорхой ашиг хэмжээний олсон болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хамтын үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг нэхэмжлэгч ******* нь иргэн *******, ******* болон бусад иргэдээс зээлэх хэлбэрээр бүрдүүлсэн болох нь түүний банк дахь дансны хуулбар, иргэн *******ээс *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай баримт, талуудын хоорондын тооцоо нийлсэн баримтуудаар тогтоогдож байгаа боловч хамтын ажиллагаанд дээрхи нэр бүхий иргэд нь хамтран оролцсон байдал тогтоогдохгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан хамтын ажиллагаанд иргэн *******, ******* нар нь ямар үүрэгтэй оролцсон, хураамжийг ямар хэлбэрээр төлсөн, хариуцагч *******, ******* нартай ямар нэгэн байдлаар хамтран ажиллах талаар ярилцсан эсхүл хамтын ажиллагаанд хөрөнгө оруулах хэлбэрээр оролцож байгаа талаараа хариуцагч нарт мэдэгдсэн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн хамтран ажиллах болсон талаар хариуцагч нар мэдэж байгаа гэсэн тайлбараа нотлоогүй энэ талаар шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь самар худалдан авах мөнгийг бусдаас зээлэх хэлбэрээр бүрдүүлсэн тухай хариуцагч нар мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хамтын ажиллагаанд иргэн *******, ******* оролцсон, хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэн *******, ******* нарын хамтын ажиллагаанаас хуваарилагдах ашгийг хариуцагч нараас гаргуулах гэж тодорхойлсон.
Аливаа этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд ханддаг. Энэхүү зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг. Эсхүл шаардах эрхээ бусдад шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж болохоор хуульчилсан.
Гэтэл хамтын ажиллагааны оролцогч гэх иргэн *******, ******* нар нь хамтын ажиллагааны талаар хариуцагч нарт шаардлага гаргаж байгаагүй, *******д өөрсдийгөө төлөөлөх итгэмжлэл болон түүнд гэрээний үүрэг шаардах эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн бусдын өмнөөс гаргасан шаардлага хуулийн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь хамтын гэрээний үүрэг буюу ашиг хуваарилах талаар маргасан гэхээс илүү иргэн *******, ******* нарын өмнөөс шаардлага гаргасан гэж үзэхээр байх ба тухайн иргэдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэдгээ шүүхэд нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрхи шаардлага үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй боловч иргэн *******, ******* нар нь хамтран ажиллах гэрээнд оролцоогүй зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд хоёр тал оролцсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь хамтран ажиллах гэрээний оролцогч тодорхойлуулах, гэрээний нэг тал болох хариуцагч нар нь хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг буруу хуваарилсан гэжээ.
Зохигчид хамтран ажиллах гэрээний үр дүнд нийт 133,593,400 төгрөгийн ашиг олсон, үйл ажиллагааны зардалд 13.175.000 төгрөг зарцуулсан үүнийг ашгаасаа хасаж тооцох талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь гэрээнд 4 тал оролцсон тул ашгийг 4 хуваах эсэх талаар маргасан ба гэрээний оролцогчийн талаархи нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй талаар эрх зүйн дүгнэлт хийсэн тул хамтын үйл ажиллагаанд 2 тал оролцсон гэж үзнэ.
Талууд хэрхэн ашиг хуваарилах талаар гэрээндээ тусгайлсан нөхцөл заагаагүй, гэрээг бичгээр байгуулаагүй боловч тэнцүү хэмжээгээр хуваахаар тохирсон гэсэн зохигчдын мэдүүлгийг үндэслэн ашгийг 2 талд тэнцүү хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан бөгөөд талууд хамтын үйл ажиллагаанаасаа нийт 133.593.400 төгрөгийн ашиг олсон байх ба үүнээс үйл ажиллагаанд гаргасан 13.175.000 төгрөгийн зардлыг хасаж тооцвол 120.418.400 төгрөгийг цэвэр ашиг олсон байна. Гэрээний 2 тал ашгийг тэнцүү авахаар тохиролцсон тул гэрээний нэг талд /120.418.400:2 = 60.209.200/ 60.209.200 төгрөгийн ашиг оногдохоор байна.
Тухайн ашгаас хариуцагч *******, ******* нар нь 57.482.909 төгрөгийг авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл хариуцагч нар нь өөрт ногдох ашгаа авсан гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх гэрээний дагуу авах ашгаас хариуцагч нарыг илүү авсан гэж 9.313.791 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа энэ тооцооллыг хэрхэн гаргасан талаар тодорхой дүгнээгүй тул хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон талуудын хооронд үүссэн маргаанд дээрхи эрх зүйн дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 371 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан *******, ******* нараас илүү авсан ашиг 38.780.209 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн хариуцагч *******, *******ийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилсан төлсөн 353.252 төгрөгийн орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 166.768 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Top of Form
Г.ДАВААРЕНЧИН