| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0009/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/09 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр /томилолтоор/,
шүүгдэгч Х.А, Б.М нарын өмгөөлөгч О.Даваажаргал,
шүүгдэгч Х.А, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.М, Боржигон овогт Х.А нарт холбогдох эрүүгийн 1807004910210 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамтаар Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 9а дугаар гудамж 01 тоотод оршин суух,
урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, регистрийн УД97101734 дугаартай, Боржигон овогт Б.М.
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 11 дүгээр гудамж 1а тоотод оршин суух,
урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн УД97101734 дугаартай, Боржигон овогт Х.А.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Х.А нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” нэртэй бааранд хамт архи ууж байсан Э.Тын халааснаас Э.Гийн эзэмшлийн 57-99 УНГ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүрийг Б.Мтай бүлэглэн хулгайлан авч улмаар Э.Гийн эзэмшлийн 57-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин дотор байсан Самсунг С-7 загварын гар утсыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.М нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” нэртэй бааранд хамт архи ууж байсан Э.Тын халааснаас Э.Гийн эзэмшлийн 57-99 УНГ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүрийг Х.Атэй бүлэглэн хулгайлан авч улмаар Э.Гийн эзэмшлийн 57-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабин дотор байсан Самсунг С-7 загварын гар утсыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мын өгсөн: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Агийн өгсөн: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Алтан-Өлзийтэй уулзахаар түүний ажилладаг Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” нэртэй бааранд 00 цагийн үед очоод Алтан-Өлзийгийн ажлыг тарахыг хүлээгээд бааранд хэсэг ганцаараа суугаад 03 цагийн үед баар хаагаад явах гэтэл Алтан-Өлзий ажлынхантайгаа суухаар болоод би хамт байж байтал ажлын газрынх нь эзэн гээд Тулгаа гэх залуу түүний эхнэр, Алтан-Өлзий бид 4 архи уусан. Тэгтэл Тулгаа ах нь нэлээн согтсон ба Алтан-Өлзий намайг “халааснаас нь машиных нь түлхүүрийг нь авчих” гэхээр нь би зөвшөөрөөд халааснаас нь түлхүүрийг нь аваад бид 2 тамхи татахаар гараад зогсоолд байсан машиныг түлхүүрээр нь онгойлгоод дотроос нь голын хайрцагнаас нь Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг аваад шууд гэр рүүгээ яваад Алтан-Өлзий түлхүүрийг нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 42-45 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Агийн яллагдагчаар өгсөн “...Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” нэртэй бааранд хөгжимчин хийдэг ба 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ 19 цагийн үед очоод ажлаа хийж байхад Мөнхбаяр 00 цагийн үед ирчихсэн бааран дотор явж байсан ба 03 цагийн үед баар хаагаад бүх хүмүүсээ гаргаж дуусаад манай баарны эзний дүү Төмөртулга ах “пиво уух уу?” гэхээр нь зөвшөөрсөн ба Мөнхбаяр надтай “хамт явъя” гээд үлдсэн байсан. Ингээд Төмөртулга ах түүний эхнэр Хонгорзул, Мөнхбаяр бид хэд 0,75 литрийн “Чингис” нэртэй архи хувааж уугаад бүгд нэлээн согтсон байсан ба би Мөнхбаярын чихэнд сэмхэн “Төмөртулга ахын машины түлхүүр нь халаасанд нь байгаа чи авчих” гэхэд зөвшөөрөөд халааснаас нь түлхүүрийг нь мэдэгдэхгүй Мөнхбаяр авсан. Ингээд бид 2 “тамхи татъя” гээд хоёулханаа гарч ирээд зогсоол дээр байсан 57-99 улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод Мөнхбаяр дотроос нь голын хайрцаг дээр нь ил байсан Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлаад буцаад баарны үүдэнд ирэхэд Мөнхбаяр “за за би явлаа” гээд гар утсыг нь аваад явсан. Би машины түлхүүрийг нь хашаа руу нь шидчихээд буцаж ороод бааран дотор унтаад өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 50-53 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Гийн өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шиг санаж байна миний төрсөн дүү Төмөртулга “бааранд бараа татна” гээд манай нөхөр Батмөнхөөс миний машиныг 17 цагийн үед аваад явсан байсан.
...баарны гадна очиход миний машин байсан ба хаалга нь онгорхой манай нөхрийн голын хайрцаг дээр байсан Самсунг Эс-7 маркийн гар утас алга болсон...
...манай нөхөр Батмөнхийн гар утас хэдий ч манай нөхөр хөдөөгөөр явж мах авдаг ажил хийдэг болохоор гэртээ огт байдаггүй, ирж мэдүүлэг өгөх, хохирогчоор оролцох боломжгүй учир миний бие өмнөөс нь хохирогчоор оролцоно...
...Би гар утас болон машины түлхүүрийг бүрэн бүтнээр нь хүлээж авсан болохоор одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Тын өгсөн “...би ч нэлээн согтоод энэ үеэс эхлээд цаашаа юу болсныг мэдэхгүй байгаа. Өглөө 03 цагийн үед баарны ширээ дэрлээд унтчихсан байсан ба сэрээд халаасандаа машиныхаа түлхүүрийг үзэхэд байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад олохгүй болохоор нь гэртээ очоод унтаж байтал 10 цагийн үед манай эгч залгаад “машинаас гар утас алга болчихсон байна 1 дүгээр хорооны Цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир” гэхээр нь очтол цагдаа нар үзлэг хийж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хх-ийн 04-05 дугаар тал/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
/хх-ийн 06 дугаар тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт,
/хх-ийн 07-11 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний НА-18-267 дугаар тайлан,
/хх-ийн 29-30 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 54, 67 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 56, 68 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 62, 80 дугаар тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,
/хх-ийн 57-58 дугаар тал/
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 63-66 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 81-85 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.М Х.А нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 05 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” нэртэй бааранд хамт архи ууж байсан Э.Тын халааснаас Э.Гийн эзэмшлийн 57-99 УНГ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн чиптэй түлхүүрийг хулгайлан авч улмаар уг тээврийн хэрэгслийн кабин дотор голын хайрцаг дээр байсан Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Мын “...Тэгтэл Тулгаа ах нь нэлээн согтсон ба Алтан-Өлзий намайг “халааснаас нь машиных нь түлхүүрийг нь авчих” гэхээр нь би зөвшөөрөөд халааснаас нь түлхүүрийг нь аваад бид 2 тамхи татахаар гараад зогсоолд байсан машиныг түлхүүрээр нь онгойлгоод дотроос нь голын хайрцагнаас нь Самсунг Галакси Эс-7 маркийн гар утсыг аваад шууд гэр рүүгээ яваад Алтан-Өлзий түлхүүрийг нь аваад үлдсэн...” гэх,
шүүгдэгч Х.Агийн өгсөн “...би Мөнхбаярын чихэнд сэмхэн “Төмөртулга ахын машины түлхүүр нь халаасанд нь байгаа чи авчих” гэхэд зөвшөөрөөд халааснаас нь түлхүүрийг нь мэдэгдэхгүй Мөнхбаяр авсан. ...57-99 улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод Мөнхбаяр дотроос нь голын хайрцаг дээр нь ил байсан Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлаад буцаад баарны үүдэнд ирэхэд Мөнхбаяр “за за би явлаа” гээд гар утсыг нь аваад явсан...” гэх мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, Х.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Х.А, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 05 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Эргэн дурсахуй” баарны гадна хамт архи ууж байсан Төмөртулгын халааснаас Гантигцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг хулгайлан авч улмаар авто машиныг онгойлгон кабин дотор байсан “Эс-7” маркийн гар утасыг хулгайлан авч бусдад 330,000 төгрөгний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.А, Б.М нарыг бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна.
Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Х.А, Б.М нарт тус бүрт нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 330,000 төгрөгийн хохирол учирсан боловч тухайн эд зүйлсийг бүрэн бүтэн байдлаар эзэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна. Энэ хэрэгт Иргэний нэхэмжлэл гаргаагүй. Шүүгдэгч нар цагдан хоригдосон хоноггүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гараагүй. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан” гэх,
Шүүгдэгч Х.А, Б.М нарын өмгөөлөгч О.Даваажаргалаас: “Шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Тийм учраас хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шат болон өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирол төлбөрөө нөхөн төлсөн бөгөөд ерөнхийдөө хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа бөгөөд харин эсрэгээрээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа. Тиймээс шүүгдэгч нарт ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн хянан харгалзах ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Шүүгдэгч Б.М нь ам бүл 5 уулаа буюу эх, дүү нарын хамт амьдардаг бөгөөд гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Мөн шүүгдэгч Х.А нь урьд ял шийтгэл авч байсан боловч өнөөдрийн байдлаар өөрийн хийсэн хэрэгт маш их гэмшиж, харамсаж, ухаарч байгаа. Тиймээс шүүгдэгч нарт тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Х.А, Б.М нарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Х.А, Б.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч Э.Г нь мөрдөн байцаалтад “...одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, уг хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж өгнийг үндэслэн шүүгдэгч Х.А, Б.М нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Х.А, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б.М, Боржигон овогт Х.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М, Х.А нарыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.М, Х.А нарт мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Б.М, Х.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.М, Х.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Х.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ