Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч Ч.Ц,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Б.Оад холбогдох эрүүгийн 1807006260221 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр  сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул 1е-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УС69092515 дугаартай, Бодонгууд овогт Б.О.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 1е-8 тоотод Ч.Цын баруун нүд рүү хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Оын өгсөн: “Төрмандах, Мөнхжин, бид гурав Цогоогийн гэрт очиж, 2 шил архитай очиж нэг шил архи, үйлдсэн архины талыг уугаад манай руу таксидаж явсан.  Би гэрт орохоос өмнө гадаа тал шил архийг үлдээгээд орсон. Тэгээд манай гэрт бид дөрөв нэг шил архи уусан. Төрмандах, Мөнхжин нар явлаа гэхэд Цогоо тал шил архийг нэхсэн. Би гадаа орхисон гэж хэлсэн. Би Төрмандах, Мөнхжин, Цогоо нарт хоол халааж, нэг модон аяганд хийж өгсөн юм. Архинаас болж Цогоо бид хоёр мууцалдаж, Цогоо модон аягыг авч ширээн дээр цохиж хагалаад тамхины үсний сав шүүрч авсан. Хохирогч хөл нь хугараад скочоор тогтоосон сандал дээр сууж байсан. Би тухайн үед тамхины үнсний савыг авах гэж хохирогчтой ноцолдож хамт газарт унасан. Хохирогч босч ирээд чи нүд рүү хатгачихлаа гэж хэлсэн. Харахад нүднээс нь цус гарч байсан. Би хохирогчид хөвөн өгөхөд нүдээ дараад манайхаас гарч явсан. Цогоо, бид хоёр тухайн үед хэрэлдэж маргалдаагүй. Хохирогчийн нүдэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.

...Намайг хавтаст хэрэгтэй танилцахад 434,000 төгрөгийг нэхэмжилж байсан. Шүүхийн шатанд 400,000 төгрөг нэмэгдсэн байсан. Би үлдсэн хохирлыг төлнө” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Цын өгсөн: “Намайг гэрт байхад Б.О, Мөнхжин, Төрмандах нар 2 шил архитай ирсэн. Бид нар 2 шил архийг ууж дуусгаад дахиж архи нэмж авч уугаад манай гэрээс гарч, Б.Оын гэр лүү ирээд нэг шил архи уусан. Тэгээд Мөнхжин Төрмандах нар явсан. Б.О, бид хоёр юм яриад сууж байснаа намайг гэнэт дараад авсан. Тэгтэл миний нүднээс цус гарахаар нь би зовхи урчихлаа гэж бодсон. Гэтэл нүд гэмтсэн байсан. Б.О миний нүдээс гарч байгаа цусыг арчаад надаас уучлалт гуйгаад явуулахгүй байсан. Би Б.Оын гэрээс гараад явж байхад байрны танидаг дүүтэй таарсан. Тэр дүү намайг гэртээ оруулж эмнэлэгт дуудлага өгсөн. Налайхын эмнэлэг эмчлэх боломжгүй гээд Улаанбаатар хот руу явсан.

...840.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирол төлбөр болон нүдийг минь эмчлүүлээд өгчихвөл надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бадамцэцэгийн өгсөн “...Өчигдөр орой би ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Б.О гэрт Цогбадрах, Мөнхжин, Төрмандах нар ирж архи уусан. Тэгтэл Цогбадрах нь архи нэхээд байхаар нь “байхгүй” гэсэн чинь үнсний саваар толгой руу цохихоор нь булааж авах гэж байхдаа санамсаргүй нүд рүү нь самардчихсан гэж хэлэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би хотод эмнэлэгт хэвтэж байхад 17 цаг жаахан өнгөрч байх үед манай ажлын Галбадрах гэдэг залуу над руу залгаад “Цогоо ах хүнд зодуулсан гэнэ, нүд нь гэмтсэн байна яах уу?” гэхээр нь “түргэн дууд” гэж хэлсэн. Тэгээд Налайхын эмнэлэг дээрээс хот руу үзүүлэхээр авч ирүүлэхэд баруун нүдний зовхи нь урагдаж унжсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Гын өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн орчим би гэрээсээ гарч шуудайгаар нүүрс авах гээд алхаад явж байхад Гандан-Уулын 2 дугаар гудамжны гол хавьд манай хорооны ах Цогбадрах нүдээ хөвөнгөөр дарчихсан алхаж явсан. Би “юу хийж яаваа юм бэ?” гэхэд “нүд ийм болчихлоо” гэж хэлэхээр нь би гэр рүүгээ авч ороод Цогоо ахын эгч Одгэрэл рүү утсаар залгаж “Цогоо ах хүнд зодуулаад нүд нь гэмтчихсэн байна яах вэ?” гэхэд “эгч нь хотод байна түргэн дуудаад өг” гэхээр нь түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Тэгээд баруун нүдний доод зовхиноос нь урагдсан цус гараад байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 18 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №08шэ/584 дүгээр:

  1. “Ч.Цын биед баруун доод зовхинд шарх, баруун нулимасны сувгийн тасрал, урагдал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 37 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 55 дугаар тал/

 

Хохирлын баримт,

/хх-ийн 46-53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 1е-8 тоотод Ч.Цын баруун нүд рүү хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь баруун доод зовхинд шарх, баруун нулимасны сувгийн тасрал, урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Б.Оын “...Хохирогчийн нүдэнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

хохирогч Ч.Цын “...Б.О, бид хоёр юм яриад сууж байснаа намайг гэнэт дараад авсан. Тэгтэл миний нүднээс цус гарахаар нь би зовхи урчихлаа гэж бодсон. Гэтэл нүд гэмтсэн байсан...” гэх,  

мөрдөн байцаалтад гэрч Б.Бадамцэцэгийн өгсөн “...Тэгтэл Цогбадрах нь архи нэхээд байхаар нь “байхгүй” гэсэн чинь үнсний саваар толгой руу цохихоор нь булааж авах гэж байхдаа санамсаргүй нүд рүү нь самардчихсан...” гэх мэдүүлгүүд, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №08шэ/584 дүгээр /хх-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 1е-8 тоотод Ч.Цыг “ямар хурц нүдтэй юм бэ, ухаад авчихъя” гэж хэлээд баруун нүд рүү хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  Хэргийн талаар хэлэхэд шүүгдэгч Б.Б.О нь би хохирогчийн нүдийг санаандгүй гэмтээсэн гэж мэдүүлсэн ч хохирогчтой юм яриад сууж байгаад “чиний нүд ямар хурц юм бэ, ухаад авчихъя” гэж хэлээд гэнэт дайрч нүдийг нь гэмтээсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатнаас хэргийн талаар үнэнчээр мэдүүлсэн. Хохирогчийн хувьд “та миний нүдийг ийм болгоод байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд үсний сав шүүрч аваад шүүгдэгчийг цохисон байдаг. Үнсний савтай маргалзаж зууралдсан асуудал нь хохирогчид гэмтэл учирсны дараа болсон асуудал юм. Гэрч нар хэргийн газарт байгаагүй ч шууд бусаар болсон асуудлыг сонсон. Шүүгдэгч Б.Б.О нь хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Оад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирч, 820.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирол төлбөрт 400.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл нь маш удаан хугацаанд гуурстай явна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч Б.Б.Оаас “Надад хэлэх үг байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Б.Б.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц 834,600 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б.О нь 434,600 төгрөгийг нөхөн төлж, үлдэх 400,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бодонгууд овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б.Оыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Б.Оад мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  Б.Б.Оад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  Б.Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.Оаас 400,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Цад олгосугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ