Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 44

 

 

2023        11         07                                         206/МА2023/00044

 

Төрийн банк ХХК-ны Ховд салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 154/ШШ2023/00139 дугаар шийдвэртэй,

 

Төрийн банк ХХК-ны Ховд салбарын нэхэмжлэлтэй

 

Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, /РД:ПБ88061897/, Их шарнууд овогт Дашнямын Тогоохүүд холбогдох 

 

“ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27.139.693.52 /хорин долоон сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах  ” иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч  Ш.Зоригоо, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Зээлдэгч Оюунцэцэгийн Даваасамбуу, Дашнямын Тогоохүү нар нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр MN430034111200107142 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10.738.000 /арван сая долоон зуун гучин найман мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд хэрэглэх зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, зурагт, нөүтбүүк, угаалгын машин, хөлдөөгч зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалсан.

Зээлдэгч О.Даваасамбуу, Д.Тогоохүү нар нь үндсэн зээлээс 3.478.286 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээний Хавсралт 1 -д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ.

Зээлдэгч О.Даваасамбуу нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Д.Тогоохүүгээр банкны хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Төрийн банк ХХК-ийн Ховд салбар Үенч тооцооны төвийн захирал Орталыкийн Эсболатын нэхэмжлэлтэй Үхэрч овогт Оюунцэцэгийн Даваасамбуу, Их шарнууд овогт Дашнямын Тогоохүү нарт холбогдуулан 'Банкны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 27.139.693.52 / хорин долоон сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Тогоохүү би гардан авч эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: Миний бие тус тооцооны төвөөс нэг ч төгрөгийн зээл аваагүй.Төрийн банк ХХК-ны Ховд салбарын Үенч тооцооны төв нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 20034111200107142 дугаартай зээлийн гэрээ байгуулж үндсэн зээлдэгч О.Даваасамбууд 10.738.000 /арван сая долоон зуун гучин найман мянган/ төгрөгийн зээл олгохдоо зээл олголтын судалгааг дутуу хийж банкны тухай хууль болон холбогдох зөрчсөн,

Хоёр: Тухайн зээлийг 36 сарын хугацаатай олгосон боловч зээлийн эргэн төлөлт, хугацааг тооцолгүй орхигдуулж хайнга хандсан. Учир нь 2015 оны 04 дүгээр сарын 20- өдөр 36 сарын хугацаатай авсан зээлийг 2018 оны 04 дүгээр сарын 20-нд бүрэн бүрэн төлж дуусгах үүрэгтэй.

Үндсэн зээлдэгч О.Даваасамбуу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нас барсан гэж байгаа ба банкны хайхрамжгүй алдааны улмаас зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдээгүй.

Гурав: 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд банкны зүгээс намайг зээл авсан байна. Зээлийг төл гэж нэг ч удаа ярьж байгаагүй. О Даваасамбуугийн авч хэрэглэсэн зээлийг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 154/ШШ2023/00139 дугаар шийдвэрээр:

3.1   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Д.Тогоохүүгээс нэмэлт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24.139.693 /хорин дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292.284 /хоёр зуун ерэн хоёр мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тогоохүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 62950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож,

             3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Д.Тогоохүүгээс нэмэлт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан Төрийн банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,139,693 /хорин дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 24,139,693 /хорин дөрвөн сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж, 242.3 дах хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж, 242.11 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж, 242.13 дахь хэсэгт "Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна" гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Тогоохүү нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй байхад шүүх чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Үндсэн зээлдэгч нас барсан боловч зээлдэгч болон хамтран зээлдэгч иргэний хуулийн 242.1-т заасны дагуу барьцааны зүйл байгаа эсэхээс үл хамаарч төлөх үүргийг хүлээхээр, үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барж төлөх боломжгүй болох тохиолдолд иргэний хуулийн 242.13-т заасны дагуу нас барсан үүрэг гүйцэтгэгчийн үүрэг бусад үүрэг гүйцэтгэгчид шилжиж, барьцаа хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран төлөх үүргийг хүлээхээр байхад шүүх нь хуулийн дээрх заалтыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 07-р сарын 26-ны өдрийн 154/ШШ2023/00139 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.Тогоохүүгээс гэрээний үүрэг 27,139,693 төгрөгийг гаргуулж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч О.Даваасамбуу Д.Тогоохүү нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,527,137 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,101,737 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,218,534 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 292,284 төгрөг нийт 27,139,693,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

2.1 Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1112/805 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр нь Ховд салбарын захирал А.Батмөнхөд, Ховд салбарын захирал А.Батмөнх нь Төрийн банкны Ховд салбарын харьяа “Үенч” тооцооны төвийн захирал О.Эсболотод итгэмжлэл олгосон албан бичгүүд,   “Тус аймгийн Мөст сумын иргэн Оюунцэцэгийн Даваасамбуу /ПИ92010215/ нь манай цахим мэдээллийн сан болон бичиг баримтын архивт нас барсан тухай мэдээлэл бүртгэлтэй, Дашнямын Тогоохүү нь /ПБ88061897/ нь Булган сумын Баянгол багт оршин сууж байгаа мэдээлэл бүртгэлтэй байна.” гэх Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

3. Хариуцагч Д.Тогоохүү нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “О.Даваасамбуугийн авч хэрэглэсэн зээлийг би төлөх үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.

4. Анхан шатны шүүх “зээлдэгч О.Даваасамбуугийн өмнөх зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Тогоохүү гарын үсэг зураагүй, харин 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өмнөх зээл дээрээ нэмж 3,000,000 төгрөг авсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан байх тул тэрээр энэ хүрээнд хариуцах үндэслэлтэй” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн Ховд салбарын захирал А.Батмөнх “шүүх хамтран хариуцагч Д.Тогоохүүгээс нэмэлт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг гаргуулан Төрийн банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,139,693 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1 Хэрэгт авагдсан баримтуудаар “хариуцагч Д.Тогоохүү нь тухайн үед Ховд аймгийн Булган сумаас Ховд аймаг руу Стана маркийн авто машинаар хүн тээвэрлэдэг байсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр түүний танил ХЦ-0130-р ангид харуулын дарга ажилтай О.Даваасамбуу нь Ховд аймгийн Үенч сумаас Ховд аймаг руу зорчин явах үедээ жолооч Д.Тогоохүүг гуйж өөрийн цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зуруулсан, зээлдэгч О.Даваасамбуу нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нас барсан” үйл баримт тогтоогдсон байна. 

5.2 Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн Ховд салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Тогоохүүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь заалтыг баримтлан зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

5.3 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1112/805 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/, гэрээнд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг цалин түүнтэй адилтгах тогтмол орлогоор төлөх, банк О.Даваасамбуугийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ.

Хэдийгээр банк зээлдэгч О.Даваасамбууд цалингийн зээл олгохдоо түүний нөөтбүүк, өнгөт зурагт, угаалгын машин, хөлдөөгчийг барьцаалсан байх боловч хэрэгт авагдсан “нэмэлт цалингийн зээл олгох хүсэлт, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлийн хорооны хурлын шийдвэр” зэргээс үзэхэд “банк зээлдэгчийн зөвхөн цалингийн орлогыг үндэслэн зээл олгосон” үйл баримт тогтоогдсон байна.

Тухайлбал Ховд салбарын зээлийн хорооны хурлын шийдвэрт зээлийн бүтээгдэхүүнийг тодорхойлохдоо “гэрээт цалингийн нэмэлт зээл” гэж бичсэн байна. 

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно.

Өөрөөр хэлбэл О.Даваасамбуугийн цалингаа барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч өөрийн цалин тогтмол орлого бусад зүйлийг барьцаалаагүй хариуцагч Д.Тогоохүүд зээлийн үүргийг хамааруулах боломжгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан“ тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог.

Дээрх хуулийн зохицуулалтаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч О.Даваасамбуу нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргасан талын эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримтлах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.

Иймд хариуцагч Д.Тогоохүүгээс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргаж мэтгэлцээгүй тул гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.  Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,648 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 154/ШШ2023/00139 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,648 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Н.ТУЯА

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             С.ӨМИРБЕК

 

                                   ШҮҮГЧ                                                 М.НЯМБАЯР