Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2023/00013

 

 

 

 

 

 

   2023        11           02                                           226/МА2023/00013

 

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч И.Б-т  холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,  

Нэхэмжлэгч Х.Э-,

Хариуцагч И.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2023/00400 дугаар шийдвэртэй Х.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Б-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, 26.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч И.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие И.Б-той 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү Ч, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Ү, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Ц, Цэ нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд И.Б- нь загнаж, зандчиж, элдвийн авир гарган хөөдөг байсан ч би уучилдаг байсан. Сүүлдээ архи уусан үедээ гар хүрч, айлган сүрдүүлдэг болсон. Энэ байдал нь засрахгүй ээж, эгч нарыг өөрөө дуудаж намайг элдвээр хэлж, доромжилж авч явахыг тэднээс хүссэн. Ингээд би 2020 оны 3 дугаар сард хүүхдүүдээ дагуулан одоог хүртэл аав ээжтэйгээ хамт амьдарч байна. Цаашид би И.Б-той хамтран амьдрах боломжгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай 1.7 хувийн хүүтэй 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, И.Б-ийн амьдарч байгаа байранд өгсөн. Уг зээлийг одоо хүртэл би төлдөг. Иймд гэрлэлтээ цуцлуулж, үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү нь 1.7 хувиар бодож нийт 26.800.000 төгрөгийг И.Б-оос гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч И.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бид 2006 онд танилцаж, 2008 онд ууган хүү минь төрсөн. 2009 онд гэр бүлээ батлуулсан. Улмаар 4 хүүхдийн аав ээж болж 2022 оны 6 сар хүртэл сайхан амьдарч байсан. Бид хоёр бусдын жишгээр амьдралаа тэгээс эхэлж, өдий зэрэгтэй амьдралаа хамтдаа босгосон. Сүүлийн үед миний эхнэрийн ааш зан их эвдэрч буруу хүмүүстэй найзалж, гэр орондоо ч тогтохгүй гадуур явах нь ихэссэн. Энэ байдал нь даамжирч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бүх хувцсаа аваад өөрөө гэрээсээ явсан. Х.Э-ийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэртэйгээ, 4 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахыг хүсч байна. Хэрэв Х.Э- гэрлэлтээ цуцлуулбал 4 хүүхдээ би өөрийн асрамжид авах хүсэлттэй байна.

Мөн бид ........... тоот байрыг түрээслэн гэр бүлийн хамт нүүж орсон. Уг байранд сарын түрээс 500.000 төгрөг төлдөг байсан ба 2020 оны 10 сард түрээсийн байрны эзэн залуу орон сууц худалдаж авах болоод бид хоёроос байрны түрээсээ ярьж тохиролцон 15.000.000 төгрөг авсан. Уг мөнгийг банкнаас зээлсэн болно. Зээлийн төлбөрөө хамтдаа төлдөг байсан. Зээлсэн мөнгө нь бид хоёрыг хамт байхад байрны түрээсэнд төлөгдөөд дууссан. Одоо би хүүхдүүдтэйгээ уг байраа сарын 500.000 төгрөгөөр түрээсэлдэг. Байрны түрээс, машины лизинг, байрны урсгал зардал гэх мэтчилэн төлбөрүүд төлж байгаа. Эцэст нь хэлэхэд миний хувьд гэр бүл салах ноцтой шалтаг шалтгаан байхгүй, бүрэн бүтэн байсан амьдралаа Х.Э- өөрийн дур зоргоор нурааж, 4 хүүхдээ өнчрүүлж байна” гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар И.Б, Х.Э нарын гэрлэлтийг цуцалж,

- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ч, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Ү нарыг эцэг И.Б-ийн, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ц, Цэ нарыг эх Х.Э-ийн асрамжид үлдээж,

- Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ц, Цэ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг И.Б-оор сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлж,

- Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т зааснаар хариуцагч И.Б-оос 4 260 089 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 539 911 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153 311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч И.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “Миний бие Х.Э-тэй 2008 оноос 2022 оныг хүртэл 14 жил хамтдаа амьдарч байгаад 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлээ цуцлуулсан. Дөрвөн хүүхдээ хоёр, хоёроор нь салгаж авсан. Гэтэл надаас хоёр хүүхдийн тэтгэмж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Э- элэг бүтэн амьдралаа өөрийн дур хүслээр нурааж, үр хүүхдээ өнчрүүлсэн. Хэрэв Х.Э-ийн шийдвэрийг үнэн зөв гэж шийдэж байгаа бол би өөр дээрээ байгаа хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг эхээс нь гаргуулж авахыг хүсч байна” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие И.Б-той гэр бүл болж 14 жил амьдарсан нь үнэн. И.Б- нь 14 жилийн хугацаанд сэтгэл санаа болон бие махбодын гүн дарамт үзүүлж, гэрээсээ хөөж зоддог байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болоод салж гэр бүлээ цуцлуулсан. И.Б- нь энэ 14 жилийн хугацаанд өөрийн гэр бүлээ тэжээх өрхийн тэргүүн байх үүргээ умартаж надаар бүх зүйлээ төлүүлж би амьдралаа авч явдаг байсан. Үүнд:

1. И.Б-ийн машины зээл

2. Байрны зээл /төлөөд дууссан/

3. Гэрийн бүх тавилга цахилгаан бараа

4. Хүүхдүүдийн хувцас /хэрэглээ/

5. Ар гэрийн хоол хүнс, гэрийн бүх зардлыг би төлсөөр ирсэн.

И.Б- нь юу ч төлж, мөнгө төгрөг өгч байгаагүй. Тийм учраас би хоёр хүүхдэд тэтгэлэг хүссэн юм. Би одоо хүртэл дөрвөн хүүхдээ хооллож, хувцаслаж, хэрэглээний мөнгийг нь өөрсдөд нь өгч байгаа учир И.Б-т тэтгэлэг өгч чадахгүй...” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, Иргэний болон Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

3. Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч И.Б-оос “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, 26.800.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4. Хариуцагч И.Б- нь “...гэрлэлт цуцлуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй, ...Х.Э- гэрлэлтээ цуцлуулбал 4 хүүхдээ би өөрийн асрамждаа авна, ...банкнаас зээлсэн 15.000.000 төгрөг бид хоёрыг хамт байхад байрны түрээсэнд төлөгдөөд дууссан...” гэж маргажээ.

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт “Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж тус тус заасан.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаардаггүй бол гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн хэрэгждэггүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэйг Монгол Улсын Үндсэн хуульд заасан.

 

Гэр бүлийн эрхийг хамгаалах төрийн чиг үүрэг шүүхэд хамааралтай болохыг Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус хуульчилсан, шүүх энэ эрх ашгийн үүднээс гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг тул мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгждэггүй бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч, шаардлагатай бол шүүх хуульд заасан арга хэмжээг авах, хүүхдийн асрамж, тэтгэмж тогтоох маргаантай тохиолдолд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, нотлохыг сануулах, нотлох баримт бүрдүүлэх бүхий л бололцоог хангах үүрэг хүлээдэг нь гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог шинж юм.

 

Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх бус, идэвхтэй байх зарчмыг баримталж, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх бүхий л боломжийг зохигчдод олгож, хэлж сануулсан байх ёстой байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрлэгчдийн хувийн байдал тогтоогдоогүй, бие биеийхээ ёс зүй, биеэ авч явах байдлын талаар тайлбар гаргаснаас өөр баримтгүй, нэхэмжлэгч Х.Э- “...Хамтран амьдрах хугацаанд И.Б- нь загнаж, зандчиж, элдвийн авир гарган хөөдөг байсан ...архи уусан үедээ гар хүрч, айлган сүрдүүлдэг болсон. Энэ байдал нь засрахгүй ээж, эгч нарыг өөрөө дуудаж намайг элдвээр хэлж, доромжилж ...сэтгэл санаа болон бие махбодын гүн дарамт үзүүлж, гэрээсээ хөөж зоддог байсан...” гэж, хариуцагч И.Б- “...Сүүлийн үед миний эхнэрийн ааш зан их эвдэрч буруу хүмүүстэй найзалж, гэр орондоо ч тогтохгүй гадуур явах нь ихэссэн. Энэ байдал нь даамжирч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бүх хувцсаа аваад өөрөө гэрээсээ явсан. Х.Э-ийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэртэйгээ, 4 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахыг хүсч байна...” гэж шүүхэд мэдүүлсэн ба  хариуцагч И.Б- нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан бол аюулын зэргийн болон эрсдэлийн үнэлгээ гаргуулж, багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч хэрхэн дүгнэж байгааг тодруулах, гэрлэлтийг цуцлахад нөлөөлж болох ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тодорхой бус байхад шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу болжээ.

 

Дээрх байдлаар шүүх нотолгооны зүйлийг тодруулаагүй, нотлох баримт бүрдүүлэхийг сануулаагүй, зохигч мэтгэлцэж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх нь хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

 

Шаардлага ба татгалзлаа өөрсдөө нотлох талуудын үүрэг хэвээр байгаа хэдий ч шүүх шаардлагатай гэж үзвэл хуульд заасан арга хэмжээг авах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангах үүрэгтэй бөгөөд шүүх энэ үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

 

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8. Хариуцагч И.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2023/00400 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч И.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ДЭНСМАА

 

                              ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ

                                                                                                            

                                                                                    Д.ГАНЗОРИГ