Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 226/МА2023/00014

 

 

 

 

 

2023 11 02 226/МА2023/00014

 

 

Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Наранчимэгт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбишийг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 156/ШШ2023/00462 дугаар шийдвэртэй Хэнтий Ус ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Наранчимэгт холбогдох 1.525.951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч С.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий Ус ХХК нь Хэнтий аймгийн Бэрх тосгоны айл арх, ААН, төсөвт байгууллагуудыг цэвэр, бохир ус болон халаалтаар хангаж ажилладаг. М.Наранчимэгтэй 2018 оны 01 дүгээр сараас манай байгууллага Ус ашиглалтын гэрээ болон Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж цэвэр, бохир ус, халаалтаар хангаж ажилласан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл халаалтын төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд хариуцагч М.Наранчимэгээс цэвэр, бохир ус, халаалтын төлбөр болох 1.024.051, тухайн өдрөөс тооцогдсон алданги болох 501.900, нийт 1.525.951 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Балжинням шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацааны ус болон халаалтын мөнгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үндсэн дүн нь 1.024.054, алданги нь 501.900, нийт 1.525.951 төгрөг нэхэмжилсэн. Ус, дулааны гэрээ байгуулсан гэв.

 

Хариуцагч М.Наранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэнтий Ус ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байр нь Н.Жаргалмаагийн өмчлөлд шилжсэн. Тиймээс өр төлбөрийг өмчлөгч нь хариуцах нь зүйтэй гэв.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагчаас 984.999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 549.952 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг 59 дүгээр байрны 2-10 тоот байр нь 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Н.Жаргалмаагийн өмчид бүртгэгдсэн бөгөөд Н.Жаргалмаа нь Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 24 магадлалаар бусдын эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө суллаж авах нэхэмжлэлээ ханган шийдвэрлүүлсэн. Иймд М.Наранчимэг миний бие Хэнтий Ус ХХК-д өр, төлбөрийг төлөх боломжгүй, өөрийн эзэмшлийн өр төлбөрийг эзэмшигч өөрөө хариуцна. Хэнтий Ус ХХК нь Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г хууль ёсны эзэмшигчтэй хийх үүрэгтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М.Наранчимэгтэй байгуулсан Ус ашиглалтын байнгын гэрээ, Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үндсэн төлбөрт 1.024.051, алдангид 501.900, нийт 1.525.951 төгрөгийг М.Наранчимэгээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5. Хариуцагч М.Наранчимэг нь ...Тус байр нь 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Н.Жаргалмаагийн өмчид бүртгэгдэж 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Н.Жаргалмаагийн өмчөөр бүртгэлтэй хэвээр байна. Мөн Н.Жаргалмаа нь М.Наранчимэгт холбогдуулан ....Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 59-р байрны 10 тоот байрыг бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1814000145 улсын гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 24 магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул тус байрны ус, халаалтын төлбөрийг өмчлөгч өөрөө хариуцна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Дулаан болон усаар хангах үүргийг нэхэмжлэгч буюу Хэнтий Ус ХХК хариуцаж, ус болон дулааны төлбөрийг хариуцагч буюу М.Наранчимэг нь төлөх үүргийг хүлээж 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ус ашиглалтын байнгийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг тус тус байгуулсан байна.

 

7. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаас үзэхэд хариуцагч М.Наранчимэг нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 59-р байрны 2-10 тоот орон сууцанд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс амьдарч эхэлсэн, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай магадлалаар хариуцагч М.Наранчимэгийн хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлсөн /хавтаст хэргийн 29-40 хуудас/ байх тул хариуцагчийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцанд амьдарсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийг худалдан авагч буюу хэрэглэгч төлнө гэж, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ус ашиглалтын байнгын гэрээ-ний 8-д ....хэрэглээний төлбөрийг сар бүрийн 30-ны дотор бүрэн төлсөн байна гэж, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний 7-д ...хэрэглээний төлбөрийг тухайн сарын 30-ны дотор бүрэн төлсөн байна гэж,

 

 

- Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, талуудын хооронд байгуулсан Ус ашиглалтын байнгын гэрээ-ний 4 дэх хэсгийн 5 дахь заалт, Дулааны эрчим хүч, худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дэх хэсгийн 5 дахь заалтад хэрэглэгч байгууллага нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тус тус заасан байна.

 

9. Анхан шатны шүүх хариуцагч М.Наранчимэгийг Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 59-р байрны 2-10 тоот орон сууцанд 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан гэж дүгнэн хариуцагчаас ус, дулааны үндсэн төлбөрт: эхний үлдэгдэл 636.866, 2022 оны 7 дугаар сарын төлбөр болох 19800, алданги төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 328.333, нийт 984.999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий Ус ХХК-д олгож, үлдэх 549.952 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 156/ШШ2023/00462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч М.Наранчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

 

Б.ДЭНСМАА