Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 398

 

  

 

 

 

 

  

 

2016 оны 07 сарын 28 өдөр          Дугаар 181/ШШ2016/00398            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Ди Би бюлдинг 803 тоотод байрлах, “Гранд Повер” ХХК /РД:2655292/-д холбогдох,  

 

104,720,895.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ээс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 69,813,930.28 төгрөгийг төлөхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хуульд заасны дагуу алданги тооцоход 37,906,965.14 төгрөг болсныг 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 34,906,965.14 төгрөгөөр тооцож шаардсан байгаа.

Бид өрийг төлүүлэхээр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээг хааж, мэдэгдэл хүргүүлж, хүсэлтээр нь хангалттай хугацаа олгож байсан боловч нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдөр өр нь улам нэмэгдсээр байна.

Нийгмийн даатгалын тухай хуулиар компанийн хөрөнгөөс төлбөр гаргуулах зохицуулалт байхгүй тул манай зүгээс авч болох бүхий л арга хэмжээг авсан.

Иймд хариуцагчаас 104,720,895.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай компани эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас үйл ажиллагаа хумигдаж, 2014, 2015 онуудад хийсэн ажлын төлбөрүүд хугацаандаа орж ирээгүйн улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн болно. Бид шимтгэлийн өр болох 69,813,930.28 төгрөгийг хүлээн зөвшөөрч, түүнд ногдох алданги 34,906,965.14 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Гранд Повер” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 69,813,930.28 төгрөг, алданги 34,906,965.14 төгрөг, нийт 104,720,895.42 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 69,813,930.28 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Гранд Повер” ХХК нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 13-ны хооронд ажиллагсаддаа олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 69,813,930.28 төгрөгийн өр хуримтлуулан үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Тодруулбал, 2015 оны 9 дүгээр сард 8,899,160.03 төгрөг, 10 дугаар сард 9,502,239.36 төгрөг, 11 дүгээр сард 9,631,637.19 төгрөг, 12 дугаар сард 11,515,625.55 төгрөг буюу 2015 онд нийт 39,548,662.13 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 5,846,057.16 төгрөг, 2 дугаар сард 4,651,943.12 төгрөг, 3 дугаар сард 6,613,072.94 төгрөг, 4 дүгээр сард 6,613,072.94 төгрөг, 5 дугаар сард 6,541,122 төгрөг, 2016 онд нийт 30,265,268.15 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй байна.

 

Зохигчид үүнд маргаагүй.

 

Ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүргийг хүлээдэг тул хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлуулсан өр болох 69,813,930.28 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн “Гранд Повер” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй.

 

Хариуцагчийн төлөх ёстой алдангийн хэмжээ нь нийт 37,226,086.19 /2015 оных 28,108,141.59 төгрөг, 2016 оных 9,117,944.60 төгрөг/ төгрөг болсон боловч хуульд зааснаар нийт алдангийн хэмжээ төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч нь 34,906,965.14 төгрөгөөр тооцож алданги шаардсан нь хуульд нийцжээ.

 

Иймд хариуцагч “Гранд Повер” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 69,813,930.28 төгрөг, алданги 34,906,965.14 төгрөг, нийт 104,720,895.42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тус тус заасныг тус тус баримтлан “Гранд Повер” ХХК-аас 104,720,895.42 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч “Гранд Повер” ХХК-аас 681,554.4 төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА