Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                            

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б.Хт холбогдох эрүүгийн 1907000050015 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 3 дугаар гудамж 10 тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 66 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн УР84060271 дугаартай, Боржигон овогт Б.Х.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 48а дугаар гудамжны 08 тоотод 2018 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд эхнэр болох Д.Чулуудайг хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөөнөөс манай найз ирээд нэг шил архи хоёулаа хувааж уусан. Орой нь 23 цагт эхнэрээ ажлаас нь авсан. Гэртээ ирээд тоглох санаатай “хүүхдийн бэлэг яагаад ажлын газрын Улаанаа гэдэг хүнд өгсөн юм” гэсэн чинь миний өөдөөс дайраад цохиод байхаар нь би галын сэтгүүр төмрөөр баруун гуя руу нь нэг удаа цохьсон. Өглөө нь манай эхнэр хадмуудад хэлчихсэн байсан. Хадмууд ирээд “чи яагаад хүүхдийг ийм болгодог юм” гэж хэлээд өргөдөл бичээд намайг цагдаад өгсөн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Чулуундайгийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шөнийн ээлжтэй байсан учир 20 цагийн орчимд ажилдаа явсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 26-ны 01 цагийн орчимд манай нөхөр Б.Х ажил дээрээс ирж намайг аваад Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 48а-8 тоотод гэртээ ирээд гал асаах гэж сууж байх үед Б.Х галын сэтгүүр төмөр аваад “янхан, гичий, яасан орой тардаг” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад гэрийн дотор хөөж байгаад баруун хөлийн гуя орчимд нэг удаа цохисон энэ үед гэрийн хоймор хэсэгт шалан дээр унах үед хөлөөрөө гэдэс, давсан орчимд хэд хэдэн удаа өшиглөж зодсон.

...Манай нөхөр Б.Х нь 2017 оны 11 дүгээр сард нэг удаа намайг зодож Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл эдэлж байсан. Өөр зодож байсан явдал байхгүй мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан явдал байхгүй юм.

...Би шүүх хуралд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 06-11 дүгээр тал/

 

Төрсний бүртгэлийн хуулбар,

/хх-ийн 42-43 дугаар тал/

 

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ,

/хх-ийн 51-60 дугаар тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт,

/хх-ийн 61 дүгээр тал/,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2185 дугаар шийтгэврийн хуулбар,

/хх-ийн 82-85 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 86 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар  

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн 48а дугаар гудамжны 08 тоот гэртэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох Д.Чулуудайг хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож мэндэд нь баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...би галын сэтгүүр төмрөөр баруун гуя руу нь нэг удаа цохьсон...” гэх,

 хохирогч Д.Чулуудайгийн  “...Б.Х галын сэтгүүр төмөр аваад “янхан, гичий яасан орой тардаг юм” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад гэрийн дотор хөөж байгаад баруун хөлийн гуя орчимд нэг удаа цохисон. Энэ үед гэрийн хоймор хэсэгт шалан дээр унах үед хөлөөрөө гэдэс давсаг орчимд хэд хэдэн удаа өшиглөж зодсон...” гэх мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №08шэ/44 дүгээр дүгнэлт /хх-27/, яаралтай тусламжийн хуудас, Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт, гэр бүл болсны бүртгэлийн хуулбар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний хуулбар, аюулын зэргийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

  1.   Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчид 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноох үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулинд тухайн үйлдсэн гэмт хэрэгт тохируулж ял шийтгэл оногдуулна гэж заасан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийтгэгдсэн нь шүүгдэгчийн хувьд анх уудаа учраас 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй бөгөөд түүнийг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

  1.  Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Х энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Б.Хыг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Хыг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хт мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Б.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  Б.Хт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ