Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1295

 

Д.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/03787 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн

Хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдох

           

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч Д.Эрдэнэбатын гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ядамжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нарангэрэл нь Франц улсад Д.Эрдэнэбаттай 2011 оны 11 дүгээр сараас 2013 он хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд Д.Нарангэрэл, Д.Эрдэнэбат нарын дундаас 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Чинсүлд төрсөн юм. Тэдний хамтран амьдрах хугацаанд Д.Эрдэнэбат нь Д.Нарангэрэлийг зодож цохиж биед олон удаа гэмтэл учруулж, нялх хүүхэдтэй байхад зодож, өвлийн хүйтэнд хүүтэй нь хамт гудамжинд хөөж гаргасан. Д.Эрдэнэбат дахин дахин зодож байсан учраас цагдаад хандаж байсан. Д.Нарангэрэл нь тэнд зодуулаад тэсэж байх боломжгүй болоод 5-6 сартай нялх хүүхдээ тэврээд гэр оронгүй хүмүүс орогнодог 105 дугаар байранд сар гаруй амьдарсан байсан. Д.Эрдэнэбат Д.Нарангэрэл нар 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдраагүй байсан боловч Д.Эрдэнэбат нь Монгол руу хөөгдөнө гэдгээ мэдмэгцээ Д.Нарангэрэлд сэтгэл гаргаж буй дүр үзүүлэн 14 хоногийн хугацаанд халамжлах байдал гаргаж байсан ба хүү Э.Чинсүлдийг Монгол руу авч яван ээж, аав болон дүү нарын аль нэгэнд хүргэж өгье гэж ятгахад нь Бельгийн хилээр гарах итгэмжлэл хийж өгсөн юм. Б.Эрдэнэбат Монголд очоод хүүхдийг Д.Нарангэрэлийн аав, ээж болон дүү нараас хол байлгах санаа сэдэж холбоо барих гэхээр утсаа авахгүй болсон. Д.Нарангэрэл хүүгээ санаад утсаар ярих гэхэд утсаар ч яриулахаа больсон. Ингээд бид Багануур дүүргийн Хэрлэн голын хавиар байх айлуудаас асууж явсаар Налайх дүүргийн Элстэй гэдэг газар очиж уулзахад Д.Эрдэнэбат нь хүү Э.Чинсүлдийг 80 гарсан настай эмгэний асрамжид, 10 дугаар ангийн хүүхэдтэй орхисон байсан. Д.Эрдэнэбат нь 5 сартай хүүхдээ хөөж гаргачихаад өөр хүүхэнтэй амьдарсан. Өш хонзон санаж л Д.Нарангэрэлд хүүхдийг нь өгөхгүй, утсаар ярьж, ах дүү нартай нь уулзуулахгүй байгаа. Өмнөх шүүх хуралдааны үеэр цэцэрлэгт явуулаад, буцаагаад хөдөө аваад явсан. Д.Нарангэрэл нь одоо Франц улсад дүү Д.Наранбилэгийн хамт амьдарч байгаа. Д.Наранбилэг нь хэлний сургуульд суралцаж, оршин суух зөвшөөрөлтэй, байр хөлсөлж амьдардаг. Өөрөө ажил хийж байгаа. Эгч Д.Нарангэрэлийг хулгай хийж байсан гэх боловч манай эгч тэгэх хүн биш, энэ талаар нотлох баримтгүй.  Д.Эрдэнэбатад өмнөх эхнэрийн 2 охин байгаа. Иймд Д.Нарангэрэлийн ганц хүүг түүний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэбат нь Д.Нарангэрэлтэй 2011 оны 11 дүгээр сараас 2013 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. Д.Нарангэрэл нь гадуур хүмүүстэй нийлж дэлгүүрээс виски, архи, үнэртэй ус хулгайлж байгаад баригдаж байсан. Цагдаа нарыг ирэхийг мэдээд Д.Нарангэрэл хүүгээ аваад гэрээсээ явсан байсан. Хүүхэдтэй хүн хулгай хийхэд Францад арга хэмжээ авдаггүй учраас түүнийг далимдуулж, эрээ цээргүй хулгай хийдэг болсон. Ингээд хүү нь гадуур явснаас маш их зутарч, тураалд орсон. Д.Эрдэнэбат нь Д.Нарангэрэлийг хүүгээ аваад Монгол руу яв гэхэд нь чи өөрөө хүүгээ аваад Монгол яв гэж хэлж тохироод Д.Эрдэнэбат хүүгээ дагуулаад Монголд ирсэн. Ирснээс хойш байнга хүүгээ ээжтэй нь яриулж, ээжийнх нь өвөө, эмээ, аав, ээж, дүү нартай нь уулзуулж байсан. Д.Эрдэнэбат нь Д.Нарангэрэлтэй тохиролцоод Д.Эрдэнэбат хүүгээ өсгөж хүмүүжүүлэхээр болсон. Одоо Д.Эрдэнэбат хүү, ээжийнхээ хамт Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Иймд Д.Нарангэрэлийн хүүхдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Нарангэрэл эх орондоо ирээд хүүгээ өөр дээрээ авч болох юм гэжээ.  

Шүүх:  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Чинсүлдийг эх Д.Нарангэрэлийн асрамжид үлдээж,

Д.Нарангэрэл хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

         Хариуцагч Д.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тухайлбал: 1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь одоо яг ямар улсад, ямар хаягт амьдарч байгаа болох нь, өөрийн гэсэн орлоготой эсэх нь, тэр ч бүү хэл өнөөдөр амьд байгаа эсэх нь ч тогтоогдоогүй бөгөөд энэ хүн европын орнуудаар хууль бусаар тэнүүчилж, хулгай хийж амьдарч байсан. Сирийн дүрвэгсдийн балгаар хяналт шалгалт чангараад ирэхээр хүүхдээрээ гул барьж, өөрийн амьжиргааны эх үүсвэр болсон гэмт хэрэг үйлдэх аргаа баталгаажуулахын тулд хүүхдээ өөр дээрээ авах шаардлагатай болсон байна. Урьд нь энэ хүн гэмт хэрэг үйлдэхдээ хүүхдээ байнга авч явж байсны улмаас тураалд оруулж байсан. Энэ тухайд миний хариу тайлбарт ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй тусгагдсан, миний итгэмжилсэн төлөөлөгч ч шүүх хуралдаан дээр ойлгомжтой тайлбарласан. Нэхэмжлэгчийн ээжийн "...Манай охин Францад хүүхэдтэй хүнд ажил амархан олддог юм гэж хэлсэн" гэсэн гэрчийн мэдүүлгээр ч энэ байдал нь нотлогдсон гэж үзэх үндэстэй.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д дурдсан "...эцэг эхийн халамж, ахуйн нөхцел бололцоог ... харгалзан ... шийдвэрлэнэ." гэсэн заалтын эсрэг агуулгатай шийдвэр гарсан байна. Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр мөн ингэж гарсан бөгөөд давж заалдах шүүхийн магадлалын хянавал гэсэн хэсэгт ...Д.Нарангэрэлийн хаана оршин суудаг, ямар ажил эрхэлж, ямар хэмжээний цалин орлого олдог зэрэг түүний ахуйн нөхцөл, бололцоо зэрэг хүүхдийн асрамжийн асуудалтай холбоотой, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдал тодорхой бус байхад хүү Э.Чинсүлдийг эх Д.Нарангэрэлийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ гэж тэмдэглэсэн байтал дээрхи нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх шийдвэр дахин гаргасныг би эрс эсэргүүцэж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг тус тус зөрчсөн байна. 3. Анхан шатны шүүх хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх шийдвэр гаргахдаа хүүхэд бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай, эх Д.Нарангэрэл хүүг багад нь өсгөсөн, ... Тэр бие эрүүл саруул, бололцооны амьдралтай /үүнийг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй/, Франц улсад амьдарч суралцах зөвшөөрөл бүхий төрсөн дүү Д.Наранбилэгийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь холбогдох зөвшөөрөл, гэрээнүүд /эдгээр нь нэхэмжлэгчийн биш, түүний дүүгийн ахуйн нөхцлийг нотлох баримт учир шүүх нотлох баримтаас хассан, тэгээд ч дүү Наранбилэгийнх нь Францад амьдрах зөвшөөрөл нь 2015.12.29-нд дууссан болох нь, Баасанжавын Зулбадамтай хамт амьдардаг болох нь хэргийн 84-р хуудсанд байгаа түр оршин суух зөвшөөрлийн хуулбараас харагдаж байна./, гэрч Б.Зулбадамын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. Гэсэн хэрнээ эдгээрийг эрс няцаасан, гурвуулаа хамт амьдарч байсныг эс тооцвол 1 нас 8 сартайгаас нь 4 нас хүртэл нь би өсгөн хүмүүжүүлж байгаа тул надаас өөр хүнтэй унтаж ч чадахгүй, надад маш их дассан гэсэн хариуцагчийн тайлбар болон түүний итгэмжилсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй байна. 4. Түүнчилэн хүүхдээ цэцэрлэгт явуулсныг, зуны дэлгэр цагт хөдөө агаар салхинд гаргадгийг хүүтэйгээ байнга хамт амьдардаггүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ нь хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2, 26.2.3, 26.2.4-т тус тус зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжэ авч, хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд хүмүүжүүлж байгааг нотолж байна. Мөн хариуцагчийг буруутгасан шүүхийн шийдвэр гараагүй байтал хариуцагч ёс суртахууны хувьд дутагдалтай талаар баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийг зодож гэмтээсэн тухай эмчийн магадлагаа, гомдол хүлээн авч шалгасан цагдаагийн байцаагчийн баримтууд байна гэсэн байна. Эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийг хариуцагч зодсон гэдгийг нотлоогүй, цагдаагийн байцаагч хариуцагч гэм буруутай болохыг нотлоогүй байна. Ингэснээрээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасныг шүүх ноцтой зөрчсөн байна. 5. Анхан шатны шүүх Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн гараар үйлдэгдсэн цорын ганц нотлох баримт бол 19-р хуудсанд байгаа итгэмжлэл. Үүнийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан, хүүхдээ хэний асрамжид үлдээх талаархи тохиролцоо гэж ойлгох учиртай. Ингэж тохиролцоогүй тохиолдолд хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шүүх шийднэ гэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан байгаа. Энэхүү итгэмжлэл нь хариуцагч хууль ёсоор хүүхдээ авсан болохыг нотолж байна. Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эцэг эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс эргүүлж авахыг шаардах эрхтэй. Мөн зүйлийн 33.2-т зааснаар эцэг эх нь хүүхдийг зөвхөн хууль бусаар авсан тохиолдолд л шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэнэ гэж ойлгогдож байна. Иймд нэхэмжлэгч хүүхдээ өөрийн асрамжид үлдээхийг шаардах эрхгүй байна. Тэгээд ч энэ зохицуулалт нь гэр бүл цуцалсан тохиолдолд хэрэглэгдэх заалт. Нэхэмжлэгч хариуцагч 2 анхнаасаа гэр бүл болоогүй, хамтран амьдарч байгаад 2 тийшээ болохдоо харилцан тохиролцож, хүүхдээ аавынх нь асрамжид үлдээсэн болох нь дээрхи итгэмжлэлэр нотлогдож байна. 6. Хэргийн 5 дугаар хуудсанд байгаа Д.Нарангэрэлийн итгэмжлэл нь Д.Наранзулд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох эрх олгосон байх бөгөед өөрөө хаана, ямар хаягт амьдарч байгаа нь, амьд эсэх нь ч тогтоогдоогүйг дээр тэмдэглэсэн. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хүүхдийг хэнд өгөх болж байна вэ? Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь: гэсэн хэсэгт эх нь ирээд хүүхдээ авбал өгнө гэж буй нь хариуцагч хүүхдийг эргэлт буцалтгүй авах гэсэн хүсэл зоригийг харуулахгүй байна гэж мушгин гуйвуулж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэгчид үйлчилж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж би үзэж байна. Зүй нь би хүүгээ өөрийн асрамж, хяналтын дор эхтэй нь хууль ёсны дагуу айж зугатаах аюулгүй, төрсөн нутагтаа төрийнхөө хайр халамжинд шударга амьдралаар, шударга хөдөлмөрөөр өсгөж, жинхэнэ монгол хүн болгож өсгөх эцэг хүний туйлын хүсэл байгаа юм. Хэргийн 84 дүгээр хуудсанд хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараас харахад нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөнбуйрт 1982 оны 11 дүгээр сарын 03-нд төрсөн гэж харагдаж байгаа нь Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна. Гэвч шүүх үүнд ач холбогдол өгсөнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

         Нэхэмжлэгч Д.Нарангэрэлээс хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор шаардсанаас хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2011 оны 11 дүгээр сараас 2013 он хүртэл Франц улсад хамтран амьдарч байх хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Э.Чинсүлд төрсөн ба хүүхдийн эцэг хариуцагч Д.Эрдэнэбат нь 2014 оны 4 дүгээр сард 1 нас 8 сартай хүү Э.Чинсүлдийн хамт  Монгол Улсад ирсэн, эх Д.Нарангэрэл Франц улсад үлдсэн үйл баримт тогтоогдсон.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх зэрэг тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан үзэх ёстой.

 

Одоогоор хүү Э.Чинсүлд нь эцэг Д.Эрдэнэбатын асрамжид байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Хүү Э.Чинсүлд нь 2014 оны 4 дүгээр сараас хойш сүүлийн 2 жил гаруй хугацаанд өөрийн төрсөн эцэг Д.Эрдэнэбатын асрамжид байгаа ба түүний асрамжийг зайлшгүй өөрчлөх нөхцөл байдал, шаардлага үүссэн эсэх нь хэргийн баримтаар нотлогдоогүй, эцгийн асрамжид байгаа явдал нь хүүхдийн эрх ашигт нийцээгүй үйл баримт тогтоогдоогүй, хүүхдийн асрамжийг өөрчлөн эх Д.Нарангэрэлийн асрамжид шилжүүлснээр хүүхдийн амьдрах орчин нөхцөл, эрх ашигт илүү нийцэх гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлох баримтаар хэрэгт авагдаагүй. Харин эх Д.Нарангэрэлээс хүү Э.Чинсүлдийг Монгол улс руу авч явахыг эцэг Д.Эрдэнэбатад зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсныг /хх-19 дүгээр тал/ нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

 Нэхэмжлэгчийн дүү Д.Наранбилэгийн Франц улсад ажил хөдөлмөр эрхэлдэг, амьдран суух эрхтэй, орон байр түрээсэлдэг гэх баримтууд нь эх Д.Нарангэрэл хүү Э.Чинсүлдийг эцэг Д.Эрдэнэбатын асрамжид байлгахаас илүү орчин, нөхцөлтэй байдалд байлгах боломжтой гэдгийг нотлохгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/03787 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хүүхдийн асрамж тогтоолгох тухай Д.Нарангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                            Т.ТУЯА

 

                                                                                           Д.БАЙГАЛМАА