Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 110/2018/0058/З |
Дугаар | 221/МА2019/0225 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0225
2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар221/МА2019/0225 | Улаанбаатар хот |
А.Д-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч А.К, Л.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Очбаяр, К.Жархынбек нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Д-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д-с Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор 857,136 төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговорт ногдох хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, илүү нэхэмжилсэн олговор 3.807.907 төгрөгийг гаргуулах, илүү нэхэмжилсэн олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангуулахаар гомдлоо гаргаж байна.
...Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар "Эрх бүхий албан тушаалтан нь 65 нас хүртэл ажиллуулах эсэхийг ажлын зайлшгүй шаардлага, тухайн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй” ба хүсэлт гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг заавал үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж чөлөөлснийг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн мөртлөө маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон юм.
Маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон мөртлөө ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэхүү шүүхийн шийдвэр утга агуулгын хувьд илэрхий алдаатай болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл намайг энэхүү албан тушаалд томилсон шийдвэр болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/475 дугаар захирамж хүчин төгөлдөр бөгөөд үйлчлэл нь хэвээр үргэлжилж байгаа юм.
Миний ажиллаж байсан орон тоонд түр томилогдсон Т.Н-г аймгийн Засаг дарга өөрийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор буюу ажлаа хангалттай дүгнүүлэхийн тулд зориуд санаатайгаар хууль бус томилгоо хийсэн юм. Тухайлбал, Т.Н нь Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгааг тус аймгийн Засаг дарга мэдсээр байж Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байгаа явдалд гомдолтой байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна" гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн юм.
Т.Н-г уг албан тушаалд томилохдоо төрийн захиргааны төв байгууллагатай мөн адилхан зөвшилцөхөөр албан бичиг явуулсан боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А-1/4694 тоот албан бичгээр ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй хүнийг томилохыг зөвшөөрөөгүйг үл тоож хуулийг ноцтой зөрчиж томилсон юм.
Хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн билээ. Гэтэл хуульд заасан журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчиж, ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг шүүх хүчингүй болгосон мөртлөө ажилдаа эгүүлэн тогтоохоос татгалзаж, хууль бус шийдвэрийг дахин зөвтгөж болох мэтээр хариуцагчийн талд илт үйлчилж байгаад туйлын их гомдолтой байна.
Анхан шатны шүүхээс "Т.Н-г ажилд түр томилох тухай" Б/44 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Намайг чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс хүчингүй болгосон учраас албан тушаалд хүний томилж байгаа нь миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа явдал мөн. Эцсийн эцэст намайг ажлаас чөлөөлөх болсон гол шалтгаан нь Т.Н-н нөхөр болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Х.Бын улс төрийн шахалт, үүнийг ашиглан албан тушаалд хүрэх гэсэн эхнэр болох Т.Н-н хүсэл байсан юм. Гэвч Т.Н нь уг албан тушаалын хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүйг мэдэж байгаа учраас түр томилсон мэтээр хууль бус захирамж гаргасан. Нэгэнт Т.Н-г албан тушаалтай болгож байгаа тул намайг хууль бус ч хамаагүй ажлаас чөлөөлөхөд хүрсэн юм. Иймд энэ шийдвэр нь хууль ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн юм.
Намайг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэсэн мөртлөө тус захирамжийг хүчингүй болгосон өдөр хүртэлх цалин хөлсөө дутуу тооцож олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг зөрчиж байна.
Иймээс Баян-Өлгий. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.Д-с шүүхийн шийдвэрийн “нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, илүү нэхэмжилсэн олговор 3,807,907 төгрөгийг гаргуулах, илүү нэхэмжилсэн олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Шүүх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар А.Д-нг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “...ээлжийн амралттай байгаа”, 35.1.3-д “...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” тохиолдлуудад ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалтуудыг зөрчсөн, хууль бус гэж үзэж захирамжийг хүчингүй болгосон атлаа “нэхэмжлэгчид ажилд нь эгүүлэн тогтоох үр дагавар үүсэхгүй” гэх дүгнэлтийг хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “...төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана…” гэж зааснаас үзвэл төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч өөрөө төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.
Нэхэмжлэгчээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгцээ 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гд хандаж “төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллах хүсэлт”-ээ гаргасан байна.
Хариуцагчаас уг хүсэлтийг шийдвэрлэж, захиргааны акт гаргаагүй хэдий ч түүнийг ажлаас чөлөөлөлгүй, тухайн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулж, 2018 онд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл А.Д-нг өөрийнх нь хүсэлтийн дагуу тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Харин хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж захиргааны акт гаргах үүргээ ийнхүү биелүүлээгүй хэрнээ 1 жил 6 сар гаруйн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэсэн үндэслэлээр А.Д-нг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг түүний 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.1.3-д зааснаар түүний эрхэлж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдах тул А.Д-нг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сохирхол бүрэн сэргэх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхээр байна.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” тохиолдолд түүний эрхэлж байсан албан тушаалд томилогдсон ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үндэслэл болох тул Т.Н-г Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд түр томилсон тус аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110/ШШ2019/0010 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Д-нг ажлаас чөлөөлөх тухай” Б/43, “Т.Н-г ажилд түр томилох тухай” Б/44 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, А.Д-нг Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 4,665,043 төгрөгийг олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН