Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2021/0060/З |
Дугаар | 001/ХТ2022/0032 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2022/0032
“М у р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал,
газрын тосны газрын Кадастрын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 775 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчид болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, өмгөөлөгч Б.Бс, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, С.М, Р.Э, А.Э (цахим), хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “М у р” ХХК-аас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан “1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолын “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” тогтоолын “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болхыг тогтоолгох, 3. “М у р” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-021700, ХV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 4. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 29.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М у р” ХХК-ийн ХV-021700, ХV-018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: “М у р” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Шувуун-Уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-021700, ХV-018243 дугаар тусгай зөвшөөрлийг 2010 оноос хойш хууль ёсны дагуу эзэмшиж байсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 киломтер төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралт ёсоор баталсны дотор нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-021700 дугаар тусгай зөвшөөрөл нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Шувуун уул” гэдэг газарт 6838.27 га, ХV-018243 дугаар тусгай зөвшөөрөл нь Дорноговь аймгийн Сайншанд, Сайханбадрах, Улаанбадрах сумын “Шувуун уул” гэх газарт 14078.24 га талбай бүхий хоёр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамрах 245 солбилцолтой давхцсан; мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг хавсралт ёсоор баталсны дотор Дорноговь аймгийн Сайншанд, Сайхан-бадрах, Улаанбадрах сумын “Шувуун уул” гэдэг газарт нэхэмжлэгчид олгосон хайгуулын ХV-021700 болон ХV-018243 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газруудтай мөн адил давхацсан байна.
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын талбайдаа эрэл хайгуулын ажил гүйцэтгэж, олон ажилчид ажиллуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, хайгуулын ажлыг өнөөдрийг хүртэл хийж ирсэн... Засгийн газрын 170, 232 дугаар тогтоолыг тус тус гаргах үед манай компанийн тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа гэдгийг мэдсэн атлаа хариуцагч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, … компанийн зүгээс нөхөн олговрын асуудлыг шийдүүлэх, дүйцүүлэн газар олгох талаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, бодитой шийдвэр гаргаагүй хэрнээ харин ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөхийг шаардсан албан бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 8/4311 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар хариу ирүүлсэн, ... Ашигт малтмал, газрын тосны газраас өөрсдөө Монгол Улсын Засгийн газарт уламжлах байтал энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хүрч байна...” гэж тодорхойлон маргасан.
2.2. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “... Засгийн газар төмөр замын чигийг тогтоохдоо Төмөр замын тээврийн хуулиар олгосон эрхийн хүрээнд тогтоосон, ... Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх газрыг Монгол Улсын Засгийн газар улсын тусгай хэрэгцээнд авах эрхийг Газрын тухай хуулиар олгосон, ... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-т зааснаар гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан, үүний дагуу ажиллагаа явуулсан, ... нэхэмжлэлийн шаардлагад хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа, ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...” гэж,
2.3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тусгай зөвшөөрлийг ... Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолоор тогтоосон хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг мэдэгдсэн байна, ... “М у р” ХХК-ийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын XV-018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай тус тус хэсэгчлэн давхцалтай байсан тул уг тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрын тооцоо, судалгааг гарган Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газарт тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 3/4713 тоот албан бичгээр хүргүүлсэн, … тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр хандаагүй байж, Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэж шүүхэд тус тус тайлбар гаргажээ.
3. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн нэхэмжлэлийн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, Монгол Улсын Засгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” тогтоолын “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М у р” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “М у р” ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “М у р” ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолын “М у р” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бусаар, хууль зөрчиж гарсны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн.
3.1. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 232, 2020 оны 170 дугаар тогтоолыг тус тус гаргахдаа “М у р” ХХК-д огт мэдэгдэлгүйгээр улсын тусгай хэрэгцээнд авч, төмөр замын чигийг тогтоосон нь хууль бус байна.
3.2. Журмын ... 3.6-д “Нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нөхөх олговрын талаар 7 асуудлыг заавал харилцан, урьдчилан тохиролцсон байхаар” тус тус журамласан байхад энэ ажиллагаа мөн хийгдээгүй.
3.3. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь заавал хангах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй.
3.4. Захиргааны байгууллага гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэдгээ огт нотлолгүйгээр дээрх тогтоолуудыг гаргасан нь хууль бус байна.
3.5. Тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас олгож болно гэж сонгох боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна.
3.6. Нэхэмжлэгч нөхөн олговор олгох эсхүл дүйцүүлэн газар олгохыг хүссэн хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байхад хариуцагчаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид хариу өгөөгүй.
3.7. Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй байх тул ... тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ... “М у р” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй.
3.8. Нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шүүхээс шууд тооцох боломжгүй байх тул “М у р” ХХК-ийг өөрт учирсан бодит хохирлоо нарийн судалж тооцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн “... Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолуудын “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай ...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Засгийн газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М у р” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын /ХV-018243, ХV-021700/ дугаар тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлыг тодорхойлсон, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар ... нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан тул заавал сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй, хариуцагчаас “сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж үзэн хууль бусаар захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ... зохицуулалтыг бүхэлдээ даалгах нэхэмжлэлийн агуулгыг илэрхийлж байх бөгөөд захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох болон захиргааны акт гаргуулахыг даалгах гэдгийг салгаж ойлгохгүй тул “нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргахыг даалгах” шаардлагыг тусдаа гаргасан нэхэмжлэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дүгнэлт өгөөгүй болно.
4.3. Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 20/36 дугаар албан бичгээр нөхөн олговор, эсхүл дүйцүүлэн газар олгох хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн байхад энэ асуудлаар нэхэмжлэгчид хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан буюу “эс үйлдэхүй” гаргасан гэж үзнэ.
4.4. Анхан шатны шүүхээс “... сонгох боломжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон ...” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа “... тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг ... Засгийн газарт, ... тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ...” гэсэн нь үндэслэлгүй байна.
4.5. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-018243, ХV-021700 тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, түүнийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь ... хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож, ... үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “нөхөх олговор”-ыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж үзсэн.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э, өмгөөлөгч Б.Б, Д.А, Б.Бс, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э гомдолдоо “... “М у р” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100% үндэсний аж ахуйн нэгж юм. Бид Дорноговь аймгийн нутагт байрлах ХV-021700, ХV-018243 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн газраас анх 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хууль журмын дагуу авч тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайдаа жил бүр хайгуулын ажлыг тогтмол хийж гүйцэтгэн ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд дээрх тусгай зөвшөөрлийн талбайн геологи хайгуулын ажилд манай компанийн хувьд 10 гаруй жилийн хөдөлмөр, хөлс хүчээ зарцуулсан ба зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрт л гэхэд нийтдээ 1,7 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг төрийн сангийн дансанд цаг тухайд нь тушааж байсан. Үүнээс гадна хайгуулын ажлын зардал /өрөмдлөгийн ажил, соронзон хайгуулын ажил, нөхөн сэргээлтийн ажил гэх мэт/, ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж болон Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын зардал гэх зэргээр нийт 3,873,049,698 төгрөгийн бодит зардлыг гаргасан болох нь шүүхийн шатанд шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоодсон /3-р хавтаст хэргийн 129-р хуудас, 181, 182 хуудас/.
6.2. Өөрөөр хэлбэл бид уг тусгай зөвшөөрлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилго тавин урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан болно. Уг төлөвлөгөөны дагуу бид БНХАУ, болон Франц улсын хэд хэдэн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах талаар урьдчилан тохиролцож, хамтран ажиллах баримт бичиг баталж, 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахаар төлөвлөн ажлаа хэрэгжүүлж байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолыг гарган манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн дийлэнх хэсгийг улсын тусгай хэрэгцээнд авсан болохыг бид 2020 оны 12 дугаар сард эрх зүйн цахим мэдээллийн веб сайт /www.legalinfo.mn/-аас олж мэдсэн ба уг тогтоолын дагуу төрийн эрх бүхий байгууллагаас тодруулга хүсэж албан бичгээр хандсан боловч хариу өгөөгүй.
6.2.1. Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Таван толгой-Зүүнбаян маршрутын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнд үндэсний аж ахуйн нэгж болох манай компанийн хувьд уг төсөлд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж төслийн эдийн засгийн үр өгөөжийг ухамсарлан улс эх оронд хэрэгтэй бүтээн байгуулалт хэмээн үзэж бүхий л талаар дэмжин ажиллахыг эрмэлзэж байсан. Гэвч хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь улс эх орны бүтээн байгуулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төсөл хэмээн хэт явцуурч уг төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг шат шатандаа зөрчиж, хуулийг үл хүндэтгэсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл цөөнгүй гаргасан. Тэдгээрээс заримыг дурдвал:
6.2.2. а/ Төмөр замын барилгын ажил хийгдэхээр болсон хэмээн том оврын техник хэрэгсэл болон инженерүүд манай тусгай зөвшөөрлийн талбай дээр бидний зөвшөөрөлгүй ажилчдын байрлах отог /кемп/ байгуулж, тусгай зөвшөөрлийн талбайд тэсэлгээ хийж, замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх” болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” хэмээн хуульчилсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан. Энэ тухай баримтыг бид хавтаст хэрэгт фото зураг /4-р хавтаст хэргийн 20-53 хуудас/ болгон өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үеэр ч мөн хариуцагч нараас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг давхардуулан олгох, ашиглуулах боломжтой эсэхийг асуухад Ашигт малтмал, газрын тосны газрын хууль, эрх зүйн хэлтсийн ажилтан боломжгүй гэх хариуг мөн өгч байсан /Анхан шатны шүүх хурлын тэмдэглэлийн 11-р хуудас, 4-р хавтаст хэргийн 64-р хуудас/.
6.2.3. б/ Манай компани нь өөр бусад олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай бизнесийн туршлагатай аж ахуйн нэгж бөгөөд тэдгээрийг нэг нь барилгын салбарын үйл ажиллагаа юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд мөн өөрийн зардал, хөрөнгөөр авто зам болон төмөр зам барьж байгуулсан туршлага манай улсад цөөнгүй байдаг. Тодруулбал зам, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг ямар процесс ажиллагаа хийгддэг болон тэдгээрийн эрх зүйн орчин зэргийг өөрийн бизнесийн туршлагаасаа шалтгаалан судалж, мэдсэн. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд замын барилгын ажлыг эхлүүлэхэд төрийн эрх бүхий байгууллагаас Авто замын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмыг чанд сахин ажиллах шаардлага үүсдэг ба төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авч мэргэжлийн тооцоо судалгааг боловсруулж ажлыг эхлүүлдэг.
6.2.4. Гэтэл Засгийн газрын дээр дурдсан төмөр замын төсөл нь дээр дурдсан процесс шат дамжлагаар бус шат шатандаа Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас хангалттай нотлогддог. Үүнээс гадна замын ажлыг хийж хэрэгжүүлэхэд орц, гарц, гарам зэргийг бусдад саад бэрхшээл учруулахгүй байхаар тооцож хийж хэрэгжүүлдэг байтал дээрх төмөр зам нь ямар ч гарам, гарцгүй бөгөөд том оврийн техник хэрэгсэл гарах боломжгүй байхаар шийдсэн нь ямар ч тооцоо судалгаагүй хийгдсэн төсөл болохыг тодоос тод харуулж байгаа хэрэг юм. Нэг үгээр хэлбэл уг төмөр замын төсөл хэрэгжсэнтэй холбоотойгоор манай компанийг цаашид уг тусгай зөвшөөрлийн талбай дээр олборлолт хийх боломжгүй болгосон бөгөөд уурхайн тэсэлгээ хийх, тээвэр хийх боломжийг бүрэн хязгаарласан. Үүнээс гадна Засгийн газраас төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар тогтоолоор олгосон боловч “Зүүнбаян төмөр зам” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан компани байдаг /3-р хавтаст хэргийн 62-р хуудас/. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар төмөр замын барилгын ажлыг хийж хэрэгжүүлэх эрхийг үүсгэн байгуулагдаагүй буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй бие даасан хуулийн этгээд болж гэрчилгээ аваагүй компанид олгосон.
6.2.5. в/ Манай компанийн хувьд хийж хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаагаа хууль журмын дагуу хийж хэрэгжүүлдэг тул Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмыг хэн байх эсэхээс үл хамааран бүгд л адил тэгш дагаж мөрдөх үүрэгтэй хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй хэмээн итгэж найдан ажиллаж ирсэн. Тэр дундаа Монгол Улсын Засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч субьект юм. Засгийн газрын зүгээс улс эх оронд ашигтай, нийтийн эрх ашгийн төлөө бүтээн байгуулалт хийх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа бол хууль болон бусад дүрэм журмаар зохицуулагдсан эрх зүйн зохицуулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. Тодруулбал газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбоотой харилцааг Газрын тухай хууль болон бусад холбогдох журам тэр дундаа Монгол Улсын Засгийн газар өөрөө батлан гаргасан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ заагийг тогтоох тухай журам”-д заасны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй боловч Монгол Улсын Засгийн газар уг үүргээ биелүүлээгүй. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахаасаа өмнө манай компанид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ заагийг тогтоох тухай журам”-д заасны дагуу нөхөн олговор олгохтой холбоотойгоор урьдчилан тохиролцох үүргээ биелүүлээгүй хуулийг болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагаа үл хүндэтгэсэн. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газар нь “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ заагийг тогтоох тухай журам”-д зохицуулсан зохицуулалтыг зөрчсөн бөгөөд газар чөлөөлөх, нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан тохиролцох зэрэг ажлыг огт хийж хэрэгжүүлээгүй бөгөөд манай компани шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын 64 дүгээр тушаалаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан байдаг.
6.2.6. Манай компани Засгийн газрын дээрх хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байсан ба Монгол Улсын Засгийн газар болон төрийн эрх бүхий байгууллагуудад албан бичгээр хандаж асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр бүхий л арга замыг эрэлхийлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул арга буюу уг асуудлыг шударгаар шийдвэрлүүлэхээр шүүхэд итгэж нэхэмжлэл гаргасан. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэлгүй хэт нэг талыг барьсан Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн, өөгшүүлсэн магадлал гаргасан. Ардчилсан улсад нийтийн эрх ашиг ямагт тэргүүн ээлжид байх нь зүйн хэрэг боловч цөөнх буюу тухайн шийдвэр гаргахад нөлөөлөлд өртөж буй этгээдүүдийн эрх ашгийг уландаа гишгэх нь хууль эрх зүй болоод шударга ёсны зарчимд огт нийцэхгүй, дарангуйллын шинжтэй буюу ардчилсан улсын суурь зарчмаас гажуудсан үйлдэл юм. Бид шүүхийг асуудалд хөндлөнгийн байр сууринаас аливаа нөлөөнд автахгүй, улс төр, нам эвслээс ангид шийдвэр гаргадаг шударга байгууллага гэж итгэж найдсан, итгэлийг давж заалдах шатны шүүхийн магадлал бүхэлд нь үгүй хийсэн. Чухам ямар хууль эрх зүйн зохицуулалтаар төр хувийн хэвшилээс илүү эрх эдэлж, хууль журмыг зөрчиж бусдыг хохироохоор хуульчилсан болохыг огт магадлалдаа дурдаагүй атлаа ийнхүү үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй төсөл нийтийн эрх ашгийн төлөө үйддэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь ганц хүний эрх ашгийн төлөөх үйлдэл мэтээр тайлбарлан шийдвэр гаргаж буй давж заалдах шатны шүүхийн ... шударга бус гэж үзэж байна.
6.2.7. Шүүхийн явцад бидний хувьд Монгол Улсын Засгийн газар ч төрийн эрх бүхий бусад байгууллагууд ч тэр хуулийг адил тэгш биелүүлж ажиллахыг л хүсэж, хууль бус үйлдлийг тогтоолгох зорилго агуулсан. Бид шүүхэд нэхэмжилсэн хохиролдоо гагцхүү баримтаар тогтоогдсон бодит зардлуудаа тусгасан бөгөөд ирээдүйд олох байсан орлого, бусдад төлсөн зээлийн хүүгийн алдагдал, бизнесийн алдагдсан боломжуудын тухай огт дурдаагүй, энэ тухай баримтуудаа ч шүүхэд гаргаж өгөөгүй, улс эх орны бүтээн байгуулалтыг дэмжиж, улсын төсвөөс нэг ч төгрөг илүү гаргуулан авах санаа сэдэл байхгүй болохыг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэвч төр засаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч биднийг нэмж хохироосоор л байгаа бөгөөд манай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбай дээр төмөр замын барилгын ажлыг хийж гүйцэтгэн биднийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон атлаа биднээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхийг шаардаж, дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлана хэмээн дарамталсан.
6.2.8. Монгол Улс эдийн засгаа өргөжүүлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж л байгаа бол үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах ёстой байтал энэ мэт үйлдлээрээ бизнесийн байгууллагуудын өмч хөрөнгийг үнэгүйдүүлдэг, үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарладаг үйлдлээ таслан зогсоож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ гагцхүү хуульд заасан журмын дагуу явуулж байх нь эн тэргүүний зарчим байх ёстой. Засгийн газрын тогтоолуудын улмаас учирсан хохирол зардалд манай компанийн хувьд уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд зарцуулсан бүтэн 10 гаруй жилийн судалгаа, тооцоо, ажилчдын хөлс хүч, цаг хугацааг мөнгөөр болон өөр бусад зүйлээр хэмжих боломжгүй. Нөгөөтэйгүүр, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын Засгийн газар нь хууль тогтоомжийг үл ойшоосон, үл хүндэтгэсэн, тэр ч бүү хэл өөрийнхөө батлан гаргасан журмыг ч дагаж мөрдөхгүй байх нь Монгол Улсын өнөөдрийн төрийн албаны хүнд суртал, авлига, хээл хахуульд идэгдсэн нийгмийг өөгшүүлсэн үйл ажиллагаа хэмээн үзэж байна. Бид нэг хуультай Монгол гэх нэг л улсад амьдарч байхад Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгж компани гэж ялгаварлан шүүх шийдвэр гаргаж буй давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөн эсэргүүцэхгүй байхын аргагүй байна. Иймд, магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар гомдол гаргасан.
6.3.1. Нэг. Захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолын хавсралтаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг батлан гаргасан байдаг. Тус журмын 3.6-д “Газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотойгоор нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай нөхөх олговрын талаар дараах 7 асуудлыг урьдчилан тохиролцох”-оор журамласан байна. Үүнд: тусгай хэрэгцээнд солих буюу эргүүлэн авах газрын хэмжээ, байршил, хил зааг; нөхөх олговор буюу өмчлөх, эзэмших эрх бүхий газар, газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийн үнэ, эсхүл нөхөн орлуулалтын үнэ; газар чөлөөлөх буюу нуүлгэн шилжүүлэх зардлын тооцоо; газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсны дараа газар чөлөөлөх хугацаа (огноо); улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанарын талаарх мэдээлэл; газар чөлөөлөхтэй холбогдон талуудын хүлээх үүрэг, хариуцлага; нөхөх олговрын хэмжээ, түүнийг олгох нөхцөл, хугацаа.
6.3.2. Гэвч хариуцагч нь дээрх ажиллагааг огт хийгээгүй бөгөөд нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж болох “М у р” ХХК-д урьдчилан огт мэдэгдээгүй. Дээрх журмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан байдаг боловч хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар тогтоолуудыг батлан гаргасан.
6.3.3. Монгол Улсын Засгийн газар нь хууль зөрчиж, нийтийн эрх ашгийн төлөө гэх үгийг урьтал болгон цөөнхийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргаж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хохироосон. Монгол Улсын хуулийг төрийн байгууллага болон иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим билээ. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, дүрэм, журам нь тэгш үйлчилдэг байгаасай гэдэг үүднээс Засгийн газрын хууль бус үйлдлийг таслан зогсоож, өөрийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд итгэн хандсан. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, мэдэх, оролцох, сонсох” ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгийг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын тогтоол нь нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан тул заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, хариуцагчаас “сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж үзэн хууль бусаар захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн. Хэрэв шүүх нийтийн эрх ашгийн төлөө хойшлуулшгүй ажиллагааны улмаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй хэмээн үзэж байгаа бол хойшлуулшгүй ажиллагааны талаарх нотлох баримтыг магадлалд дурдаж, түүнийг үндэслэсэн байх шаардлагатай. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хойшлуулшгүй ажиллагаа болохыг нотолсон нотлох баримт огт байхгүй бөгөөд зөвхөн хариуцагчийн тайлбар л байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй няцаалт хийж байгаа бол түүнийг нотлох баримтыг заавал шүүхэд хавсаргаж өгөх, шүүх уг хавсаргасан баримтыг үндэслэн уг баримтад үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ч зөвхөн хэрэгт цугларсан үйл баримт, түүний нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх зарчимд тулгуурлан явагддаг ажиллагаа байхад шүүх баримтаар нотлогдоогүй үйл явдлыг хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нөгөөтэйгүүр, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газар нь өөрийнхөө батлан гаргасан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа сахин мөрдөхгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг хохироож байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл юм.
6.3.4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг гаргах, мөн уг шийдвэрийг хэрэгжүүлэх аль ч шатанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчийн “мэдэх, оролцох, сонсох, харилцан тохиролцох" эрхийг хангаагүйн улмаас бидний хувьд нэгэнт зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэхээр шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрсэн. Хуульд зааснаар нөхөн олговор олгох асуудлыг захиргааны акт гарсанаас хойш 1 жилийн дотор шийдвэрлэх үүргийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэсэн атал 16-19 сарын хугацаанд хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй байгаа нь сонсох ажиллагаа хийгдээгүйн шууд үр дагавар юм. Гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай гэдэг нөхцөлд “төмөр зам барих шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажил” ямар ч тохиолдолд хамаарахгүй, цаг хугацааны хувьд ч энэ шаардлагад хамаарахгүй. Захиргааны актын дагуу төмөр зам барих ажил нэгэнт хэрэгжсэн тул нэхэмжлэгчийн зүгээс төмөр замын ажлыг зогсоох, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд нийтийн эрх ашигт хүлээцтэй хандсан гэдгийг тэмдэглэмээр байна. Харин эдгээр захиргааны акт, түүний дагуу хэрэгжсэн төслийн улмаас ашигт малтмал эрэх, хайх ажлыг хууль ёсны дагуу эрхэлж явсан байгууллага хохирч үлдэх нь хуульд нийцэхгүй тул захиргааны актыг хууль бус байсныг тогтоож, зохих нөхөн олговор болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу зарцуулсан бодит зардал (үүнд олон жилийн цаг хугацаа, хөдөлмөр, эдийн засгийн өгөөж үр ашгийг тооцоогүй болно)-ыг төрөөс нэхэмжлэх эрхтэй.
6.3.5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн байр суурийг ойлгохгүйгээр “нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүй гэсэн хуулийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийг төмөр замын төслийг гацаах гэж байсан мэтээр таамаглан дүгнэж, сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэснээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хаасан шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газар нь хуулийн хэрэгжилтийг хангах дээд байгууллага болохын хувьд гадагш чиглэсэн аливаа акт нь нийтийн эрх ашгийг хангахад чиглэгдэнэ гэдэг нь илэрхий юм. Ингэхдээ хуулийн дагуу ажиллаж байгаа хувийн хэвшлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж болохгүй, хэрэв зайлшгүй шаардлага гарвал зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг хуулиар хүлээдэг.
6.3.6. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд мөн зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д нөхөн олговор өгөх зохицуулалтыг хуульчилсан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны актыг хууль бус байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нөхөн олговор авах, хохирлоо төлүүлэх эрхийг шууд хязгаарласан байна.
6.3.7. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оноос эхлэн энэ тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаанд эзэмшихдээ зөвхөн бодит зардал болох тусгай зөвшөөрлийн хураамж, хайгуулын ажлын зардал зэрэг санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдох зардлыг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид, ажилчдын хувьд 10 гаруй жилийн хугацаа богино биш бөгөөд бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа эрхлэх, хөдөлмөрлөх, ажил амьдралаа энэ төсөлд зарцуулах зэрэг мөнгөөр үнэлж болохгүй олон зүйлсийг нэхэмжлээгүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүйгээр хохирол нэхэмжлэх боломжийг бүхэлд нь хассан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч Засгийн газрын тухайд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэнэ гэх асуудлыг хуульд заасан 1 жилийн хугацаанаас илүү хугацаанд ярьсан атлаа нэхэмжлэгч байгууллагын эрхийг бодитой сэргээхгүй байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзсэнгүй, энэ байдал цаашид үргэлжлээд байж болзошгүй байна.
6.3.8. Хоёр. Хууль бус актын улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” хэмээн хуульчилсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан хэмжээгээр хохирол шаардсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь маргаан бүхий тогтоолуудыг батлан гаргахдаа хуульд болон бусад холбогдох журамд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг огт хийгээгүй эрх зүйн зөрчилтэй актыг батлан гаргасан. Уг эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлгчид 3,873,049,698 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь санхүүгийн анхан шатны баримтууд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан бөгөөд хохирлын хэмжээтэй холбоотой асуудлаар хариуцагч нар огт маргадаггүй. Тодруулбал, хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох шинжээчийн дүгнэлтээр батлагдсан 3,873,049,698 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
6.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бс, Д.А нар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан.
6.4.1. Нэхэмжлэгч “М у р” ХХК нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Шувуун уул нэртэй газарт ХV-021700, ХV-018243 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 2010 оноос хойш хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох хууль тогтоомжид заасны тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүрд төлж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, хайгуулын талбайд эрэл хайгуулын ажлыг хийхтэй холбоотой ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулж, зардал гаргасан. Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолууд гарсны улмаас “М у р” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч нь 3,873,049,698 төгрөгийн зардал гаргасан нь шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар тогтоогдсон бөгөөд үүнтэй холбоотой баримт материалууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.
6.4.2. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргахыг даалгах шаардлагыг тусдаа гаргасан нэхэмжлэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй байна. Учир нь, Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан талбай нь нэхэмжлэгчийн 2010 оноос хойш эзэмшиж байсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 245 солиболцолтой давхацсаны улмаас нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахад зарцуулсан холбогдох зардал болон төлбөрийг 3,873,049,698 төгрөгийн бодит хохирол учирсан гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан давж заалдах гомдол гаргасан бөгөөд тус гомдолд давж заалдах шүүхээс дүгнэлт өгөөгүй орхигдуулсан, нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлээгүй, тодорхойгүй байдал үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6.4.3. Нэхэмжлэгч “М у р” ХХК-д учирсан хохирол болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал, эрэх хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг төлөхтэй холбоотой заалт байх бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын талбайд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой нөхөх олговор олгох асуудлыг зохицуулсан заалт байна. Энэхүү нөхөн олговорт тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой хохирлын асуудал хамааралгүй байна. Харин нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарсан зардал болон тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн байтал шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шийдвэрлээгүй.
6.4.4. Мөн давж заалдах шатны шүүх магадлалдаа Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтыг үндэслэл болгож тайлбарласан хэрнээ тус магадлалын Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн өөр зүйл заалтыг буюу тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна. Иймд, шийдвэр болон магадлалд нэхэмжлэгч “М у р” ХХК-д учирсан хохирол болох 3,873,049,689 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулж, өөрчлөлт оруулж өгнө үү.
6.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар гомдол гаргасан.
6.4.1. Магадлалын 9 дүгээр нүүрэнд “Тодруулбал, хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын XV-018243, XV-021700 дугаар тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, түүнийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “нөхөх олговор”-ыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэж дүгнэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”; мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус заасан.
6.4.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нөхөх олговор авах асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хүсэлт гаргаагүй бөгөөд дээрх хуульд заасны дагуу нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Дээрх магадлалын холбогдох хэсгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиин 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан “... шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.
6.4.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Иймд, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргасан тул хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
9. Нэг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолын нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
10. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолын 1-д “Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:” гээд 2-т “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” үүргийг Засгийн газарт өгсөн; энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолын 1 дэх хэсгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг хавсралт ёсоор баталсан; мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 киломтер төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тогтоолын хавсралтаар газрын хилийн заагийн эргэлтийн цэгийг тогтоосны дотор нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-021700 дугаар тусгай зөвшөөрөл нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Шувуун уул” гэдэг газарт 6838.27 га, ХV-018243 дугаар тусгай зөвшөөрөл нь мөн газарт 14078.24 га буюу 245 солбилцолтой давхцаж байгаа болох нь тогтоогдсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
11. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:” гээд 16.1.13-т “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 18.1.2-т “энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх;” гэж тус тус зааснаар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газар нь дээрх зорилгоор газрыг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй.
12. Мөн Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 287 дугаар тогтоолоор “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 3.5.3-т тусгай хэрэгцээнд авсан газар нь иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газартай давхцсан тохиолдолд газрыг солих, эргүүлэн авах тухай мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраар уламжлан хүргүүлж, 3.6-д заасан 7 асуудлыг урьдчилан тохиролцох үүрэгтэй; харин уг журмын 3.7-д “Улсын тусгай хэрэгцээнд авах газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газартай давхцсан тохиолдолд нөхөх олговор олгох асуудлыг ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хуульд заасан журмын дагуу тооцно” гэж зааснаар тусгай хэрэгцээнд авсан газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан бол тусгайлсан хуульд заасан журмын дагуу тооцох зохицуулалттай байна.
13. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээнд авсан газар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа бол Газрын тухай хууль болон дээрх журмын 3.5.3, 3.6-д заасан ажиллагааг хийх бөгөөд харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан бол Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар нөхөх олговрыг шийдвэрлэхээр журам тогтоогч ялгамжтай зохицуулжээ.
14. Тиймээс анхан шатны шүүхийн “... журмын 3.5.3, 3.6-д заасныг зөрчсөн ...”, “... Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана гэж хуульчилсан байхад хариуцагчаас хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй ...” гэх дүгнэлт үндэслэлгүй, энэ талаар мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газар нь өөрийнхөө батлан гаргасан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг үйл ажиллагаандаа сахин мөрдөхгүйгээр иргэд аж ахуйн нэгжүүдийг хохироож байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчсөн ... Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг ... -ийг зөрчиж маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар тогтоол, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар тогтоолуудыг батлан гаргасан ...” гэх гомдол үгүйсгэгдэнэ.
15. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэж тус тус зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх зохицуулалттай; Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн маргаан бүхий 170 дугаар тогтоолын 2-т “Энэ тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай ... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээг ... тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарт даалгасугай” гэснээс үзэхэд Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гарсан Засгийн газрын маргаан бүхий тогтоолууд Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
16. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан боловч мөн хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлыг тодорхойлж, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;” сонсох ажиллагааг хийхгүй байж болохоор зохицуулсан; Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолд “... Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ...”-ийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосны зэрэгцээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас Барилга хот байгуулалтын сайдад хандаж илгээсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Санал авах тухай” албан бичигт төмөр замын зурвас газрын зориулалтаар Улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг, мөн Барилга, хот байгуулалтын сайдаас дурдсан асуудлаар Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/1876 дугаар албан бичгээр санал авахыг хүсэхдээ тус тус “Яаралтай” дардас дарсан зэргээс үзэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй, анхан шатны шүүхийн “... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь заавал хангах үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй байна ... Захиргааны байгууллага гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэдгээ огт нотлолгүйгээр дээрх тогтоолуудыг гаргасан нь хууль бус ...” гэсэн дүгнэлт буруу.
17. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Хэрэв шүүх нийтийн эрх ашгийн төлөө хойшлуулшгүй ажиллагааны улмаас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй хэмээн үзэж байгаа бол хойшлуулшгүй ажиллагааны талаарх нотлох баримтыг магадлалд дурдаж түүнийг үндэслэсэн байх шаардлагатай. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хойшлуулшгүй ажиллагаа болохыг нотолсон нотлох баримт огт байхгүй бөгөөд зөвхөн хариуцагчийн тайлбар л байдаг ...” гэх гомдол үгүйсгэгдэх бөгөөд уг гомдлоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг өөрчлөх боломжгүй.
18. Давж заалдах шатны шүүх Засгийн газар тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв боловч уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүй байх зохицуулалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
19. Учир нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийснээр нийт иргэдийн нийтлэг ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий нөхцөл байдал үүснэ гэж үзвэл сонсох ажиллагааг хийхгүй байх боломжтой, энэ тохиолдолд Засгийн газраас төмөр замын чиглэл баталж, уг чиглэл дайрах газрыг тусгай хэрэгцээнд авахдаа сонсох ажиллагаа хийх нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэх нотлох баримтыг гаргаж маргаагүй, харин дээрх байдлаар “нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай” нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ хүрээнд нэмж тодруулах зүйл байхгүй тул хяналтын шатны шүүх тогтоогдсон үйл баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний зөвтгөсөн тайлбар, өөрчлөлт оруулав.
20. Хоёр. Нэхэмжлэгчээс “М у р” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-021700, ХV-018243 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөх олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “... энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М у р” ХХК-ийн ХV-021700, ХV-018243 дугаар ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны ... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзал хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.
22. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасныг нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбарын хүрээнд байна уу, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих шийдвэр гаргахгүй байна уу гэсэн нөхцөл байдалд дүгнэлт өгөх учиртай.
23. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” хэмээн тодорхойлж, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заажээ.
24. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг хуульд заасан хугацааны дотор заавал төлөх үүрэгтэй; харин Засгийн газар хуульд заасан тодорхой зорилгоор газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Засгийн газарт баталгаажуулжээ.
25. Нэгэнт дүйцэх талбай олгох шийдвэр гаргах эрхийг Засгийн газарт олгохдоо “тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцох”, “улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбай” гэсэн нийлмэл гипотезээс өөр тодорхой нөхцөл, шалгуур хууль тогтоогч тусгайлан заагаагүй, Засгийн газарт сонгох боломж олгосон, энэ тохиолдолд Засгийн газрыг хуульд заасан үүрэг биелүүлээгүй, эс үйлдэхүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, “дүйцэх тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
26. Гэтэл анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас олгож болно гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон байна” гэж захиргааны сонгох боломжийн талаар хуулийг зөв тайлбарласан атлаа “... захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй ...” гэсэн дүгнэлт хийж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
27. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нөхөх олговрыг аливаа хэлбэрээр хуульд заасан хугацаанд төлөх нь захиргааны сонгох боломжид хамаарахгүй, үүрэг болгосон хуулийн императив диспозици байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд давж заалдах шатны шүүх “... хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХV-018243, ХV-021700 тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, түүнийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэсэн дүгнэлт хийж, нөхөх олговрыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв, нөхөх олговрыг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр дүйцэх талбай олгох замаар шийдвэрлэх эрх нь Засгийн газарт хэвээр хадгалагдаж байна.
28. Түүнчлэн, хуульд тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг төлөхөөр заасан, нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 20/36 дугаар албан бичгээр нөхөн олговор, эсхүл дүйцүүлэн газар олгох хүсэлтээ газрыг тусгай хэрэгцээнд авсан захиргааны байгууллага болох Засгийн газарт хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч хуулийн этгээд нөхөх олговор авах асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр хүсэлт гаргаагүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
29. Гурав. Нэхэмжлэлийн “хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах” шаардлагын хувьд анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалттай; энэ тохиолдолд хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс холбогдох баримтуудыг нягталж, нийт 3,740,911,543 төгрөг гэж хохирлын үнийн дүнг тодорхойлсон боловч уг дүгнэлтэд “2020, 2021 оны санхүүгийн баримт ирээгүй тул уг онд хамаарах талбайн хайгуулын ажлын зардал болон бусад зардалд хэдэн төгрөг зарцуулсан эсэхийг тогтоох боломжгүй” гэж дурдсан; нэхэмжлэгчээс “нэхэмжлэл гаргаснаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөрт “163,473,012” төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн” гэх зэргээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... дээрх хуульд заасны дагуу нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоох ажиллагаа хийгдээгүй байна ...” хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд хохирлын үнийн дүн, хэмжээний талаар маргаантай нөхцөл байдал үүсчээ.
31. Иймд, энэ үндэслэлээр “... “М у р” ХХК-ийг өөрт учирсан бодит хохирлоо нарийн судалж тооцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.
32. Давж заалдах шатны шүүх Засгийн газрын 2019 оны 232 дугаар, 2020 оны 170 дугаар тогтоолын нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох болон тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нөхөх олговрыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч хохиролтой холбоотой энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар “Хянавал” хэсэгт “тусдаа бие даасан шаардлага биш” хэмээн буруу дүгнэсний зэрэгцээ “Тогтоох” хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан, хуулийн заалтыг буруу бичсэн, баримталбал зохих зарим хуулийн заалт дутуу байх тул хяналтын шатны шүүх энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 117 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 775 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М у р” ХХК-ийн “ашигт малтмалын хайгуулын ХV-018243, ХV-021700 дугаар тусгай зөвшөөрлүүдийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр нөхөх олговор авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.А, Б.Бс, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “М у р” ХХК-аас гомдол тус бүрд улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу), нийт 210,600 (хоёр зуун арван мянга зургаан зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100200700941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН Д.МӨНХТУЯА
М.БАТСУУРЬ