| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0030/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/30 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,
хохирогч Ч.Б,
гэрч Б.А, Б.А, Э.Э,
шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Д.Өд холбогдох эрүүгийн 1807003680152 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, одоо тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатарт хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 65 дугаар байр 121 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ЧЖ62072292 дугаартай, Бэсүд овогт Д.Ө.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Д.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 27-ны орой шөнө 22 цагийн орчимд Налайх дүүргийн 10 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр бүлийн “Эко” амралтын газрын хажууд “ачааны машинчаар тавина” гэсэн ажил, албан тушаалын шинжтэй асуудлаас болж Ч.Бтай маргалдаж зүүн нүдэн тус газар гараараа цохиж зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан нүдийг сохлон эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цувааны хамт олон уламжлалт ёсоороо зугаалганд явсан. Зугаалга тараад буцах болоход намайг “Б.Нямхүүгийн машинд суугаарай” гэхээр нь би урд талын суудалд суух гэтэл Энхтөр сууж байсан. Би арын суудалд суухад Ч.Б миний зүүн талд, Ган-Очир миний баруун талд сууж явцгаасан. Ч.Б бид хоёр хоёул согтуу байсан. Машинд суугаад явж байтал Ч.Б над руу хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилоод буюу “намайг ачааны хөдөлгөөнөөс авлаа, Мөнхнасангийн дүү Ганзоригийг суудлын хөдөлгөөнд тавих боллоо” гээд маргаад байсан. Би ахмад хүний хувьд бас багшийн үүднээс хацар дээр нь хэд хэдэн удаа буюу 2-3 удаа алгадсан нь үнэн. Би бөгж зүүдэг гэхдээ тэр үед бөгжгүй байсан. Бид хоёрыг маргалдаад байж байх үед урд сууж явсан Б.Нямхүү болон бусад хүмүүс ярилцаад бид хоёрыг арын машинд сольж суулгахаар болоод зогссон. Ч.Б бид хоёр машинаас буухдаа давхаралдаж унасан. Би байгаагүй байсан бол Ч.Б буугаад л явчих байсан байх. Надаас болоод газар унаад нүдээ хагалчихсан гэж би ойлгож байгаа. Хохирогч надаас болоод ертөнцийг харах нүдгүй болсон учраас би өөрийн гэм бурууг хүлээж байна” гэв,
Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цувааны хамт олон зугаалгааар явах болсон. Би маргааш нь ажилтай байсан тул явахгүй санаатай гэртээ байж байсан. Гэтэл Д.Ө “ах хамт олон явах гэж байхад явахгүй гэлээ” гэхээр нь явсан. Би зугаалганд явахдаа Нямхүүгийн машинд сууж явсан. Орой нь зугаалга тарах болоход Нямхүүгийн машинд хувцасаа орхисон байсан тул Нямхүүгийн машинд сууж явсан. Хамгийн анх хэрүүл болсон шалтгаан нь миний бодлоор Д.Ө ах надтай хамт архи уух гээд эхнэр нь намайг гэртээ дуудахад би очоогүй юм. Тэр үед Д.Ө ах “их зан гаргалаа би чамайг суудлын хөдөлгөөнд явуулдаг. Их зан гаргаж маяглаад байвал оронд чинь өөр хүнийг тавиад чамайг ачааны машинчаар тавина” гэж хэлж байсан. Энэ мэтчилэн 2-3 удаа дарамталж байсан удаатай. Д.Ө 2003 оноос хойш 16 жил надтай цуг ажиллаж байгаа. Д.Ө ах уур нь хүрэхээр хүнийг гэндүүлж цохидог учраас намайг машинд суулгаж байгаад зодъё гэж бодсон юм шиг байна лээ. Машин хөдлөөд явж байхад Д.Ө гэнэт хажуунаас хүчтэй 2-3 удаа шанаадаж цохисон. Би “та яагаад хүн зүгээр байхад зодоод байгаа юм бэ” гэж хэрэлдэхэд намайг дахиад цохьсон. Тэр үед Нямхүү утсаар арын машины хүнтэй ярьж байгаад машинаа зогсоосон. Машин зогсоход Д.Ө буугаад би хойноос нь буух гэхэд намайг татаад шууд цохисон. Цохиход нүд рүү юмаар хатгасан юм шиг манас хийгээд улаа бутраад Д.Ө бид хоёр цуг давхаралдаад унасан. Унахад Нямхүү гүйж ирэн салгаад “нүднээс чинь цус гоожоод байна” гэж хэлсэн. Би алгаа тосоод хартал цус биш өөр зүйл гоожоод байсан. Батдэлгэр ахыг ирэхээр нь “Миний нүднээс цус биш өөр зүйл гоожоод байна. Та хараад өг” гэсэн чинь Батдэлгэр ах намайг машины гэрэлд суулгаад харж байснаа “Нүднээс чинь хүрэн зүйл гоожоод байна. Нүд чинь сонин болчихсон байна. Яаралтай гэмтэлийн эмнэлэг явахгүй бол болохгүй” гэсэн юм. Би нүд сохирчихлоо гэж бодоод шоконд орсон. Тэгээд эхнэр лүүгээ утсаар яриад “намайг ирж аваарай” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлтэл “нүдний 1 дүгээр эмнэлэг яв” гэхээр нь 1 дүгээр эмнэлэгт очтол эмнэлэг нь “засвартай байгаа” гэж байсан. 3 дугаар эмнэлэг дээр очиход хараа шалгадаг зүйлээр шалгаад “хурц гэрлийг мэдэрч байвал нүд чинь сохроогүй, хурц гэрлийг мэдрэхгүй байвал нүд чинь сохорсон гэсэн үг” гэж хэлэхэд би ямар ч гялбааг мэдрэхгүй байсан. Тэгтэл эмч “зүүн нүд чинь гэмтсэн байна яаралтай салгахгүй бол баруун нүд чинь дагаад сохорчихдог учраас хагалгаанд орох шаардлагтай” гэж хэлсэн. Би тэр орой нь эмнэлэгт хэвтээд маргааш нь хагалгаанд орох гэтэл архи уусан учраас норкоз үйлчлэхгүй, нэг хоногийн дараа хагалгаанд ор гэж хэлэхээр нь нөгөөдөр нь хагалгаанд орсон” гэв,
Гэрч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр “цувааныхан нь зугаалганд явах болсон. Би ажилтай тул явахгүй” гээд гэртээ үлдээд байж байсан. Тэгээд Д.Ө ах дуудаж байгаад манай нөхрийг авч явсан. Оройны 22 цаг 30 минутын үед манай нөхөр над руу утсаар яриад “намайг Д.Ө ах зодчихлоо, хурдан ирж ав” гэж хэлсэн бөгөөд “Өлзий ахаа та намайг зодчихлоо шүү дээ” гэж хэлж байгаа нь утасны цаанаас надад сонсогдож байсан. Тэгээд манай нөхөр утсаа таслахаар нь би эргээд залгахад туслах нь утас аваад “гэмтлийн эмнэлэг дээр очоорой бид нар танай нөхрийг аваад гэмтэл орж байна” гэхээр нь би гэмтлийн эмнэлэг дээр очоод нөхрийгөө иртэл хүлээсэн.
... Бодит зардал бол Солонгос явсан эмчилгээний зардал 18,000,000 гаруй төгрөг болсон. Урьд Монгод 2 удаа хагалгаанд орсон, 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Энэ зардлуудыг тооцоод 23,000,000 төгрөг болсон. Манай нөхөр тэтгэвэрт гарахад 7 жил дутуу байсан. Ах дүүгээрээ удам дамжсан төмөр замчид байсан. Энэ ажлаа хийж чадахгүй болсонд маш их гомдолтой байгаа” гэв,
Гэрч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад манай төрсөн дүү Алтанзул утсаар яриад “нөхөр маань Д.Ө ахад зодуулчихлаа бид нар гэмтэл дээр байна” гэхээр нь би “хаанаа гэмтэл авсан юм бэ” гэж асуухад “нүд нь битүү гэмтэлтэй байна” гэж хэлсэн. Тэд нар гэмтлээс шууд 1 дүгээр эмнэлэг рүү очиход нь би шууд гэрээсээ гараад 1 дүгээр эмнэлэг дээр очиж уулзсан. Уулзахад манай хүргэн Ч.Бы нүд нь хавагнасан, нүднээс нь шүүс гоожчихсон маш их зовиуртай харагдаж байсан. 1 дүгээр эмнэлэг дээр үзүүлэхэд тухайн эмнэлэг нь засвартай байсан тул бид нар 3 дугаар эмнэлэг рүү явсан. 3 дугаар эмнэлэг явах замд машин дотор Ган-Очир гэх хүн байсан бөгөөд өөрийгөө Д.Өын хүү нь гэж хэлж байсан. Би Ган-Очироос “яагаад ийм зүйл болчихов” гэж асуухад “манай аав хэд хэдэн удаа буюу 2-3 удаа нүд рүү нь хүчтэй цохисон” гэж хэлж байсан” гэв,
Гэрч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “3 дугаар эмнэлгийн нүдний эмч байсан. Ч.Б хамгийн эхэнд гэмтэлд үзүүлээд гэмтлийн эмнэлэг нүдний эмчгүй учраас 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан байна лээ. 1 дүгээр эмнэлэг надаас түрүүлж Ч.Быг үзсэн боловч манай эмнэлэг рүү явуулсан.
...Би 3 дугаар эмнэлэгийн нүдний эмч бөгөөд Ч.Быг анх үзэхэд зовхи хавантай, хөхөрсөн, улайсан, нүднээс нь маш их хэмжээний шингэн зүйл гоожсон байсан. Нүдний алимыг нээж үзэхэд зүсэгдсэн гэмтэлтэй, алимны бүтэц тодорхойлогдохгүй байсан. Харааг нь шалгахад огт гэрэл мэдрэхгүй байсан. Хараа шалгах нь дотроо олон янз байдаг. Тухайн хүн юм харж байгаа эсэхийг шалгах, харахгүй бол ядаж гарын хөдөлгөөн мэдэрч байгаа эсэхийг шалгана. Гарын хөдөлгөөн мэдрэхгүй бол гэрэл тусгаж гэрлийн тусгалыг зөв таниж байгаа эсэхийг шалгах ёстой. Хүн гарын хөдөлгөөн мэдэхгүй ч гэсэн баруун талаас гэрэл байвал хэлэх ёстой. Гэтэл Ч.Б гэрэл байгаа үгүйг ч ялгахгүй байсан учраас харааны чадлыг нь тэг /0/ гэж дүгнэсэн.
...Эмч хүн стори нээхдээ зовиурын ананиз авна. Гэтэл би өөрөөс нь ананиз авсан. “Эгчээс нь ананиз авав” гэж стори дээр бичсэн. “Яагаад гэмтсэн бэ?” гэж асуухад “хүнд зодуулаад гэмтсэн” гэж хэлсэн. Тэрнээс биш би зодуулах үед нь хажууд нь байгаагүй. Өөрсдийнх нь хэлсэнээр бичсэн” гэв,
Хохирогч Ч.Бы мөрдөн байцаалтад өгсөн “Манай байгууллага жилд нэг удаа фондны мөнгөөр салхинд гарах ажил зохион байгуулдаг уламжлалтай байсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депогийн 8 дугаар цувааны амарч байсан 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй ажилчид нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын голын орчимд майхан бариад хоол унд хийгээд зугаалгын нээлт хийж архи дарс уугаад хөл бөмбөг тоглож, бөх барилдаж, усанд сэлээд зураг хөрөг авч байгаад орой 22 цагийн орчимд харанхуй болсон байх үед явах болоод би Нямхүү гэгч машинчийн машины арын суудалд суугаад миний баруун талд Д.Өын хүү Ган-Очир, зүүн гар талд Д.Ө суугаад урд талд жолооч Нямхүү машинаа жолоодож, жолоочийн хажуу талд Энхтөр гэдэг залуу хөлөө гэмтээсэн байсан учир урд талд суугаад явж байсан юм. Тэгтэл Д.Ө юм ярихгүй зүгээр явж байгаад гэнэт миний зүүн талын шанаан тус газарт гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Энэ үед би урдаас нь “та яагаад намайг зүгээр байхад зодоод байгаа юм бэ?” гэж хэлээд маргалдсан юм. Ингээд Нямхүү жолооч машинаа зогсоож бид хоёрыг салгаж суулгах санаатай буугаад арын машин дээр гүйж очих үед Д.Ө өөрөө машинаас буугаад би араас нь буух гэхэд намайг заамдаж аваад машинаас буулгаж байгаад зүүн нүдэнд гараараа цохих үед миний зүүн нүд рүү ямар нэг зүйлээр хатгах шиг болоод маналзаад би нүдээ гараараа дараад хажуу талаараа газар унах үед гаран дээр ямар нэгэн шингэн зүйл дуслаж байсан учир “нүднээс юм гоожоод байна хараад өгөөч” гэхэд Батдэлгэр ах нээж нүдийг машины гэрэлд хараад “хүрэн шингэн зүйл нүднээс чинь гараад байна, чи эмнэлэг явахгүй бол болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би баруун нүдээ аньж зүүн нүдээрээ харах үед ямар нэгэн зүйл харагдахгүй байсан учир Нямхүүгийн машины арын суудалд суугаад шууд гэмтлийн эмнэлэг явах замдаа утсаар өөрийн эхнэр Алтанзултай утсаар яриад “Д.Ө ах миний нүд рүү цохиод нүд гэмтсэн ямар нэгэн шингэн зүйл гараад байна” гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлээд нэгдүгээр эмнэлэг явж нүдний тасагт үзүүлэхэд “чиний нүдний цөцгий гоожсон байна манайх засвартай хүн авахгүй байгаа тул гуравдугаар эмнэлэгт очиж яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэхээр нь гуравдугаар эмнэлгийн нүдний тасагт хэвтэн хагалгаанд орж зүүн нүдийг авсан болно” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 12-19 дүгээр тал/
Гэрч Б.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д.Ө ах Ч.Быг 1-2 удаа гараараа цохиж байсан чухам яг хаана нь цохисон талаар харж чадаагүй юм.
...машины хаалга онгойж жолоочийн эсрэг тал Д.Ө ахын сууж байсан талаар Ч.Б ах Д.Ө ах 2 давхралдаад газар унасан болно. Би гүйж очоод Ч.Быг дээрээс нь салгаж аваад газар суулгаж Д.Ө ахыг босгож машины арын суудалд суулгаад хаалгыг хаасан болно. Тэгтэл Ч.Б ах босохгүй зүүн нүднээс нь цус гараад сормуус дээр нь нөжирч байхад нь ариун цэврийн цаасаар арчаад тогтохгүй байхаар нь Ч.Быг нь Баянмөнхийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг ороод, нэгдүгээр эмнэлэг ороод дараа нь гуравдугаар эмнэлэг ороод хагалгаанд орсон болно” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 25-28 дугаар тал/
Гэрч Ч.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн “...ажлын талаар юм яриад маргалдаж байгаад бие биенийгээ цохих чимээ гарсан учир Нямхүү машинаа зогсоож ард талд явж байсан манай ажлын газрын Баянмөнхийн машиныг зогсоож уулзахаар буусан юм. Энэ үед удалгүй миний арын хаалга гэнэт онгойж Ч.Б, Д.Ө 2 давхралдаад буусан учир би өөрөө хөл гэмтсэн бууж чадахгүй байсан учир “энэ хоёрыг аваарай” гэж орилсон чинь цаанаас Нямхүү гүйж ирээд салгаад нэгийг нь босгож байсан. Тэгээд Д.Өыг авч ирээд арын суудалд суулгаад Ч.Б ах газар өгзөгөөрөө суусан байдалтай Ч.Б ахын нүүр орчмоос нь цус гарч байгаа бололтой Нямхүү, Баянмөнх 2 цаасаар арчиж байгаа харагдсан. Ингээд Ч.Быг арын машинд суулгаад гэмтлийн эмнэлэг яваад явсан юм” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 29-32 дугаар тал/
Гэрч Ө.Ган-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...манай аав Д.Ө хойд суудал дээр зэрэгцэн сууж яваад баруун гарынхаа алганы ар хэсгээрээ 2 удаа Ч.Б ахын нүүрэн тус газарт нь цохисон.
...Ингээд Нямхүү арын машины жолоочтой уулзах гээд машинаас буугаад явах үед манай аав Д.Ө, Ч.Б ах 2 машины арын хаалгаар давхралдан газар унах үед би арын хаалгаар буугаад салгах санаатай очих үед Нямхүү хажууд нь аавын дээрээс Болочулуун ахыг босгож байгаа харагдсан юм. Би гүйж очоод Ч.Б ахыг түшиж газар суулгах үед Ч.Б ахын зүүн нүднээс нь цус мэт шингэн зүйл гарч байсан учир Баянмөнх, Батдэлгэр ах 2 цаас авч ирээд нүдийг нь арчиж өгч байсан...” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 39-44 дүгээр тал/
Гэрч Ж.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн “...Баянмөнхийн утас дугарч “Ч.Б, Д.Ө нар маргалдаад байна салгаж суулгах хэрэгтэй байна, та Нямхүүгийн машинд суучих” гэхээр нь би зөвшөөрсөн болно.
...энэ үед би гутлаа тайлсан байсан учир гутлаа өмсөөд очих үед Ч.Б газар суусан Нямхүү, Баянмөнх хоёр ээлжлэн нүдийг нь цаасаар арчиж өгч байхаар нь “нүд чинь яасан юм бэ” гэж хэлээд харсан чинь зүүн нүднээс нь цус гараад их эвгүй харагдсан учир хурдан эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд би Нямхүүгийн машинд суугаад Ч.Быг Баянмөнхийн машинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг орсон юм...” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 45-47 дугаар тал/
Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Нямхүү утсаар яриад “Ч.Б ах, Д.Ө ах 2 маргалдаад явахгүй байна танай машинд байгаа Батдэлгэр ахтай Ч.Б ахыг сольж суулгаад явъя” гэж хэлээд Нямхүү машинаа зогсоосон тул би араас нь явж байгаад мөн машинаа зогсоосон байхад Нямхүү бууж ирээд надтай уулзаад “Батдэлгэр ахыг миний машинд суулгаад Ч.Б ахыг машиндаа аваад явчих” гэж хэлээд зогсож байгаад Нямхүү “өө” гэж орилоод буцаад гүйгээд машиныхаа зүг гүйсэн. Энэ үед цаана нь Ч.Б ах, Д.Ө 2 давхралдаад унаж байгаа харагдсан юм. Ингээд би машинаа унтраагаад гүйгээд очих үед Д.Ө ах Нямхүүгийн машинд суусан харин Ч.Б ах газар бөгсөөрөө суусан байдалтайзүүн нүднээс нь шингэн цус шиг зүйл гарч байхаар нь Нямхүүгийн машинаас ариун цэврийн цаас аваад Батдэлгэр ах бид 2 цусыг нь арчиж өгөөд дараа нь Ч.Б ахыг миний машинд суулгаад шууд гэмтлийн эмнэлгийн зүг явсан...” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 48-50 дугаар тал/
Гэрч Д.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 6 дугаар сарын 27-ны орой болсон байсан цагийг санахгүй байна гэртээ байх үед эхнэрийн дүү Алтанзул утсаар яриад “Ч.Бы нүдийг хүн цохиод нүд нь юм харахгүй байна, нэгдүгээр эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Эхнэр Алтантуяагийн хамт очоод нэгдүгээр эмнэлгийн дотор ороод Ч.Бтай уулзсан. Зүүн нүд нь маш их хавдартай, хөхөрсөн нүднээс нь шингэн зүйл гараад алчуураар арчиж байсан юм. ...Ингээд 3 дугаар эмнэлгийн гадаа Д.Өын хүү гэх залуутай хамт гараад “яагаад заавал нүдийг нь таарсан” гэж хэлсэн чинь” Д.Өын хүү гэх залуу “харин тиймээ манай аав 2-3 удаа цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 60-61 дүгээр тал/
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн “Үзүүлэгч Ч.Бы биед учирсан зүүн нүдний алимны гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохой зүйлийн /гараар/ зүүн нүдний харалдаа нэг болон түүнээс дээш удаагийн цохих, цохигдох хүчний үйлдчлэлээр мөн хязгаарлагдмал гадаргуутай зүйл буюу чулуу мод замын боржуур хатуу зүйлийн ирмэг зэрэг зүйл дээр зүүн нүдний харалдаа унасан тохиолдолд үүсэх боломжтой аль тохиолдолд уг гэмтэл учирсан болохыг ялган тогтоох боломжгүй болно” гэх мэдүүлэг,
/1хх-ийн 54 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №08шэ/335 дугаар:
/1хх-ийн 66 дугаар тал/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,
/1хх-ийн 01 дүгээр тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/1хх-ийн 02 дугаар тал/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,
/1хх-ийн 03-06 дугаар тал/
Фото зураг,
/1хх-ийн 87 дугаар тал/
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
/1хх-ийн 122-123 дугаар тал/
Хохирлын баримтууд,
/1хх-ийн 151-191, 222-250, 2хх-ийн 15-16, 18-19, 28-104 дүгээр тал/
Мөрдөгчийн хүсэлтийг хангах тухай тогтоол,
/1хх-ийн 126 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр бүлийн “Эко” амралтын газрын хажууд Туул голын эрэг дээр Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн 8 дугаар цувааныхан хамт олоноороо амрахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, орой 22 цагийн үед Б.Нямхүүгийн машинд буцах явцдаа Ч.Бтай “ачааны машинчаар тавина” гэж ажил, албан тушаалын шинжтэй асуудлаас болж маргалдаж түүнийг машинаас буух агшинд зүүн нүд орчим баруун гараараа цохиж зүүн нүдний агууламжийг авсан мэс заслын дараах байдал, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Д.Өын мэдүүлсэн: “...Би ахмад хүний хувьд бас багшийн үүднээс хацар дээр нь хэд хэдэн удаа буюу 2-3 удаа алгадсан нь үнэн...” гэх,
хохирогч Ч.Бы “...Машин зогсоход Д.Ө буугаад би хойноос нь буух гэхэд намайг татаад шууд цохисон. Цохиход нүд рүү юмаар хатгасан юм шиг манас хийгээд улаа бутраад Д.Ө бид хоёр цуг давхаралдаад унасан. Унахад Нямхүү гүйж ирэн салгаад “нүднээс чинь цус гоожоод байна” гэж хэлсэн...” гэх,
гэрч Б.Нямхүүгийн “...Д.Ө ах Ч.Быг 1-2 удаа гараараа цохиж байсан чухам яг хаана нь цохисон талаар харж чадаагүй юм. ...Тэгтэл Ч.Б ах босохгүй зүүн нүднээс нь цус гараад сормуус дээр нь нөжирч байхад нь ариун цэврийн цаасаар арчаад тогтохгүй байхаар нь Ч.Быг нь Баянмөнхийн машинд суулгаад гэмтлийн эмнэлэг ороод.” гэх
гэрч Ч.Энхтөрийн “...Ч.Б ахын нүүр орчмоос нь цус гарч байгаа бололтой Нямхүү, Баянмөнх 2 цаасаар арчиж байгаа харагдсан. Ингээд Ч.Быг арын машинд суулгаад гэмтлийн эмнэлэг яваад явсан юм.” гэх
гэрч Э.Эгийн “...Би 3 дугаар эмнэлэгийн нүдний эмч бөгөөд Ч.Быг анх үзэхэд зовхи хавантай, хөхөрсөн, улайсан, нүднээс нь маш их хэмжээний шингэн зүйл гоожсон байсан. Нүдний алимыг нээж үзэхэд зүсэгдсэн гэмтэлтэй, алимны бүтэц тодорхойлогдохгүй байсан. Харааг нь шалгахад огт гэрэл мэдрэхгүй байсан. ...Цохиход гэмтэнэ. ...Мэдээж хүн нүүрээрээ нүдээ гоожтол унахад нүүр ам нь зулгардаг баймаар юм. Тухайн үед авсан зураг байдаг. Зураг дээр нүүр ам нь зулгараагүй байхад нүд нь гоожсон гэхээр би хувьдаа гайхаж байна. ... Мэдээж унасан бол бусад шарх буюу зовхины гэмтэл, ясны гэмтэл давхар байх ёстой. ” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №08шэ/335 дугаартай дүгнэлт /хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бы эрүүл мэндэд хүнд хохирол учирч нийт 44,069,512 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 1,957,500 төгрөг /1хх-151-192/, онгоцны билет 2,505,200, төгрөг, шүүх хуралдааны явцад гаргасан Солонгос улсад эмчлүүлсэн баримтаас 5,433,350 вонн буюу 12,442,371.5 төгрөг, орчуулгын хөлс 200,000 төгрөг буюу нийт 17.105,071.5 төгрөгөөс /1,957,500+2,505,200+ 12,442,371.5 +200,000/ шүүгдэгчийн төлсөн 25,000,000 төгрөгийг хасвал 7,894,928.5 төгрөг илүү төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогч Ч.Б хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Өын хувийн байдал болон эмчилгээний зардал 25,000,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Өд 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүүгдэгчийн өмгөөлөгч “Харин хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн гэх зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас үүнийг харгалзан торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Хугацааны хувьд шүүгдэгч болон түүний гэр бүлийн хүн тэтгэвэрт гарсан, мөн 2 зээгийн хамт амьдардаг. Тэтгэврээс ихийг гаргуулсан тохиодолд амжиргаанд нөлөөлөх учраас хугацааны хувьд харгалзаж үзнэ үү гэж хүсээд 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх
Хохирогчийн өмгөөлөгчөөс “ Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь гэм буруугаа хүлээх үндэслэл болж чадахгүй. Хохирогч бие сэтгэлийн болоод эд материалын хувьд хохирол амссаныг улсын яллагчийн хувьд тооцоолж үзэхгүй байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгчид 2 жилийн хорих ялыг оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг оруулж байна.
...Хохирогчийн амьдрал орвонгоороо эргэсэн учир нь энэ хүн зээлтэй байсан бөгөөд хөдөлмөрөөрөө төлөөд явдаг байсан нь зогссон. Тиймээс нэхэмжилж байгаа 14,314,813 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж хүсч байна” гэх,
Хохирогч “Цаашдаа миний нүд сохрохыг хэн ч хэлж мэдэхгүй гэж байсан. Солонгос эмч жил болгон үзүүлэх хэрэгтэй гэж байсан. Протез үрэвсэл өгдөг учраас жил болгон солиулах шаардлагатай гэж хэлсэн. Надад хэцүү л байна. 14,314,813 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн дүгнэлтийг тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирол төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Д.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд П.Болор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ