Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 208/МА2023/00042

 

 

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 208/МА2023/00042

 

 

Сэлэнгэ аймаг дахь ******* *******

хүсэлттэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2023/00456 дугаар шийдвэртэй

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймаг дахь ******* газар,

Хүсэлт: *******г албадан эмчилгээнд хамруулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Хүсэлт гаргагч хүсэлтдээ:

 ... Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн 3 дугаар хэсгийн ******* тоотод оршин суух иргэн ******* ******* нь нөхөр 1 хүүхдийн хамт амьдардаг 2017 оноос эхлэн архины хамааралтай болсон ба хүүхдүүдээ болон нөхрөө хайхрахгүй, өдөр, шөнө гэлтгүй архидан согтуурч байдаг тул нийгмийн ажилтан нь архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан тул *******г архины албадан эмчилгээнд явуулах хүсэлттэй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2023/00456 дугаартай шийдвэрээр:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг баримтлан Боржигон овогт ******* ******* /РД:МН82121662/-г албадан эмчилгээнд хамруулж,

*******гийн албадан эмчлэх хугацааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар 3 сарын хугацаагаар тогтоож,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс биелүүлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т зааснаар нэхэмжлэгч нь төрийн байгууллагын хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо: ...Би хааяа уудаг ч гэсэн айл гэрт орж, агсан согтуу тавьдаггүй, хүнээс мөнгө төгрөг нэхэж архины мөнгө авдаггүй, мөрөөрөө л гэртээ ууж байгаад л унтчихдаг. Өчнөөн олон хүмүүс архи уудаг байхад заавал намайг ингэх шаардлага байх ёстой юм уу. 2-р багийн нийгмийн ажилтан болон 2р хэсгийн цагдаагийн төлөөлөгч нарт гомдож байна. Яагаад заавал намайг ингээд байгааг ойлгохгүй байна. Манай 2-р багт архи уудаг өчнөөн хүн байдаг тэгэхэд тэд нарыг албадан эмчилгээнд явуулж, чадахгүй байна намайг заавал ингээд байх нь үнэхээр гомдолтой байна. Би одоо 7-р ангийн хүүтэй. Хойд аав гэх ******* нь миний хүүхдийг тоохгүй, хайхардаггүй учраас хүүхдээ *******эд даатгаж үлдээгээд явах нь надад сэтгэлд хэцүү санагдаж байна. Намайг байхгүйд миний хүүхэд өвдөж бас хоол ундгүй, хичээлдээ явах болно. Би гомдолтой байна. Заавал энэ архины албадан эмчилгээнд явах ёстой юм уу, Би хүүхдээ үлдээж барин явмааргүй байна. Манай амьдралын түвшин доогуур би ажил хийдэггүй, би группээр амьдардаг гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Сэлэнгэ аймаг дахь ******* ******* хүсэлттэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар: ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг бөгөөд тухайн багийн архины хамаарал бүхий иргэдийн бүртгэлд байдаг бөгөөд түүний төрсөн дүү болох *******болон багийн нийгмийн ажилтны гаргасан хүсэлтийн дагуу хамтарсан багийн хуралдаанаар архины албадан эмчилгээнд хамруулах тухай шийдвэрийг гаргасан байна.

Тус хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймаг дахь ******* газраас Согтууруулах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу зохих баримтыг бүрдүүлж шүүхэд хүсэлтийг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Сэлэнгэ аймаг дахь ******* ******* хүсэлтийг хангаж *******г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ******* нь давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын агуулга нь надаас өөр архи уудаг хүн байхад зөвхөн намайг эмчилгээнд явуулах шийдвэр гаргасан,... би архи уудаг ч гадуур гарч хэрүүл маргаан үүсгэдэггүй...ажил хийдэггүй өрхийн орлогогүй... гэх мэт зөвхөн хувь хүний хүсэлттэй холбоотой байх тул хүсэлтийг хүлээн авч хангах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 148/ШШ2023/00456 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 01963 дугаартай захирамжаар ******* нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН