Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 133

 

 Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Хохирогч Н.,

Шүүгдэгч С.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...гийн ...д холбогдох 1808040171595 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, “Мөнх билгүүн” мах боловсруулах үйлдвэрт мах савлагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...гийн ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч С.... нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4-142 тоотод оршин суух иргэн Н.ын гэрт ирээд 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө явахдаа Н.ын хадгалж байсан гэх бэлэн 2.140.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.140.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... харин сэрүүн үлдээд унтаж амарна гэж байсан тэгэхээр нь би өөрөө унтсан тэгээд би шөнийн 02 цагийн үед сэрэхэд ... байхгүй явсан байсан тэгээд би унтаад өгсөн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ажлаасаа 20 цагийн үед мөнгө хадгалдаг газартаа тэр өдрийнхөө орлогыг хийх гэсэн чинь миний хадгалж байсан мөнгөнөөс 2.140.000 төгрөгийг хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би ...тэй утсаар мессеж бичээд миний мөнгийг аваад явсан байх юм миний мөнгийг өгөлдөө гэтэл ... надаас намайг уучлаарай би мөнгийг чинь аваад явсан юм аа би мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь цагдаад өргөдөл бичиж өглөө шүү гэтэл ... мөнгийг чинь буцаагаад өгнө өргөдлөө буцаагаад аваач би одоо мөнгийг чинь АТМ-р хийчихнэ гэж хэлчихээд алга болсон одоо утсаар нь залгахаар утсаа авахгүй бас утас нь холбогдохгүй байгаа одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна. ...гомдолтой байна, миний хохирлыг хурдан барагдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,

 

2.Хохирогч Н.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... би ...гээс 500,000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна.Би ийм айхтар хэрэг болно гэж бодоогүй, ...д ял өгөхгүй байж болохгүй юм уу? ... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

        3.Шүүгдэгч С....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд унтаж байгаад 01 цагийн үед босож бие засах өрөө ороод үүднийх нь хажууд байдаг нэг шүүгээнийх нь хажууд нь байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод бэлэн 20.000-тийн дэвсгэртүүд байхаар нь авч гараад такси бариад буцаж Нисэхэд байдаг дүүгийндээ очсон. Дараа нь тоолж үзэхэд 2.140.000 төгрөг байсан юм. Тэр өдөр согтчихоод намайг хэл амаар доромжлоод байсан юм. Тэгэхээр нь унтаж байгаад нойр хүрэхгүй болохоор нь дургүй хүрээд гарч явахдаа авчихсан юм. Ямар нэгэн өр авлага байгаагүй. ... уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлнө, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, дахин ийм гэмт хэрэ хийхгүй, хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх 57-59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

4.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгсэн чинь саяхан тэр хүнийхээ гэрээс юм хулгайлсан хэрэгт холбогдсон гэж сонслоо. ...Хуучин хамтран амьдрагчаасаа мөнгө авсан гэдгийг бодвол мөнгөний хэрэг гарсан байж магадгүй юм. ...Хэлээд авч болоогүй юм байх даа л гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

5.Гэрч Г....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өглөөний 09 цагийн үед гэрээсээ дасгал хийх гэж гараад 10 цагийн үед гэртээ буцаж ирээд гэр орноо цэвэрлээд байж байтал миний хүү  11 цагийн үед “Ээжээ одоо гэрт хүн ирэх байх шүү” гэхээр нь хэн ирэх гэж байгаа талаар асуухад “... ирнэ” гэхээр нь миний хүү яах гэж ...г дуудаж байгаа юм бэ. Муу хүн шүү дээ гэсэн чинь “Одоо нэгэнт дуудчихсан болохоор ирэх байхаа” гэж хэлсэн. Удалгүй орой тийшээ ... орж ирээд тэр хоёр том өрөөнд архи хувааж уугаад байх шиг байсан. Тэгээд нэлээн ярьж байгаад тэр 2 жижиг өрөөндөө орцгоосон. “Би яасан явдаггүй уддаг юм бэ” гэж бодонгоо гарах хаалганыхаа тэр хавиар явж байтал миний хүү ын мөнгөө хадгалдаг гарах хаалганы баруун талд байдаг жижиг шүүгээний түлхүүр нь тавцан дээр ил байгаа харагдсан. Тэгэхээр нь би “... ч нэг их сайн хүн биш дээ, миний хүүгийн хадгалж байгаа мөнгийг нь авчих вий дээ, түлхүүрийг нь далд хийчихдэг юм билүү” гэж бодсоноо түлхүүрийг нь далд хийлгүй өрөөндөө ороод унтаад өгсөн. маргааш нь билүү нөгөөдөр нь миний хүү  гэнэт “Ээж миний мөнгө алга болчихсон байна. Мөнгөө хадгалдаг шүүгээ минь хоосон байна” гэхээр нь дотор пал хийгээд явчихсан. Тэгээд  бодож байгаад гэрт саяхан ... ирснийг санаад утсаар ярьтал ... авсан нь тодорхой болох шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 65-67 х/

         

          6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 х/

          7.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 37 х/

                        8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/

                        9.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 43 х/

10.Оршин хаягийн тодорхойлолт /хх 44 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.... нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны  өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4-142 тоотод оршин суух иргэн Н.ын гэрт ирж хамт архидаж байгаад согтоод унтсан хойгуур 28-ны шөнийн 01 цагийн үед Н.ын хадгалж байсан гэх бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,140,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан болох нь:

 

- Хохирогч Н.ын “...... харин сэрүүн үлдээд унтаж амарна гэж байсан тэгэхээр нь би өөрөө унтсан тэгээд би шөнийн 02 цагийн үед сэрэхэд ... байхгүй явсан байсан тэгээд би унтаад өгсөн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ажлаасаа 20 цагийн үед мөнгө хадгалдаг газартаа тэр өдрийнхөө орлогыг хийх гэсэн чинь миний хадгалж байсан мөнгөнөөс 2,140,000 төгрөгийг хулгайлаад аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

        - Шүүгдэгч С....гийн “...Тэгээд унтаж байгаад 01 цагийн үед босож бие засах өрөө ороод үүднийх нь хажууд байдаг нэг шүүгээнийх нь хажууд нь байсан түлхүүрээр хаалгыг нь онгойлгоод бэлэн 20.000-тийн дэвсгэртүүд байхаар нь авч гараад такси бариад буцаж Нисэхэд байдаг дүүгийндээ очсон. Дараа нь тоолж үзэхэд 2.140.000 төгрөг байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 57-59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /,

 

- Гэрч Г....ы “... миний хүү  гэнэт “Ээж миний мөнгө алга болчихсон байна. Мөнгөө хадгалдаг шүүгээ минь хоосон байна” гэхээр нь дотор пал хийгээд явчихсан. Тэгээд  бодож байгаад гэрт саяхан ... ирснийг санаад утсаар ярьтал ... авсан нь тодорхой болсон. ...” гэх мэдүүлэг /хх 65-67 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.               

           

С.... иргэн Н.ын хадгалж байсан 2,140,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, үүний улмаас үүдэн гарсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

С.... иргэн Н.ын хадгалж байсан 2,140,000 төгрөгийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, 2,140,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

 

        Шүүгдэгчийн хулгайлсан 2,140,000 төгрөг нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохиролд хүрч байгаа.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч С.... бусдын хадгалж байсан мөнгийг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

          Хохирогч Н.ын хохирол 2,140,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байгаа тул 2,140,00 - 500,000 = 1,640,000 төгрөгийг шүүгдэгч С....гээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

                        Улсын яллагч: С....д 01 жил 06 сарын хорих ял оногдуулах санал гаргасан.

                        Хохирогч Н.: Шүүгдэгчид ял өгөхгүй байж болдоггүй юм уу?, би ийм айхтар ялтай гэж бодоогүй гэх саналыг гаргасан.

 

                        Шүүгдэгч С....: Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна, хохирлыг төлнө, хөнгөн ял оноож өгнө үү? гэв.

 

Шүүгдэгч С....гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч С.... нь 2019.01.23-25-ны өдрийг хүртэл 02 хоног цагдан хоригдсон хугацааны 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагаар тооцож эдлэх ялаас нь хасч тооцох.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигин овогт ...гийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С....г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С....гийн цагдан хоригдсон 02 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагаар тооцон хасч, түүний биечлэн эдлэх ялыг 484 /500-16=484/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С....д мэдэгдсүгэй.

 

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар С....гээс 1,640,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14-142 тоотод оршин суух ЧС75071415 регистрийн дугаартай Н.т олгосугай.

 

6.С....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С....д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ