Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 208/МА2023/00043

 

 

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 208/МА2023/00043

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00140 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******-Өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,974,900 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, хариуцагч *******-Өргөө СӨХ-ны захирал *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1... Гэм хор учирсан хохирол 2,974,900 төгрөг гаргуулах

.... Би СӨХ рүү очиж манайх руу бороо орчихлоо манайх засвар хийсэн байсан гэхэд танайх мөнгөө өг гээд нэхэмжлэл гаргасан. Би СӨХ засвар хийх байх гээд 1 удаа хэлээд орхисон мөн зургийг нь дарж явуулсан. Сүүлд 07 дугаар сарын 03-ны өдөр тасралтгүй бороо орсноос болж гал тогоо, том өрөө гэрэлгүй буудсан. Манайх гал тогооны цахилгаанаас авч хөргөгчөө залгасан. Коридороос тог авч том өрөөний зурагтаа шалгасан. Одоо хүртэл тоггүй бороо орох тусам дээврээс ус орж байгаа. Энэ байдлыг би хэлэхэд орж ирж шалгаж үздэггүй. Манай байр даатгалтай гээд даатгалын компанид хандсан боловч олон жилийн элэгдэл хорогдолтой гээд авч хэлэлцээгүй. Засвараа хүнд 1,500,000 төгрөг өгч засвар хийлгэсэн. Одоо ус ороод, мөөгөнцөр үүсээд, шал бамбалзаад байгаа. Засвар хийсэн мөнгө нэхэмжилж байна. ... Би манай аавын бие муу би хотод явж байна. Та нар засвар хийчих гэж хэлсэн. Засвар хийсний дараа ус гоожихгүй бол би мөнгөө өгнө гэсэн шаардлага би тавьсан. Дээврээс ус орж амьдрахад хэцүү, гэр бүлийн маргаантай асуудал их байдаг..., Ус гоожсоноос гарсан хохирол. Одоо том өрөө, гал тогоо гэрэлгүй байгаа. Ханыг цоолж хаана ус орсон байна, тэр оношилгоог олно. СӨХ-г дор хаяж 1,000,000 төгрөг өгвөл дээврээ өөрөө янзлаад засна, байрны засвараа хийнэ гэсэн бодолтой байна. 1 ширхэг цаас 88,000 төгрөг гээд байна. Би хар цаас хэд орох вэ гэж хүнээс асуухад 4 ширхэг орно гэсэн. 1,000,000 төгрөг өгөх юм бол би дээврээ янзлах материалаа өөрөө явж олж ирээд засвараа өөрөө хийнэ. Эднийх ус гоожсон нөхөөс тавьсан гээд байдаг яг ус гоождог хэсгээрээ орж байгаа...

...Гэм хор учирсан хохирол 2,974,900 нэхэмжилж байгаа. Гэхдээ 1,000,000 төгрөг өгөх юм бол дээврээ өөрөө засаад гэрийн засвараа хийнэ гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

1. ...Сайхан сумын 7-27 тоот нь 2015 оноос хойш СӨХ-ны төлбөр тооцоогоо хийгээгүй. СӨХ айлуудаас сар болгон өгсөн мөнгөөр засвар үйлчилгээ хийдэг. Мөн орцны цэвэрлэгээний мөнгө үйлчлэгчдээ өгдөг. Энэ айл нь сар болгоны хураамж өгөөгүйгээс болж их өр үүсээд бид нар шүүхэд хандсан. Шүүхэд хандаад 3 сард 200,000 төгрөг өгөөд үлдэгдлийг хийгээгүй. Энэ айл нь манайх засвар хийх гэж байна дээвэр янзлаарай гэхээр түр хүлээж бай, танайх тооцоогоо хийчих дээврийг чинь зассаны дараа танайх засвараа хийвэл зүгээр юм биш үү гэхэд үгүй би одоо хийнэ, дараа нь та нарыг шүүхдэнэ гэсэн. 200,000 төгрөгөөр материал авч дээврийг зассан. Гэхдээ дээвэрт нь бүрэн хүрэхгүй. 200,000 төгрөгөөр 2 ширхэг хар цаас авна. Тооцоогоо хийчих танай дээврийг янзалъя гэж дахиад энэ хүнд хэлэхэд хэрэггүй байж бай гэсэн. 532,000 төгрөг 08 дугаар сарын 20-ны хавьцаа шүүх дэх эвлэрүүлэн зуучлахад өгч байж төлбөрөө барагдуулсан. Гэрийнх нь засварт СӨХ-ийн зүгээс буруугүй гэж үзэж байна. Хэрэв тухайн үедээ төлбөр тооцоогоо бүрэн барагдуулаад дээвэр янзлаад өг гэсэн бол бид нар хийгээд өгөх байсан. ...СӨХ нь байрны ашиглалтын хугацааг уртасгахад засвар үйлчилгээг анхаарч, тухайн байранд амьдардаг айл нь сар бүр засварын мөнгийг төвлөрүүлж буцаагаад үйлчилгээгээ авдаг. ... Энэ айл 8, 9 жил СӨХ-ны тооцоо хийгээгүй. СӨХ-ийн үйл ажиллагаанд с*******р нөлөөлсөн. Мөн үйлчлэгчийн цалин мөнгийг 4-5 жил өгөөгүй. Олон жил хариуцлагагүй байгаад одоо хохирол учрахаар СӨХ-оос нэхдэг нь буруу. Бид нар дээврийн засварыг өөрсдийн зүгээс хийсэн тийм болохоор тохиролцох боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00140 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-Өргөө СӨХ-ноос 2,242,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 732,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,548 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч ******* Өргөө СӨХ-ноос 50,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх нь ******* Өргөө СӨХ-ны гишүүн болох 7-р байрны 27 тоотын орон сууцыг өмчлөгч *******гийн нэхэмжлэлийг хүлээн авч ******* Өргөө СӨХ-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоо, үйл ажиллагаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулагддаг ашгийн төлөө бус сууц өмчлөгчдийн дундаасаа байгуулсан холбоо юм.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Иргэний хуулийн 143.3-д Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй гишүүнчлэлтэй болохыг тодорхойлсон байдаг.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оноос эхлэн төлбөр тооцоогоо хийхгүй 7 жил болсон Сууц өмчлөгчдын холбооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж. үйлчилгээний ажилчны цалинг өгөхгүй СӨХ нь бусад зардалаас үйлчилгээний ажилчдын цалинг нөхөн өгч байсан. Төлбөр тооцоо хийхийг сар бүр мэдэгдэж удаа дараагаар хэлж учирлаж байсан. ******* ӨргөөСӨХ-ны Удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 14-ны №03 дугаартай тогтоолоор 300.000 төгрөгнөөс дээш өртэй айл өрхийг шүүхэд шилжүүлэн өр авлагаа барагдуулах СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулах тогтоол шийдвэрийн дагуу 2023 оны 01 сарын 23-нд 648.000 төгрөгний төлбөрөө гаргуулахаар шүүхэд шилжүүлсэн 3 сард 200,000 төгрөгийг төлбөрөөсөө хасалт хийлгэхдээ яахав өгчөөд та нарыг буцаагаад шүүгдэх болно одоо манайх бүрэн засвар хийнэ гэж хэлхэд нь цас мөс хайлаагүй бид дээврийн нөхөөс засвар хийх улирал болоогүй байна та жаахан хүлээж бай гэж хэлсэн.боловч 4 сард гэртээ засвар хийж эхэлсэн бид төлбөр тооцоогоо хийгээгүй байсан ч бусад гишүүдийн төлсөн мөнгөнөөс материал татан дээврийн нөхөөс засварыг хийсэн бүрэн засвар хийгээгүй учир нөхөөс засвараар өөр хэсгүүдээр борооны ус орсон тухай бүрт дахин гарч нийт 3 удаагийн нөхөөс засвар хийсэн.

Үүнээс хойш төлбөр тооцоогоо барагдуулаагүй байсаар 2023 оны 7 сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжсэн. ******* нь төлбөр тооцоо 532,000 төгрөгийг төлж барагдуулаагүй сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.1, 13.2.3, 148.2.3 дахь заалтыг зөрчсөн. Төлбөрөө төлөөгүйгээс гадна ******* Өргөө СӨХ-г 2023 оны 07 сарын 07-ны өдөр шүүхэд өгсөн. Иргэн ******* нь үүрэгээ биелүүлэхгүй 7 жил явж байгаад л шүүхдээд дундын өмчлөлийн засвар үйлчилгээний мөнгөө өгдөг 187 айл өрхийн мөнгө, 7 жилийн төлбөр тооцоогоо 3,4 дахин нугалан авч байгаа зэргийг үл зөвшөөрч байна.

 ******* Өргөө СӨХ-ны байрнууд 1983-1984 онд ашиглалтанд орсон угсармал барилга 40 жил болж байгаа 2018 оноос эхлэн Улс. аймаг, орон нутагт дээврийн бүрэн засвар. фасат оруулах тухай албан бичгийг шат дараатайгаар явуулснаар 2019 онд СӨХ-ны хариуцдаг 15 байрнаас 8 байрны дээвэр засвар улсын төсөвөөр, 2023 онд нэг байр дээвэр, 2 байр фасат улсын төсөвөөр орсон Сууц өмчлөгчдийн холбоо дангаар бүрэн засвар хийх боломжгүй нөхөөс засваруудыг тогтмол хийж байгаа болно.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2023 оны 8 сарын 30-нд 552,000 төлсөн. /шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мөнгө 20.000/. СӨХ нь Улс, аймаг, орон нутгийн төсвөөс ямар ч төсөв санхүүжилт байдаггүй тул бид нэхэмжлэгчид 2,242,000 төгрөгийг төлөх тохиолдолд бусад гишүүдийн төлсөн 187 айл өрхийн мөнгөөр төлж эргээд тэдэнд үзүүлэх үйлчилгээ. үйлчилгээний ажилчдын цалин өгөх зэрэг СӨХ үйл ажиллагаа доголдоход хүрнэ. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 ...Нэхэмжлэгч миний бие *******-Өргөө СӨХ-ийн гомдлыг үгүйсгэж байна. СӨХ дээврийн засвараа хийчихвэл мөнгийг нь өгнө гэсэн шаардлагыг би тавьсаар ирсэн. Уг шаардлагыг СӨХ хүлээн авдаггүйгээр барахгүй манай дээврээс ус гоожиж байна, дусаал гоожиж байна гэхэд орж ирж харж байсан удаа байхгүй. 2023 оны 01-р сарын 23-нд 648,000 төгрөгийн төлбөрийг сард 86000 төгрөгөөр төлж байхаар тохирон шүүхээс тогтоол гарсан.

Иймээс бид 03- сарын 12-нд 200,000 төгрөгний төлбөрийг хийнэ өрнөөс хасуулаад манайх бүрэн хэмжээний засвар хийнэ гэдгийг мэдэгдсэн. Уг мэдэгдэлд СӨХ биднийг засвар хийхээ түр хойшлуул гэж хэлсэн. Бэрийн гуйлга ирэх гээд арга буюу байрандаа 04-р сараас засвараа хийлгэсэн. Бэр гуйх гээд хүмүүс ирэхэд навсайгаад байж байлтай ч биш дээ. Тэгтэл СӨХ гомдол дээрээ хэрэв тухайн үедээ төлбөр тооцоо бүрэн барагдуулаад дээвэр янзлаад өг гэсэн бол бид хийгээд өгөх байсан гэсэн байна. Би 08-р сарын 28-нд урьд өрөө барагдуулснаас хойш 35 хоног болоход манай дээвэр засагдаагүй хэвээр байна. Миний танилцсан давж заалдах шүүхийн гомдол дээр дээвэр 3 удаа засвар орсон гэсэн байсан. Бид үүний тухай мэдээгүй, хэн ч бид нарт танай дээвэр засах гэж байна гарч хараарай гэж мэдээ өгөөгүй. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх байр худалдаж аваад, манай дээврээс ус гоожоод байна, дээврийг минь бүрэн засварлаад өгвөл төлбөрөө өгнө гэсэн шаардлага тавьсан. Төлбөр төлөөгүй нь миний буруу. Байрандаа засвар хиймээр байна дээврийг минь засаад өг гээд 200.000 төгрөг өгсөн. Манай охиныг бэр гуйж ирнэ гэхээр СӨХ-ын даргадаа учир байдлаа хэлсэн. Засвар хийсний дараа ус гоожсон. Өнөөдөр цас орсон дахиад л дээрээс ус гоожсон байгаа. Мөөгөнцөр үүсээд бид амьдрахад хэцүү болоод байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь дээврийн засвар хийгээгүйгээс борооны ус гоожиж хохирол учирсан гэсэн үндэслэлээр ******* Өргөө сууц өмчлөгчдийн холбооноос 2.974.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч засвар үйлчилгээний мөнгөө 5-6 жил төлөөгүй, дээвэр засвар хийх хүртэл хугацаанд засвар хийхгүй байхыг сануулсаар байхад засвар хийсэн, СӨХолбоо нь өөрийн гэсэн төсөвгүй тул хохирлыг төлөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүхээс хариуцагч СӨХолбоо нь Сууц өмчлөгчдийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг холбоо хариуцах үүрэгтэй гэж тодорхойлон нэхэмжлэгчийн шаардлагын заримыг хангаж шийвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргасан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль зүйн хувьд хэрхэн дүгнэж байгаа, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, хэргийн үйл баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн зэргийг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол нь хариуцагчийн шууд буруутай үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэхүй буюу зөрчлийн улмаас үүссэн үү, хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан уу эсхүл тухайн хөрөнгийн шинж чанар, элэгдэл хорогдол, бусад нөхцөл байдал хохирол гарахад нөлөөлсөн талаар шүүхээс тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Мөн зохигчдын хооронд нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаар мэтгэлцээнийг өрнүүлээгүй, хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн баримтыг хэрхэн үнэлж байгаа талаараа огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Түүнчлэн хэргийн зохигчидоос давж заалдах шатны шүүхэд гомдлын хамт анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтуудыг ирүүлсэн нь хэргийн зохигчидод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангалттай тайлбарлан өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх, удирдах үүргээ биелүүлээгүйгээс хэргийн оролцогчоос гарч болох нотлох баримтууд бүрэн бус болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Иймд шийдвэр, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00140 дугаар дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 50,836 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН