Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00044

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.*******,

 Хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. /цахим/, П.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Т.******* миний бие 2012 оноос ******* Шохой ТӨХК-ийн Засварын нэгдсэн цехийн КиПиа хэсэгт электроник засварчнаар 2015 он хүртэл ажиллаж, тус оноос Чулуунцарын үйлдвэрийн электроник засварчин, ТЭБХХУ инженер, ТБХХУ инженерээр тус тус ажиллаж байсан. 2022 оны 4 сарын 20-оос Чулуунцарын үйлдвэрийн даргаар томилогдож ажиллаж байгаад 2023.04.11-04.12 хооронд ЕИБУТГ дарга Н.Буян-Өлзий хувийн чөлөө хүсэж албан мэйл, цахим шуудангаар шийдвэрлүүлж явсан. 2023.04.13-04.14 хооронд ажиллаж 2023.04.17-ны өглөө ажил руугаа орох гэсэн боловч удирдлагаас таныг нэвтрүүлэхгүй байх үүрэг даалгаврыг өгсөн талаар шалган нэвтрүүлэх постны харуул тайлбарлаж нэвтрүүлэхгүй гэсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн н.Билгүүн утсаар гүйцэтгэх захирлын тушаал гарч таныг ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/368 тоот тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн бөгөөд уг өдөр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх өргөдлийг өгсөн. Мөн комиссын дарга Д.*******, нарийн бичиг н.******* нарт 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу авах тухай хүсэлтийг цахим шуудангаар илгээж утсаар холбогдоход хэлэлцэх болоогүй гэх хариуг н.******* өгсөн. Иймд ******* Шохой ТӨХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б/368 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин 4,423,144 төгрөгийг гаргуулах, 632,500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,000,000 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж Чулуунцарын үйлдвэрийн даргаар эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.******* нь ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/550 дугаартай тушаалаар Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2023.04.11-2023.04.12-ны өдрийн хооронд "Ээж маань хорт хавдрын идэвхжилт өндөр гарсан тул Улаанбаатар хотын Хавдар судлалд нарийн шинжилгээ өгч, хэвтэн эмчлүүлэх шалтгаанаар илүү цагаа биеэр эдлэх тухай" хүсэлтийг мэйлээр ирүүлж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч чөлөө олгохыг зөвшөөрсөн мэйл бичсэн байдаг. Гэвч Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хэсэг бүлэг хүмүүсийн хамт шаардлага хүргүүлж, уулзалтад оролцож байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч тогтоогдсон. Нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.7 дугаар зүйлд заасан ажлаас халах сахилгын шийтгэлд хамаарах дараах зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарч байна. Үүнд: Ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, ажил цалинтай, цалингүй чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн, Албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, Компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон. Мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахгүй байх, Бүдүүлэг зан авир гаргах, бусдыг хэл амаар доромжлох, хэрүүл өдөх, басамжлан доромжлохгүй байх, Ажлын цагаар өөр ажил хийх, ажлын байраа орхин ажил цалгардуулахгүй байх, байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох ажилтны ёс зүйн дүрмээр хориглосон заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Т.*******т сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/368 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ажилгүй байсан хугацааны цалин 4,423,144 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга нэг зуун дөчин дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл 632,500 (зургаан зуун гучин хоёр мянга таван зуу) төгрөг төлүүлэх тухай тус тус шаардлагууд үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,000,000 (арван долоон сая) төгрөг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/191 дугаартай журам, аргачлал батлах тухай журмын хавсралт Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох тухай журмын 3.1.3-т Ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд урамшуулал олгохгүй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаартай шийдвэрээр:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ийг ******* Шохой ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* Шохой ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 294,497 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Манай компани Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж, Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-ыг байгуулсан.

Иргэн Т.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-д Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх гомдлоо гаргасан.

Гэтэл нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-д хандсан гомдол шийдвэрлэгдээгүй, урьдчилан шийдвэрлэгдэх шатанд хянагдаж байгаа гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарна гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 Дараах тохиолдолд ажилтан Хөдөлмөрийн хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ. гэж хуульчилсан. Иргэн Т.*******ийн хувьд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх бопомжтой гэж үзэн тодорхой гомдлоо гаргасан байхад шүүх боломжгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэж хуульчилсныг хариуцагч ******* ******* ТӨХК-ийн үйл ажиллагаатай шууд хамааруулан тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь компаниас хамааралгүй ажилладаг, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг, ажиллах дүрмийг нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталж мөрдүүлдэг болохыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2.Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаар:

Иргэн Т.Аптанхуягийн нэхэмжлэлтэй ******* ******* ТӨХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт товлогдсон.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийг төлөөлж, Хуулийн хэлтсийн дарга П.*******, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.******* нар оролцсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* нь шүүх хуралдааны үеэр хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргасан боловч хурал даргалагчийн зүгээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулсан.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Тухайлбал хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах зэрэг эрхүүдийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь мэтгэлцэх зарчмыг үгүйсгэсэн, зохигч шүүх хуралдаанд тэгш эрхтэй эрхтэй оролцох суурь зарчмуудыг хөндөж байна.

Мөн шүүхээс хариуцагчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацааг олгоогүй бөгөөд хариуцагчийн зүгээс боломжит хугацаа олгохыг хүссэн боловч хэрэгсээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

3.Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд:

Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхийг хэрэгжүүлэх зорилгоор болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч болох Э., Б. нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч хэрэгсээгүй.

Энэ талаар хангалттай үндэслэл бүхий тайлбарыг өгөөгүй мөн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн 168.1.3 хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн 168.1.7 нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.******* би ******* Шохой ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., П.******* нарын давж заалдах гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Үндэслэл нь: Т.Аптанхуяг миний бие ******* -ШохойТӨХК-д 2012 оноос 2023 оны 4 сар хүртэл ажилласан. 2023.04.11-13 өдрийн хооронд шууд удирдлага болох Ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл технологийн газрын дарга Н.Буян-Өлзийгөөс 2 өдрийн чөлөөг зохин журмын дагуу албаны цахим шуудангаар шийдвэрлүүлж, хадам ээж Л.Энхтөгст хавдрын маркер өндөр гарсан тул УБ хотод ЭХЭМТөвд өндгевчний хавдар илрүүлэхээр шинжпүүлж, хэвтүүлж явсан. Чөлөөний хугацааг хэтрүүлэлгүй ирж 2023 оны 04 сарын 13,14-ны өдөр ажилласан. 2023 оны 4 сарын 17-ны өглөө ажилдаа ирээд ажил руугаа орох гэсэн боловч Удирдлагаас таныг үйлдвэр рүү оруулж болохгүй гэж даалгавар өгсөн гээд нэвтрүүлээгүй. Хүний нөөцийн хэлтсээс надруу утсаар залгаад Таныг ажлаас чөлөөлсөн гэсэн. Ажлаас халсан тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж аваад удирдлагын гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй тул тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст асуудлыг хэлэлцүүлэх хүсэлт бичиж ҮЭХ-ны дарга, Хөдөлмөрийн маргаан таслах комиссийн гишүүн *******т хүсэлтээ хүргүүлээд 2023 оны 5 сарын 5ны өдөр маргаан таслах комиссийн дарга, нарийн бичгийн дарга нарын албаны цахим хаягаар миний асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаар цахим шуудан илгээсэн. Мөн утсаар холбогдоход Хэлэлцэх болоогүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд би 2023 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулж шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул би шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл миний бие нь компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжгүй, хуулийн хугацаа хэтэрсэн, дууссан гэж үзэж, шүүхэд нэхэмжпэлээ гаргасан юм. /******* ******* ТӨХК-ний Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссийн хурал 2023 оны 7сарын 31-ны өдөр хуралдаж, шийдвэрийг 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан./

2.Хариуцагч хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн талаар гомдлоо гаргажээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд шүүх хурал 2023 оны 07 сарын 31-ний 10 цагт товлогдсон ба өмгөөлөгч П.Буманзаяа болон миний бие 09 цаг 30 минутад шүүхэд ирж, шүүх хуралдааны танхимд орсон ба хариуцагч П.******* 10 цаг 15 минутанд орж ирээд, хэргийн материалтай танилцъя гээд хэргийн материалыг шүүгчийн туслахаас аваад 15 минут орчим танилцаад шүүгчийн туслахад өгөөд шүүгч орж ирснээр шүүх хурал эхлэсэн болно. Шүүгчийг орж ирэхээс өмнө шүүхийн ажилтан П.*******ыг та хэргийн материалтай танилцсан баримт дээр гарын үсгээ зурна уу гэтэл П.******* би зурахгүй гэж хэлсэн. Шүүхэд миний гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэнийг өмгөөлөгч, бид хүлээн зөвшөөрч, өмнөх гаргасан нэхэмжлэлээ дэмжсэн тул шүүх хуралдаан цааш үргэлжилсэн болно. Мөн ******* Шохой ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б/368-р тушаалаар Т.******* намайг Хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасласан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Надад ямар ч зөрчил гаргасан зүйл байхгүй. Намайг ажил таслаад өөр зорилгоор УБ явсан гэж буруутгаад байгаа. Учир нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэлд ******* Шохой ТӨХК-ний 20 гаруй ИТА-д, үйлдвэрийн дарга, хэлтсийн дарга нар Үндэсний аудитын дүгнэлтийн дагуу Наранбаатар захиралд хариуцлага тооцуулах, үйлдвэрийн дарга нартай гэрээлсэн өртөгт суурилсан менежмэнтийн урамшууллыг олгуулахаар хандсан. Энэ нь миний чөлөө хүсэж УБ хот руу явсан цаг хугацаатай таарсан ба би Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очоод өртөгт суурилсан менежмэнтийн урамшуулал олгохгүй байгаа талаар Цэнгэл даргатай уулзаж, санал бодлоо солилцсон. Тэнд би 2 цаг болсон. Буцаад хадам ээжийнхээ эмнэлэг дээр ирсэн. Гэтэл намайг өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажпаас халсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт тусгагдсан хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4 дэх хэсэгт зааснаар Т. *******т хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023 оны 4-р сарын 10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн байх тул түүнийг ажил тасласан гэх үндэслэлгүй байна гэх, хариуцагч нь нэхэмжпэгч албан ёсны чөлөөтэй байх хугацаандаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж Үндэсний аудитын дүгнэлтийн дагуу Наранбаатар захиралд хариуцлага тооцуулах, үйлдвэрийн дарга нартай гэрээлсэн өртөгт суурилсан менежмэнтийн урамшууллыг олгуулах талаар мэдэгдэл өгсөн гэж тайлбар гаргаж байгааг ажилтны гаргасан зөрчил нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дугнэвэл нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргасан ажил олгогчид ямар хохирол учруулсан эсэхийг нотлоогүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд сум дундын шүүхийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.*******ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг тогтоох хэсэгтээ зөрөлдөж болдог юм уу? утга агуулгын хувьд. Т.*******ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гүйцэтгэх захирлын гаргасан тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй... гэж дүгнэчхээд тогтоох хэсэгт энэ хүнийг ажилд эгүүлэн тогтоогоод байгаа. Энэ хоёрын хооронд ямар утга агуулга логик яваад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг шүүх буруугаар ойлгож шүүх хуралдааныг явуулсан. Өөрөөр хэлбэл мэтгэлцэх зарчмын талаар сая шүүгч бас асуусан. Биечлэн оролцсон уу? гэж асуусан. Миний бие биечлэн оролцоогүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч П.******* оролцсон боловч хэргийн материалтай танилцуулаагүй шүүх хуралдаанд оруулсан. Хэргийн материал танилцуулсан баримт гэж шүүхээс гаргасан баримтад хэргийн оролцогч гарын үсэг зурж, он сараа бичдэг. Мэтгэлцэх зарчим ямар тохиолдолд хэрэгждэг вэ гэхээр хэргийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй байж, адил хэмжээний хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгч авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг авч, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах гэх зэрэг хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлснээр мэтгэлцэх зарчим хангагдана. Бүх шатны шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын дагуу явагдах ёстой. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан.

Нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр буюу шүүх хуралдаан болдог өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнийг яагаад анхан шатны шүүх хариуцагч талд гардуулж өгдөггүй юм бэ? Үүнтэй холбоотой тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжийг хааж байна вэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтойгоор зөрчиж байна. Нэг төгрөг нэмэгдсэн ч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж байна гэж үздэг.

Урьдчилан шийдвэрлүүлэх журмыг шүүх хэрэглэх боломжтой байсан. Үүнийг шүүх огт хэрэглээгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн маргаан таслах комисс-т хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байсан. энэ гомдлыг шийдвэрлүүлээгүй байхад шүүх урдуур нь орж, шийдвэр гаргаад байна вэ. Хуулиар хэрэг маргааныг шийдвэрлүүлэх харьяалал байдаг. Гэтэл үүнийг зөрчөөд хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасныг зөрчсөн байна. 158.2-т хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага нь маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь маргаанаа шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн маргаан таслах комисс-т хандаад, тэндээс шийдвэрлэх боломжгүй гэж үзээгүй. Харин боломжтой гэж үзээд байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисс-т гомдлоо гаргасан байсан. Эдгээр ойлгомжгүй байдлуудад давж заалдах шатны шүүхээс хариулт авъя гэж үзээд, давж заалдах гомдол гаргасан. Магадлалд энэ талаар хариулт өгөх байх гэж найдаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй байдлаар танилцууллаа. Давхардуулахгүйгээр тайлбар хийе. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна. Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг авч үзэж хэрэг маргааныг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Ямар учиртай зөрчил гаргаж байна вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан. Үүн дээр нэмэх нь Улсын Дээд шүүхийн зөвлөмж тогтоолыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Улсын Дээд шүүхийн 2002, 2017, 2018 оны тогтоол, зөвлөмжүүд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталбал зохих хэргийн оролцогчийн эрхийг хэрхэн хангаж хэрэг маргааныг шийдвэрлэх талаар үндсэн зарчмыг тодорхой тайлбарласан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, материаллаг болон процессын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь тодорхой харагдана.

... Нэгэнт хэрэг маргаан анхан шатны шүүх дээр хариуцагч тал өмгөөлөгчөөс туслалцаа авалгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ороцсон тул нэхэмжлэгтэй ижил эрх тэгш байдалтай оролцсон уу гэвэл үгүй юм. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчаас гаргаж байгаа гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд орохоос өмнө хэрэгтэй танилцаагүй гэж гомдол гаргадаг. Бид 09 цаг 30 минутад анхан шатны шүүх дээр очсон. Шүүх хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг товлогдсон. 10 цаг болоход 4 минут дутуу байхад ******* нь ...шүүх хурал эхлэхэд 4 минут дутуу байна, яаралтай ирээч ээ ... гэж ******* луу ярьсан. П.******* нь 10 цаг 15 минутад орж ирсэн. Хэрэгтэй танилцаад тэр өдөр П.*******аас болж шүүх хуралдаан 30 минут хойшилсон. Энэ хугацаанд П.******* хэрэгтэй танилцсан. Эцэст нь шүүхийн ажилтан ...хэргийн материалтай танилцсан гарын үсгээ зураарай... гэхэд П.******* нь ...би зурахгүй... гэж хэлээд зураагүй. Ийм л асуудал болсон. Өнөөдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг хуульчилсан. 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэл түүнийг үгүйсгэх тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэ үүргийг зөрчсөн. Яагаад гэвэл 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр буюу бараг 3 сарын дараа шүүх хуралдаан болсон. Яагаад ямар үндэслэлээр нотлох баримтаа гаргаж өгөөгүй юм бэ, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулаад хэрэгтэй танилцаж байгаа юм бэ. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэн. П.******* нь өөрөө хуульч хүн бөгөөд хуульчийн ёс зүйтэй байх ёстой.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн асуудал яригдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 4.000.000 төгрөг гэж тооцсон байсан тул бид арван гурван сая төгрөг болох юм байна гээд тооцоолсон. Үүнийг шүүх хуралдааны явцад шийдвэрлэх боломжтой гэж үзсэн учраас бид түүнийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх юу гэж дүгнэлт хийсэн бэ гэхээр нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаандаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж, ажил олгогч байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй.

... Бидний гол шаардлага ажилд нь эгүүлэн томилж өгөөч ээ гэж хүссэн. Цаашилбал нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалин хөлсний асуудал яригдаад явна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний болон шийдвэрлэлттэй холбоотойгоор үр дагаврыг буруу дүгнэж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 2.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Т.******* нь Сэлэнгэ аймаг Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ТӨХК-нд холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.423.144 төгрөгтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17.000.000 төгрөг гаргуулах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлын шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17.000.000 төгрөг гаргуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

 3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо 3-н үндэслэл зааж шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн эрхийг хязгаарлаж зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Үүнд:

 а/ Тус компаний гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-ыг байгуулсан. Нэхэмжлэгч Т.******* уг комисст хандаж гомдол гаргасан ба гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүх урьтаж маргааныг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон,

б/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******т хэргийн материал танилцуулаагүй, түүний эрхийг хязгаарласан,

в/Гэрч Э., Б. нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасаар байхад хангаагүй атлаа, хариуцагч өөрийн тайлбарын татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байгаа ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх үндэслэл болно гэж тайлбарлажээ.

4. Хэргийн үйл баримтын талаар: Гомдол гаргагч Т.******* нь ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/550 дугаартай тушаалаар компанийн Чулуунцарын үйлдвэрийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/368 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ ...Т.******* нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, цалинтай, цалингүй чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компаний нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компаний инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон... гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч Т.******* нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн байх ба чөлөөтэй байх тухайн хугацаандаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хамт олныхоо Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгуулах тухай хүсэлт, мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж өгсөн байна.

Ажил олгогчоос гомдол гаргагч Т.*******ийн энэхүү мэдэгдэл өгсөн үйл баримтыг ажил олгогчоос байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулсан, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж улмаар ажлаас халах үндэслэлээ болгожээ.

 5.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 4.1.3-т гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, 4.1.5-д хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд Т.*******ийн Төрийн бодлого зохицуулалтын газарт очиж Өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгуулах тухай мэдэгдэл өгсөн нь хуульд заасан эрхээ эдэлсэн гэж үзэхээр байх тул ажил олгогчоос дээрхи үйлдлийг ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Түүнчлэн ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.7 дахь заалт, 43 дугаар зүйлиин 43.1.1, 43.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар 20.1.10, Компаниин дүрмийн 8.1, 8.9.8, 8.9.9, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1, 12.5.12, 12.7.3, 12.7.6, 12.7.10, 12.7.19 12.7.23, 12.7.24, 12.7.27, Ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.5, 4.1.7, 4.2.3, 4.2.5, 4.2.6, 4.3.1, 5.4-д заасан заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж ажил тасалсан гэсэн тайлбарласан.

Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг санаачилгаараа цуцалж болохоор хуульд зохицуулсан боловч энэхүү үндэслэлээ нотолсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан бол түүнийг тогтоосон байх шаардлагатай.

Хариуцагчаас ирүүлсэн баримтаар ******* ******* ТӨХК-нд Ёс зүйн зөвлөл ажилладаг бөгөөд тус зөвлөлийн журамд зааснаар ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шийдвэр гаргахаар тусгасан байна.

Гэтэл гомдол гаргагч Т.*******ийн ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдсөн хугацаандаа эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргасан үйлдлийг нь ёс зүйн зөрчилд тооцсон эсэх талаар Ёс зүйн зөвлөлөөс ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, түүнчлэн ажилтны дээрхи үйлдлийн улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн, удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан талаар ажил олгогчоос ямар нэгэн баримтыг ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

 5. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн гаргасан шийдвэр хуульд нийцээгүй талаар дүгнэлт хийж ажилтны гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ ...дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

5.1.Гомдол гаргагч Т.*******ийн гомдлын агуулга нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй, ажлаас үндэслэлгүй халсан хууль бус тушаалыг хүчингүй болгож ажилдаа эргүүлэн тогтоолгох, цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлэх, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулалт цалин гаргуулах гэж тодорхойлсон.

Шүүхээс ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гарсан гэж тодорхойлж ажилтныг ажилд нь эргүүлэн томилсон атлаа ажилтны гаргасан гомдлын эрх зүйн үр дагавар болох 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал буюу цалин хөлсний урамшууллыг шийдвэрлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комиссоор урьдчилан шийдвэрлүүлэх эрхтэй гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь гомдлын үндсэн шаардлагаас утга агуулгын хувьд зөрүүтэй, ямар үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнээд дээрхи алдааг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар засах боломжтой гэж үзлээ.

Учир нь: Т.*******ийн гомдлын үндсэн шаардлага нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хуулийн үндэслэлгүй болохыг тогтоолгох бөгөөд харин цалин, урамшуулал гаргуулан авах талаархи хүсэлт нь ажил олгогчийн нөхөн олговор, өөрөөр хэлбэл эрх зүйн үр дагавар бөгөөд тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар тасалдуулсан, дээрх ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа нөхцөлд гомдол гаргагчийн авах ёстой байсан цалин хөлс, урамшууллыг нөхөн олгох нь ажил олгогчийн хариуцлага юм.

Шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, үндэслэлгүй шийдвэрийн үр дагавар болох цалин хөлс урамшуулал зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу ажил олгогчийн хүлээх хариуцлагыг давхар шийдвэрлэх нь зүйтэй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан тул хэргийн 30-34 дэх талд авагдсан ******* ******* ТӨХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/191тоот тушаал, урамшуулал олгох журам, тооцож олгож аргачлал буюу тушаалын хавсралтад заагдсанаар үйлдвэрийн даргад оногдох урамшуулал буюу 17.926.416 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, гомдол гаргагч Т.*******т олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 6. Хариуцагчийн давж заалдах гомдлын талаар:

6.1.Байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шийдвэрлээгүй байхад шүүх урьтаж маргааныг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон гэсэн гомдлын хувьд:

Гомдол гаргагч Т.******* ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг гардан авсны дараа байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-т 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс...гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ гэсэн хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй, гомдол шийдвэрлэсэн эсэх талаар хүсэлт гаргасан боловч комиссоос хариу ирүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдлоо гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан ба хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Хөтөл цемент ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс хуульд заасан хугацааны дотор буюу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор гомдлыг шийдвэрлээгүй тул гомдол гаргагч Т.******* нь маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсаныг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан тул Т.*******ийн шүүхэд хандаж гаргасан ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******т хэргийн материал танилцуулаагүй, түүний эрхийг хязгаарласан, хариуцагчийн гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй, талуудын мэтгэлцэх зарчмыг хязгаарласан гэсэн гомдлын хувьд:

Шүүх Т.*******ийн гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 05 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Хариуцагч байгууллагаас Т.*******ийн гомдолтой хэрэгт тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээдээр ******* Шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/698 тоот албан бичгээр П.*******, М.******* нарыг томилсон байх ба шүүхээс хариуцагчийн төлөөлөгч М.*******ад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гомдлын хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгч Нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан байх ба М.******* нь тус тус гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Түүнчлэн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч М.******* нь гомдол гаргагч Т.*******ийн гомдлын шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа утга агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хавтаст хэргийн 30-61 дүгээр талд авагдсан тушаал шийдвэр, журам зэргүүдийг нотлох баримт болгон ирүүлсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 00556 тоот Хүсэлт шийдвэрлэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар дээрх хэргийн шүүх хуралдааныг 07 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж хариуцагчийн төлөөлөгч М.*******ад хуралдааны товыг 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн ба хавтаст хэргийн материалтай 07 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 төлөөлөгч хамтран оролцох талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, хэрэгт нотлох баримт гаргах, гэрч асуулгах хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гэрчийг асуулгах хүсэлтийг иргэний хэрэг үүсгэснээс хойш хангалттай хугацаа өнгөрөөд байхад тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны шатанд хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг хуульчилж өгсөн ба хариуцагч байгууллага өөрийгөө хэд хэдэн этгээдээр төлөөлүүлэх эрхтэй, шүүхээс төлөөлөн оролцож байгаа этгээдүүдийн хэн нэгэнд гомдлын шаардлагын хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх, хэргийн материал танилцуулах үүрэгтэй боловч төлөөлөн оролцож буй этгээд нэг бүрт дээрх ажиллагааг явуулах үүрэг хүлээгээгүй бөгөөд тухайн байгууллага төлөөлөн оролцуулж байгаа аль нэг этгээдээ шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцуулах, аль эсхүл оролцуулахгүй байх нь тухайн байгууллагын эрх бөгөөд тэдний зохион байгуулалттай холбоотой асуудал гэж үзнэ.

Хариуцагчийн төлөөлөгч П.*******ын зүгээс ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрх үүрэг танилцуулаагүй, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүйн улмаас миний эрх хязгаарлагдаж зөрчигдсөн, шүүх хуралдаан дээр гэрч асуулгах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь түүний эрхийг хязгаарлаж зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 6.3 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гаргуулаагүй нь зохигчийн эрхийг зөрчсөн гэжээ.

Гомдол гаргагч Т.******* нь гомдлын шаардлагадаа 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17.000.000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шаардлагаа нэмэгдүүлэх гэж тодорхойлж шүүхэд ирүүлснийг шүүхийн шүүгчийн 2023 оны 31-ний өдрийн 00570 дугаар бүхий захирамжаар ...Б/368 дугаар бүхий тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх үнийн дүнд өөрчлөлт орж байгааг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэмэгдүүлсэн гэж үзэхгүй гэж шийдвэрлэжээ.

Шүүгчээс гомдол гаргагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэхгүй хэмээн шийдвэрлэж эрх зүйн акт гаргасан тул тухайн хүсэлтийн хувийг хариуцагчийн төлөөлөгчид гардуулаагүй нь түүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс хэргийг шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулсан байх тул хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй, зохигчдын тэгш байдлын зарчим алдагдаагүй, тайлбар гаргах, мэтгэлцэх бололцоог анхан шатны шүүх олгосон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 7. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 150/ШШ2023/00132 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтанд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар гомдол гаргагч Т.*******ийг ******* Шохой ТӨХК-ийн Чулуунцарын үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 13,269,432 төгрөгийг, 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17.926.416 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч Т.*******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294.497 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ