Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00045

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 511 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 7,126,000 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Нэхэмжлэлийн шаардлага 7,126,000 төгрөгийг гаргуулах

 ... ******* нь надаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкнаас авсан зээлийн эргэн төлөлттэйгөөр холбоотой 6,000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд 2022 онд гаргасан ба 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Түүний хүүхэд нь эцэг тогтоолгох шинжилгээгээр миний хүүхэд биш болох нь тогтоогдсон бөгөөд харин түүний нэхэмжилсэн мөнгийг анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 25 -ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр надаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 07 ны өдрийн 18 дугаартай магадлалаар 4.510,680 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед би түүнд зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгө тооцож үзэхэд 7,126,000 төгрөг болж байсан тул би түүнтэй тооцоо нийлэх бодолтой уулзаж чадахгүй байж байх хугацаанд ХААН банк шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. ХААН банк нь нэхэмжлэл гаргахдаа, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1,073.059 төгрөгийн зээл авахдаа өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл гэж 10,619.529 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр хянан хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 50.50 хувиар хариуцагч биднээс тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн болно. /20 дугаартай шийдвэр/

Миний хувьд *******д зээлээ төл гэж мөнгө дансаар болон бэлнээр өгч байсан учир Сэлэнгэ аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай магадлалын дагуу төлөх 4,510,680 төгрөгийг, Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 20 дугаартай шийдвэрээр төлөх 5,309,765 төгрөгийг төлөх болж байгаа нь давхцаж байгаа тул би маш их хохирч байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул ШШГА-аас надад мэдэгдэл ирүүлсэн байгаа тул энэ шийдвэрийг би зайлшгүй биелүүлэх шаардлагатай байгаа болно. Мөн би нэхэмжлэгч ХААН банканд 2023 оны 02 сарын 02-ний өдөр 3,308,000 төгрөгийг төлсөн. Харин 0.Гэрэлмаад төлөх 4.510.680 төгрөгийг би түүнд нотлох баримттай буюу дансаар шилжүүлсэн 7,126.000 төгрөгийг гаргуулж авч байж төлнө. Иймд *******гаас миний ХААН банк, ХББ банкны данснаас шилжүүлсэн 7,126,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийн шаардлага болох 7,126,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа зүйлийг урд нь 2022.03.25-ны өдөр анхан шатны шүүх, 2022.06.07-ны өдрийн магадлалаар тодорхой үндэслэлтэй шийдвэрлэсэн. Мөн 2023.01.09-ний өдрийн шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болно. Нэхэмжлэгч ******* нь энэхүү нэхэмжлэлд дурдаад байгаа зүйлийг өмнөх шүүх хурал дээр гаргаж ирэх, тайлбарлах эрх нь байсан. ******* нь дээрх шүүхийн шийдвэрүүдтэй холбоотойгоор шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн шүүхэд хандсан боловч хүлээж аваагүй шийдвэр гарсан.

Ер нь нэхэмжлэлийн үндэс болон шаардлага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 511 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,309,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, 1,816,236 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 99,906 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлээд 2023.09.04-ны өдөр 511 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд уг шүүхийн шийдвэр нь зөвхөн нэг талд үйлчилсэн, хууль зүйн үндэслэлгүй байгаа тул хариуцагчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016-2020 он хүртэл хамтын амьдралтай байсан. Миний зүгээс Хаан банкнаас цалингийн зээл авч хамтран зээлдэгчээр ******* нь орж байсан. Миний цалингийн зээл учир зээл маань цалин дээрээс төлөгддөг байсан. Цалингийн дийлэнх нь зээлэндээ явдаг байсан учир ******* нь хоол унд буюу хэрэглээний мөнгийг миний данс руу шилжүүлж миний зүгээс гэр бүлийн ахуйн хэрэглээндээ зарцуулдаг байсан. Энэ тухай буюу бие биенийхээ хэрэглээнд зориулж шилжүүлж байсан талаар зохигчид маргаагүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. ******* нь анхан шатны шүүх хурал дээр ямар учиртай мөнгө нэхэмжилж байгаа вэ гэж өмгөөлөгчийн асуултад хэрэглээнд зориулж өгсөн мөнгө гэж хариулсан. Ийм байхад шүүгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдлыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой буюу үүнд хариуцагч хариу тайлбарыг өгөх ёстой. Гэвч тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага байхад үүнийг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой ямар ч баримт шүүх хурал дээр шинжлэн судлуулаагүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн дурдаад байгаа мөнгөтэй холбоотой асуудлыг урд нь 2022.03.25-ний өдөр анхан шат, 2022.06.17-ний өдөр магадлалаар тодорхой үндэслэлтэй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү шийдвэрлэсэн хэрэгтэй холбоотойгоор дахин анхан шатны шүүх шийдвэр гаргаж байгаа нь хууль зөрчсөн хэлбэр юм. ******* нь энэхүү нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэж шүүхэд хандсан боловч 2023.03.28-ний өдрийн 208/ШТ2023/00006 дугаартай тогтоол гарсан.

Ийм байхад л анхан шатны шүүх буруу шийдвэр гаргачхаад байна. 2026-2020 он хүртэл хамт амьдарч байх хугацаандаа өөрсдийн данснаасаа удаа дараа харилцан бие бие рүүгээ их бага хэмжээгээр мөнгө шилжүүлж өгдөг авдаг байсныг нь зөвхөн ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шууд хийсвэр дүгнэлт хийх нь үндэслэлгүй юм. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д заасан Иргэний хуулийн 492-р зүйлийг үндэслээд байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж болно.

Анхан шатны шүүх хэргийг, зөвхөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, урд нь шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан ... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ..., ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ..., мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан ... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ... тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тиймээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.04-ний өдөр 511 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн талууд хамтын амьдралтай байхдаа амьжиргаандаа зориулж бие биедээ мөнгө шилжүүлж байсан талаар мэдүүлсээр байхад энэ байдлыг харгалзан үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хариуцагч нь гэр бүл цуцлуулахдаа Хаан банкнаас хамтран авсан зээлээ төлнө гэж мөнгө авчихаад түүнийгээ төлөөгүй тул Хаан банк хамтран зээлдэгч гэдэг утгаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Энэ дагуу шүүх шийдвэрлэсэн.

Зээл төлөх талаар шүүхийн 2 шийдвэр гарсан тул анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 7,126,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад байгаа асуудлыг өмнө нь шүүх удаа дараа шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан байна.

3.2. Тус хэргийн зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа хариуцагч ******* нь ХААН банкнаас цалингийн зээл авч тухайн зээлээс 6,000,000 төгрөгийг нь нэхэмжлэгч *******д шилжүүлсэн байна.

Тус зээлийн гэрээнд нэхэмжлэгч ******* нь хамтран зээлдэгчээр оролцсон байх ба зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.

Тодорхой шалтгааны улмаас зохигчид нь 2022 оноос тусдаа амьдрах болсон ба хариуцагч ******* нь цалингийн зээл авахуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******д холбогдуулан зээл 6.000.000 төгрөг, машины сэлбэг, шатахууны үнэ нийт 7.135.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт *******аас 6.055.680 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ******* нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 68 дугаартай хэргийг хянаад Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 18 дугаартай магадлалаар ...*******гийн нэр дээр ХААН бакнаас авсан зээлийг хамтран зэлдэгчийн хувьд ******* төлөх үүрэг хүлээсэн... гэж тодорхойлон *******аас зээлийн төлбөрт 4.510.680 төгрөг гаргуулж *******д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх-ийн 4-6/

3.3. Энэ хугацаанд ******* нь ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр ХААН банкны Сэлэнгэ салбар *******, хамтран зээлдэгч ******* нарт холбогдуулан цалингийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 7,377,286.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,128,465.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 109,778 төгрөг, нотариатын төлбөр 4,000, нийт 10,619,529.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийдвэрээр зээлдэгч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр хариуцна гэж дүгнэж, нийт 10,619,529.9 төгрөгийг *******, ******* нараас тэнцүү хуваан гаргуулж, Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-9/

3.4. Мөн ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийдвэрийн дагуу ХААН банканд зээлийн гэрээний үүрэгт 5,309,764 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 4. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл: хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нар нь Хаан банк ХХК-иас хамтран зээл авч, хариуцагч ******* нь өөрийн цалингаас буцаан төлж байсан байх бөгөөд тэрээр уг цалингийн зээлээс *******ын хэрэглэсэн 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д зээлдүүлсэн гэж шүүхэд маргаан үүсгэж, *******аас 4,510,680 төгрөгийг авснаас үзвэл тус цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг ******* нь дангаараа төлж дуусгах үүргийг хүлээсэн байна.

Гэтэл ******* нь ХААН банкны өмнө хүлээсэн үүргээ дангаар биелүүлнэ хэмээн *******аас шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний төлбөрт 4,510,680 төгрөгийг авсан атлаа ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ******* нь шүүхийн шийдвэрээр 5,309,764 төгрөгийг ХААН банканд төлсөн байх тул анхан шатны шүүхээс хариуцагч *******г 5,309,764 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 5.Иймд хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 511 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, харицагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 128,966 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН