| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2019/00013/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 06
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э-аар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Б,
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 1824000900001 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ц-ийн Б /регистрийн дугаар: /......... /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Б /регистрийн дугаар: /........... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Баянзүрх гэх газарт байрлах Ч.Б-гийн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж эмэгтэй хүний 20 угалзтай монгол гутал 1 ширхэг, 0.75 литрийн Хар сувд, Eden, Ерөөл, Болор, Шар чингис, Соёрхол, 0.5 литрийн Ерөөл, Модун, Соёрхол зэрэг архи хулгайлж, хохирогч Ч.Б-д 449.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Б, гэрч Д.Г Т.Т, Р.А, Б.Б, Ц.Б, Ч.Г, Г.Ө, Д.А, Ц.Л, Н.Т, Ч.А, Г.Б, Ц.Л, С.Б, Г.Б, Б.Б, Т.Ж, яллагдагч Ц.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б-ийн гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, 60-05 ЗАА улсын дугаартай Хьюндай портер маркын автомашины үнэлгээ тогтоосон дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Б-гийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 191001 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгч М.А-ын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 60-05 ЗАА улсын дугаартай Хьюндай портер маркын автомашиныг битүүмжлэх тухай 5/01 дугаартай прокурорын тогтоол, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт хохирогч Ч.Б, яллагдагч Ц.Б, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Б нараас ирүүлсэн хүсэлт, Ц.Б, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолууд, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүдийг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 26-аас 2018 оны 11 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Баянзүрх гэдэг газарт байрлах Ч.Б /Н.Т/-ийн эзэмшлийн монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж, эмэгтэй хүний 20 угалзтай монгол гутал 1 ширхэг, 0.75 литрийн Хар сувд, Eden, Ерөөл, Болор, Шар чингис, Соёрхол, 0.5 литрийн Ерөөл, Модун, Соёрхол нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогч Ч.Б 449,000 төгрөгийн хохирол учруулж, уг хохиролыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан болох нь:
-Хохирогч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө миний Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн Баянзүрх нэртэй газрын өвөлжөөнд бариад орхисон байсан гэрийн өрхний оосрыг огтлоод тооноор хулгай орсон байна гэж сонссон. Одоо миний мэдэж байгаагаар 9 шил буюу 0.75 литрийн Хар сувд, Eden, Ерөөл, Болор, Шар чингис, Соёрхол, 0.5 литрийн Ерөөл, Модун, Соёрхол зэрэг архи алдагдсан байна. Мөн 20 угалзтай шар зулгатай хар өнгийн монгол гутал байсан нь алдагдсан байсан. Уг гутал нь шинэ гутал байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Баянзүрхийн өвөлжөө гэх газар өөрийн амбаараасаа давс авах гэж мотоциклиор очсон юм. Тэгсэн манай өвөө Тын гэрийн өрхний татдаг оосор нь тасарчихсан зүүн талын хэсгээр нь хүн орчихсон юм шиг байхаар нь би гэр дээр нь гараад тооноор нь хартал хулгай орсон байсан. Тэгээд би сумын төв рүү ээж Т.Т руу утсаар хэлсэн юм. ...Хойморын авдарны цоожийг мулт татаад хаячихсан, мөн зүүн талын орны доод талд байдаг доод талын хөлийн авдарыг уудалсан бололтой нэг өмд гаргаад хаячихсан байсан юм. Гэрийн урд талын хэсгээр монгол гуталтай хүн явсан гутлын мөрүүд байсан. Мөн хойноо давхар дугуйтай Бонго, Пронтер машины мөр болов уу гээд хэлчихмээр мөрнүүд цасан дээр гарсан байсан. Манай ээж Т.Т 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөгшин аавын гэрт ирээд эд зүйлүүдийг нь бүртгэтэл манай хөгшин ээжийн 20 угалзтай монгол гутал, хэдэн шил архи алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
-Гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Цэцүүх багийн нутаг Баянзүрх гэх газар өвөлжөөнд манай аав Тын манай хоёр айл байгаа юм. Өвөлжөөнд байгаа манай хоёрын гэр үндсэндээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тэр өвөлжөөнд эзэнгүй байгаа юм. Тэгсэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 18 цаг өнгөрч байх үед гадаа харанхуй болчихсон байхад хөдөөнөөс манай хүүхэд Г миний утас руу залгаад өвөлжөөнд байгаа манай аавын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Гэр дотроос хөлийн авдар дотроос манай ээжийн 20 угалзтай монгол гутал 1 ширхэг алга болсон байна. Мөн манай ээжийн хэлж байгаагаар 9 шил архи дутаад байгаа юм. Ямар ч байсан аавын гэрээс шилтэй архинууд алдагдсан байна лээ. ...Манай аавын гэрийн хойморт цоожтой байсан 2 цоохор авдарны цүүг нь мулт татаад, мушгиад татаж онгойлгосон байсан. ...Манай хоёрын гэрийн хажуугаар монгол гуталтай 2 хүн явсан болов уу гэмээр гутлын мөр байсан, мөн хойноо давхар дугуйтай Бонго, Портер машины мөр болов уу гэмээр мөрнүүд цасан дээр гарсан байна лээ....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
-Гэрч Р.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т эгчийн хамт аавын өвөлжөөнд очтол аавын гэрийн тооноор хулгайч дотогш орсон байсан юм. Манай аавын гэрт хойморын хоёр авдаранд тус бүрт нь 3 шил архи мөн зүүн талын орны хөлийн авдарт 6 шил нийтдээ 12 шил архи байгаа гэж манай ээж надад утсаар хэлсэн юм. Тэгсэн Улаанбаатар, Болор, Онги, гэсэн 3 шил архи гэрийн зүүн талд орны доод талд байдаг хөлийн авдар дотроос гарч ирсэн юм. Харин хойморт байдаг авдарнуудаас архи гарч ирээгүй юм. Мөн тэр хөлийн авдар дотор манай ээжийн 20 угалзтай монгол гутал байсан. Тэр гутал нь алга болсон байсан. Монгол цоожтой 2 авдрын цүүг нь мултлаад, мушгиж хаяад авдарнуудыг онгойлгож дотор талын эд зүйлүүдийг нь ухаад, буцааж хийгээд авдарнуудын тагийг таглаад хаясан байсан. ...Гэрийн хажуугаар монгол гуталтай хүн явсан гутлын мөр байсан. Мөн хойноо давхар дугуйтай Бонго, Портер машины мөр болов уу гэмээр мөрнүүд цасан дээр гарсан байсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,
-Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Ц.Б манай дэлгүүрт гаднаас орж ирэхдээ ганцаараа орж ирсэн юм. Архи худалдаж авах үедээ Ц.Б эрүүл байсан. Би тэр үед Ц.Б-оос архи пиво аваад хаашаа явах нь вэ? гэж асуухад машинтай явж байгаа одоо хөдөө шууд гарлаа гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
- Гэрч Н.Т-хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай эхнэр бид хоёр энэ өвөл хотод өвөлжихөөр ирсэн байгаа. Би намар 9 сард ирсэн. Манай хүн 11 дүгээр сарын 07-нд ирсэн юм. Ирэхээсээ өмнө гэрээ өвөлжөөнд барьж орхиод ирсэн. Манай хүүхдүүд малтайгаа оторт явсан хойгуур өвөлжөөнд байсан эзэнгүй гэрт хулгай орсон байсан. Нэг шинэ монгол гутал, авдарт байсан хэдэн шил архи алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын шинжээч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн: “Эд зүйлийн нэр эмэгтэй хүний 24 угалзтай монгол гутал, 1 ширхэгийн үнэлгээ 300,000 төгрөг, Хар сувд нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 30,000 төгрөг, Eden нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 30,000 төгрөг, Шар чингис нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 16,000 төгрөг, Болор нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 20,000 төгрөг, Ерөөл нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 11,000 төгрөг, Соёрхол нэртэй архи 0.75 литр 1 ширхэгийн үнэлгээ 16,000 төгрөг, Ерөөл нэртэй архи 0.5 литр 1 ширхэгийн үнэлгээ 8,000 төгрөг, Модун нэртэй архи 0.5 литр 1 ширхэгийн үнэлгээ 6,000 төгрөг, Соёрхол нэртэй архи 0.5 литр 1 ширхэгийн үнэлгээ 12,000 төгрөг, эд зүйлийн нийт үнэлгээ 449,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Г.Б-гийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 191001 дугаартай: “Хэргийн газрын үзлэгээр илрүүлж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан “1” гэж дугаарласан тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь иргэн Б.Б-ийн эзэмшлийн 60-05 ЗАА улсын дугаартай porter маркын тээврийн хэрэгслийн баруун гар талын хойд дугуйны дардастай тохирч байна.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 44 дүгээр хуудас/,
-Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Цэцүүх багийн иргэн Ц.Б-ийн хамт Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Баянзүрх гэх газарт байгаа Н.Т гэдэг айлын монгол гэрийн тооноор орж 9 шил архи, эмэгтэй хүний 20 угалзтай монгол гутал зэрэг эд зүйл хулгайлж авсан юм. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид баригдаад цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. Бид хоёрын хулгай хийж авсан архинууд 0.75 литрийн Хар сувд, Eden, Ерөөл, Болор, Шар чингис, Соёрхол, 0.5 литрийн Ерөөл, Модун, Соёрхол зэрэг 9 шил архи байсан. Харин монгол гутал нь эмэгтэй хүний 20 угалзтай шинэвтэр монгол гутал байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 90-92 дугаар хуудас/,
-Яллагдагч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Цэцүүх багийн иргэн Б.Б-ийн хамт Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг Баянзүрх гэх газарт байгаа Н.Т гэдэг айлын монгол гэрийн тооноор орж 9 шил архи, эмэгтэй хүний 20 угалзтай монгол гутал зэрэг эд зүйл хулгайлж авсан юм. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид баригдаад цагдаагийн байгууллагаар шалгуулах болсон. Бид хоёрын хулгай хийж авсан архинууд 0.75 литрийн Хар сувд, Eden, Ерөөл, Болор, Шар чингис, Соёрхол, 0.5 литрийн Ерөөл, Модун, Соёрхол зэрэг 9 шил архи байсан. Харин монгол гутал нь эмэгтэй хүний 20 угалзтай шинэвтэр монгол гутал байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 95-97 дугаар хуудас/,
-Мөрдөгч М.А нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ц.Б-оос шар зулгатай, хар түрийтэй, хар савхин угалзтай, зулхай оймстой, оймсны түрүүний суурийг ногоон торгоор хийсэн, цагаан ширэн ултай, 20 угалзтай эмэгтэй хүний шинэ монгол гутал 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авч үйлдсэн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 57, 58 дугаар хуудас/,
-Мөрдөгч М.А нь эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг монгол гутлыг хохирогч Ч.Б-ийн охин Т.Т-д хүлээлгэн өгч үйлдсэн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /ХХ-ийн 63 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н.Т, Ч.Б гэдэг хүмүүсийн гэрийн тооноор Б.Б-той хат хууль бусаар нэвтрэн орж 9 шил архи, 1 ширхэг монгол гутал хулгайлж хохирогч Ч.Б-д 449,000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид 2 архи ууж байгаад архиа дуусахаар Н.Тын гэрт архи байгаа байх гэж бодоод тэднийхээс архи авч уухаар ярилцаад очиж 9 шил архи хулгайлахдаа 1 монгол гутал байсныг бас хулгайлсан. Хохирогчид хохиролыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Н.Т-ын гэрийн тооноор Ц.Б-той орж 9 шил архи, 1 монгол гутал хулгайлж, хохирогч Ч.Б-нд 449,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохиролыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт хохирогч Ч.Б-с ирүүлсэн: “...Ц.Б, Б.Б нар нь хохирол гомдлоо төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь Н.Т, Ч.Б нарын амьдардаг гэрийн тооноор орж, эд зүйл хулгайлж, Ч.Б 449,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, бусдад 449,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэл муутай гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан байх нөхцлийг хууль тогтоогч хуульчлахдаа “учрах саадыг арилгах зорилгоор” гэж урьдчилсан нөхцлийг зааж тодруулсан. Зорилго гэдэг нь алс ирээдүйд ямар нэгэн үр дүнд хүрэх эрмэлзэл, бодлого байдаг ба хулгайлах гэмт хэргийн зорилго нь тухайн гэмт хэргийг туйлд нь хүргэж, бүрэн гүйцэт төгсгөхөд чиглэгдсэн байдаг. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь уналгадаа буюу зорьсон газрууддаа очих зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж явснаас бус хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор буюу гэмт хэргийг туйлд нь хүргэх зорилгодоо машин механизм ашиглаагүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор нь “машин механизм ашиглах гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол бий. Уг тогтоолд зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэгч этгээд нь өөрийн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласныг уг ойлголтод хамруулахаар байгаа. Ц.Б, Б.Б нар Н.Тын гэр байгаа Баянзүрх гэдэг газрын өвөлжөөнд тээврийн хэрэгсэлээр ирээд, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа мөн тухайн тээврийн хэрэгсэлээр буцаж явсан учир тэднийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзнэ” гэж мэтгэлцсэнийг шүүх үндэслэл муутай гэж үзлээ.
Учир нь “машин механизм ашиглах” талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол нь 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед гарсан тогтоол бөгөөд тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх зохицуулалттай байсан хэдий ч урьдчилсан нөхцөл заагаагүй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор” гэж урьдчилсан нөхцлийг хуульчилсан тул дээрх тогтоолын агуулгыг шууд хуулбарлан хэрэглэх боломжгүй юм.
Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгож, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 8 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр байхаар, доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялын хоёрны нэгээс багагүй байхаар тус тус тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд тэдэнд шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулах учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг тухайн өдрөөс эхлэн тоолох нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь Ч.Б учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид тэднээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул, мөн тэднийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгох учир Б.Б-ийн эзэмшлийн 60-05 ЗАА дугаартай Хьюндай портер маркын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Ч.Б учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас М овогт Ц-ийн Б, Б овогт Б-ийн Б нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч М овогт Ц-ийн Б, Б овогт Б-ийн Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ц.Б Б.Б нар нь хохирогч Ч.Б учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид тэднээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн эзэмшлийн 60-05 ЗАА улсын дугаартай Хьюндай портер маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын иргэний бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.У