Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 08

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн 1824000850061 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, *,  * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт О-ийн Г /регистрийн дугаар: ........../.

Шүүгдэгч О.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ иргэн Б.О-ийн эзэмшлийн 33-41 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, 2018 оны 4 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Г.Т-ийн хашаанаас Ж.Б-ийн эзэмшлийн хөрөө рамны моторыг хулгайлж, нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт  2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, хохирогч Ж.Б гэрч Л.Б, Б.Д, Б.О, Ш.С, Д.О, Ч.Г, Г.Т, Б.Э, яллагдагч О.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Л.Б, О.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт”, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээний комиссын шинжээч нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт”, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол”, 33-41 ЗАН улсын дугаартай аксент маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирол төлбөр төлсөн талаарх хохирогч Ж.Б-н тодорхойлолт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд  нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч О.Г нь 2018 оны 3-4 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Г.Т-ийн хашаанаас Ж.Б-ийн эзэмшлийн хөрөө рамны моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Л.Б-т худалдсан болох нь:

-Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 3 дугаар сард Тосонцэнгэл сумын Хайрхан багт байх манай хүргэн Т-ийн хашаанаас миний эзэмшлийн Самка-самка маркын гар хийцийн хөрөө рамын мотор нь хулгайд алдагдсан юм. Тэрнээс хойш олдчих болов уу гэж бодож хайж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би уг моторыг 1,500,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 09-12 дугаар хуудас/,

-Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны хавар 4 сарын орчимд байх цас цоохортчихсон байсан юм. Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Над руу Г утсаар яриад чи надаас мотор аваадахаач гэсэн. Тэгээд би Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт Сүмийн хороонд таксины жолооч О, Г нартай хамт очиж айлын хашаанаас Тайга хөрөөг дуурайлгаж гар аргаар хийсэн хөрөө рамны моторыг рамнаас нь тайлж авсан. Тэндээсээ намайг Г манай гэрт хүргэж ирээд такситайгаа буцаад явсан. Би нөгөө моторыг нь аваад үлдсэн. Хэн гэх айлыг нь мэдэхгүй, уг хашааны баруун урд талд байсан зэв эдсэн бор өнгийн хөрөөнөөс 380 вольтоор ажилладаг гэх моторыг Г бид хоёр тайлж авсан. Тэр моторыг авахын өмнө Г надад хэлэхдээ 19, 22-ын түлхүүр бэлдээд байж байгаарай гэсэн. Тэгээд л тэр түлхүүрнүүдээр тайлж авсан. ...Хашааны зүүн талд нь гэр, байшин хоёр байсан. Би Г-аас энэ айлууд чинь эзэнтэй юмуу гэж асуухад манайхан хөдөө явчихсан, би уг рамыг суурилуулж байсан юм гэж хэлсэн. ...Би хулгайлж зарж байгааг мэдээгүй. Ган-Эрдэнээс энэ хэний хөрөө рам бэ? Гэж асуухад миний эзэмшлийн хөрөө рам байгаа юм гэж хэлсэн. ...Г над руу залгаад надад хөрөө рамны мотор байна, чи авчихаач гээд гуйгаад байсан. Тэгээд манайд такситай ирээд хамт очиж айлын хашаанаас авсан юм.”  гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14, 23-24, 26 дугаар хуудас/,

-Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”2018 оны 3 сарын дундуур хөдөө мал төллүүлэх гэж яваад буцаж 4 дүгээр сарын 01-ний үед Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах гэртээ ирсэн. Хөдөө явчихаад ирэхэд улаан хүрэн буюу зэв идсэн хөрөө рамны мотор нь алга болсон байсан. Тэгээд тэр хавьдаа хайгаад олоогүй. Тэрнээс хойш манай аав Б цагдаад тэмдэглүүлэх юмсан гэж ярьсаар байгаад л саяхан цагдаад өргөдөл бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

-Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 4 сарын сүүлээр би дэлгүүрийн урд таксинд явах гээд зогсож байсан чинь Г ирээд намайг аваад Д буюу Б-нд очсон. Тэднийхээс Б-г аваад “одоо манайхруу очно” гэсэн. Тэгсэн удаа ч үгүй Б утсаар яриад одоо очлоо ээж, хоолоо хийж байгаарай гэж байсан. Тэднийхээс хазгай хорооны баруун энгэрт нэг хашааны гадаа очиж зогсоод тэр хоёр хашаа руу орсон. Тэгээд удаагүй 380 вольтоор ажилладаг бололтой 1 ширхэг хөрөө рамны мотор авч гарч ирээд миний машины хойд суудал дээр тавиад тэндээсээ Б-ынд очоод мотороо буулгаад Г Б-аас 30,000 орчим төгрөг тоолж авсан. Би таксины мөнгөө Баас аваад Г нь миний машинд суугаад төв рүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

-Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 дугаар сард би Г-тэй хамт хөрөө раманд ажиллаж байхдаа манай найз охин 3,500,000 төгрөгөөр хөрөө рам зарна гэж байна гэж ярьчихаад орой буугаад гэрлүүгээ очиж хоолоо идчихээд хэвтэж байсан чинь Г над руу залгаад ах нь төв заалны энд байна, архи уучихсан явж чадахгүй байна, хүрээд ирээч гэсэн. Тэгээд би халуун усны хажуу талын хашааны тэнд яваад очиход Г ах ганцаараа сууж байсан. Тэгээд ах нь архи уучихсан явж чадахгүй байна. Гэрт хүргээд өгөөч гэснээ Б-ийн хөрөө рамны моторыг нь хоёулаа очоод авчихъя гэсэн. Тэгэхлээр нь би тэнсэн ялтай байгаа. Тийм зүйлд оролцмооргүй байна гэсэн чинь за тэгвэл ах нь таксидаад гэртээ харьчихъя гээд би Г-тэй халуун усны урд талын сандал дээр сууж байгаад таксины зогсоолын тэнд аваачиж улаан хүрэн өнгийн машинтай Отгоо жолоочийн таксинд суулгаж өгчихөөд  гэр лүүгээ явсан. ....Би гэртээ харьчихаад унтах гэж байтал над руу дахин залгаад Б-ийн дэлгүүрийн энд хүрээд ир гэсэн. Тэгэхлээр нь яваад очтол нөгөө таксиндаа сууж байсан. Ах нь Б-ийн хөрөө рамны моторыг хулгайлаад Д-т зарчихлаа гэхлээр нь та яаж байгаа юм бэ, үнэн учрыг нь хэлээд буцаагаад өгье гээд хэлсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд дэлгүүрээс архи, пиво авч гарч ирээд таксигаа явуулчихаад буугаад үлдсэн. Тэгээд та яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чамд худлаа хэлсэн юм аа. Ах нь Ц ахаас модонд явна гэж хэлээд 30,000 төгрөг авсан юм гэж хэлсэн. Тэгээд Ж гэх айлд ороод нөгөө архиа уугаад дахин архинд явна гэхлээр нь би хашааг нь давж гараад гэртээ хариад унтсан...”гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

-Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 3 сарын эхээр сумын төвөөс хөдөө явж мал төллүүлж байгаад 4 сарын эхээр буцаад сумын төвд байрлах гэртээ ирсэн чинь манай хашааны баруун хэсэгт байсан хөрөө рамны мотор алга болчихсон байсан. Тэгээд аавд мотор алдагдсан талаар хэлсэн. Уг мотор манай хашаанд ойролцоогоор жил гаран болж байсан. Уг хөрөө рамыг 380 вольттой газар ажиллуулж байгаад манай хашаанд авчирч тавьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч О.Г-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ж.Б-ийн хөрөө рамны моторыг хулгайлсан нь үнэн. Хулгай хийхдээ Б-аас 19, 22-ын түлхүүр авч очоод моторыг рамнаас нь тайлж авсан. Тайлж авсан даруйдаа мотороо Б-т зарсан. Уг моторыг өөрийнх гэж хэлсэнээс хулгайнх гэдгийг Б-т хэлээгүй. Б надаас мотор аваад, өөрөө тэврээд хашаанаас гараад, ирсэн таксиндаа хийгээд гэртээ аваачсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18, 23, 42-43, 66 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Шүүгдэгч О.Г-ий хулгайлан авсан хөрөө рамны мотор нь 1,500,000 төгрөгийн үнэтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ж.Б-д хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь:

-Завхан аймгийн хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний Эд зүйлийн үнэлгээний үнэ тогтоох комиссын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн: “Эд зүйлийн нэр Самка-самка маркын гар хийцийн хөрөө рамны мотор, 1 ширхэгийн үнэлгээ 1,500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,

-Шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Г-аас нотлох баримтаар гаргаж өгсөн: “Ж.Б миний бие хөрөө рамаа алдаж, хохиролоо барагдуулсан тул гомдолгүй. Хохирогч Ж.Б” гэсэн тодорхойлолт,

-Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Хохирогч Ж.Б хохиролыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Г нь хохирогч Ж.Б-ийн эзэмшлийн хөрөө рамны моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авч, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан боловч дээрх хохиролыг хохирогчид сайн дураараа төлж барагдуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Зэвсэг гэдэг нь тухайн үйл ажиллагаанд хэрэглэгдэхэд зориулагдсан багаж хэрэгсэл байдаг ба хөрөө рамны мотор тайлах ажиллагаанд хэрэглэгдэх зэвсэг нь түүний боолтнуудад тохирох түлхүүр багажнууд юм. Шүүгдэгч О.Г нь моторыг хөрөө рамнаас нь салгахын тулд түүний боолтнуудад тохирсон зэвсэг /түлхүүр багаж/  шаардлагатай гэдгийг урьдчилан мэдэж байсан ба тохирох зэвсэг /түлхүүр багаж/-гүйгээр моторыг салган авах боломжгүй нөхцөл байдлыг буюу учрах саадыг арилгах зорилгоор гэрч Л.Б-аас 19, 22-ын түлхүүрүүдийг урьдчилан бэлтгэн авч, түүгээр моторыг тайлж авсан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Г, гэрч Л.Б, Б.О нарын өгсөн мэдүүлэгүүд болон эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж хэргийн хамт ирсэн 2 ширхэг түлхүүр зэргээр нотлогддог.

Гэвч прокурор дээрх зэвсэг хэрэглэсэн гэх нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэсэн гэж яллаагүй тул шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний халдашгүй байх эрхийг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудад хуульд нийцэх учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн тухайн асуудалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно.

Харин прокуророос шүүгдэгч О.Г-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан  гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэл муутай гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан байх нөхцлийг хууль тогтоогч хуульчлахдаа “учрах саадыг арилгах зорилгоор” гэж урьдчилсан нөхцлийг зааж тодруулсан.  Зорилго гэдэг нь алс ирээдүйд ямар нэгэн үр дүнд хүрэх эргэлзэл, бодлого байдаг ба хулгайлах гэмт хэргийн зорилго нь тухайн гэмт хэргийг туйлд нь хүргэж, бүрэн гүйцэт төгсгөхөд чиглэгдсэн байдаг. Шүүгдэгч О.Г нь уналгадаа буюу зорьсон газрууддаа очих зорилгоор таксинд сууж явсныг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлснээр төгсдөг ба шүүгдэгч О.Г нь хөрөө рамны моторыг салгаж аваад Л.Б-ын эзэмшилд шилжүүлэн өгснөөр тухайн гэмт хэрэг төгссөн байна. Мотор худалдаж авсан Л.Б нь мотороо Б.О-ийн таксинд тавиад гэртээ хүргүүлж байгаа үйл баримт нь гэмт хэрэг төгссөний дараах явдал учир хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл зорилго гэдэг бол тухайн үйлдлийг төгс хийж гүйцэтгэхэд чиглэсэн урьдчилсан нөхцөл бөгөөд нэгэнт төгссөн гэмт хэргийн дараах нөхцлийг зорилго гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор нь “машин механизм ашиглах гэдгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол бий. Уг тогтоолд зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэгч этгээд нь өөрийн үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласныг уг ойлголтод хамруулахаар байгаа. Хөрөө рамны моторыг шүүгдэгч ганцаараа өргөөд, дааж явж чадахгүй гэдгээ мэдэж байсан учир уг моторыг авч явах зорилгоор Б.О-ийн эзэмшлийн 33-41 ЗАН улсын дугаартай аксент маркын автомашинаар таксидаж ирсэн. Тэгээд хулгайлсан зүйлээ уг машинд ачаад явсан учир О.Г-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзнэ” гэж мэтгэлцсэнийг шүүх үндэслэл муутай гэж үзлээ.

Учир нь “машин механизм ашиглах” талаар тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол нь 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед гарсан тогтоол бөгөөд тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх зохицуулалттай байсан хэдий ч урьдчилсан нөхцөл заагаагүй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор” гэж урьдчилсан нөхцлийг хуульчилсан тул дээрх тогтоолын агуулгыг шууд хуулбарлан хэрэглэх боломжгүй юм

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч О.Г-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Г-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч О.Г нь Ж.Б учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учир энэ талаар шийтгэх тогтоолд дурдаж,  түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүрийг эзэмшигч  Л.Б-т нь буцаан олгож, шүүгдэгч О.Г тэдгээр түлхүүрийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан нь нотлогдож байгаа тул үнийг гаргуулан улсын төсөвт оруулах нь үндэслэлтэй юм.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг түлхүүр нь зах зээлийн ханшаар тус бүр нь 2500 төгрөгийн үнэтэй болох нь гэрч Л.Б, Б.Эг нарын мэдүүлэгээр нотлогдож байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас  Т овогт О-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овогт О-ийн Г-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. О.Г-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг түлхүүрийн үнэ 5000 төгрөгийг шүүгдэгч О.Г-ээс гаргуулан улсын төсөвт оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг түлхүүрийг Л.Б-т буцаан олгож, шүүгдэгч О.Г-ний хувьд оногдох эд хөрөнгө битүүмжилсэн  2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.У