| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2019/00017/э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 10
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Г
Насанд хүрээгүй хохирогч Д.М,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д,
Шүүгдэгч Ү.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн 1824000950002 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * аймгийн * сумын * баг хаягаар оршин суудаг, *хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, К овогт Ү-ы Л /регистрийн дугаар: .........
Шүүгдэгч Ү.Л нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хүүхэд Д.М-ийг байнга буюу 2018 оны 12 дугаар сарын 17-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын * багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хөлөн тус газарт нь 3-4 удаа өшиглөсөн, 2018 оны 11 дүгээр сарын 07-нд мөн өөрийн гэртээ толгой, гар хэсэгт нь цохисон, 2018 оны 4 дүгээр сард өөрийн гэртээ толгой хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн, 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хот * дүүрэгт байрлах н.О-гийн байшинд толгой хэсэгт нь цохиж, бие махбодид нь байнга халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт авагдсан Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 192007 дугаартай шинжээчийн дүгнэлт, нийгмийн ажилтны дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох маягт, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл, гэрч П.Б, Ү.Д, Э.Н, Х.Ц, Ш.Б, насанд хүрээгүй хохирогч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Д, яллагдагч Ү.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, их эмч Б.Г-н үзлэг хийсэн тодорхойлолт, гэрэл зураг, Ү.Л, Ү.Д, Д.М нарын иргэний бичиг баримтын хуулбар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 3/06 тоот тодорхойлолт, Ү.Л гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх Цагдаагийн байгууллагын лавлагааны маягт, шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох бичиг баримтууд, түүнийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар доорхи нөхцөл байдлууд болон үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Ү.Л нь насанд хүрээгүй хохирогч Д.М-ийг 2018 оны 4, 7, 11, 12 дугаар саруудад “муухай бичлээ, хичээлээ хийсэнгүй, гэр цэвэрлэсэнгүй, аяга угаасангүй” гэх мэт шалтгаануудаар зодсон үйл баримтууд нь:
-Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 17-ны өглөө манай ээж дүүг маань цэцэрлэгт хүргэж өгчихөөд буцаж гэртээ ирээд аавын хамт ажил руугаа явсан. Аав Л гэрээсээ гарахдаа намайг аяга, тогоогоо угаагаарай гэж хэлсэн. Би гэрээ цэвэрлэчихээд байж байтал гаднаас Б ах хүүхдүүдтэй орж ирсэн. Б ах пиво, хиам авч ирсэн байсан. Хиамаа идээд, пивоо уухаар нь би “Аав одоо хүрээд ирнэ шүү” гэсэн чинь Б ах нөгөө хүүхдүүдтэй гараад явсан. Тухайн үед би гэрээ цэвэрлээд аягаа угаасан байсан. Б ах орж ирээд аягануудад пиво уугаад аяга бохирдуулсан байсан чинь удалгүй гаднаас аав Л орж ирсэн. Надаас гэрээ цэвэрлэсэн үү? гэхээр нь би гэрээ цэвэрлэсэн гэж хэлээд дүүгийн хамт түлээ хагалж оруулж ирэх гээд гарсан. Тэгсэн чинь аав Л намайг дуудаад ороод ир гэхээр нь гэртээ гүйгээд ороод ирсэн чинь “Энэ юун пивоны шавхаруу байгаа юм бэ” гэж асууж байсан. Тэгснээ тогооны саваа онгойлгож үзээд аягаа угаагаагүй байна гэж хэлснээ халбага, сэрээ над руу шидээд “Чи худлаа ярилаа” гэж хэлээд хөл рүү өшиглөсөн. Тэгээд аав ус аваад ир гэхээр нь 40-ийн саваар тэрэг түрээд усаа авч ирчихээд хичээлдээ явсан. Хичээл дээрээ сууж байхад хөл өвдөөд өөрийн мэдэлгүй уйлсан чинь багш “Зүгээр үү?” гэж асуухаар нь зүгээр гэж хэлсэн. Тэгээд багш намайг аваад ангиас авч гараад “Юу болсон” гэж асуусан. Аав миний хөл рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгсэн чинь багш хэзээ зодсон юм бэ? гэхээр нь өглөө намайг зодсон гэж багшдаа хэлсэн. Багш намайг дагуулаад багш нарын өрөөнд оруулаад хувцасаа тайл, багш нь хараадахъя гэхээр нь би багш Б-д хөлөө харуулсан. Дараа нь нийгмийн ажилтан Цийн өрөөнд очиж хөлөө үзүүлсэн. ...Миний хоёр хөлний шилбэ хөхөрсөн, бас арьс нь халцарсан байгаа. Их өвдөж байна. Өөр биед үүссэн гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ү.Л нь миний хойд эцэг, харин манай 2 дүүгийн төрсөн эцэг юм. Тэр хүн надад 2 дүүгээс маань арай ширүүн ханддаг, намайг хичээлээ муу хийлээ, муухай бичлээ, гэрээ цэвэрлэсэнгүй, аягаа угаасангүй гэх мэтээр шалтаглаад 7 хоног бүр зоддог. Зодуулсан талаараа ээждээ хэлэхээр ээж хүүхэд яагаад зодчихсон юм? Гээд ааваас асуухаар хүүхдээ өмөөрлөө гээд ээжтэй хэрэлдээд байдаг болохоор аав, ээж хоёрыгоо хэрэлдүүлэхгүй гээд хэлдэггүй. Бас аав намайг зодуулсан талаараа хүнд хэлж болохгүй, хэлвэл цагдаа сэргийлэх гээд бөөн юм болно шүү гэдэг. Зарим зодуулсан хугацаагаа санахгүй байгаа. 2018 оны 4 дүгээр сард муухай бичлээ, хичээлээ олигтой хийсэнгүй гээд 2-3 удаа алгадаж зодсон, 7 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа толгой руу 2-3 удаа цохьж, гутлаараа өшиглөж зодсон, 11 дүгээр сард түлээний хагалсан модоор толгой руу цохьж, гарын ар руу сураар ороолгож зодож байсан. Хамгийн сүүлд 12 дугаар сарын 17-ны өдөр хөл рүү гутлаараа өшиглөж зодсон. Зарим зарим зодсоныг нь одоо би санахгүй байна. Намайг аав ээжийн дэргэд зоддоггүй, ээжийг ажилдаа явсан үеэр дүү нарын дэргэд зоддог. Би ааваасаа их айдаг...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад бага охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тэгээд алдсан гар утсаа тэмдэглүүлэх гээд цагдаа дээр нөхрийн хамт очсон. Тэгсэн хошууч Ж-той утсаар холбогдож мэдэгд гэхээр нь би Ж-ийн гар утасны дугаарыг аваад нөхөр бид хоёр ажил дээрээ ирсэн. Тэгээд Л гэр лүүгээ яваад ирсэн. Тэгтэл үдээс хойш намайг ажил дээр байж байтал хүүхдийн байцаагч ажил дээр ирээд Л-ыг надтай хамт байж байтал “Чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ?” гэж хэлээд бид хоёрыг цагдаа оръё гээд цагдаа дээр ирсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М-ийг гэрт байхад нь түлээний хагалсан модоор гар, толгой руу нь цохисон байсан ба тэр үед нүүр, толгой нь хавдсан харагдаж байсан юм. Тэр өдөр гэртээ дүү Х-тай л байсан. Манайд өөр хүн байгаагүй. Ү.Л нь М-ийг зодохдоо гэртээ хүн байхгүй, мөн намайг байхгүй үед л зодсон байдаг. Би дараа нь мэддэг. Зодохдоо байнга толгой руу л цохиж зодсон байдаг. ...Би Тосонцэнгэлд байж байгаад 7 дугаар сарын дундуур /яг өдрийг нь тодорхой санахгүй байна/ Улаанбаатар хот ороход М-ийг зодсон байсан. Манайх 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод байсан ба тэр үед манай 2 хүүхэд л аавтайгаа байсан. Өөр хүн манайд байгаагүй юм. Тухайн үед М-ийн нүүр болон толгой хэсэг хавдсан шархтай байсан. Би тэр үед цагдаад хэлэх гэсэн боловч Улаанбаатар хотод өөрөө үсчингийн байр түрээсэлж байсан тул цагдаа дуудаад өгөхөөр олон дахин дуудагдаад ажлаа алдах байх гэж бодсон юм. Тэгээд ч Ү.Л цагдаад битгий хэлээч гээд гуйгаад байсан. Л нь удаа дараа хүүхдээ зодоод байгаа тул хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-35А дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүүхдээ зодож нүдэхгүй хүмүүжүүлээчээ гэж Л-т хэлмээр байна. Л-ын тухайд эцэг хүний анхаарал, хайр халамж дутмаг байдаг. Хүүхдийг маань дандаа намайг байхгүй үед зодсон байдаг ба би сүүлд нь мэддэг. Намайг ч зодож цохидог байсан бөгөөд хэлж ярисаар энэ байдал нь засарсан. Хүүхдээ битгий зодож байгаач гэж байнга хэлдэг боловч хүүхдээ өмөөрлөө гээд үг авдаггүй. Манайх 3 хүүхэдтэй, 2 бага нь Л-ын төрсөн хүүхдүүд ба М намайг дагаж ирсэн дагавар хүүхэд юм. Л-ын тухайд Мд өөрийн 2 хүүхдээсээ арай л ширүүн хандаад байдаг. 2018 оны зун 7 дугаар сард аймар зодсон байсан. Нүүр ам нь хавдаад, нүд нь хөрөөд их бэртсэн байсан. Эмнэлэгээр явах гэсэн боловч зав таараагүй, Л өөрөө цай тавиад намдаасан. М-ийг зоддог асуудлаас болж Л бид хоёр 2-3 удаа салсан. Анх айл болоод Тэс суманд амьдарч байхад Мийг зодоод болохгүй болохоор нь би хүүхдээ аваад Тосонцэнгэл суманд ирсэн. Араас уучлалт гуйгаад ирсэн. Дахиад хамт амьдарч байхдаа зодоод арга бараад 2 удаа салсан. Уучлалт гуйгаад, дахиад тэгэхгүй гээд ирэхээр нь засрах байх гээд эвлэрсэн. Мөн 2-3 удаа цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас хоёуланд нь торгуулийн арга хэмжээ авсан ба Л нь өөрөө ажил хийдэггүй, орлогогүй учир торгуулийг нь би төлсөн. 2018 оны 11 дүгээр сард нүүр нь хавдаад, гар нь хөхөрсөн байсан. Л-ыг зодсон гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 30 минутанд хичээл эхэлж сурагчидаа бүртгэхэд М ирээгүй байсан. Тэгээд хичээлээ эхлээд сонсголын цээж бичиг хийх гэж байхад М ангидаа орж ирсэн. Сонсголын цээж бичиг хийж байхад М доошоо харж суугаад цээж бичгээ бичихгүй суугаад байсан. М-ээс яагаад бичихгүй байгаа юм бэ? толгой нь өвдөөд байгаа юм уу? гэж асуухад үгүй гээд дуугараагүй. Цээж бичгээ бичүүлж дуусгаад Монгол хэлний хичээлээ эхлээд сурагчидаараа бие даалт хийлгэхэд М эхэлж орхиод доошоо харж суугаад уйлаад байсан. Тэгээд би яасан бэ? гэж асуухад хөл өвдөөд гэж хэлээд дуугарахгүй байхаар нь ангиасаа авч гарч байгаад асуусан чинь аав зодсон гэж хэлсэн. Хэзээ зодсон юм бэ? аль руу нь цохисон юм бэ? гэхэд өнөө өглөө хөл рүү өшиглөсөн гэсэн. Тэгээд би дагуулж яваад багш нарын өрөөнд орж байгаад өмдийг нь тайлж үзсэн чинь хөл нь хөхөрсөн, халцарсан, хавдсан байхаар нь нийгмийн ажилтанд утсаар мэдэгдсэн. Нийгмийн ажилтан өрөөндөө дагуулаад ир гэхээр нь би М-ийг өрөөнд нь дагуулж ороод хөлийг нь үзүүлсэн. Тэгээд би нийгмийн ажилтанд М-ийг үлдээгээд анги руугаа явсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 26 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай аав Ү.Л нь ах Мнийг /би одоо яг өдрийг санахгүй байна/ гэртээ байж байхад нь 2-3 удаа зодсон. Саяхан хөл рүү нь өшиглөсөн. М ахын хөлнөөс нь цус гарсан, хөхөрсөн, улайсан байсан. Өмнө нь гараараа толгой руу нь байнга цохиж зоддог. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод байхад ээж Тосонцэнгэл рүү явсан үед нүүр лүү нь цохисон. Тэр үед ах М-ийн толгой хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 42 дугаар хуудас/,
-Гэрч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үдээс хойш яг цагийг нь санахгүй байна М-ийг ангийн багш нь болох Б манай өрөөнд дагуулж орж ирсэн. Багш Б ярихдаа “М-ийг аав нь дахиж зодсон байна. Хичээлээ хийхгүй суугаад байхаар нь асуутал аав зодсон” гэж хэллээ гэж ярьсан. Тэгээд би М-ээс аав нь яаж зодсон талаар асуутал “Аав бакайлан гуталтай өшиглөж зодсон” гэж хэлсэн. Тэр үед Мэ хөл өвдөж байна гээд уйлаад байсан. Тэгэхээр нь багш нь хөлийг нь үзье гээд хувцсыг нь тайлаад үзсэн. Хувцсыг нь тайлахад өвдөөд байна гээд тайлж чадахгүй байсан. Би туслаад хувцсыг нь тайлаад хартал хоёр хөлний өвдөгний доод хэсэгт шилбэний орчим зулгарсан, улайсан, хавдсан, мөн бага зэрэг цус гоожсон байдалтай байсан. Тэгээд ажил үүргийн дагуу хүүхдийн байцаагчид утасдаж мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 48-49 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна, яг өдрийг нь тодорхой санахгүй байна арын гудамжинд байх Л-ын гэрт ортол М дүүгийн хамт байсан. Тухайн үед М ярихдаа аав намайг зодсон гэж байсан. Тухайн үед М духны хэсэгт бага зэрэг хавдсан байдалтай харагдсан. Өөрөөр бол ил харагдах шарх сорви харагдаагүй. Би М дахиж аав нь зодвол ахдаа хэлээрэй манайх танай урд байдаг юм гээд гэрээ зааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 52 дугаар хуудас/,
-Ү.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Д.М бол манай том хүү байгаа юм. Д-тай 2010 онд анх танилцахад М нь 1 настай байсан. Дагавар хүүхэд байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед эхнэр Д-ын хамт гэрээсээ гараад, эхнэр ажил руугаа, би соёлын төв орохоор явсан. Гэрээс гарахдаа хүү М-д хандаж “Гэрээ цэвэрлээд, хичээл номоо хийгээд, тогоо шанагаа угаачихаарай” гэж хэлээд гарсан юм. Тэгээд 12 цагийн үед гэртээ ирээд хүү М-ээс аяга, тогоогоо угаасан юм уу гэхэд хариуд угаасан гэхээр нь тавиар дээр байсан стаканыг аваад цай уух гэхэд пивоны үлдэгдэл шавхаруу байхаар нь М-ээс асуутал “Б ах найзуудтайгаа орж ирээд пиво уугаад гарсан” гэж байсан. Тэгээд юм угаах гээд гал дээр тогоогоо тавьсан чинь тогоог угаагаагүй, дотор нь байсан хоолыг идчихээд буцаагаад хийсэн байсан. Тэгэхээр нь аягаа угаагаагүй байж худлаа ярьлаа гэж хэлээд М-ий хоёр хөл рүү нь бакалан гутлаар 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд ус аваад ир гэхэд М 40 литрийн саваар ус авч ирээд хичээлдээ явсан. ...Би М-г хүний юмыг зөвшөөрөлгүй авчихдаг болохоор эцэг хүний хувьд хааяа гар хүрэх тохиолдол байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр М-ий хичээлийг шалгаж үзсэн чинь хичээлийн дэвтэр дээрээ юу бичсэн нь мэдэгдэхгүй янз бүрээр сараачаад хаясан байхаар нь ангийн багш руу нь мессэж бичсэн. Мессэж бичихдээ “М 4 жил сурчихаад сурсан юм алга. 2 дугаар ангийн дүүгээсээ дор байна” гэсэн утгатай мессэж бичиж байсан. Тэр өдөр М-ийг гарын ар хэсэг рүү сураар ороолгосон. Мөн 2-3 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 96 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Ү.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2011 оноос Ү.Д-тай байнга хамт амьдарч байгаа. Миний тухайд Д.М-ийг зоддог нь үнэн. Гэхдээ буруу замаар хүмүүжчихвий гэж санаа зовсондоо зоддог. 2018 оны 4 дүгээр сард хичээлээс нь болж 2-3 удаа алгадсан, 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа толгой руу нь 2-3 удаа цохисон, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн хичээлээс нь болж гар руу нь сураар ороолгож, 2-3 удаа алгадсан, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аягаа угаагаагүй байж худлаа хэллээ гээд хөл рүү нь 3-4 удаа өшиглөсөн маань үнэн. Би Д.М-ийг хүчирхийлье гэж зоддоггүй, буруу замаар явчихвий, хичээлээ сайн хийгээсэй гэсэндээ зоддог. Болохгүй, бүтэхгүйг нь хэлж яриад болох л байсан байх. Хүмүүжлийн буруу аргыг хэрэглэсэн байна. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-Ү.Л-ыг гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар шалгасан “...Хэргийн дугаар 2014250002857. СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М-ийг хойд эцэг Л нь зодсон” гэсэн Цагдаагийн байгууллагын лавлагааны маягт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүгдэгч Ү.Л нь насанд хүрээгүй хохирогч Д.М-ийг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С-ын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 192007 дугаартай: “Д.М-ий биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой 2 шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.М-ний биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 51 дүгээр хуудас/,
-Хүний их эмч Б.Г насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн биед үзлэг хийсэн: “...Зүүн хөлийн шилбэний дунд хэсэгт хөхөрч цус хурсан, баруун хөлийн шилбэний доод хэсэгт хянганд шалбарсан цус хуралттай, хавантай, эмзэглэл ихтэй” гэсэн тодорхойлолт, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3. Шүүгдэгч Ү.Л, насанд хүрээгүй хохирогч Д.М нар нь 2011 оноос хойш одоог хүртэлх хугацаанд нэг гэрт амьдарч байгаа болох нь:
-Насанд хүрээгүй хохирогч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Д, шүүгдэгч Ү.Л нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүд /Шүүх хуралдааны тэмдэглэлд/,
-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр П.Б-аас Цагдаагийн байгууллагад гаргасан: “...Манай ангийн хүүхэд Д-ын М-ийг аав нь болох Ү-ны Л зодлоо” гэсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 5 дугаар хуудас/,
-Нийгмийн ажилтны дүгнэлт,гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл /ХХ-ийн 10-25 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын улаантолгой багийн засаг даргын: “Ү овогтой Л. Ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг...” гэсэн тодорохойлолт /ХХ-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ү.Л нь хамтран амьдрагч Ү.Д-ын дагавар хүү болох Д.М-ийг удаа дараа зодсон байх ба сүүлийн зодолт буюу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зодолтоороо түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэх бөгөөд Ү.Л нь Ү.Д-тай хамтран амьдардаг бөгөөд, Д.М нь Ү.Д-ын асрамж, хамгаалалтанд байдаг этгээд мөн тул Ү.Л, Д.М нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Ү.Лх нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох насанд хүрээгүй хохирогч Э.М-ий эрүүл мэндэд халдсан үйлдэл хийсэн тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ... ял шийтгэнэ”” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан учир Ү.Л-ын насанд хүрээгүй хохирогч Д.М-ийг зодсон болон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ү.Л-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ү.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Г нь шүүгдэгч Ү.Л-т торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх харгалзан үзсэн боловч тийнхүү оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадваргүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн банк, Хаан банк, Хас банкны тодорхойлолтууд, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Анх айл болоод Тэс суманд амьдарч байхад М-ийг зодоод болохгүй болохоор нь би хүүхдээ аваад Тосонцэнгэл суманд ирсэн. Араас уучлалт гуйгаад ирсэн. Дахиад хамт амьдарч байхдаа зодоод арга бараад 2 удаа салсан. Уучлалт гуйгаад, дахиад тэгэхгүй гээд ирэхээр нь засрах байх гээд эвлэрсэн. Мөн 2-3 удаа цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагаас хоёуланд нь торгуулийн арга хэмжээ авсан ба Л нь өөрөө ажил хийдэггүй, орлогогүй учир торгуулийг нь би төлсөн.” гэж мэдүүлсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилсан шударга ёсны зарчимд нийцүүлэх үүднээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ү.Л-аас насанд хүрээгүй хохирогч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ү.Д нар нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Ү-ы Л-ыг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Л-ыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ү.Л-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эдлүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт даалгасугай.
5. Шүүгдэгч Ү.Л нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Л-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.У