Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 11

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч О даргалж,

Улсын яллагч С,

Шүүгдэгч Л,

Хохирогчийн өмгөөлөгч Б,

Нарийн бичгийн дарга Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л-д холбогдох эрүүгийн 1824000690053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын 110-35 10 кв-ын Тэлмэн дэд станцад ахлах диспетчер ажилтай, Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий баг Сургуулийн 3-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ИН66010417 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Л нь Алтай-Улиастай Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Завхан аймаг дахь салбарын 110/35/10 кв Тэлмэн дэд станцын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 21, 58, 90, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS-4969:2000 стандартын 4.16 дахь хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр техникч диспетчер ажилтай М нь өмнө төлөвлөсөн 110/35/10 кв Тэлмэн дэд станцын 35 кв Нөмрөг гаргалгааны вакуум таслуур дээр хийх засварын ажлаа дуусгаад өмнө төлөвлөөгүй байсан 35 кв Тосонцэнгэл гаргалгааны хуурай салгуурыг засварлах шаардлагатай гэж үзэж, засварын ажил гүйцэтгэхээр ажлын байр бэлтгэх явцдаа тус шугамын хуурай салгуурын хүчдэлтэй хэсэгт хүрч хүчдэлд нэрвэгдэн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Болгоомжгүй байдлаар хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л нь Алтай-Улиастай Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Завхан аймаг дахь салбарын 110/35/10 кв Тэлмэн дэд станцын ахлах диспетчерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэг, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 21, 58, 90, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын стандартын /MNS-4969:2000/  4.16 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр техникч диспетчер ажилтай М нь засварын ажил гүйцэтгэхээр ажлын байр бэлтгэх явцдаа 35 кв Тосонцэнгэл гаргалгааны шугамын хуурай салгуурын хүчдэлтэй хэсэгт хүрч хүчдэлд нэрвэгдэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нас барагч нь миний төрсөн дүү байгаа юм. М нь Завхан аймгийн Тэлмэн суманд сүүлийн 5 жил амьдарч, Тэлмэн дэд станцад техникчээр ажиллаж байсан. Нас барахынхаа өмнө өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд надруу залгаад миний биеийг асуугаад хоолоо халааж идэх гэж байна, маргааш ээлжинд гарна гэж ярьж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутад Тосонцэнгэл сумын Эрчим хүчний дарга О гэх хүн Тэлмэн сумаас хүн тогонд цохиулсан мэдээлэл ирсэн, дүү чинь юм шиг байна гэсэн. Би Эрчим хүчний машинтай Тэлмэн суманд очиж газар дээр нь үзсэн. Тэгэхэд станцынхаа хашаанд нэг шонгийн тэнд дээшээ харсан байдалтай нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагаас би Тэлмэн дэд станцад ахлах диспетчер Л хамт 24 цагийн ээлжинд ажил гүйцэтгэж хоносон. 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 19 цагаас суманд бороо ороод 23 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Тэгээд Нөмрөг 35-ын шугаманд гэмтэл гарч, дуу гараад Цэцэн-Уул 35-ыг салгаад, Түдэвтэй 35, Тосонцэнгэл 35-ыг салгаад дуу нь хэвээрээ байсан учраас 22 цаг 50 минутад Нөмрөг 35-ын шугамыг тэр чигээр тасалсан. Хойд чиглэлийн сумууд тоггүй хоносон. Нөхцөл байдлын талаар ахлах диспетчер Л нь дээд газрын диспетчерүүддээ хэлээд өглөө гэмтлээ засварлахаар болж хоноод өглөө Л төвийн диспетчерүүдтэйгээ яриад гэмтлийг янзлахаар болсон. Тэгээд гэмтлээ янзлахаас өмнө ахлах диспетчер Л намайг М утсаар дуудчих гэхээр нь би түүнийг утсаар дуудсан. Бид хоёрыг ажлаа эхэлчихсэн байхад талийгаач 06 цаг 45 минутад ирээд намайг Нөмрөг 35-ын вольтын вакуум тасалбарыг оройгоор нь холбох үед багаж хэрэгсэл дөхүүлж, туслан гүйцэтгэж байсан. Түүнийг хийж дууссаны дараа Тосонцэнгэл 35-ын хуурай салгуурын голын В пааз нь дутуу орчихсон байсан болохоор түүнийг штанглаар түлхэж оруулах хэрэгтэй байна гэж яриад ахлах диспетчер утсаар ярихаар би талийгаачтай хамт модон шатыг байрлуулж тавиад би штанглыг авахаар эргээд алхтал шар хийх дуу гарахаар нь эргээд хартал нөгөө модон шатруу талийгаач өгсөөд гарчихсан баруун гар нь дээшээ хуурай салгуурын тийш болчихсон гэмээр байдалтай бие нь хөдлөөд тогонд цохиулж байхаар нь би гүйж очоод модон шатнаас нь татсан чинь хөндийрөөд хойшоо унах гэхээр нь би хойноос нь тэвэрч аваад шатны хажуу тийш хэвтүүлсэн. Тэгээд Л ирээд гутал, оймс, бээлийг нь аваад элсээр хучаад хиймэл амьсгаа авахуулах гээд массажлаад байсан...Ахлах диспетчер Л амаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн... тогонд цохиулсны дараа гэдэсний хүйсний хэсэгт болон баруун гар нь түлэгдсэн шархтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

- Гэрч П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Улиастайн диспетчер М надтай утсаар холбогдоод Цэцэн-Уул сумын дэд станц дээр хүчний трансформатер эвгүй дуугараад байна гэж хэлээд одоо яах вэ? гэсэн. Тэгэхээр нь би толгой станцуудаас нь тасдуулаад үз, Түдэвтэй, Нөмрөг хоёрыг эхлээд таслаад болохгүй бол Тэлмэн дээрээс Тосонцэнгэл, Нөмрөг хоёрыг таслаад үз, тэгээд гэмтлийг тодорхойл гэсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа М над руу яриад Тэлмэний Нөмрөг гаргалгаанд гэмтэл нь байна гэж мэдэгдсэн. Тэгвэл өглөө Алтайн системийн диспетчертэйгээ холбогдоод зөвшилцөөд Нөмрөг гаргалгааны таслуур дээр шууд холбоод үзэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Удалгүй дахин М ах холбогдоод засварын ажлаа өглөө хийхээр тохиролцлоо гэсэн юм...Диспетчерийн инженер Л гуай ерөнхийд нь 7 хүнийг хариуцдаг боловч ээлжиндээ давхар гарч үүрэг гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/,  

- Гэрч Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өглөө 07 цаг 06 минутад Б эмнэлэг дээр ирж дуудлага өгсөн... Тэгээд сумын баруун талд байрлалтай цахилгаан станцын хашаанд орсон чинь хашааны ар талын хэсэгт нэг эрэгтэй хүн ухаангүй дээшээ харсан байдалтай хамт байсан хүн нь цээжинд нь массаж хийгээд байж байсан. Тухайн хүнийг үзэхэд ухаангүй, царай нь цонхийсон, дөрвөн мөч нь хүйтэн, асуусан асуулт болон гадны хариу урвалд үйлдэл үзүүлэхгүй, зүрхийг чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдохгүй, даралтыг нь үзэхэд даралт байхгүй, нүдний хүүхэн хараа өргөссөн байсан. Тэгээд адерналин булчинд хийгээд зүрх дэмжих массаж сэхээн амьдруулалтыг хамт байсан хүнтэйгээ хийж 20 гаруй минут болоод дахин чагнахад даралт, зүрхний цохилт аль аль нь орж ирээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,

- Гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай компанийн ажилчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг манай компанийн ахлах инженер 110/35 // 10 кВ-ийн Улиастайн дэд станцаас өглөө бүр өгдөг, дараа нь албаны дарга нь нийт ажилчдад зааварчилга өгөөд дараа нь шуурхай дээр сууж байгаа диспетчер бүх сумуудад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг...Тэлмэн дэд станцын ахлах диспетчер Л тухайн үед ажилчдад зааварчилгаа өгч ажиллуулах байсан. Улиастай 110/35 станцын диспетчер бүх сумдын ажилчдад зааварчилгаа өгдөг... ” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27, 2-р хавтас 10-р хуудас/,

- Гэрч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр боловсруулан гаргасан журмын дагуу албадын дарга болон Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа...Зааварчилгаа өгсөн бүртгэл хөдөлмөр аюулгүй байдлын инженерт тухай бүр хөтлөгдөөд явж байдаг, албадын дарга нар өөр өөрсдийн чиглэлээр зааварчилгааг өгдөг...” гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 11-р хуудас/,

- Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэлмэн сумын дэд станцын ажилчдад ахлах диспетчер Л өдөр тутмын зааварчилгааг өгч ажиллахаар журам гаргасан байсан юм. Харин Улиастайн дэд станцаас өдөр бүр ээлжинд гарч буй ахлах диспетчерүүдээс хариуцсан сумдын тухайн өдөрт гарч ажиллаж байгаа хүмүүст зааварчилгааг утсаар өгдөг юм...”  гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 12-р хуудас/,

- Шинжээч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Алтай Улиастай Эрчим хүчний системийн Тэлмэн дэд станцын ахлах диспетчер Л-ийн ажлын байрны тодорхойлолтод “Ээлжийн хугацаанд цахилгаан хангамжийн горимыг бариулж салбарын шуурхай ажиллагааны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах” гэсэн, мөн тухайн хэрэг гарах өдөр Л нь 07 цаг 45 минутад амаар зааварчилгааг өгч, резинэн бээлий өгч туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байгаа нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /ЭХД-1-12-06-2014/-ийн 21-д заасан сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 203-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №183016 дугаартай “...Нас барагч М-ийн биед цахилгааны гэмтлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой баруун гарын сарвууны ар хэсэг, эрхий хурууны дотор доод хэсэг, цээж хэвлийн хэсэгт түлэгдэлт цахилгааны гэмтэл тогтоогдлоо. М-ийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. М нь цахилгаанд цохиулсны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /ХХ-ийн 48-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №5302 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад цоорхой түлэгдэлт үүссэн байна...улаан хүрэн цамцанд гарсан 13х8 см, 3х2 см, 6х4 см, 2.5х2 см, хар хүрмэнд гарсан 9х6 см, 9х3 см, 8 см, 3х2.5 см, 7х5.5 см, шар резинэн бээлийнд гарсан 7х7 мм, 1.7х1.1 см хэмжээтэй цоорхой нэг удаагийн халалтын улмаас үүссэн түлэгдсэн цоорхой байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 184-187-р хуудас/,

- Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “...Алтай Улиастай Эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн Завхан салбарын өдөр тутмын зааварчилгааны журналаас зааварчилгаа өгч байсан хүн нь ахлагч Л байна...Тухайн хэрэг гарах өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө ажилтан М-д зааварчилгаа өгөөгүй, гарын үсэг зураагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8-д заасан заалтыг, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм /ЭХД-1-12-06-2014/-ийн 21-д заасан сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 197-202-р хуудас/,

- Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын байцаагч нарын “...М-ийг ажилд оруулахаас өмнө Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх дүрмийн 90 дэх заалт /Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна./-д заасны дагуу хяналт тавьж, зааварчилгаа өгөөгүй зөрчил гаргажээ...Мөн дүрмийн 58 дахь заалт /...цахилгаан байгууламжид хүчдэлтэй нөхцөлд ажиллахад дараах арга хэмжээнүүдийг заавал авна. Үүнд: Ажлын байрны зэргэлдээ байгаа санамсаргүй хүрч шүргэж болзошгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсгүүдэд хаалт, хашилт хийх/-д заасны дагуу хаалт хашилт хийгээгүй байгаа нь дээрх заалтыг зөрчсөн байна. ...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч М-д аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгөөгүй нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 21-д /...аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй...иргэн ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно./, Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS-4969:2000 стандартын 4.16-д заасан/ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 133-135-р хуудас/,  

- 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Үйлдвэрийн ослыг тогтоосон акт, тэмдэглэл /ХХ-ийн 140, 156-158-р хуудас/, “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбарын өдөр тутмын зааварчилгааны журнал, шуурхай ажиллагааны журналын хуулбар /ХХ-ийн 71-77-р хуудас/, Завхан салбарын ахлах диспетчерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /ХХ-ийн 122-128-р хуудас/, тус компанийн Завхан салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр зааварчилгаа өгөх журам / 2-р ХХ-ийн 48-51-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 1-8-р хуудас/, хувцсанд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 55-57-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Л-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Л нь Алтай-Улиастай Эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн Завхан аймаг дахь салбарын 110/35/10 кв Тэлмэн дэд станцын ахлах диспетчерээр ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой 19-23 цагийн хооронд тухайн бүс нутагт бороо үргэлжлэн орж Нөмрөг 35 шугаманд гэмтэл гарч, уг гэмтлийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өглөө  Тэлмэн дэд станцын техникч Б, М нарын хамтаар засварлах ажиллагаа явагдах үед  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэгээ биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт заасан “...аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх…, ...зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх..”, 

Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 21 дүгээр зүйл “...Сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй буюу тэнцээгүй иргэн, ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно...”,

 58 дугаар зүйл “...1000 В хүртэл хүчдэлийн цахилгаан байгууламжид хүчдэлтэй нөхцөлд ажиллахад дараах арга хэмжээнүүдийг заавал авна. Үүнд: Ажлын байрны зэргэлдээ байгаа санамсаргүй хүрч шүргэж болзошгүй хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсгүүдэд хаалт, хашилт хийх, Зориулалтын резинэн шаахай, бойтог өмсөх эсвэл тусгаарлагч тавиур буюу резинэн дэвсгэр дээр зогсож ажиллах, тусгаарлагч бариултай багаж, резинэн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглэх.

90 дүгээр зүйл “...Зөвшөөрөл олгогч нь нарядад заасан аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь бүрэн, үнэн зөв ба гүйцэтгэх ажлын онцлогт тохирсон эсэхэд хяналт тавих, ажлыг аюулгүй гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмжид хийх таслалт, газардуулгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой ба тэдгээр нь хангалттай болох, мөн түүнчлэн ажилд оруулж байгаа бригадуудын ажлын хуваарилалт, хугацаа болон ажлын байр бэлтгэгч, ажилд оруулагчид тухайлсан зааварчилгаа өгөхийг тус тус хариуцна...”

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын стандартын /MNS-4969:2000/  4.16 дахь хэсэгт “...Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө...” гэж хууль, дүрэм, стандарт болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор ажил үүргийнх нь хувьд түүнд  тусгайлан зааж үүрэгжүүлсэн заалтыг зөрчөснөөс Тэлмэн дэд станцын техникч М нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, зориулалтын резинэн шаахай, бойтог, ажлын хувцас өмсөөгүй, нүүрний хамгаалалт хэрэглээгүй үедээ  35 кв гаргалгааны шугамын хуурай салгуурын хүчдэлтэй хэсэгт хүрч хүчдэлд нэрвэгдэн нас барж, Д Л нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. 

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын  газраас шүүгдэгч Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зөв байх тул түүнийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 08 цагаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг хүртэл техникч Б-ийн хамт станцын жижүүрийн үүрэг гүйцэтгэж хоносон. 08 дугаар сарын 30-ны 18 цагийн үед бороо орсон, тухайн үед станцын горим ажиллагаа хэвийн явагдаж байсан. 22 цагийн үед цагийн үед Цэцэн-Уул 35 кв-тын дэд станцын трансформатор дээр дуу орсон байна гэж Улиастай руу диспетчерүүд танилцуулсан байсан. Улиастайгаас гэмтлийг олж тогтоохын тулд сумд руу холбогдоод цахилгааныг эцсийн цэгээс тасал гэж үүрэг өгсөн. Цэцэн-Уул, Түдэвтэй сумдын цахилгааныг цувуулж таслахад нөгөө дуу хэвээрээ байна гэж үзээд Тосонцэнгэл 35 дугаар станцыг тасалсан. Тэгээд шалтгаан нь мэдэгдэхгүй байсан учраас Улиастай руу танилцуулаад 23 цаг 40 минутад хойд чиглэлийг чиглэлийг цахилгаангүй хонуулах шийдвэрт хүрсэн. Маргааш өглөө 06 цаг 10 минутын үед цахилгаангүй хоносон сумуудаас утсаар ярьж эхэлсэн. Би Улиастай сум руу холбогдож манайх засварын ажилд орлоо гэж мэдээ өгсөн. Тухайн үед би техникч Б-г М-ийг дууд гэж хэлсэн. Тэгээд шууд бид нар засварын ажилдаа орсон. 06 цаг 45 минутад М ажил дээрээ ирсэн. Тэгэхээр нь бээлий ав, Нөмрөг сумын вакуум тасалбарыг хийгдэх ажил хийгдэж байна гэж хэлээд чи доороос багаж хэрэгсэл авч өгөх, дээр ажиллаж байгаа хүмүүсийг хянах ажлыг хийж гүйцэтгэ гэж үүрэг чиглэл өгсөн. 07 цагт Нөмрөг 35-ын холболтыг хийж дууссан. Тэгээд хартал Тосонцэнгэл 35-ын вакуум тасалбарын голын пааз хазгай оролттой харагдсан. М, Б бид гурав ярилцаад хажуу талаас нь штанглаар түлхэхээр шийдвэрт хүрээд Б, М хоёр Тосонцэнгэл 35-ын вакуум тасалбарын хажууд шат аваачиж тавьсан. Би Б-г дутуу оролтыг түлхэж оруул, харин М-ийг доороос нь хараад байж бай гэж хэлчхээд би байр руу очиж утсаар ярих гээд эргээд явж байтал шар гэх дуу гарахаар нь эргээд харсан чинь М тогонд цохиулж шатан дээрээс гэдийж байсан. Хажуугаас нь Б түүнийг түшиж авч байсан. Тэгээд М-ийг газар хэвтүүлээд нойтон элсээр хучаад Б-г эмч рүү явуулсан...Тухайн үед бид нарыг ажлаа эхэлсний дараа талийгаач ирсэн учраас аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар амаар зааварчилгаа өгсөн, гарын үсэг зуруулаагүй...Би уг дэд станцын ахлах диспетчер учраас албан хаагчдаа хариуцан ажиллаж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Миний буруутай үйл ажиллагаанаас  болж хүний амь нас хохиросонд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс болон ажлын хамт олноосоо уучлалт гуйсан, хохирлыг төлж барагдуулсан байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж шийдвэрлэсэн болно.   

Шүүгдэгч Л-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Л-ийн хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Б, А нарын “...Л-ийн тухайд төлөв даруу зантай, нийтэч, сургуульд сурч байхдаа анги хамт олны төлөөлөл болж бүлгийн зөвлөлийн дарга хийдэг байсан, тогтвор суурьшилтай, ажил мэргэжлийн тухайд өөрийн мэдэх зүйлээ бусдад зааж, зөвлөдөг, хүнд тусархуу ажилч хичээнгүй хүн. Архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, Завхан аймгийн Тэлмэн суманд эхнэр Ц болон хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүд нь Улаанбаатар хот болон бусад аймаг сумдад ажиллаж, сурч байгаа, дундаж л амьдралтай, эхнэр нь Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг...” гэсэн мэдүүлгүүд,

Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Засаг дарга И-ийн “...Л нь ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт тус багт байнга оршин суудаг...” гэсэн тодорхойлолт, ИН66010417 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажил олгогчтой байгуулсан №52/2017 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа талаарх ял шалгах хуудас, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай Л-ийн үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00/006285 дугаартай гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Л нэр дээрх тээврийн хэрэгслийн талаарх тодорхойлолт зэрэг баримтууд нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Л нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан...” гэсэн  тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л-д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн…, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хүргүүлэх хүртэл уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.О