Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 205/МА2023/00034

 

Завхан аймгийн *******ын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00407 дугаар шийдвэртэй

Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 2.468.654 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар Г.*******т холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 2.468.654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. Иймд *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хууль тогтоомжид зааснаар Г.******* нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирлыг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Завхан аймгийн Завханмандал сумд 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус сумын МАН 10 хүний суудал авч олонх болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сумын ИТХ хуралдаж миний бие сумын Засаг даргаар батламжлагдсан болно. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны, Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах түүнчлэн тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болно гэсэн заалтыг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4-н жил байна гэж заасан байна. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн тус сумын Олонтүрүү болон Олонбулаг багийн Засаг дарга нарыг 2021 оны 4 дүгээр сарын 01-нд ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр Олонтүрүү багийн Засаг даргын орлон гүйцэтгэгчээр Ш.*******, Олонбулаг багийн Засаг даргын орлон гүйцэтгэгчээр Н.******* нарыг томилж, ажилласан бөгөөд Ковидын хуулийн хүрээнд багийн иргэд нийтийн хурлыг хийх нөхцөл боломж бүрдээгүй учир, төрийн, улс төрийн алба хашиж байгаа багийн Засаг дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байдлыг шүүх хугацаа болоогүй байсан гэж шийдвэр гарган, миний гаргасан шийдвэрийг цуцалж шийдвэр гаргасан нь төрийн төлөөлөгчийн хувьд аль хуулийг нь үндэслэж ажиллах нь тодорхой бус болж мөн онлайн хэлбэрээр шүүх хуралд оролцож огт үзээгүй, мөн сүлжээний алдагдал зэргээс хамаарч тайлбар эрх зүйн үндэслэлээ тайлбарлаж чадалгүйгээр ийм байдалд хүрсэн. Иймд таны гаргасан нэхэмжлэлд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны тов байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэн гэж заасан байна. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д төрийн албыг дор дурдсанаар ангилна: 6.1.1 Төрийн улс төрийн алба, 6.1.2 Төрийн захиргааны алба, 6.1.3 Төрийн тусгай алба, 6.1.4 Төрийн үйлчилгээний алба, 6.2 Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-д заасан төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагчид гэж үзнэ гэсэн байна. Эдгээр халагдсан багийн Засаг дарга нар бол төрийн улс төрийн албан хаагчид болно. ******* Н.*******ын гаргасан нэхэмжлэлд Төрийн Албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар томилсон чөлөөлсөн гэж тодорхой заасан байна. Ийм хуульд заагдаагүй заалтаар мөнгөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүх бүрэлдэхүүн хууль хэрэгжүүлэн ажиллаж төрийн хуульд хүндэтгэлтэй хандан гэдэгт итгэлтэй байна. Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг даргаар ажиллаж буй Б.*******, Олонтүрүү багийн Засаг даргаар ажиллаж байсан иргэн С.******* нарт холбогдох миний бие төрд мөнгөн төлбөр төлөх нэхэмжлэл нь хууль эрх зүйн үндэслэлгүй байгааг тогтоож өгнө үү гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д тус тус зааснаар хариуцагч *******ын *******аас 2.468.654 төгрөг гаргуулж Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54.448 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...Миний бие Монгол улсын иргэн хүнийхээ хувьд шударга шүүхээр шүүлгэх хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах, хуулийг хэрэгжүүлж, ажиллах иргэн хүний үүрэгтэй билээ. 2020 онд Монгол Улсын хэмжээнд УИХ-ын болон. Орон нутгийн сонгууль явагдаж улс орон даяар сонгуулийн үр дүнгээр аймаг нийслэл, Сум Дүүргийн, сумын удирдлага томилогдож Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна. Энэ үед дэлхий нийтийг цочроосон ковид-19 тахал Монгол оронд тархаж Завхан аймгийн Завханмандал суманд хөл хорио тогтоогдож баг бригадын хурал бүү хэл нэг дор 3-с дээш хүн бөөгнөрч уулзалдаж болохгүй байсныг та бүгд мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын 33НДН-н түүний Удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д бүх шатны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж заасан байна Гэтэл Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг дарга С. *******, Олонбулаг багийн Засаг дарга Б.******* нарыг батламжилсан хугацаа нь болоогүй байхад хууль бусаар халсан байна гэж үзэж шийдвэр гаргасан болно. Эдгээр багийн Засаг дарга нар 2016 оны 10.11 сард ажилд орсон байдаг бөгөөд 2017 оны 08-р сард батламжлагдсан байсныг үндэслэн шийдвэр гаргасан болно. Энэ үед байгаль цаг уурт зуд нүүрлэсэн Завханмандал сум зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй оторчдын хөлд нэрвэгдсэн хөдөөгийн багийн малчид ковид-19 цар тахлын хорио цээр хоригдсон үед үүрэгт багийн Засаг дарга нар ажлаа огт хийхгүй төрийн цалинг сул авч улс төрийн албан хаагч болох багийн засаг дарга нарыг 6-н сар харж, ажлаа хий гэсэн шаардлага тавьж байгаад 2021 оны 04- дүгээр сард ажлаас нь чөлөөлсөн болно Гэтэл алга багийн Засаг дарга нар үндэслэлгүй ажлаас халагдлаа хэмээн Завхан аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээ барин өнөөдрийг хүртэл хуулийн дагуу ажлаа хийж байгаа сум орон нутгийн удирдлагыг дарамталж өдий хүрч байна түүнээс хойш 2021 онд Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг дарга Ш.*******, С.******* нар өрсөлдөн Ш.******* олонхийн санал авч хуулийн дагуу Завханмандал сумын Олонтүрүү багийн Засаг даргын үүрэгт ажил гүйцэтгэж байна. Мөн тус сумын Олонбулаг багт тус барин иргэн *******, Б.******* нар өрсөлдөж иргэн Б.******* олонхийн санал авч Олонбулаг Багийн Засаг даргаар томилогдон үүрэгт ажлаа гуйлгаж байна Ковид-19 цар тахлаас шалтгаалан багийн иргэдийн нийтийн хурал хийгдэх боломжгүй байж байгаад 2021 онд багийн иргэдийн нийтийн хурал хийгдэж 2021 онд батламжлагдсан. Одоо ажиллаж байгаа багийн засаг дарга нар 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй батламжлагдсан хугацаа 4-н жил болоогүй байна гээд дараагийн хуулийн дагуу сонгогдсон багийн засаг дарга нарт ажлаа өгөхгүй төрийн ажлыг цалгардуулах хэмжээнд хүрсэн байгааг эдгээр шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч нар тооцож үзэж байна уу. Монгол улс төрт ёсны хуулийг дээдлэн ажиллах эрх зүйт ёсны улс гэж ойлгодог. Сум орон нутгийн удирдлагаар ажиллаж буй улс төрийн албан хаагч миний бие энэхүү шийдвэрээс шалтгаалан үнэхээр эрүүл мэнд, санхүү, сэтгэл санаа асар том дарамтад улс төрийн алба хашиж буй хүний хувьд. Монгол улсын цаг булан бүрд байгаа сум орны удирдлагууд болон Монгол улсын хүний эрхийн комисс. Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөл, нийт ард иргэдэд ил тодоор нээлттэй хэлбэрээр энэхүү шүүх хурлыг хийлгэж зөв буруугаа шүүлгэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аль нэг бүрэлдэхүүнийг дуудаж улс орон даяар нээлттэй байна. Одоо ч иргэн С.******* шүүхийн шийдвэр хугацааны хохирлоо төлүүлэхээр иргэний хэргийн телевиз сайтуудын бие хурал хийж өгөхийг хүсэж хойшхи ажилгүй байсан шүүхэд гомдол гаргаж эвлэрүүлэн зуучлах хэлбэрээр шийдвэрлүүлж 1.650.000 төгрөгийн хохирлыг миний хувиас гаргуулан авч байгаа бөгөөд шүүгч хүний нэг удаа гаргасан шийдвэр ямар урт хугацаанд хувь хүнд болон улс төрийн алба хашиж байгаа сум орон нутгийн удирдлагын хувьд их дарамттай байгааг улс даяар нээлттэй хэлбэрээр дэлгэж нийтийн хүртээл болгох миний саналыг танай шүүхийн байгууллага хүндэтгэлтэй хандаж нээлттэй хийхийг санал болгож байна. Төрт ёс эрхэмлэгч улс оронд ийм завхрал гэж байх уу Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хяналт тавих гээд 50.1 иргэний эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхийн тогтоосон төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх гээд тодорхой заасан байхад төрийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа Завхан аймгийн ахлах прокурор Хууль Цаазын ахлах зөвлөх Н.******* болон шуух хуралд нэхэмжлэгчээр оролцсон Б.******* нарийн бичгийн дарга Г. нар хуулийн энэ заалтыг ойлгохгүй байна уу? Эсвэл улс төрийн албан хаагч гэснийг нэхэмжлэлдээ хасч оруулсныг юу гэж ойлгох уу? Энэ заалт дээр хуулийн тайлбар Үндсэн хуулийн цэцээс юм уу Дээд шүүхээс авах санал гаргаж байна. Ийм байдлаар хөдөөгийн сумдын улс төрийн хүнд хэцүү шалгууртай албыг хэн яаж хаших вэ? Завхан аймгийн иргэний хэргийн шуух анхан шатны шийдвэр гаргахдаа надад утсаар хэлсэн боловч миний бие өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй байдлаа үнэн зөвөөр тайлбарласан боловч огт харгалзан үзэхгүйгээр миний биеийг санхүүгийн болон сэтгэл санааны асар их хохиролд оруулсан. Миний бие 2020 оны 09-р сарын 07-нд ходоодны хорт хавдар хасан оношоор оношлогдож хоол боловсруулах эрхтэн ходоодоо 100 хувь авхуулсан бөгөөд түүнээс хойш жил бүрийн 09-10 сард хавдрын хяналтад байх графикын дагуу хуваарьт эмчилгээндээ хамрагдаж байгаагаа тайлбарласан, байтал миний хүсэлтийг харгалзан үзэхгүйг юу гэж ойлгох уу? Энэ байдлыг минь худал ярьж байна гэвэл миний өвчний карт эмнэлэгт хэвтсэн нь баримтаар тодорхойлогдоно, мөн миний иргэний хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа батлагдахаар тайлбарласан болно Ковид-19 цар тахлаас хамааран анх удаа онлайн хуралд оролцоход, сүлжээний алдагдал, утасны хүчин чадал зэргээс шалтгаалан эрх зүйн үндэслэл тайлбартаа бодит үнэн байдлыг тайлбарлаж чадаагүй байдлыг илэрхийлэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолгүй байвал түүнийг дахин нотлохгүй гэж үзэж Г.*******ын тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Ийм байдлаар төрийн төлөөлөн ажиллаж байгаа прокурор нь ч эдгээр баримтыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа шүүгч нь ч төрд ажиллах үүргээ умартаж жирийн улс төрийн албан хаагчийг хохироосон байна гэж үзэж байна. Мөн шүүх хурал байх ёстой иргэний төлөөлөл болох М. нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа хүсэлт ирүүлсэн байхад зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчгүйгээр, иргэдийн төлөөлөлгүйгээр шүүх хурал хийж надад асах их санхүү болон сэтгэл санааны хохиролд оруулсанд гомдолтой байна гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...Төрд учирсан байгаа учраас манай дээд байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэлийг гаргаж байгааг ойлгож байгаа байх. *******т холбогдож шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Тухайн хурлын товыг *******т мэдэгдсэн байсан. Гэхдээ шүүх хуралдаанд биечлэн оролцох талаараа мэдэгдээгүй. Өөрийг нь биечлэн оролцуулах нь зүйтэй байх гэдэг үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Хойшлуулсан шүүх хуралдааны товыг *******т танилцуулсан. Улаанбаатар хотод байна гэсэн байдлаар танилцуулсан. Ямар нэгэн байдлаар анхан шатны шүүх хуралдаанд заавал оролцоно эсвэл ийм шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэдэг байдлаар ирээгүй байна гэдэг зүйлийг шүүгчийн туслах танилцуулаагүй. Өмнө нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад нь хойшлуулсан учраас энэ удаад шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэдэг хүсэлтийг гаргасан. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэдийн төлөөлөгчийн хувьд хойшлуулсан шүүх хуралдаанд ирсэн байсан. 2 дахь шүүх хуралдаанд Улаанбаатар хотод ажилтай байгаа тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтээ гаргасан байсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж заасан учраас иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл байсан учраас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх гэж үзэж байна. Завхан аймгийн Завхан мандал сумын Засаг дарга ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар Завхан аймгийн Завхан мандал сумын Олонбулаг багийн Засаг дарга *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Завхан мандал сумын Засаг даргын 2021 он 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Завхан мандал сумын Олон булаг багийн Засаг даргын ажилдаа эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 28 дугаартай шийдвэрээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.4, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Завхан мандал сумын Засаг даргын 2021 он 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б/09 дугаартай захирамж болон түр томилон ажиллуулах тухай Б/11 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож Завхан аймгийн Завхан мандал сумын Олонбулаг багийн Засаг дарга *******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 2.468.654 төгрөгийн олговор болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Уг шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан баримтыг миний бие хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргуулсан байгаа. *******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 2.468.654 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 641.850 төгрөг, 206.476 төгрөг, 1.620.328 төгрөгийг Завхан аймгийн Завхан мандал сумын Засаг даргын тамгын газраас олгож шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд , ******* нар мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан баримтуудаас үзэхэд тухайн 2.468.654 төгрөгийг нь Засаг даргын тамгын газраас гараад хувь хүнд олгогдсон байгаа юм. Иймд төрд хохирол учирсан байна гэж үзэж байна. нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээрээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэлээр гаргасан байдаг. Миний тухайд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрд учирсан хохирлыг гаргуулна гэж заасан хэдий байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т 1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заасан. Иргэний хуулийн 498.5 Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй мөн Иргэний хуулийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. ******* нь тухайн багийн Засаг дарга ажлаа хийхгүй байсан гэдэг тайлбарыг гаргасан байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тухайн шийдвэр биелэгдээд төрөөс мөнгө нь гарсан байгаа учир бид хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжилсэн байгаа юм. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 012123 дугаартай Төрийн албаны зөвлөлөөс прокурорын байгууллагад албан бичиг ирүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилнэ. Улс төрийн албан хаагчаас бусад ажлаас халсан үйл ажиллагаа дээрх хохирлоо нэхэмжилж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаас бусад төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ажлыг албан тушаалтны тодорхойлолтын чиг үүргээр төрд учирсан хохирол хариуцсан прокурор зохион байгуулж нэхэмжлэл гарган хамтран ажиллана уу гэж байгаа юм. Энэ албан бичгийн хүрээнд прокурор оролцож байна. Мөн *******ын тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар ******* төрд хохирол учирсан гэж үзэх юм бол төрийн байгууллагын хүсэлтээр мөн өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохоор заасан байгаа юм. Гэм хохирын хохирол учраад тухайн хохирол нь төрөөс гарчихсан байгаа учраас тухайн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас тухайн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.    

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч Г.*******т холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2.468.654 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.******* эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Г.******* нь Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай захирамж гарган Завханмандал сумын Олонбулаг багийн засаг даргаар ажиллаж байсан Б.*******ыг ажлаас үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 118/ШШ2021/0028 дугаартай шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 482 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 306 дугаартай тогтоолоор тус тус тогтоогдсон байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 118/ШШ2021/0028 дугаартай шийдвэрт Завхан аймгийн Завхан мандал сумын засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/ 09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.*******ыг Завханмандал сумын Олонбулаг багийн засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 2.468.654 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу Б.*******д өмнө нь эрхэлж, цалин, хөлстэй тэнцэх олговорт нийт 2.498.654 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө нь байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Хариуцагч Г.*******ын хууль бус шийдвэрийн улмаас Завханмандал сумын засаг даргын тамгын газраас Б.*******д ажилгүй байсан хугацааны цалин олговор 2.468.654 төгрөгийг гаргуулан өгч төрд 2.468.654 төгрөгний хохирол учирсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн заалт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар төр гэм буруутай албан тушаалтнаас хохирлыг шаардах эрхтэй байна.

Завхан аймгийн *******ын газар нь төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

Хариуцагч Г.*******аас Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заажээ. Гэтэл би багийн дарга болох улс төрийн албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн байхад надаас хохирол гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу гэж шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн дээрх зохицуулалтын агуулгаас харахад иргэн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг Төрийн албаны тухай хуулийн энэ зүйл хэсэгт зааснаар уг шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халснаас төрд учруулсан хохирлыг Төрийн албаны тухай хуулиар, түүнээс бусад төрийн албан хаагчийг ажлаас халснаас төрд учруулсан хохирлыг Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн гэм хор арилгах ерөнхий зохицуулалтын дагуу тус тус шийдвэрлэнэ гэж ойлгохоор байна.

Анхан шатны шүүх төрийн улс төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснөөс төрд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 140/ШШ2023/00407 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ