| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00002/э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 02
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч О,
Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн 1724000580003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: улсын иргэн, төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй О, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
О нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин эргэх хөдөлгөөн хийх явцдаа мод мөргөж, тухайн автомашинд сууж явсан зорчигч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О-г 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эргэх хөдөлгөөн хийх явцдаа мод мөргөж, тухайн автомашинд сууж явсан хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Э, гэрч А, М, Б нарын мэдүүлэг, Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 172336, 172335 тоот дүгнэлтүүд, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Жадамбын 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч О нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Төөнтийн давааны зам дээр 01-79 УНЗ улсын дугаартай “Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, эргэх хөдөлгөөн хийх явцдаа тээврийн хэрэгслийг ухрааж мод мөргүүлсэн болох нь
Хохирогч Ц, иргэний нэхэмжлэгч Э, А нарын: “...2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай сумын Засаг даргын тамгын газрын хамт олон Төөнт багийн Төөнтийн давааны шороон замыг янзалсан. Зам засаж дуусаад 19 цагийн үед манай галч О Төөнтийн давааны цаанаас машинтайгаа өгсөх гэж байхаар нь Э, А бид гурав түүний машины кабинд суусан. О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөчихсөн. Тухайн үед Э эгч ухаан алдчихсан гэхдээ биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй, Ц-ийн хүзүү толгой их өвдөж байна гэж байсан, ил харагдах гэмтэл байхгүй байсан. О ах бид хоёрын биед ямар нэг гэмтэл, зовиур байхгүй байсан...” гэсэн,
гэрч М-ийн: “...О Төөнтийн давааны цаанаас машинтайгаа өгсөх гэж байхаар нь А, Ц, Э гурав машины кабинд суусан. О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад мод мөргөчихсөн юм байна лээ. О доороос дуудаад байхаар нь очиход Э эгч ухаан алдчихсан, гэхдээ биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Ц эгч хүзүү толгой их өвдөж байна гэж байсан. ...О машины хойд талаараа мод мөргөсөн байсан...” гэсэн,
гэрч Б-ийн: “...О Төөнтийн давааны цаад зам дээр машинаа эргүүлэх гэж байгаад хойш нь ухрааж алдаад босоо ургаа мод мөргөөд Э ухаангүй байна очоод үзээд өгөөч гэхээр нь үзэж өгсөн. Тухайн үед Э эгчид биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй. Ц эгч хүзүү хөшөөд их өвдөж байна гэж байсан. Орой нь хэвтүүлээд маргааш нь аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 тоот “Жолооч О нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүний энэ үйлдлийн буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Тухайлбал Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “...Зовиур: хүзүү хөшинө, зүүн гар бадарч өвдөнө, биед ил харагдах гэмтэлгүй, эмнэлгийн бичиг баримтанд: Завхан нэгдсэн эмнэлэг-үйл оношийн тасгийн 2017.09.21-ний Хүзүүний ясны КТГ-ийн шинжилгээнд: хүзүүний нугаламууд муруйлтгүй. Хүзүүний 6-р нугаламын ар сэртэн суурь хэсгээрээ болон нугасны нүх дайрч хугарсан. Нугаламууд хажуу сэртэн болон нугаламуудын их биед шахагдсан хугаралгүй. 2017.10.03-ны өдрийн Мэдрэлийн эмчийн үзлэгт: Гэмтлийн дараах толгой өвдөлт гэжээ. 2017.10.19-ний өдрийн Тархины тодосгогчгүй MRI шинжилгээнд: T2/FLAIR-ийн эрчим ихэссэн, цөөн тооны жижиг толбон эсвэл зөв бус хэлбэртэй жижиг бүтцийн өөрчлөлтүүд 2 талын перивентрикулар цагаан бодист тодорхойлогдоно, 2 духны дэлбэнд илүүтэй тодорхойлогдоно. Тархинд цус хуралт, ишеми болон эзэлхүүнт өөрчлөлтгүй. DWI эмгэг эрчим үгүй. Тархины дунд бүрдэл хазайлтгүй. Бор цагаан бодисын ялгарал тод жигд. Субарахнойд зайнууд жигд, тархины атираа хоорондын зайд илэрхий эмгэг өрөгсөл үгүй. Тархины багана нугасны зааг тод хэвийн. 2 хажуугийн болон 3,4-р ховдлуудын хэлбэр хэмжээ, байрлал ердийн. 2 гипокампт илэрхий хатангиршилгүй. Өнчин тархины эдийн тодрол жигд, өндөр 0.55 см, 1.56 см. Селлагийн дээд хэсгийн зайд эзэлхүүнт болон голомтот өөрчлөлтгүй. Бага тархины доод хөл vermis-ийн унжилт үгүй. Пинеал болон селла орчимд өөрчлөлтгүй. 7 ба 8-р хос мэдрэлийн түвшинд тодролын өөрчлөлтгүй. 2 ухархайн хана жигд хэвийн. Нүдний алимны хэлбэр хэвийн. Гадаргуу жигд, 2 талын харааны мэдрэл болон гадна, дотно, дээд, доод, шулуун булчин тод ялгагдана, байрлал хэмжээ хэвийн, эмгэг эрчимгүй. Ухархайн арын зай, өөхлөлт өөрчлөлтгүй. Баруун хоншоорын ар хананд 2.37х0.79 см хэмжээтэй, хана дагасан салстын уйланхайтай. Зүүн хоншоорын хөндийн салст доод хэсгээрээ бага зэрэг зузаарсан. Гавлын бусад дайвар хөндийнүүд хэвийн. 2 талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн. Хамрын таславч бага хэмийн муруйлттай, салст ердийн. Гавлын доторхи артериудад бөглөрөлт болон целхэнт өөрчлөлтгүй. Дүгнэлт бичсэн эмч: Х.Дэлгэрдалай гэжээ. 2017.10.24-ний өдрийн Люксмед эмнэлгийн сээр нурууны MRI оношилгоонд: хүзүүний 7-р нугаламын арын сэртэн хуучин хугаралтай. Сээрний 2,3-р нугаламын урд гадаргууд бага зэрэг остефит ургалттай. Сээр ясанд шинэ хугарал, дарагдал, гулсалт үгүй. Сээрний 1-р нугаламаас бүсэлхийн 1-р нугаламын хооронд жийргэвчийн тодрол хэвийн нугасны хөндий болон мэдрэлийн язгуурын суваг чөлөөтэй. Шар холбоосны зузаарал үгүй. Нугаламын өөрчлөлт үгүй. Нурууны булчингийн хатангиршилгүй. Дүгнэлт бичсэн эмч: Б.Б гэжээ...” гэж бичээд дүгнэлт: Ц-ийн биед гэмтэл учирсан байна. Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой, хүзүүний нугаламын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ц-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэж 172336 тоот дүгнэлтийг гаргасан байх боловч дүгнэлтэд дурдсан эмнэлгийн бичиг баримт нь хэрэгт авагдаагүй байхад мөн хохирогчийн биед үзлэг хийхэд “...хүзүү хөшинө, зүүн гар бадарч өвдөнө, биед ил харагдах гэмтэлгүй...” гэсэн атлаа шинжээч эмч ямар нөхцөл байдлыг яаж үнэлж, ямар баримтыг үндэслэж хохирогчид хүзүүний нугаламын сэртэнгийн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо гэж үзсэн болох нь ойлгомжгүй байхын зэрэгцээ хохирогч Ц-д учирсан ямар гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан болох нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш /удаан/ хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх бөгөөд шинжээч эмч хохирогчид учирсан ямар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны ямар хямрал нь түүний эрүүл мэндийг ямар хугацаагаар яаж сарниулсан гэж үзэж хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэж дүгнэлтээ гаргасан болох нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн хохирогч Ц нь “...Завхан аймагт хүзүү толгойн рентген зураг авахуулахад миний хүзүүний үений сэртэн яс хугарсан байсан...” гэж мэдүүлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байх тул хавтаст хэрэгт авагдаагүй эмнэлгийн бичиг баримт болон хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тиймээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, О-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 1,850,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, О-г цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О-д холбогдох 1724000580003 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч О-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 1,850,000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
7. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ