| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2022/06075/И |
| Дугаар | 210/МА2023/01124 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2023/01124
2023 06 07 210/МА2023/01124
Д.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01122 дугаар шийдвэртэй,
Д.М-гийн нэхэмжлэлтэй
НШШГГ-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Ч.Г-оос 2022 оны 05 сарын 31-ний өдөр Ч.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаартай, Баянгол дүүргийн 0001тоотод байрлах 18 м.кв талбайтай зогсоолыг 19,000,000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатч гэрчилсэн. Би зогсоолоо өөрийн нэр дээр шилжүүлэхээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 4-144/8485 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн байна гэсэн. Энэ тухай Ч.Г-оос яагаад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн зогсоолоо надад худалдсаныг асуухад би шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй, миний эзэмшдэг компанид тодорхой өр байгаа, миний зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдгийг мэдээгүй гэж хэлсэн.
НШШГГ-т 2022 оны 11 сарын 06-ны өдөр зогсоолын захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр гомдлоо гаргасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаяраас 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 4/852 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье... гэж хариу өгсөн. Улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.О-т гомдлоо гаргасан ч 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 03/2877 дугаар албан бичгээр ...Таны гомдлоор холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хянахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна... гэх хариу өгсөнд гомдолтой байна.
Ч.Г-ийн Ж- ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лицензтэй, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж төлбөрөө төлөх боломжтой компани байтал энэ тухай огт ажиллагаа хийхгүйгээр хувьцаа эзэмшигч гэх шалтгаанаар төлбөр төлөх үүрэггүй байхад нь зогсоолын өмчлөх эрхэд халдсаныг ойлгохгүй байна. Компанийн нь хөрөнгө, тоног төхөөрөмжийг битүүмжилж, хураах, үзлэг нэгжлэг хийж олж тогтоох ажиллагаа явуулаагүй атлаа шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй хүний өмчлөх эрхэнд халдаж зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, одоо хэзээ мөдгүй худалдан борлуулах төлбөрт суутган авах гэж байна.
Миний худалдан авсан автозогсоолын захиран зарцуулах бусдад шилжүүлэх эрхийг сэргээж өгөх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүрэг гэж бодож байна.
Би худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийсэн боловч хариуцагчаас шалтгаалан автозогсоолоо шударгаар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Иймд хариуцагчийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 0001 дүгээр захирамжаар Ж- ХХК-аас 148,240,527 төгрөг гаргуулж М- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж- ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 09 сарын 02-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Ч.Г-т эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авахад компанийн нэр дээр эд хөрөнгө, байхгүй, миний нэр дээр нэг авто зогсоол байгаа гэх тайлбар өгсөн. Төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн ч төлбөрөө барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн банкин дахь дансыг битүүмжилсэн.
Төлбөр төлөгч Ж- ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг Ашигт малтмалын газрын тосны газраас 2021 оны 05 сарын 17-ны өдөр тодруулахад тус газраас 2021 оны 05 сарын 21-ний өдрийн 8/2151 дугаар албан бичгээр мэдээллийн санд зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлгүй гэх, мөн тус хуулийн этгээд нь хөрөнгөтэй эсэхийг тодруулахад 2021 оны 12 сарын 14-ний өдөр 6/950 дугаар албан бичгээр Ж- ХХК-д хөрөнгө бүртгэлгүй тухай хариу ирүүлсэн.
Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрт зааснаас үл хамааран тогтоолд дурдсан төлбөр төлөгч Ж- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Г- нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны хэмжээгээр төлбөр төлөх хариуцлага хүлээж, төлбөр төлөгчтэй нэгэн адил шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0001-хаягтай, 18 м.кв талбайтай автозогсоолыг 2021 оны 05 сарын 17-ны 4-144/8485 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 09 сард 20370526/02, 20370526/03 тоот тогтоолоор битүүмжилж, хураан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг өмчлөгч Ч.Г-т үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээг талуудад мэдэгдэж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Г- нь тус хөрөнгийг нэхэмжлэгч Д.М-д худалдан борлуулсан гэх болов ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар нэхэмжлэгч Д.М-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Би Ч.Г-оос 2022 оны 5 сарын 31-ний өдөр автозогсоолыг 19,000,000 төгрөгөөр худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлэхээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн байсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, худалдан авсан зогсоолын эрхийг сэргээж өгөөгүй тул шүүхэд хандсан.
Шүүхийн шийдвэрээр Ж- ХХК-аас 147,370,922 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс үзвэл төлбөр төлөгч нь компани байна. Хариуцагч нь төлбөр төлөгчийн болон хувьцаа эзэмшигчийн өмчлөл, эзэмшил дэх хөрөнгийн лавлагаа авахад төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгөгүй, харин хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн өмчлөлд Баянгол дүүрэгт автозогсоол бүртгэлтэй талаар лавлагаа ирсэн. Хариуцагч нь 2021 оны 05 сарын 17-нд 20370526-161/01 дугаартай "Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол"-оор Ж- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүрэгт орших автозогсоолын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар ажиллаагүй, харин төлбөр төлөгч бус иргэний хувийн өмчид халдсан нь хууль бус гэж үзэж байна.
Төлбөр төлөгч компанийн хөрөнгийн бүртгэлд хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн автозогсоол байхгүй. Хариуцагч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг олж тогтоох ажиллагаа хийхгүйгээр Ч.Г-ийн хувийн халдашгүй өмчийг лавлагаа авч 2022 оны 5 сарын 31-ний өдөр миний худалдан авсан автозогсоол гэдгийг мэдсээр байж хүчээр хурааж 2022 оны 9 сард Ч.Г-оос үнийн санал авсан нь хууль бус, миний Ч.Г-оос автозогсоолыг худалдан авсан гэрээ хүчин төгөлдөр байхад шүүх буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Би шүүхэд хандан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.05.17-ны өдрийн 4-144/8485 тоот албан бичгээр хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 тоот "Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Мөн шүүхэд Ч.Г-ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч оролцуулаагүй ба Ч.Г- нь автозогсоолоо надад худалдсан, хариуцагч 2022 оны 9 сард атозогсоолыг хурааж үнийн санал авсныг гэрчлэх байсан.
Хариуцагч хуульд заасан эрхээ дутуу хэрэгжүүлж, ажлаа гүйцэт хийгээгүй байж компанийн хувьцаа эзэмшигч бүх ер төлбөрийг хариуцна гэж хүний хувийн өмчид халдаж, автозогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг шүүхээс хууль зөрчөөгүй гэж өмгөөлснөөс болж би хохирсоор худалдан авсан автозогсоолын өмчлөх эрхээ шилжүүлэн авч чадахгүй 1 жилийн хугацаа өнгөрч байна. Иймд миний автозогсоолыг худалдан авсан гэрээ хүчин төгөлдөр байгааг шүүх харгалзан үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 дугаартай "Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн хууль буруу баримталсныг залруулна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00003 дугаартай шийдвэрээр хариуцагч Ж- ХХК-аас 147,370,922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "М-" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
Шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгч Ж- ХХК хөрөнгөгүй нь тогтоогдсон, төлбөр төлөгчийн хөрөнгө шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүрэлцэхгүй үндэслэлээр хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.12-т заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 дугаартай "Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 0001-тоотод орших, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, автозогсоолын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгэжээ.
5. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авсан автозогсоолын өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй болж өмчлөх эрх зөрчигдсөн, төлбөр төлөгч бус этгээдийн хөрөнгөнд халдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль бус гэх агуулгаар тодорхойлжээ. Нэхэмжлэгч Д.М- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 0003 дугаар шийдвэрийг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш байна.
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан эд хөрөнгийн талаар маргах эрх бүхий этгээд нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч Д.М-г ийнхүү шаардах эрхтэй, түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд 7 төрлийн тусгай тэмдэглэл хийж болохоор хуульчилж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол гэж зааснаар хариуцагчийн шийдвэрээр иргэн Ч.Г-ийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарласан тусгай тэмдэглэл хийгджээ. Тусгай тэмдэглэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т зааснаар төрийн болон албаны нууцад хамааруулснаас бусад тохиолдолд нээлттэй мэдээлэлд хамаарах учир нэхэмжлэгч нь автозогсоолыг худалдан авахаар хэлцэл хийхдээ тухайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эсэх талаар мэдээлэл, лавлагаа авах боломжтой.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хариуцагч нь төлбөр төлөгч "Ж-" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Г-ийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж маргаж, улмаар уг ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах үндэслэл, шүүх гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тогтоосон бөгөөд дээр дурдсан асуудлаар гомдол гаргах эрх нэхэмжлэгчид олгогдоогүй байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0003 дугаартай шийдвэрийн төлбөр төлөгч Ж- ХХК-ийн хувьцааг Ч.Г- дангаар эзэмшдэг байна. Хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагатай холбоотой Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд Ч.Г-ийн өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргах эрхгүй.
Тухайн этгээд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл зохих журмаар гомдол гаргах эрхтэй, мөн Д.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "Ж-" ХХК болон Ч.Г- нар оролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг анхан шатны шүүх дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх дэх хэсэгт нийцээгүй байна.
8. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 4-144/8485 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх хариуцагчийн 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 20370526-161/01 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гэж томьёолж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч нь гэрчээр Ч.Г-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
9. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл, маргааны үйл баримтад хамаарахгүй хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/01122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ