Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 07

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Д,

Нарийн бичгийн дарга А.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-д холбогдох 1724000300009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр, хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д, /РД:ИИ99021995/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн гадна талд Н-ийн өгзөг рүү гараараа 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаар цагийн завсарлагаанаар гимнастик хийхээр ангиас гарахад манай ангийн хөвгүүд охидуудын өгзөг рүү цохиж гүйлдээд тоглож байсан. Миний хажууд хар хувцастай охин цаашаа хараад зогсож байхаар нь ангийнхантайгаа тоглодог шигээ очоод баруун гараараа өгзөг рүү нь цохичхоод араас хөөх байх гэж бодоод гүйсэн эргээд хартал Н байсан. Н-ийг сургууль руу охидууд түшээд оруулсан. Гимнастикаа хийж дуусаад сургууль руу ороход Н сургуулийн нэг давхрын коридорт цонхны тавцан түшээд уйлж байсан. ...ангийн багш биеийн тамирын багшийн машинаар Б, Н бид нар Н-ийг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Эмч үзээд шоконд орсон байна гээд тайвшруулах эм хэрэглэе гэхэд Н миний үзүүлдэг эмч хамаагүй эм хэрэглэж болохгүй гэж хэлсэн гээд тэр эмчтэйгээ утсаар яриулж байгаад нэг эм хэрэглэсэн. Удалгүй аав, ээж нь ирээд гэрлүүгээ аваад явсан...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн гадна талбайд хохирогч Н-ийн өгзөг рүү гараараа 1 удаа цохисон болох нь:

хохирогч Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаар цагийн их завсарлагаанаар гимнастик хийхээр гадаа гараад 2 давхар байрны үүдэнд ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсож байтал нэг хүүхэд миний хонго буюу бөгс рүү хүчтэй гараараа алгадаж цохиход маш их цочиж хойшоо саваад урагшаа 2 гараараа газар тулаад 2 хөл дээрээ сөхөрч суусан. Жаахан сууж байгаад ангийнхаа О-г тулаад босоод явах гэсэн чинь баруун хөл өвдөөд гишгэж болохгүй болохоор нь доголоод хичээлийн 2 давхар байр руу орсон. Манай ангийн хүүхдүүд “Д чи уйлтал нь цохичихлоо, яаж байгаа юм бэ” гэх зэргээр хэлж ярьж байхыг нь би сонссон. Тэгээд Д-г намайг цохисон байна гэж мэдсэн юм...” гэсэн /хх-ийн 27-32 дугаар хуудас/,

гэрч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай ангийн хичээл орж байгаад их завсарлагааны үед  манай ангийн банди нар ангийн охидуудын болон миний бөгсөн дээр алгадаж цохиод тоглоод гүйлдээд байсан юм. Манай ангийн Н-ийн бөгсөн дээр Д алгадахад Н тонгойгоод толгойгоо бариад суухаар нь толгой нь өвдсөн байх гэж бодсон. Н-ийг Н, Б бид нар сургууль руу сугадаж түшиж оруулсан...” гэсэн /хх-ийн 33 дугаар хуудас/,

гэрч Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 05 минутын үед буюу их завсарлагаанаар сургуулийн гадаа нийтийн дасгал гимнастик хийх гээд ангийнхантайгаа зогсож байтал Н, О нар нь урагшаа сургуулийн А корпус руу хараад зогсож байхад манай ангийн Д Н-ийн бөгс рүү нь сууж байгаад гарынхаа алгаар алгадаж цохиход Н урагшаа тонгойгоод урдаа байсан О-г түшээд зогссон. Н толгойгоо бариад О-г түшээд зогсоод байхаар нь би Д-г “чи яасан эргүү юм бэ, яаж байгаа юм бэ” гээд Н-г сургууль руу авч ороод нэг давхрын коридорын цонхны дэргэд очиж зогсоход Нямрагчаа уйлаад байхаар нь ангийн багш М-г дуудаж авчраад эмнэлэг явсан...” гэсэн /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дасгал гимнастик хийхээр гарч явтал урдаас Н манай ангийн Н, М хоёр гараас нь барьчихсан орж ирсэн. Н  коридорын цонхны тавцанг түшээд ташаагаа тулаад уйлаад байхаар нь М-ээс Н яагаад уйлаад байгааг асуухад “Д Н-ийн бөгс рүү нь алгадчихсан” гэж хэлсэн. Тухайн үед Н нуруу өвдөөд байна гэж байсан...” гэсэн /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 дугаар цагийн их завсарлагаанаар сургуулийн цайны газарт цай ууж байтал манай ангийн хүүхэд орж ирээд Д Н-ийн бөгс рүү нь алгадсан чинь Н коридорт уйлаад байна гэхээр нь очиход Н коридорт цонхны тавцан түшээд уйлаад зогсож байхаар нь юу болсон талаар асуухад Д цохисон гэж хэлсэн. Би “Б” корпус руу ороод нэг багшийн машины түлхүүрийг гуйж аваад сургуулийн А корпусын үүдэнд ирэхэд Н-ийг манай ангийн хүүхдүүд түшиж гаргаж ирсэн. Машинд суулгаад сумын эмнэлэг рүү явсан...” гэсэн /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Б-ийн: “...Д бид хоёр ангиа түгжээд гарч ирэхэд манай ангийнхан үүдний шатны ойролцоо зогсож байсан. Н цаашаа хараад зогсчихсон байхад нь Д түүний араас нь очоод зүүн гараараа бөгс рүү нь алгадаж цохиход Н хоёр гараараа нүүрээ дарж явган сууж байгаад босоод сургууль руу яваад орсон. Сургуулийн коридорт уйлаад зогсож байхад нь манай ангийнхан араас нь ороод ангийн багш М-ийг дуудаж Н-ийг машинд суулган сумын эмнэлэг рүү авч явсан...” гэсэн /хх-ийн 43-44 дугаар хуудас/ мэдүүлгүүд, Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн гадна талын камерын бичлэг зэргээр,

мөн шүүгдэгч Д-ийн хохирогч Н-ийн өгзөг рүү гараараа нэг удаа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн /гэмтэл/ учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1249 дугаартай “...Н-ийн биед бүсэлхийн 5-р нугалам, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь нугалмын хүчтэй, огцом хөдөлгөөн болон нугаламд хэт ачаалал өгсөнтэй холбоотой үүсэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан №172072 тоот дүгнэлт үндэслэл муутай, бүрэлдэхүүнтэй гаргасан №937 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/ болон хохирогч Н-ийн “...Би гэртээ эм тариа хийлгэж 2 хоносон. 2017 оны 05 дугаар сарын 02-ны орой миний бие гэнэт муудаад сууж, босож хэвтэж чадахгүй болж бүх бие өвдөөд салганаад байхаар нь 05 дугаар сарын 03-ны шөнө хувийн машин хөлслөөд Улаанбаатар хот руу явсан. ...Эх нялхсын мэдрэлийн эмчид очиж үзүүлэхэд чиний нуруу нугас чинь зовиур ихтэй байна, нугасандаа харвалттай байж магадгүй нурууны имерай зураг авахуулж ирээд эмчлүүл гэж зөвлөсөн. Гэмтэл согог үндэсний төвд очиж нурууны имерай зураг авахуулсан. Авахуулсан зураг, зурагны онош тайлбарыг тус эмнэлгийн их эмч нь үзээд нуруу нугасны харвалтгүй, сэргээгдэх эмчилгээ хийлгэ гэсэн. ...Миний нуруу нугас өмнө нь өвдөж барьдаггүй зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д-ийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед хохирогч Н-ийн өгзөг рүү гараараа 1 удаа цохиж түүнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Тиймээс шүүгдэгч Д-г гэмт хэрэг үйлдэх үед нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт үйлчилж байсан бол шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт дээрх хугацаа 1 жил болж нэмэгдсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Д-г 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч Н нь “Д нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн гадна талын бичлэг бүхий 1 ширхэг сидийг /CD/ хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос гаргаж өгсөн 2 ширхэг рентгений зургийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгч Д-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 1 ширхэг 750,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/07 тоот тогтоолыг хүчингүй болгох зүйтэй байна.

Шүүгдэгч Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д холбогдох эрүүгийн 1724000300009 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

6. Шүүгдэгч Д-ээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг /CD/ хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос гаргаж өгсөн 2 ширхэг рентгений зургийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 1 ширхэг 750,000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5/07 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ