Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 31

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг, нэхэмжлэгч Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга, гуравдагч этгээд Н.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдох “Баацагаан сумын Засаг дарга нь намайг ажилд авахгүй байгаа нь хууль бус тул үүнийг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баацагаан сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн "Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 51 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт "Манай аймгийн зарим сумдын нийтийн албанд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах, шууд хяналт тавих, хөрөнгө мөнгө захиран зарцуулах зэрэг албан тушаалд хамаарал бүхий этгээд буюу гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа зөрчил дутагдал арилахгүй байна. Жишээнь: Жинст, Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд байна....." гэсэн шалтгаанаар орон нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байгууллага сумын ИТХ, төрийн удирдлагын засаг дарга, түүний ажлын албыг нэг байгууллага мэтээр үзэж, сумын ИТХ-н даргаар ажиллаж байсан миний эхнэрийг, Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан надтай ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэн тухайн аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр сумын засаг даргын 2013 оны 53 дугаар захирамж сэлгэн ажилуулах тухай" шийдвэр гаргасан. Монгол улсын дээд шүүхийн 2010 оы 04 дүгээр сарын 24-ны өдрийн 8 дугаар тогтоолын", зөвшөөрсөн." Гэдгийг албан тушаалын шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй, төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох бөгөөд зөвшөөрөл нь бичгийн хэлбэртэй байна" гэдгийг үл ойшоон албан тушаалтны шахалт, зүй бус нөлөөллөөр уг шийдвэрийг дагаж хэрэгжүүлэхийг үурэгдсэн.

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Л.Цэцгээ өөрийн хүсэлтээр ИТХ-н даргын уүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Тамгын газрын даргаар ажиллаж байгаа Н.Батдорж аймагт мэргэжлийн ажил хийлгэхээр шилжих гэж байхад буюу ашиг сонирхолын зөрчил" арилсан, миний оронд ажиллаж байгааа Н.Батдорж шилжих гэж байгааг мэдэж төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зуйлийн 22.3 дахь заалтын дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахыг хүсч сумын засаг даргад өргөдөл хүсэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж байсан. Н.Батдоржтой тохирсон шилжихээ больсон гэж амаар хариу өгсөн.

2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын 45 дугаар захирамжаар “Сэлгэн ажлуулах хугацаа сунгах тухай” шийдвэр гаргаж 1 жилийн хугацаагаар сунгасан. 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сэлгэн ажлуулах хуулийн хугацаа дууссаныг мэдэгдэж, хуулийн дагуу урьд эрхэлж байсан ажилдаа орохыг хүсч өргөдөл гаргасан боловч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/162 албан бичгээр эргүүлэн томилох боломжгүй гэсэн хариу авсан.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2014 оны 09 дүгээр сарын 03, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус бүр 2 удаа өргөдөл хүсэлт гаргаж байсан бөгөөд ямар нэг хариу өгөөгүй.

УИХ-ын болон аймгийн ИТХ-н сонгуулийн дараа өргөдөл хүсэлтийн хариуг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 142 дугаар албан бичгээр хариуг авсан.

Гэвч сумын засаг дарга Ж.Ганбат иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж, хамтын бус ганцаарчилсан шийдвэр гаргаж, албадлагын шинжтэй асуудалд хандсан гэж Монгол улсын төрийн албаны зөвлөлд хянаж шийдвэрлэхийг хүсчээ.

2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 'Маргаантай асуудлын тухай' Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн ирүүлсэн албан бичигт: "Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн дарга нь албан ёсоор томилогдоогүй байгаа учраас тус салбар зөвлөл хуралдаж хамтын шийдвэр гаргах боломжгүй байгаагаа ойлгон албан бичгээр зөрчилтэй хууль тогтоомжид нийцүүлэхийг танд зөвлөжээ. Ийнхүү албан бичгээр зөвлөмж өгснийг буруутгах аргагүй. Хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, ил тодын зөрчлийг чанд баримтлан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг таньд зөвлөж байна" гэж хариу ирүүлжээ.

Засаг дарга зөвлөмжийг хэрэгжүүлхийг хүсээгүй бөгөөд орон нутгийн сонгуулийн дараа хойшлуулна гэж хойшлуулсаар байсан бөгөөд эцэстээ аймгийн засаг дарга бурэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дүгээр захирамжаар сумын засаг даргын 2013 оны "Сэлгэн ажиллуулах тухай 53 дугаар захирамжыг хүчингүй болгосныг цахим шуудангаар ирүүлж, энэхүү захирамжын хэрэгжилтийг хангуулхаар 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Уранчимэг. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргал нар ирж, Засаг даргын тамгын газрын нийт ажилтнуудад тамгын газрын даргатай холбоотой маргаантай асуудлыг эрх зүйн талаар тайлбарлан ойлгуулж, Тамгын газрын даргын ажлыг хүлээлцэх тухай ярихад Ж Ганбат ажил хүлээлцэх асуудлыг хүлээж аеаагүй.2013 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд аймгийн засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дашцэрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргал. Төрийн албаны зөвлөяийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Биндэрьяа нар зөвхөн дээрх асуудлаар дахин ирж, Засаг дарга, засаг даргын орлогч, ИТХ-н дарга, Тамгын газрын дарга нарт хөдөлмөрийн маргаантай асуудлыг дахин ярилцаж тэд хүлээж аваагүй бөгөөд сумын засаг даргын тамгын газрын дарга Н.Батдоржоос надад Засаг даргын тамгын газрын тэмдэгийг хүлээлгэж өгсөн, Тамгын газрын даргын хөтлөх албан бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй өдөр судар харж байж болно гэж хойшлуулсаарбайна.Иймд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Б.Наранбаатар намайг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Баянхонгор аймгийн Баацагаан сумын Тамгын газрын даргын албан тушаалд эргүүлж томилуулах захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Есүн овогт Базарын Наранбаатарын 2016.10.28-ны өдрийн нэхэмжлэлтэй танилцлаа.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь 1992 оноос хойш тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан.

Миний бие Жаргал овогтой Ганбат нь 2012 оны орон нутгийн бдахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрэлдэн байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар сумын Ардчилсан Намын бүлгийн гишүүдээс сумын Засаг даргад нэр дэвшиж төлөөлөгчийн олонхийн саналаар сонгогдон, томилох эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар тогтоол гарган хүргүүлснээр тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхны 2012 оны 12 сарын 14-ны өдрийн 474 дугаар захирамжаар Баацагаан сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Миний бие сумын Засаг даргаар томилогдон ажиллахаас өмнө тус сумын ЗДТГ-т Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан.

Нэхэмжлэл гаргасан Б.Наранбаатар нь 2012 оны сумын ИТХ-ын 2 дугаар хуралдаанаар миний нэрийг сумын Засаг даргад Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлэхэд тухайн үеийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд завсарлага аван хурлын хуралдаан завсарлах хугацаанд намайг өрөөндөө дуудаж чи сумын Засаг даргад нэр дэвшиж яах юм бэ. Хэрвээ чамайг сумын Засаг даргаад томилогдон ажиллахаар болбол би чамтай хамтарч ажиллаж чадахгүй, ёс зүйн хувьд ч би чамтай хамтарч ажиллах боломжгүй нэрээ тат гэх мэтээр хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж Төрийн захиргааны удирдах албан хаагч байж улс төржин эхнэр тухайн үеийн ИТХ-ын дарга Лувсангийн Цэцгээтэй хамт зандран дарамталж чамайг сумын Засаг даргаар нэр дэвшиж байгаа нэрээ татахгүй бол ажлаа өгч гудамжинд гарна, чамай- дэмжихгүй гэх мэтээр авиргүй үгүүдийг хэлж байсан.

Миний бие 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын Засаг даргын ажлыг албан ёсоор хүлээн авсан. Намайг сумын Засаг даргаар ажлаа хүлээж авснаас хойш Б.Наранбаатар нь мөн л хамтарч ажиллахгүй, чиний бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй , ёс зүйн хувьд хамтарч ажиллаж чадахгүй гэх мэт үгнүүдийг удаа дараа хэлэн, харин өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллах сонирхолтой, ажлаа хөнгөвчлөн ажиллах сонирхолтой байна гэх мэтээр байнга саналыг тавьж, тухайн үед сумын Засаг даргын Тамгын газрын МЭҮ тасгийн даргын орон тоо сул чөлөөтэй байгаа тул түүнд томилогдон ажиллах хүсэлтэйгээ илэрхийлдэг байсан.

Б.Наранбаатар нь сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байх үедээ аймгийн ХХААЖДҮ-ийн газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 106 тоот албан бичгээр танай сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэг мэргэжилтэн сул орон тоотой, тасгийн даргагүй ажиллаж байгаа. Энэ нь үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Иймд холбогдох хууль тогтоомж, журмын дагуу одоо мал аж ахуйн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа Сэр-Одын Батхүүг тасгийн даргаар томилон ажиллуулах санал хүргүүлж байна. Гэсэн албан бичгийг Засаг дарга надад танилцуулалгүй, өөр дээрээ аван албан бичиг нуун дарагдуулж байгаад сумын ЗДТГ-ын МЭҮ тасгийн даргаар томилогдоод уг албан бичгийг гаргаж ирэн танилцуулсан. Тухайн албан бичгийн хариуг албан ёсоор 2016.06.10-ны өдөр шийдвэрлэсэн хариуг өгсөн. Энэ гаргасан үйлдэлд нь хамтарч ажиллахгүй өөрийн хүсэлтээр өөр ажилд сэлгэн ажиллахаа илэрхийлж байгаа үйлдэл байсан гэж үзэж байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 51 дүгээр тоггоол гарсан байдаг. Б.Наранбаатарын хувьд эхнэр Л.Цэцгээтэй орон нутги йн өөрөө удирдах ёсны бие даасан байгууллага, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч сумын Засаг дарга түүний ажлын албыг нэг байгууллага мэтээр үзэж байсан нь Нийтийн албанд нийтийн болон, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх газраас тухайн дээрхи албан тушаалтан зөрчил үүсэхгүй байх, нэг нь нөгөөдөө шууд захирагдахгүй, шууд хяналт тавих, хөрөнгө мөнгө захиран зарцуулахгүй зэрэг албан тушаалд хамаарал бүхий этгээд биш гэдэг тайлбарыг бусад сумдад албан ёсоор хүргүүлсэн байдаг.

Жишээ нь Баян-говь сумын ИТХ-ын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар нь төрсөн эгч дүүс байсан гэх мэт”

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь намайг ажлаа хүлээн авсны дараа байнга ажлаа хүлээлгэн өгье, ажлаа хөнгөвчилье, миний ажлыг авах орны хүнийг томилон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг амаар гаргадаг байсан нь миний хувьд тухайн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах мэргэжил чадвартай боловсон хүчнийг судлан одоо сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа тус сумын уугуул Өөлд овогт Нацагдоржийн Батдоржийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 54 дүгээр захирамжаар сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын 1/329 дүгээр албан бичгээр сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд сонгон шалгаруулж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан.

Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 10 сарын 02-ны өдөр зохион байгуулсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтаар Баацагаан сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд бүртгүүлэн өрсөлдсөн Нацагдоржийн Батдорж Хайнзангийн Одонтунгалаг, Доржюүндэнгийн Батжаргал нарыг томилуулахаар нэр дэвшүүлсэн.

Дээрхи нэр дэвшигдсэн иргэдээс Н.Батдоржийг Баацагаан сумын Засаг даргын албан тушаалд томилохоор Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагуудад хянуулан томилгоог сумын ЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 121 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Б.Наранбаатар нь сумын ЗДТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөд тохиромжтой хуулийн заалт, захирамжийн өөрөө төлөвлөн сэлгэн ажиллах тохиромжтой заалтыг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дарь заалт нь нийцэж байгаа тул энэ заалтыг үндэслэн захирамжаа боловсруулан танилцуулж байна гэсэн. Миний хувьд Б.Наранбаатарыг өөрөө ажлаас чөлөөлөгдөх, өөр ажилд сэлгэн ажиллах тухай захирамжаа өөрөө төлөвлөн боловсруулаад ир гэдгийг хэлж түүний дагуу захирамжаа боловсруулан гаргасан байдаг.

Б.Наранбаатар нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Өмнөх ажилдаа эргэн орох тухай” өргөдлийг сумын Засаг даргад гаргасан. Хариуг тухай үед нь Засаг даргаас амаар мэдэгдэж “татгалзсан” хариуг өгсөн.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар “Сэлгэн ажиллуулах хугацаа сунгах тухай” захирамжийг Б.Наранбаатар өөрөө төлөвлөн боловсруулан танилцуулж 1 жилийн хугацааг сунгасан.

Б.Наранбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргаж “Сэлгэн ажиллуулах хугацаа дууссан “ тул өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эргуүлэн томилж өгнө үү гэсэн өргөдлийг сумын Засаг даргад ирүүлсэн.

Өргөдлийн хариуг хуулийн хугацаанд албан бичгээр мэдэгдэж уламжилсан.

Б.Наранбаатар нь төрийн захиргааны удирдах албан хаагч байхдаа хэт их улс төрждөг, эхнэр Л.Цэцгээ нь тус сумын Монгол Ардын Намын даргын үүрэгт ажлыг хашдаг байсан тул Л.Цэцгээгийн бодлого шийдвэрийг даган ажил үүргээ гүйцэтгэдэг байсан.

Иймдээ ч сумын Засаг дарга Ж.Ганбат миний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлого, шийдвэрийг дэмждэггүй, хэрэгжүүлж ажиллахгүй гэдгээ илэрхийлж байгаа үйлдэл тодорхой байсан нь харагддаг.

Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлээс татгалзаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Батдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Өөлд ургийн овогт Нацагдоржийн Батдорж миний бие 1984 оны 12 дугаар сарын 06- ний өдөр төрсөн. Эхнэр 3 хүүгийн хамт амьдардаг. Дээд боловсролтой, Нягглан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй.

Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Сайнбилэг таны туслах н.Мөнгөнцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд иргэн Б.Наранбаатарын гаргасан нэхэмжилэлийг танилцуулан уг нэхэмжилэлтэй холбогдуулан гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа захирамж танилцуулсан болно.

Н.Батдорж миний бие 2010 оноос Улаанбаатар хотод Шинжилэх ухаан Технологийн Их сургуулийн Геологи Газрын Тосны сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2013 оны 05 дугаар сард одоогийн Засаг дарга Ж.Ганбат холбогдон нутагтаа ирж ажиллах талаар санал тавьсан. Сумын Засаг дарга Ж.Ганбатаас Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Наранбаатар нь ямар учраас ажлаа өгөх болсон талаар тодруулан асуухад Ж.Ганбат нь намайг засаг даргаар нэр дэвшсэн өдрөөс эхлэн ёс зүйн хувьд хамтран ажиллах боломжгүй би ажлаа өгмөөр байна гээд байгаа гэсэн. Ингээд би өөрийн биеээр Засаг дарга Ж.Ганбат болон Б.Наранбаатар нартай уулзахаар ажлаасаа 7 хоногийн чөлөө аваад 2016 оны 06 дугаар сарны 03-нд сумандаа ирээд 6 дугаар сарын 04-ний өдөр сумын Тамгын газар дээр ирэн засаг дарга Ж.Ганбаттай уулзаад өрөөнд нь байхад Тухайн үеийн Иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын дарга Л.Цэцэгээ өрөөндөө дуудсан орход тухайн үеийн Тамгын газрын дарга Б.Наранбаатарын хамт байсан. Би Б.Наранбаатараас та яг өөрийн хүслээр ажлаа өгөх гэж байгаа бол би таны ажлыг авъя ямар нэгэн асуудал байгаа бол би авахгүй ээ би одоогоор хотод ажил эрхлэж байгаа гэж асуусан тэгэхэд Б.Наранбаатар болон түүний эхнэр Л.Цэцэгээ нар ажлаа өгнөө ер нь ажлаа хөнгөвчилэх бодолтой байгаа сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үжлийн тасгийн даргын орон тоо сул байгаа түүн дээр мэргэжлийнхээ дагуу ажиллах бодолтой байгаа, одоо ажил хийхэд их түвэгтэй, Орон нутгийн хөгжлийн сан гэх мэт олон шинэ бөгөөд мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд байна гэж ярьж байсан. Миний хувьд нутагтаа ажиллах хүсэл тухайн үед байсан.

1992 онд Монгол Улсын Үндсэн хууль шинэчилэгдэн батлагдаж Засаг, Захиргаа, нутаг дэсгэрийн нэгж шинээр байгуулагдан сумын Засаг даргын Тамгын газрын шинэ бүтэцэд миний аав Д.Нацагдорж сумын Засаг даргын орлогчоор, Сумын Засаг даргаар тус тус ажиллаж байхад Б.Наранбаатар Тамгын газрын даргаар томилогдон хамтран ажиллаж байсан учраас миний хувьд Б.Наранбаатарыг хүндэлдэг. Ийм учираас өөрийн биеээр ирж өөрөөс нь ажлаа өгөх, үгүй талаар асууж байж нутагтаа ирж ажиллах талаар эцсийн шийдийг гаргаж байсан.

Тийм учраас өөрийнх нь 1992 оноос хойш ажиллаж байсан өрөөндөө та суу би өөр өрөөнд сууя, мөн таны хүсэлтийн дагуу сумын Засаг даргын Мал эмнэлэг үжлийн тасгийн даргаар томилоё, та хэзээ ажлаа өгөх хугацааг та өөрөө шийд гэж хэлж байсан. Ингэж ярилцан тохироод 06 дугаар сарны 07-ний өдөр ажлаа хүлээлцэн авхаар болоод би утсаар хуучин ажлын захиралдаа мэдэгдэн чөлөөгөө сунгаж 2013 оны 06 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очин өмнөх ажлаа хүлээлгэн өгсөн.

2013 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн сумын Засаг даргын 54 тоот захирамжаар Н.Батдорж миний бие сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээртомилогдсон. 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын 1/329 тоот албан бичгээр аймгийн Төрийн албаны зөвлөлд сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруултыг зарлуулахаар хүсэлт уламжилсан байдаг. Ингээд ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдан 2013 оны 10 дугаар сарын 02-ний өдөр сонгон шалгаруулт болж тухайн ажлын байран дээр өрсөлдсөн иргэдээс Н.Батдорж миний бие, Х.Одонтунгапаг, Д.Батжаргал нарыг нэр дэвшүүлэн томилуулахаар Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарны 04-ний өдрийн 18 дугаар тогтоолыг сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Авилгатай тэмцэх газар болон бусад холбогдох газар Н.Батдорж миний холбогдох материалыг хянуулан сумын Засаг дарга Ж.Ганбат 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаар захирамжаар жинхэлэн томилсон болно. Н.Батдорж миний бие нь Монгол улсын төрийн албаны зөвлөлийн албан ёсны вэб сайтаар зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруултанд оролцон холбогдох хууль, тогтоомжийн дагуу томилогдсон гэж ойлгож байгаа тул цаашид одоогийн эрхлэж байгаа ажил, албан тушаалд үргэлжүүлэн ажиллана.

Б.Наранбаатарыг өөрийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн даргаар 2013 оны 06 дугаар сарын 07-ний өдрөөс томилон одоог хүртэл дээрхи ажлын байран дээр ажиллаж байгаа болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Миний бие 2016 оны 10 сарын 28-ны өдөр тус шүүхэд “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу урьд эрхэлж байсан ажил, аблан тушаалд эгүүлэн томилуулах эрхээ сэргээн тогтоолгохыг даалгуулж өгөх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ. Тус нэхэмжлэлд ажлаа яаж сэлгэн ажиллахаар болсон, одоо яагаад эргэн хуучин эрхэлж байсан албан тушаал болох Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд буцаан томилуулах гээд байгаа шалтгаан нөхцөлийг дэлгэрэнгүй бичсэн. Нэхэмжлэл гаргах үед намайг сэлгэн ажиллуулах тухай Баацагаан сумын Засаг даргын захирамжийг Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосноор миний өмнө нь ажиллаж байсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах эрх, үүрэг сэргэж өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалдаа томилогдох боломж олдсон.

Гэтэл Баацагаан сумын Засаг даргын зүгээс миний энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр намайг ажилд авахгүй байсан тул би Баянхонгор аймгийн салбар зөвлөлд хандсаны дараа шүүхэд хандсан. Би төрийн албан хаагчийн хувьд улстөржсөн зүйл байхгүй.

Иймд Баацагаан сумын Засаг дарга нь намайг ажилд авахгүй байгаа нь хууль бу тул үүнийг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баацагаан сумын Засаг даргад даалгах гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн өөрчилж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Хариуцагч Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Есүн овогт Базарын Наранбаатар тус шүүхийн багууллагад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зөвтгөн өөрчдөх тухай нэхэмжлэл гаргасан байна.

Б.Наранбаатар нь өмнө эрхлэж байсан ажил, албан тушаал Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилуулан орох шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие тус шүүхийн байгууллагад Б.Наранбаатарын нэхэмжлэлийн хариуг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1/229 тоот албан бичгээр татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга Г.Батжаргал дарга 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б/609 тоот захирамжаар “Захирамж хүчингүй болгох тухай” шийдвэр гаргаж Б.Наранбаатарыг 2013 онд “Сэлгэн ажиллуулах тухай” миний гаргасан 53 тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Уранчимэг, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргал нар тус суманд очиж Засаг дарга миний биед болон сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчдад захирамжийг танилцуулсан. Мөн Засаг даргын тамгын газрын даргын ажлыг хүлээлцэх тухай мэдээллийг миний бие уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлэнэ гэсэн мэдэгдлийг өгсөн.

Дээрх захирамжийн хариуг аймгийн Засаг дарга Г.Батжаргал даргад хандан албан тоотоор 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/204 тоот албан бичгээр уламжилсан. Албан бичгийн хариуд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/860 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн. Иймд дээрх захирамжийн талаар миний бие холбогдох албан тушаалтан, байгууллагад хандаагүй байгаа. Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь анхнаасаа өөрөө Засаг дарга Ж.Ганбат надтай хамтарч ажиллахгүй, ёс зүйн хувьд хамтарч ажиллахад хэцүү, өөрийн хүсэлтээр мэргэжлийнхээ дагуу ажиллах сонирхолтой гэдгийг хэлдэг байсан. Өөрөөр мэргэжлээрээ ажиллах шийдвэр гаргасан зэрэг нь дээрхи аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.Уранчимэг, төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Өнөржаргал нарыг ирэхэд өөрөө өөрийгөө нотлож хэлсэн дуу бичлэг баримт байдаг. Иймд дээрх нэхэмжлэлийн дагуу хариуцагч миний бие нэхэмжлэлийг гаргасан тодорхой утгуудын дагуу дараах холбогдох нотлох баримт материалуудыг шүүхийн байгууллагад хүргүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч Б.Наранбаатар би Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан үндэслэлээр хуулийн хүрээнд сэлгэн ажилласан. Хуульд заасан хугацаа дуусахаар нь би ахиад 1 жилээр сэлгэн ажиллах хугацаагаа сунгаж ажиллаж байгаад хугацаагаа дуусангуут сумын Засаг дарга Ж.Ганбатад өргөдөлд гаргаж өөрийн өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд орох тухай хүсэлтээ гаргасан боловч сумын Засаг дарга миний гаргасан хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэх хариуг надад өгсөн. Би сумын Засаг даргад гаргасан хүсэлтийнхээ дагуу аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа гомдол гаргасан. Шинээр зохион байгуулагдсан аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн албаны салбар зөвлөлийн даргаас албан ёсны хариуг авсан. Сумын Засаг дарга нэг талыг барьж шийдвэр гаргасан учраас Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн даргад албан ёсоор хүсэлт гаргаж уламжлахад аймгаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгсөн. Гэвч сумын Засаг дарга дээрх зөвлөмжийг хүлээж авалгүй боломжгүй гэсэн хариултыг өгсөөр байгаа. Миний хувьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахаар хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын МЭҮТ-н даргаар ажиллаж байгаа Б.Наранбаатарын нэхэмжлэлийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Б.Наранбаатарын хувьд анх өөрөө надтай хамтарч ажиллах боломжгүй гэж хэлсэн. Би сэлгэн ажиллуулахдаа та өөрөө сэлгэн ажиллах захирамжаа боловсруулаад ир гэж хэлсэний дагуу захирамжаа төлөвлөж орж ирсэн. Би боловсруулж ирсэн захирамжийнх нь дагуу сумын МЭҮТ-ийн даргаар томилуулан ажиллуулах шийдвэр гаргаж ажлаас нь түр хугацаагаар өөр ажилд сэлгэн ажиллуулсан. Үүний дараа би сумын Засаг даргын тамгын газрын даргын сонгон шалгаруултыг зарлаж Н.Батдорж тэнцсэн. Би Н.Батдоржийг анх ажилд томилохдоо Б.Наранбаатар гэж хүний оронд сэлгэн ажиллуулж байгаа талаар Б.Наранбаатарын сэлгэн ажиллуулах хугацаа дуусахад өөрийг чинь ажлаас чөлөөлнө гэсэн ямар нэгэн байдлаар захирамж шийдвэрээ гаргаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд нилээд олон шалтгаан тайлбарласан байсан. Б.Наранбаатарын хувьд мэргэжлийн дагуу ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, хэлсэний үндсэн дээр би тухайн ажил, албан тушаалд нь томилсон гэв.

Гуравдагч этгээд Н.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн албаны тухай хуулийн дагуу зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцэж энэ ажил, албан тушаалд томилогдсон. Би төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа, цаашдаа ч ажиллах байх гэж бодож байна. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ, хуулийг дээдлэнэ. Эцсийн бүлэгт өөрийнхөө эрх ашгийн төлөө явна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранбаатар нь шүүхэд Баацагаан сумын Засаг дарга нь намайг ажилд авахгүй байгаа нь хууль бус тул үүнийг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, намайг Баацагаан сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баацагаан сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж ,зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Наранбаатар анх Баянхонгор аймгийн Баацагаан сумын засаг даргын тамгын газрын даргаар Баацагаан сумын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар “Засаг даргын тамгын газрын дарга томилох” тухай захирамж, Б.Наранбаатарын дугаар 797632 , дугаар А 0329288 нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар “Сэлгэн ажиллуулах тухай захирамж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батдоржийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар “Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргыг томилох тухай тушаалаар Баацагаан сумын“Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн ажиллуулсан байна. Баацагаан сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар “Сэлгэн ажиллуулах хугацаа сунгах тухай” захирамж сэлгэн ажиллуулах хугацааг 1 жилийн хугацаагаар сунгахаар тогтоосон байна.Уг захирамжид заасан хугацаа дууссан байх тул эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эргэн орох тухай өргөдлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байна.

 Баацагаан сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/162 дугаар “Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Б.Наранбаатарт хүргүүлсэн албан бичгээр ...”Засаг аргын тамгын газрын даргаар одоо ажиллаж байгаа Н.Батдорж нь хууль тогтоомжийн дагуу шинээр зарлагдсан ажил албан тушаалд сонгон шалгаруулалтанд орж тус албан тушаалыг эрхэлж байх тул урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй”... болохыг мэдэгдсэн байна.

Б.Наранбаатар нь Баянхонгор аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, төрийн албаны зөвлөлд тус тус хандаж Захиргааны Еерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр дээд шатны захиргааны байгууллагуудад өргөдөл хүсэлтүүдээ хүргүүлсэн болох нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 141 дүгээр Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад хүргүүлсэн ” Томилгоо хийх” тухай албан бичиг,Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад хүргүүлсэн “ Маргаантай асуудлын” тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Баацагаан сумын засаг дарга нэхэмжлэгч Б.Наранбаатарыг сэлгэн ажиллуулах хугацаа дуусаж, урьд ажиллаж байсан ажил,албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ бичгээр гаргаж , Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад хүргүүлсэн албан бичигт Б.Наранбаатарыг урьд эрхэлж байсан албан тушаал эгүүлэн томилохыг зөвлөж байхад урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д ...”Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.”...гэж заасныг зөрчсөн байна.Иймд Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатын Б.Наранбаатарыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Баацагаан сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллуулахгүй байгаа эс үйлдлийг болохыг тогтоож урьд ажиллаж байсан албан тушаалд Баацагаан сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллуулахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Баацагаан сумын засаг дарга Ж.Ганбат нь ...”Төрийн албаны Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 141 дүгээр Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад хүргүүлсэн” Томилгоо хийх” тухай албан бичиг нь хууль бус бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 963 дугаар Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад хүргүүлсэн “Маргаантай асуудлын “тухай албан бичигт Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга нь албан ёсоор томилогдоогүй байгаа учраас тус салбар зөвлөл хуралдаж хамтын шийдвэр гаргах боломжгүй зөрчилтэй асуудлыг хууль тогтоотжид нийцүүлэхийг танд зөвлөж байгаагаа ойлгон албан бичгээр зөвлөмж өгсөнийг буруутгах аргагүй . Хууль дээдлэх шударга ёс тэгш байдалд ил тодын зарчмыг чанд баримтлан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг танд зөвлөж байна гэсэн албан бичиг надад явуулсан. Би Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ц.Дашцэрэнгийн Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн албан бланк ашиглаж бичсэн албан бичгийг хуулийн дагуу гарсан албан бичиг гэж үзэхгүй”... гэж тайлбар гаргасан. Шүүх Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 142 дугаар Б.Наранбаатарт хүргүүлсэн “Томилгоо хийх” тухай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д...”Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй,”...92.2-д...”Энэ хуулийн 92.1-д з аасан гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.”... 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч дээд шатны захиргааны байгууллагад өргөдөл гомдлоо гаргасан эсэхэд нотлох баримтаар үнэлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Баацагаан сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар “Сэлгэн ажиллуулах” тухай захирамжийг хүчингүй болгосон байна.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” Гэж зааснаар хэргийн оролцогч нар хуульд заасан хөөн хэлэцэх хугацаанд гомдол гаргаагүй болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 7 ны өдөр аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Уранчимэг ,Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өнөржаргал нар манай суманд ирж танилцуулахад мэдсэн, бид уг захирамжийг хүчингүй болгуулахаар ямар нэгэн албан тушаалтанд гомдол гаргаагүй гэх хариуцагч Ж.Ганбат , гуравдагч этгээд Н.Батдорж нарын бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баацагаан сумын засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/204 дугаар “Захирамжийн хариу хүргүүлэх” тухай Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүлсэн албан бичгээр зэргээс тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Баацагаан сумын засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар “Сэлгэн ажиллуулах тухай захирамжийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгч Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар Б.Наранбаатарыг “Засаг Даргын Тамгын газрын даргаар томилох” тухай захирамжийн үйлчлэл сэргэсэн гэж шүүх үзэж Б.Наранбаатарыг Баацагаан сумын Засаг Даргын Тамгын газрын даргаар дахин томилох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хариуцагч ...”Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/609 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гаргасан нь хууль зөрчсөн . Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргын захирамжийн хүний нөөц,боловсон хүчний асуудлаар гаргасан захиамжийг хүчингүй болгох эрхгүй . Иймд Аймгийн Засаг даргын гаргасан захирамж хууль зөрчсөн гэсэн тайлбар гаргасан боловч уг аймгийн Засаг даргын гаргасан захирамжид хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй”... гэдэгт хэргийн оролцогчид маргаагүй.

Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар “Нэр дэвшүүлэх “тухай тогтоолоор Баацагаан сумын Засаг Даргын Тамгын газрын даргын албан тушаалд өрсөлдөж Нацагдорж овогтой Батдорж/83,7/ оноо авсан тул төрийн албаны зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн тогтоол,Авилгалтай тэмцэх газрын 2013 оны 08 дугаар сөарын 06-ны өдрийн 1/318 дугаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбатад ирүүлсэн “ Хувийн ашиг сонирхолыг урьдчилан мэдүүлгийг хянасан” тухай албан бичиг,Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр “Тогтоол хүргүүлэх” албан бичиг зэргээс дүгнэхэд Баянхонгор Баацагаан сумын Засаг Даргын Тамгын газрын даргын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтанд гуравдагч этгээд Н.Батдорж орж тэнцсэн болох нь тогтоогдож байгаа боловч уг орон тоог сул орон тоо гэж үзэхгүй гэж дүгнэлээ .Учир нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар “Сэлгэн ажиллуулах тухай захирамж гаргаж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батдорж 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар “Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргыг томилох тухай тушаал гаргаж Б.Наранбаатарыг Баацагаан сумын“Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн ажиллуулсан байхад төрийн албаны хуулийн 17 дугаар зүйл 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.”... гэсэн хуулийн заалт болон мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна. “...гэж заасныг зөрчиж Баацагаан сумын засаг даргын тамгын газрын даргын сул орон тоо үүсээгүй байхад сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Н.Батдоржийг Баацагаан сумын засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 121 дугаар Ажилд томилох тухай захирамжаар Баацагаан сумын засаг даргын тамгын газрын даргаар томилсон нь буруу байна.

Гуравдагч этгээд Н.Батдорж нь шүүх хуралдаанд ...”нэхэмжлэгч Б.Наранбаатарыг Баацагаан сумын“Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн ажиллуулсаныг мэдээгүй “...гэж тайлбар гаргасан боловч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батдорж 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаар “Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргыг томилох тухай тушаалыг өөрөө гаргахдаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг дарга Ж.Ганбат 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар тушаалдаа “Сэлгэн ажиллуулах” тухай захирамжийг үндэслэж, тушаалын 1 дүгээр заалтаар ...”Сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар Б.Наранбаатарыг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс сэлгэн ажиллуулсугай”... гэж заасан байх тул гуравдагч этгээдийг нэхэмжлэгч Б.Наранбаатарыг Баацагаан сумын“Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар сэлгэн ажиллуулсаныг мэдээгүй гэх үзэхгүй бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын орон тоо нь сул орон тоо биш болохыг мэдсэн атал уг орон тооны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.3, дахь хэсгийг тус тус баримтлан Б.Наранбаатарыг ажиллуулахгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Наранбаатарыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Намайг Баацагаан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд буцаан томилохыг Баацагаан сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ