Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/0036

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:       Ч.Тунгалаг

Шүүгчид:                         Х.Батсүрэн

                                          Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:               М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 788 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 220 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч “Э” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хот, Налайх дүүрэг, “Элстэйн зуунмод” нэртэй газарт орших 22.54 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “Э” ХХК багтсан байна.

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7/24 дугаар тогтоолоор манай тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг буюу 7.1 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, үүнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган маргасан, ... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ... шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар байтал түүнийг биелүүлэхгүй эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл бүхий газрын хэвлийг ашиглах боломжгүй байсан үед нийслэлийн Засаг дарга тус бодит нөхцөл байдлыг шалгалгүйгээр буюу дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг харгалзалгүйгээр ... 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй … хэмээн үзэж, бодит нөхцөл байдалд нийцээгүй захирамж гаргаж, бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж тодорхойлон маргасан.

2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... 2 байгууллагын хамтран хийсэн хяналт шалгалтаар Газрын хэвлийн тухай хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж, координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан, ... Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/24 дугаартай тогтоол нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жил 3 сарын дараа гарсан байна, ... нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн ...” гэж шүүхэд тайлбар гаргажээ.

3. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн A/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн.

3.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3. 37.4-т заасан ажиллагааг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх заалттай нийцэхгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн.

3.2. Маргаан бүхий захиргааны актаар “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ..., ... нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандан гаргасан гомдлын хариуг ... нийслэлийн Байгаль орчин газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02/862 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид өгсөн, ... нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор буюу  2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан болох нь ... баримтаар тогтоогдож байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, 2 дахь хэсгийн 1/, 21 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Үүнд: 

4.1. Энэхүү маргааны тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий актын 2 дахь заалтаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон харин тусгай зөвшөөрлийг цуцлаагүй буюу өөрөөр хэлбэл, хариуцагч “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан түүнийг нь харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэх үндэслэл бүрдсэн гэж үзээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна.

4.2. 2009-2011 онуудад нэхэмжлэгч “Э” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах бэлтгэл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан ... баримтуудыг хариуцагчаас үгүйсгэж мэтгэлцээгүй атлаа анх олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. ​​​​​​​

4.3. Хариуцагчаас, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохын өмнө шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох, шийдвэр гаргахад хамааралтай ... үйл баримтуудыг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байтал хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна ...

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 220 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нар гомдолдоо: “... Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарласан. Хариуцагч тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу сонсох ажиллагааг телевиз болон хэвлэлийн бага хурал хийж хүргүүлснээ тайлбарласан байтал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан атлаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасантай нийцэхгүй байна гэж хуулийг нэхэмжлэгчид ашигтай талаас тайлбарлаж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Маргаан бүхий захирамжаар 95 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон, мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт шалгалт хийж, нөхцөл байдлыг тогтоосон.

6.2. Тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш хуулиар тогтоосон ирүүлэх шаардлагатай мэдээ тайлан ирүүлж байгаагүй, холбогдох тайлан, төлөвлөгөөгөө ирүүлж үүргээ биелүүлээгүй, улмаар өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарлах боломжтой боловч түүнийгээ мэдэгдээгүй. Тухайлбал,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийг мөрдөн ажиллаж байсан бөгөөд доор дурдсан заалтын хүрээнд мэдээ, тайланг ирүүлж хамтран ажиллах үүрэгтэй. 

6.3. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:”, 48.6.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор;” 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;” гэж заасан. Хуульд заасан үүргээ биелүүлж мэдээ, тайлан ирүүлж байгаагүй лавлагааг Ашигт малтмал, газрын тосны газраас “тус компани тусгай зөвшөөрөл авснаасаа хойш төлөвлөгөө, тайлан хүргүүлж байгаагүй, 3 болон түүнээс дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй талаар” судалгааг ирүүлсэн.

6.4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ:”, 34.5.1-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 120 өдрийн дотор;” 35.5.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг жил бүрийн 12 дугаар сард багтаан батлагдсан маягтын дагуу;” 34.5.3-т “тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан уулын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор батлагдсан маягтын дагуу” гэж хуульчилж өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдаж, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын баримт бичиг 2017 онд нийслэлийн Засаг дарга буюу нийслэлийн Байгаль орчны газарт шилжиж ирсэн.

6.5. Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны өдрийн  7/24 дугаар тогтоол гарч, тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 7.1 га газар давхацаж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэж байсан учир олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж, тэрийг нь шүүх үндэслэлтэй мэтээр тайлбарлаж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх ажиллагааг хийгээгүй гэж хариуцагчийг шууд буруутгаж тайлбарласан, тус компани үлдсэн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжтой байсан мөн тус 7.1 га талбай бүхий давхацсан хэрэг маргаан нь тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх хүндэттэн үзэх шалтгаан болохгүй гэдгийг шүүх дүгнээгүй. 

6.6. “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасан журмын дагуу шийдвэрлээгүй гэж хуулийг зөрүүтэй тайлбарласан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжаар 95 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохдоо 2 хавсралт болгож шийдвэрээ гаргасан, энэ нь 2 дугаар хавсралтад байгаа 33 аж ахуйн нэгж нь газрын гадаргуу, хэвлийг хөндөөгүй гэдгийг илэрхийлсэн бөгөөд тус хавсралтад байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын дотор Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй талбай нь давхцалтай компаниуд байгаа.

6.7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” гэж,

6.8. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ”, 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно”, 19 дүгээр зүйлийн 4-т “Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно”, 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж, 

6.9. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;”, 4.1.9-д ““уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;”, 4.1.10-д ““уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;” гэж хуульчилсан. Дээрх заалтуудын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дугаар захирамжаар 95 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд газрын хэвлий ашиглахгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-т “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” гэж шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлсон бөгөөд хуулийг зөрүүтэй тайлбарлаж байгаа нь шүүх шударга ёсыг бэхжүүлэхгүй байгаа мэтээр ойлгогдохоор байна. Иймд хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулахаар, 2 дугаар зүйлийн 2.1түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх-ээр тус тус заасан.  

9. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр аж ахуйн нэгжүүдийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор “Э” ХХК багтсан; нэхэмжлэгч “Э” ХХК нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр олгогдсон MV-015593 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Элстэйн зуунмод” нэртэй 22.54 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг эзэмшиж байсан боловч уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайдаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогджээ. 

10. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 4/-т энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох;” гэж, 19 дүгээр зүйлийн 4-т “Ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно; 21 дүгээр зүйлийн 2-т “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:” гээд 1/-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;” гэж тус тус зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох зорилгоор газрын хэвлийг ашиглах эрх авсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй бол зөрчил гэж үзэж, уг эрхийг дуусгавар болгох бүрэн эрхтэй юм.

11. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр MV-015593 дугаар тусгай зөвшөөрлөөр газрын хэвлийг ашиглах эрх авсан бөгөөд түүнээс хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон энэ тохиолдолд “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг дээрх хуулийг зөрчөөгүй байна.

12. Нэхэмжлэгчээс “... тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг болох 7.1 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, ... хамгаалалтад авсан талбайн байршлыг тогтоох асуудал шийдвэрлэгдэхгүй байснаас ашиглах боломжгүй байсан ...” гэж тайлбарлаж байгаа ч тусгай зөвшөөрлийг эзэмшсэн 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 7/24 дугаар тогтоол гарах хүртэлх 3 жилийн хугацаанд тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйгээс гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар мэдээ, тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... Тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш хуулиар тогтоосон ирүүлэх шаардлагатай мэдээ тайлан ирүүлж байгаагүй, холбогдох тайлан, төлөвлөгөөгөө ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарлах боломжтой боловч түүнийгээ мэдэгдээгүй болно ...” гэх гомдол үндэслэлтэй.

13. Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 11.2.2“харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэж, 11.2.5“харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно:” гээд 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 37 дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус зааснаас үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцаа, үүний дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох, цуцлах бүрэн эрх нь аймаг, нийслэлийн Засаг даргад хадгалагдаж байгаа, өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдаж хүчин төгөлдөр болсноор дээр дурдсан бүрэн эрх аймаг, нийслэлийн Засаг даргад шилжсэн байх тул шүүхүүдийн “... Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д ... заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг анх олгосон байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор байсан ...” гэсэн дүгнэлт буруу юм.

14. Нөгөө талаас, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд газрын хэвлий ашиглахгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.

15. Мөн, хариуцагч нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий А/609 дугаар захирамжийг гаргахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хяналт шалгалтын ажлын талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн; энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасантай нийцэж байх тул “... нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохын өмнө шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох, шийдвэр гаргахад хамааралтай дээрх үйл баримтуудыг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байтал хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэсэн шүүхүүдийн дүгнэлт үндэслэлгүй, “... сонсох ажиллагааг телевиз болон хэвлэлийн бага хурал хийж хүргүүлснээ тайлбарласан байтал Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан ажиллагаа хийгээгүй гэж тайлбарласан ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 510, 2019 оны 433 дугаар тогтоолын дүгнэлтүүдээс зөрүүтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1/-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧИД                                                               Х.БАТСҮРЭН

                                                                                                     Д.МӨНХТУЯА

​​​​​​​                                                                                                      М.БАТСУУРЬ