Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1369

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа

Хариуцагч М.Цэрмаад холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 25 935 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,

Хариуцагч М.Цэрмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Хандармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Цэрмаад 13 300 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Цэрмаа нь зээлийн гэрээний мөнгийг байтугай хүүг нь ч төлөлгүй өнөөдрийг хүргэлээ. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаагаар барахгүй өгөхгүйн тулд арга заль хэрэглэж, худлаа хэлж, зугтааж байна. Тиймээс шүүхэд хандаж байна. М.Цэрмаагаас зээлийн гэрээний үндсэн мөнгө 13 300 000 төгрөг, хүү 3 990 000 төгрөг, алдангид 8 645 000, нийт 25 935 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Энэ зээлийн гэрээ нь 2012 оны зээлтэй холбоотой юм. 2012 оны 9 дүгээр сард 5 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сард 8 300 000 төгрөг зээлсэн гэжээ.

Хариуцагч М.Цэрмаа шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Цэвэлмаагаас 2012 оны 9 дүгээр сарын үед 5 000 000 төгрөг зээлж авахаар тохиролцож хүү гэж 500 000 төгрөг хасаад  4 500 000 төгрөгийг бодитойгоор хүлээж авсан.  Үүнээс  сарын  дараа  мөн дахин 4 500 000 төгрөгийг зээлж авсан. Ингээд энэ хүнээс  миний  зээлж авсан  мөнгө бол  нийт 9 000 000 төгрөг юм. Тухайн үед бид хоёр зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцож зээлж авсан. Миний хувьд мөнгө зээлж авснаасаа хойш боломжоороо зээлсэн мөнгөнөөсөө төлөөд явж байсан, одоо санаж байгаагаар 600 000 төгрөгөөр хоёр удаа дансаар нь хийсэн, мөн нэг үхрийн  мах 600 000  төгрөгөнд  бодож  өгч  байсан. Мөн 2 000 000 төгрөгийг төлөх гэхэд Чулуун гэдэг хүнд өгчих гэж байсан боловч би Т.Цэвэлмаагийн данс руу нь хийсэн шиг санагдаж байна. Би мөнгө өгөхдөө байнга Т.Цэвэлмаагийн данс руу нь өөрийнхөө нэрээр хийдэг байсан. Иймд Т.Цэвэлмаагийн дансыг шүүж үзэхэд хэдэн төгрөг төлсөн нь гарч ирэх юм.

Миний тооцож байгаагаар 3 600 000 орчим төгрөг өгсөн. Гэхдээ дансыг нь шүүж үзэхээр үүнээс илүү төлөгдсөн байх ч боломжтой. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл байгаагүй юм. Тухайн үед эхэндээ мөнгө төгрөгийн боломж болохгүй яваад байсан юм. Гэтэл 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т.Цэвэлмаа нь над руу нэг хүн явуулж нэг цаасан дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед тэр хүн нь манай ажил дээр ирээд хүмүүсийн дэргэд үүн дээр гарын үсэг зур гээд байхаар нь би хүмүүсээс санаа зовж нэгэнт Т.Цэвэлмаад мөнгө өгөх ёстой юм чинь мөнгөө хурдан авна гэсэн утгатай юман дээр л гарын үсэг зурж байна гэж бодоод уг цаасан дээр гарын үсэг зурж өгч явуулсан. Тэрнээс биш тухайн үед нотариатаар ороогүй, Т.Цэвэлмаа нь ийм зээлийн гэрээ байгуулж байна гэдэг талаар ч хэлээгүй. Манай ажил дээр нэг хүн ирээд л нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан. Гэтэл надтай 13,3 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн 13 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн мэтээр гэрээнд тусгаж мөн нотариатаар батлуулсан байна. Би тухайн үед нотариатаар ороогүй учир уг нотариатын газрын баримтыг үзвэл миний гарын үсэг байх ёсгүй бөгөөд эсхүл Т.Цэвэлмаа нь миний гарын үсгийг нотариатын бүртгэлийн дэвтэрт хуурамчаар зурсан байх магадлалтай. Иймд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т.Цэвэлмаагаас 13 300 000 төгрөгийг бодитойгоор хүлээж аваагүй, миний хувьд юун дээр гарын үсэг зурж байгаагаа ч сайн анзаараагүй, мөн Т.Цэвэлмаа нь тухайн үед өөрөө ирээгүй, би нотариатаар ороогүй зэрэг байдлуудаас уг зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин Т.Цэвэлмаагаас 2012 оны 9 дүгээр сард зээлж авсан 9 000 000 төгрөгөөс буцааж төлсөн 3 600 000 төгрөгийг хасаад үлдсэн 5 400 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа цувуулж төлөх саналтай байна. Миний хувьд махны жижиглэн худалдаа хийдэг байсан боловч сүүлдээ өндөр хүүтэй мөнгөний хүүнд хамаг олсон мөнгөө өгч маш их хэмжээний өрөнд орж, одоо ажлын байргүй, тогтсон орлогогүй болсон учир энэ хүний нэхэмжилж байгаа мөнгийг нэхэмжпэлийн шаардлагын хэмжээгээр төлөх ямар ч боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч М.Цэрмаагаас 13 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Цэвэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 635 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 287 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цэрмаагаас 224 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Цэвэлмаад олгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа болон түүний итгэмжлэгдсэн төлөлөгч У.Түвшин нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийп 161.1 дэх заалтыг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн. Аливаа гэрээ хэлцлийг байгуулах нь талуудын гэрээний эрх чөлөөний зарчим хэмээн Иргэний хуульд хуульчилсан. Т.Цэвэлмаа миний бие М.Цэрмаад 2012 онд 13 300 000 төгрөгийг зээлүүлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д "Мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно". Өөрөөр хэлбэл Би Т.Цэрмаатай зээлийн гэрээ байгуулсан. Нэгэнт байгуулагдсан зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулж болохгүй буюу хуулийн хориглосон зохицуулалт байхгүй. Бид 2012 онд мөнгө шилжүүлэн өгч зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрээр хийж нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээний бүртгэл дээр үндэслэн нотариатын бүртгэлийн дэвтэрт бүртгэгддэг. Мөн лавлагаа авахад тус гэрээний бүртгэлтэй холбоотойгоор хариу ирсэн байгаа. Анхан шатны шүүх "...тухайн "зээлийн гэрээ" гэх бичгийн баримтыг хуульд заасан шаардлага хэлбэрээр байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 2012 оны зээлийи харилцааны үргэлжлэл тул талуудын хооронд хүү, алданги тооцох үндэслэлгүй болно" хэмээн үзсэнг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 онд 13 000 000 төгрөг өгч авсан талаар М.Цэрмаа зөвшөөрөн гэрээ болон буцаан төлөх графикт гарын үсэг зурсан, анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлж буй нотариатын бүртгэлийн дэвтэр болон лавлагаа нь зээлийн гэрээнд үндэслэж хийгдсэн учир зээлийн гэрээг хүчин төгөлдөр зээлийн гэрээ хэмээн үзнэ. Анхан шатны шүүх лавлагаа болон бүртгэлийг нотлох баримтаар үнэлээд гэрээг нь нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Нотлох баримтаар үнэлбэл зохих баримтыг үнэлэхгүй байгаа нь учир дутагдалтай байдлыг бий болгож байна. Нэхэмжлэгч тал нь 13 300 000 төгрөг ззэлүүлсэн, бодитоор хүлээлгэн өгсөн гэх үйл баримтаа нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

          Миний бие 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 8 300 000 төгрөг хүлээлгэн өгсөн байдаг. Бид 2013 оны 4 дүгээр сарын  01-ний  өдөр  зээлийн  гэрээг  бичгэн  хэлбэрээр   байгуулсан.  М.Цэрмаа   өөрөө 13 300 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Нотлох баримтыг үнэлэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны зээлийн гэрээний үргэлжлэл тул хүү, алданги авах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байгааг хүлзэн зөвшөөрөхгүй. 2012 оноос өнөөдрийг хүртэл энэ хүнд мөнгө зээлээд одоо хүртэл буцааж өгч чадаагүй. Эхлээд нэг жилийн хугацаанд хүүгүй зээлүүлсэн байсан. Хоёр дахь жилээс хүү тооцох шаардлагатай юм байна, илүү удвал надад маш их хохиролтой болох нөхцөл байдал үүсэх байсан тул зээлийн гэрээг бичгээр байгуулж алданги тооцохоор заасаи. Гэтэл шүүх хэт нэг талыг барин тус зээлийн гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй. Намайг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. М.Цэрмаа гэх хүн миний мөнгийг бүхэл бүтэн 4 жил хэрэглэсэн байхад анхан шатны шүүх намайг хүү, алдангийг авах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн М.Цэрмаа нь шүүхэд нотариат дээр очиж байгаагүй мөнгө 9 000 000 төгрөг авсан гэх мэт худал тайлбарыг хүртэл өгч байхад хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 12 635 000 төгрөгийг М.Цэрмаагаас гаргуулж, Т.Цэвэлмаад олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Хандармаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Т.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй, М.Цэрмаад холбогдох 25 935 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 13 300 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл М.Цэрмаа нь Т.Цэвэлмаагаас 2012 онд 4 500 000 төгрөгөөр хоёр удаа буюу нийт 9 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Гэхдээ тухайн үедээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Иймд уг зээлд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул хүү тооцох боломжгүй юм. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүү тооцох боломжгүй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгө болох 9 000 000 төгрөг, үүнээс өгсөн мөнгө болох 3 600 000 төгрөгөө хасаад 5 400 000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр зээлийн  гэрээ  гэж  үзэх  боломжгүй  гэж  дүгнэсэн атлаа 13 300 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Нэхэмжлэгч Т.Цэвэлмаа нь хариуцагч М.Цэрмаагаас үндсэн зээл 13 300 000 төгрөг, хүү 3 990 000 төгрөг, алданги 8 645 000 төгрөг, нийт 25 935 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримттай зохигчид маргаагүй ба энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин талуудын хооронд зээлийн гэрээний төлөгдсөн мөнгөн төлбөрийн дүнгийн талаар маргаантай байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн гэх 13 300 000 төгрөгийн зээлийн гэрээ нь  бичгээр хийгдсэн хэлцэл байх бөгөөд уг хэлцэл нь 2013 оны 4 дүгээр сарын 01-нээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан "Хүү, алдангийн талаар талууд тохиролцон, бичгээр хэлцэл хийх шаардлагыг хангажээ.

 

Иймд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хүү, алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй.   

 

Харин энэ хэлцлийн дагуу 13 300 000 төгрөгийг хариуцагчид бодитойгоор шилжүүлэн өгсөн болохоо нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 9 000 000 төгрөг авсан болохоо өөрөө зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар  талуудын тайлбараар   нотлох   баримт   тогтоогдох   боломжтой  учраас  зээлийн   гэрээний   дагуу 9  000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Цэвэлмаа нь хариуцагч М.Цэрмаад өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

 

          Дээр дурдсан бичгээр зээлийн гэрээ байгуулахаасөмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 01-нээс өмнө талууд 9 000 000 төгрөгийг өгч, авсан, мөн хариуцагч М.Цэрмаа нь бичгийн хэлцэл хийхээс өмнө буюу 2012 оны 9 дүгээр сарын 24-нд 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Цэвэлмаад буцаан төлсөн нь Т.Цэвэлмаагийн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон байна. Харин хариуцагч үлдэх 2 600 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

 

          Иймд зээлийн гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний байдлаар бичгээр байгуулах үед буюу хариуцагчийн хувьд 8 000 000 төгрөгийн зээлийг төлөөгүй байх тул уг үндсэн зээл 8 000 000 төгрөг дээр зээлийн гэрээнд заасан 6 сарын хугацааны хүү, гэрээний 2.7-д заасан 0,5 хувиар алданги тооцох учиртай.

 

          Тиймээс үндсэн зээл 8 000 000 төгрөг, 6 сарын хүү 2 400 000 төгрөг, нийт 10 400 000 төгрөгт хоногийн 0,5 хувийн алдангийг тооцохдоо, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг заалтад нийцүүлж 5 200 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчид үүссэн байна.  

 

Хариуцагчаас нотариат дээр очиж зээлийн гэрээ хийгээгүй гэж нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласныг хүлээн авах боломжгүй. Нотариатын байгууллагаас ирсэн Монголын Нотариатчдын танхимын “архив хуулбар үнэн” гэсэн хэрэгт авагдсан баримт дотор Т.Цэвэлмаа, М.Цэрмаа гэсэн дэвтрийн хуулбар зээлийн гэрээ гэсэн баримтууд хуулбараар авагдсан байх тул зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзнэ.

Хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавиагүй боловч хэлцлийг бодитой хийсэн эсэхэд маргаантай байгаа учраас уг нотариатын тодорхойлолт зэргийг бичгийн хэлцлийг үнэлэхэд ач холбогдолтой баримт гэж үзнэ.   

 

         Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2016/02645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6....” гэж нэмж, “...13 300 000...” гэснийг “...15 600 000...” гэж, “...12 635 000...” төгрөг гэснийг “...10 335 000...” гэж,

 

2 дахь заалтын “...224 450...” гэснийг “...235 950...” гэж тус тус өөрчилөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Цэрмаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 500 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.БАЙГАЛМАА