Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 167

 

Г.Э, Ч.Г, Ө.Ц, А.А нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр магадлалтай Г.Э, Ч.Г, Ө.Ц, А.А нарт холбогдох эрүүгийн 2014000000325 дугаартай хэргийг шүүгдэгч Ч.Г-ын өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, малчин, ял шийтгэлгүй Ө овогт Г-ын Э,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, “Хаш гоёо” ХХК-д өрлөгчин ажилтай, ял шийтгэлгүй Ө овогт Ч-ийн Г,

3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, “Чандмань” ХХК-д машинист ажилтай, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан Х овогт Ө-ийн Ц,

4. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, “Чандмань” ХХК-д галч ажилтай, ял шийтгэлгүй Ө овогт А-ын А.

Г.Э нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд Ө.Ц-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.А нь Ч.Г, Ө.Ц нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 39-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эх булаг” шатахуун түгээх станцын урд талын засмал замаар машинтай явсан Г.Э, Б.Д, Б.Д нарыг “пизда нараа юугаа хараад байгаа юм” гэх үгийг хэлж өдөөн турхирч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

 Ч.Г, Ө.Ц нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг гэх шатахуун түгээх станцын урд Г.Э-д хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

Ч.Г-ыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах,

Ө.Ц-ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах,

А.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд өдөөн турхирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Э-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,

 мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ч.Г, Ө.Ц нарыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Г, Ө.Ц нарт  тус бүр 01 жилийн хорих ялаар шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан А.А-т энэ хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ч.Г, Ө.Ц-т нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гуч хоног буюу нэг сарын хорих ялыг 01 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тус тус тогтоож,  Ө.Ц-т, Ч.Г  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 104 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ц, Ч.Г, Г.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, П.Өлзийбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.Г-ын өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн хувьд Ч.Г-ын үйлдэл оролцоо Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан шинж буюу нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулан аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хэрэг учрал болсон өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Ч.Г нь А.А, М нарын хамт алхаж явахад А.А нь эхнэр лүүгээ орилсон. Үүнийг хажуугаар нь гарч явсан залуус болох Э, Д, Д нар өөрсөд рүү нь орилж томорсон гэх үл ялих зүйлээр шалтаглан машинаа зориуд байршуулан бууж ирэн хохирогч гэх Э нь Ч.Г-ын толгой болон гаран тус газар нь хэд хэдэн удаа цохисны улмаас Ч.Г нь өөрийгөө хамгаалах зорилгоор Э-г 1 удаа бөгжтэй гараар цохиж хөмсгөн тус газарт нь шарх гэмтэл үүсгэсэн байдаг. Г-ын энэ үйлдэл нь хохирогч өөрт нь түрүүлж халдсан үйлдлийн улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн хувийн сэдэлтэй байхад А.А-ын гаргасан орилох, эхнэрээ дуудах үйлдлийг түүнд хамаатуулан ойлгож анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч гэх Э-ийн мэдүүлэг нь бусад гэрчүүд хохирогч Ц-ын мэдүүлгээс эрс зөрүүтэй бодит үйл явдлаас үйл баримт цаг хугацааны дарааллын хувьд эргэлзээтэй байдаг. Анхан шатны шүүхээс гэм буруутай эсэхийг шийдвэрлэж шүүгч шийдвэрээ танилцуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн. Хэрэв Э-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэрэг гарсан гэж үзвэл тухайн гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруутай гэж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинж бүрэн няцаагдах бөгөөд гэмт хэргийн шинжийг хангахааргүй байна. Ч.Г-ын хувьд бусдыг өдөөн турхираагүй хохирогч Э-ийн үйлдэлд л хариу үйлдэл үзүүлсэн. Үүнийг ч хүлээн зөвшөөрдөг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож түүнчлэн гомдлыг хянахдаа хүн тус бүрийн үйлдлийг нэг бүрчлэн хянаагүй, оролцоог бүрэн тодорхойлоогүй, зөвхөн нэг хүнийх нь үйлдэлд бусдыг хамаатуулан ойлгож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-т зааснаар хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг гаргасан боловч шүүхээс хүлээн авч хэрэгт хавсаргаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт хүн тус бүрийн үйлдэл оролцоог хянан үзэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Ч.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Ц-т, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар хамтран гаргасан гомдолдоо: “Ө.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж буюу “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус агуулаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Учир нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн үед Ө.Ц нь А, Г, А-ын эхнэр О нарын хамт караокед ороод 23 цагийн үед караокеноос гараад 3 дугаар сургуулийн урд А эхнэртэйгээ муудалцаад байсан тул түүний эхнэрийг дагуулаад 100 метрийн урд түрүүлээд явж байхад ар талд зодоон болоод О-ийн хамт эргээд очтол хохирогч гэх Э-ийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Г, Ц ахаа чулуу авлаа шүүх гэж хэлэхээр нь тэр чулууг нь тавиулах гэж Э-ийн хүзүүгээр тэвэрсэн боловч хохирогч зүтгэсээр байгаад чулуу авахаар нь зугтаасан, араас нөгөө чулуугаа шидэж Ө.Ц-ын баруун тохойнд хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон байдаг. Энэ үйл явдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ө.Ц, А.А, Я.О, Г нарын удаа дараагийн тогтвортой гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогддог. Бичгийн нотлох баримтаас харахад Ө.Ц-ыг ирэхэд Э-ийн хөмсөгнөөс цус гарсан байсан бөгөөд тухайн маргаанд оролцоогүй, Э-ийн үйлдлийг таслан зогсоох гэж оролдсон байна. Гэтэл шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй Ө.Ц-ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн үйлдлээрээ санаатай нэгдэж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нарын хувьд санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу объектив тал нь: нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, эд хөрөнгө устгаж гэмтээсэн, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлүүд байна. Харин субъектив тал нь: Гэм буруугийн санаатай хэлбэрээр танхайрах сэдэлтээр үйлдэгдэх тул миний үйлчлүүлэгч Ц-ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн шинж байхгүй байна. Иймд Ө.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байхад шүүхийн Ө.Ц-ын үйлдсэн хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн Ө.Ц-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие анхан шатны шүүх хуралдаанаас Ө.Ц-ын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Ө.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан. 2020 оны 07 дугаар сарын 29-ний оройн 22 цагийн үед Ө.Ц нь А.А, Ч.Г, А.А-ын эхнэр нарын хамт караокед орж, 23 цагийн үед гарч явах замд А.А эхнэртэйгээ муудалцаад байсан учир 100 метрийн урд явж байтал ар талд нь зодоон болох чимээ гарсан байдаг. Иймд Ө.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Харин шүүгдэгч Ч.Г, Ө.Ц, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4, 3.5 дахь хэсэгт заасныг журамласан нь хууль буруу хэрэглэсэн. Мөн шүүгдэгч А.А ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг билээ.

Тэгвэл дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл урчуулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эх булаг” шатахуун түгээх станцын урд талд 2020 оны 07 дугаар сарын 29-ний шөнийн 23 цагийн үед болсон үйл баримтыг хоёр шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан сэргээн тогтоогдохдоо тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл муутай, хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийснээс зарим шүүгдэгчид холбогдох хэргийг буруу зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Тухайлбал, өөрсдийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан, урд нь танихгүй Г. нарт хандаж А.А хараалын үг хэлснээр тэдгээр нь автомашинаа зогсоон бууж ирснээр уг үйл явдал эхэлж, өөр хоорондоо хэрэлдэн барьцалдсанаар өрнөж, харилцан хүч хэрэглэх явцад Г.Э, Ө.Ц нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримтыг хоёр шатны шүүх нотлон тогтоожээ.

Ийнхүү тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.А, Ч.Г, Ө.Ц нарыг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, үл таних хүмүүст хандан А.А хараалын үг хэлснээр маргаан, зодоон эхэлсэн хэдий ч тэрээр цаашид өрнөсөн үйл явдалд ямар нэгэн байдлаар биечлэн оролцоогүйн гадна тухайн үед тэр газар ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, энэхүү газрын ойр орчимд оршин суудаг хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдлыг шүүх тогтоож дүгнэлт хийгээгүй байх тул түүнийг нийтийн хэв журмыг зөрчихөд бусдыг өдөөн турхирсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин түүний үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан танхайрах зөрчлийн шинжийг бүрэн агуулсан тул түүний хууль бус үйлдэлд мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан хугацаа, журмын дагуу хариуцлага хүлээлгэх нь хуульд харшлахгүй болно.

Түүнчлэн Ч.Г, Ө.Ц нарын Г.Э-ийн эсрэг чиглэсэн үйлдэл нь тэр мөчид үүссэн хоорондын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй тул Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэж энэ талаар шүүгдэгч Ө.Ц, өмгөөлөгч П.Өлзийбаяр, Б.Бурмаа нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тэгвэл тухайн мөчид хэн аль нь харилцан хүч хэрэглэх явцад Ч.Г нь Г.Э-ийн нүүрэнд цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон бөгөөд энэ үед Ө.Ц нь Г.Э-ийн хоолойноос татах явцад түүний биед гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тул тэднийг үйлдлээрээ нэгдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй ба энэ талаар шүүгдэгч Ө.Ц түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарын гаргасан гомдлыг хангаж, Ө.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ч.Г-ын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, ялын тэнцвэр тохирооны талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр магадлалын А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. А.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэ тогтоолын тодорхойлох хэсэгт заасны дагуу түүнд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахад саад болохгүйг дурдсугай.

3. Мөн тогтоол, магадлалын Ө.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, цагаатгасугай.

 4. Мөн тогтоол, магадлалын Ч.Г-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн болон ял нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

5. Мөн тогтоол, магадлалд “Прокуророос Ч.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, уг зүйл, хэсэгт зааснаар түүнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй”,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Г-ын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 143 хоногийн нэг өдрийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнийг уг ялыг эдэлсэнд тооцсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

6. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Ө.Ц, Ч.Г нарыг хорих байгууллагаас нэн даруй сулласугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН