Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00639

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00639

 

 

Э А Ю- ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00467 дугаар шийдвэртэй,

Э А Ю- ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б Э- ХХК, Б.Д- нарт холбогдох,

Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, хохирол 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч Б Э- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Б Э- ХХК-ийн өмгөөлөгч В.Энхтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э А Ю- ГХОХХК нь 2008 оны 09 сарын 23-ны өдөр Б Э- ХХК-тай Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа 240,000 ам.доллар төлсөн. Тухайн үед Б Э- ХХК-ийн ерөнхий захирал Б.Д- нь эмнэлгийн газраа худалдах гэж байгаа гэж санал тавьсны дагуу гэрээ байгуулагдсан. Гэрээгээр газрын төлбөрийг 600,000 ам.доллар, үүнээс 40 хувийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар, үлдэх 60 хувийг газартай холбоотой ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлүүд, газрын бичиг баримтыг бүрэн шилжүүлэн өгсний дараа өгөхөөр тохиролцсон. Талууд гэрээг газар болон орон сууцны барилга барих эрх шилжүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч Иргэний хуулийн 243, 260-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Д-, аж ахуйн албаны дарга Х.З- нар бичиг баримтаа бүрдүүлж байгаарай, газраа удахгүй шилжүүлнэ гэсээр хэдэн жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд удаа дараа шаардлага гаргасны эцэст 2015 онд тус газар дээр талууд мэргэжлийн барилгын архитектор байлцуулан уулзахад Д.Д-, Х.З- нар тус газар дээр объект байхгүй учир шилжүүлэх боломжгүй байна, барилгын суурь цутгах хэрэгтэй, бид суурь цутгаад шилжүүлье гэсэн бөгөөд талууд барилгын мэргэжилтэнтэй хамт хэмжилт хийж, барилгын суурь тавих бэлтгэл хийсэн.

Үүнээс хойш тус эмнэлэг газар шилжүүлэх ямар ч үйлдэл хийхгүй байсан тул төлсөн төлбөртөө тохирсон хэмжээний газрыг шилжүүлэх эсвэл төлбөрөө буцаан авах шаардлагыг тавьсан бөгөөд Д.Д- болон Х.З- нар нь "мөнгөний бололцоо муу байна, эдийн засгийн хүндрэлтэй байна, газрын алба болохгүй байна, 240,000 ам.долларыг удахгүй буцаан шилжүүлнэ гэж манай компанийг хууран мэхэлж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаар 2020 он хүрч Д.Д- захиралтай уулзахад өмгөөлөгч авсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсээр өнөөдрийг хүрсэн.

Хариуцагч нар мөнгө авсан гэдгээ зөвшөөрсөн нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай тайлбарт нь дурдагдсан ба дараа нь мөнгийг аваагүй гэж тайлбар гаргасан. Мөн 2009 оны 10 сарын 09-ний өдрийн Б.Д-тай хийсэн уулзалтын протоколд мөнгө авсан талаараа тайлбарласан.

Б Э- ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Д- нь компанийн хөрөнгийг барьцаалан их хэмжээний хэлцэл хийж 240,000 ам.доллар авч захиран зарцуулсан нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн хууль бус хэлцэл хийсэн нь тогтоогдож байна. Б.Д- нь эрх хэмжээгээ хэтрүүлж бусдад их хэмжээний хохирол учруулсан тул түүний бусдад учруулсан хохирлыг Б Э- ХХК хариуцах үүрэгтэй.

Хариуцагчийн Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.1-т худалдан авагч нь Б Э-ийг менежментийн гэрээний үр дүнг харгалзан зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр хувьчлан авах үүрэг хүлээжээ. Гэтэл энэ гэрээг Б Э- зөрчиж ашиг хонжоо олгох зорилгоор бусдын өмчлөлийн газрыг хууль бус нөхцлөөр худалдсан. Иймд талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргаж байна. Гэрээний үнийн дүнгийн 40 хувь буюу 240,000 ам.долларыг Б.Д- нь их хэмжээний татвар төлөх тул бэлнээр авья гэснээр мөнгийг бэлнээр авсан.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 240,000 ам.доллар, уг 240,000 ам.долларыг банкинд хадгалуулсан бол олох ёстой орлогыг Монголбанкны бодлогын хүүг 2 дахин багасгасан хэмжээгээр тооцож 175,592 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөгийг хариуцагч Б Э- ХХК, Б.Д- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б Э- ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээтэй Б Э- ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс танилцаж ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй. Тус эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Д- нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК-д эмнэлгийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг шилжүүлэхээр гэрээ байгуулсан нь эмнэлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой хууль бус гэрээ юм. Энэхүү хууль бус гэрээнээс манай эмнэлэг мөнгө хүлээж аваагүй учир нэхэмжлэгчид учирсан хохирлыг эмнэлэг төлөх боломжгүй.

Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Мөн Б.Д- нь Э А Ю- ГХОХХК-ийн нэхэмжилж байгаа 240,000 ам.доллартай тэнцэх хэмжээний болзошгүй хохирлыг өөрөө бүрэн хариуцахаар Б Э- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд бичгээр илэрхийлсэн ба хувьцаа эзэмшигч, ТУЗ-д энэхүү асуудлыг танилцуулж зөвшөөрөл авалгүй гэрээг эрх мэдлээ хэтрүүлж байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг зөвшөөрч байна.

Харин 240,000 ам.долларыг Б Э- ХХК-д шилжүүлсэн, хүлээн авсан, гүйлгээ хийгдсэн баримтгүй. Мөн 2008 оны 9 сарын 23-ны өдөр анх гэрээ байгуулж, 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2015 онд албан ёсоор талууд протокол үйлдэж, уулзалт хийсэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарах нь зүйтэй. Тус гэрээнд анз төлөхөөр заагаагүй бөгөөд 240,000 ам.долларыг банкинд хэрвээ хадгалуулсан бол 175,592 ам.долларын хүүгийн орлого олох байсан гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Д-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.Д- нь иргэний хувиар нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө аваагүй. Гэрээг "Б Э- ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд байгуулсан. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 240,000 ам.доллар төлсөн гэх боловч төлбөрийн баримтуудыг гаргаж өгөөгүй, манай эмнэлэгт ажиллаж байсан Х.З- болон Э А Ю- дээд сургуулийн захирал нарын бэлэн мөнгө хүлээн авсан баримтуудыг хавсаргасан нь эргэлзээ төрүүлж байна. Тухайн үед Б Э-ийн аж ахуйн даргаар ажиллаж байсан Х.З-ийн хүлээн авсан гэх мөнгөний баримтаар иргэн Б.Д-аас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9, 56.1.10-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК, хариуцагч Б Э- ХХК-ийн хооронд 2008 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 04 сарын 19-ний өдөр байгуулсан 01 тоот Гэрээний нэмэлт-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-т тус тус зааснаар хариуцагч Б Э- ХХК-аас 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК нь хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б Э- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,584,034 төгрөг гаргуулж Э А Ю- ГХОХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,701,251.45 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Манай байгууллага Б Э- ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.долларыг буцаан гаргуулах, учирсан хохирол 175,592 ам.доллар гаргуулах шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн дагуу хэлцэл хийсэн, хариуцагч тал нь Б Э- ХХК юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцсон тул уг хэлцлээс үүссэн үр дагаврыг Б Э- ХХК хариуцах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Б.Д- гэх иргэнтэй аливаа харилцаанд ороогүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б Э- ХХК-ийн захирал байсан Б.Д- нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу 240,000 ам.доллар хүлээн авснаа удаа дараагийн бичгийн баримтуудаар нотолсон, илэрхийлсэн байхад шүүгч тус эмнэлэг мөнгө авсан болох нь нотлогдохгүй байна гэж, шүүхийн шийдвэр уншихдаа Б.Д- Б Э-т авсан хамааруулахгүй асуудлыг шийднэ гэдгээ бичгээр илэрхийлжээ" гэх ойлгомжгүй дүгнэн, санхүүгийн баримтуудыг бусад бичгийн нотлох баримттай дүйцүүлэн үнэлэхгүй, хариуцагчийг хариуцлагаас зайлсхийлгэх байдлаар хэргийг шийдвэрлэлээ.

Б Э- ХХК нь бие даасан хуулийн этгээд бөгөөд хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирлын дотоод асуудал нь хэлцэл хийгч гуравдагч этгээдэд хамааралгүй. Уг мөнгийг хэрхэн захиран зарцуулах асуудалд нэхэмжлэгч хяналт тавих боломжгүй, шаардлагагүй, эрх, үүрэггүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2008 оны 09 сарын 23-ны өдрийн газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн 240,000 ам.доллар, учирсан хохирол 175,592 ам.доллар гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч Б Э- ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон. Анхан шатны шүүхээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь 240,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн нэхэмжлэлээ бусад байдлаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Э А Ю- ГХОХХК-ийн захирал, өмнө нь ажиллаж байсан аж ахуйн дарга эсхүл өөрийнх нь хамаарал бүхий компаниудад шилжүүлсэн болон бэлнээр гаргаж өгсөн санхүүгийн баримтыг Б Э- ХХК-д холбогдуулан дүйцүүлж үнэлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь өөрөө Б.Д-т холбогдох хэсгээс татгалзсан. Б.Д-, Х.З- нараас болж нэхэмжлэгч хохирсон бол хохирлоо барагдуулах, нэхэмжлэх эрх нь нээлттэй. Б Э- ХХК-ийн аваагүй мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй болохыг шүүхэд тайлбарласан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулав.

2. Нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК нь хариуцагч Б Э- ХХК болон Б.Д-т холбогдуулан Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний үүрэгт төлсөн 240,000 ам.доллар, хохирол 175,492 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ.

2.1. Хариуцагч Б Э- ХХК нь Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрээний үүрэгт 240,000 ам.доллар, хохирол 175,492 ам.доллар, нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Э А Ю- ГХОХХК нь Б Э- ХХК-тай 2008 оны 09 сарын 23-ны өдрийн Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тус гэрээгээр худалдагч Б Э- ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 245 тоот шийдвэрээр Э зориулалтаар эзэмшиж буй 14,998 м.кв талбайтай газраас Б Э-гийн ажилчдын орон сууцны цогцолбор барилга барих ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 8,300 м.кв талбайтай газрыг ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцөлүүдийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Э А Ю- ГХОХХК нь газрын төлбөрт 600,000 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 11-13/

3.1. Талууд 2010 оны 04 сарын 19-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт оруулж, худалдан авагч нэмж мөнгө төлөх боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот захирамжаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгын сууриар тооцон олгосон 0,19 га газрын 40 хувь болох 0,076 га газар буюу 144 айлын орон сууцны барилга барих эрхийг Э А Ю-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. /1хх14/

3.2. Дээрх гэрээнд зохигчдын газар эзэмших эрх худалдах-худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн буюу гэрээ байгуулагдсан талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан эрх худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

3.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй.

Гэвч Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч болох боломжтой.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай /1993 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ гэж заасан ба Э А Ю- ГХОХХК-ийн гэрчилгээ, дүрмээс үзэхэд тус компани нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байна. /1хх 6-11/

Нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК нь дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид төрийн өмчийн газар ашиглуулах гэрээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн зөвшөөрснөөр Монголын талын өмчлөгч гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулахаар хуульчилсныг зөрчиж хариуцагч Б Э- ХХК-ийн эзэмшиж буй газрын эзэмших эрхийг шилжүүлж авахаар гэрээ байгуулжээ.

Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу газрыг ашиглах хүсэлтийг харъяа Засаг даргад гаргах замаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүсэх эсэхийг шийдвэрлүүлэхээр хуульчилсан журмыг баримтлалгүй, зохигчид шууд гэрээ байгуулан газрыг шилжүүлэхээр тохиролцсон нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчжээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэхээр хуульчилсан тул зохигчдын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.4. Харин гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, мөн хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

Хариуцагч Б Э- ХХК-ийн дүрэмд заасан дүрмийн сангийн хэмжээг гэрээний үнийн дүнтэй харьцуулж Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д заасан их хэмжээний хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна. Мөн үүсгэн байгуулагчаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирал нь компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэсэн байх боловч ямар эрх хэмжээг хэрхэн тогтоосон баримт хэрэгт авагдаагүйг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэдэгт хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулах үндсэн шаардлага, шалтгаан, мөн ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгох бөгөөд талуудын гэрээ үүнд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл Б Э- ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.3-т зааснаар эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ үзлэгийн үндсэн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэгчийн хувьд, хөрөнгө худалдах хэлцэл хийх эрхийг хориглоогүй болно. /1хх 8, 1хх 64/

3.5. Худалдах-худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр бус тул нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхгүй.

4. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид 240,000 ам.долларыг төлсөн гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүйг зөв дүгнэсэн байна.

4.1. Хэргийн 1 дэх хавтсын 22-25 дахь талд авагдсан 2008 оны 09 сарын 25-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-өөр гэрээний нотариатын хөлс гэх утгаар 300 болон 600 ам.долларыг тус бүр Х.З-од, мөн өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт-аар зээл гэх утгаар 116,082 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийсэн, мөн 2008 оны 10 сарын 01-ний өдөр газар худалдаж авав гэх утгаар 13,000 ам.долларын бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ тус тус хийгджээ.

4.2. Дээрх мөнгөн гүйлгээний нотариатын зардал 900 ам.долларын баримт нэхэмжлэлд хамааралгүй байна. Мөн газар худалдаж авав гэх 13,000 ам.долларыг Р-нэрээр хүлээн авсан, зээл гэх 116,082 ам.долларыг хэн хүлээн авсан нь тодорхойгүй бөгөөд нийт 129,082 ам.долларыг нэхэмжлэгч нь хариуцагчид хэрхэн, ямар байдлаар хүлээлгэн өгснийг нотлохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2010 оны 04 сарын 19-ний өдрийн 01 тоот Гэрээний нэмэлт гэрээ болон 2015 оны 12 сарын 10-ны өдрийн Б Э-ийн дарга Б.Д-тай хийсэн уулзалтын протокол гэх баримтуудаар хариуцагч 240,000 ам.долларыг хүлээн авсныг тус тус нотолсон гэх боловч гэрээний нэмэлтэд худалдан авагч нэмж мөнгө төлөх боломжгүй болсон гэж тусгасныг хариуцагч газрын төлбөрт 240,000 ам.доллар хүлээн авсан гэж дүгнэхгүй, мөн уулзалтын тэмдэглэлийг хариуцагч Б Э- ХХК-ийн тамга, тэмдгээр баталгаажаагүйн зэрэгцээ дээрх мөнгийг хүлээн авсныг гэрчлэхгүй байна.

Иймд хариуцагч 240,000 ам.долларыг хүлээн авснаа удаа дараа нотолсон байхад шүүх санхүүгийн баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Хариуцагч газрын төлбөрт 240,000 ам.долларыг нэхэмжлэгчээс хүлээн авсан нь тогтоогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гэрээ хүчин төгөлдөр бус нөхцөлд нэхэмжлэлд тодорхойлсноор гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй учир хариуцагчаас нийт 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, харин анхан шатны шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9, 56.1.10-д заасныг баримталсан нь оновчгүй байгааг шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулах замаар давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/00467 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Э А Ю- ГХОХХК, Б Э- ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Газар болон орон сууцны цогцолборын барилга барих эрх шилжүүлэх гэрээ, мөн 2010 оны 04 сарын 19-ний өдөр байгуулсан Гэрээний нэмэлт-ийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 415,592 ам.доллар буюу 1,183,847,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э А Ю- ГХОХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 гэж дугаарласныг 2 гэж, 4 гэж дугаарласныг 3 гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж, 6 гэж дугаарласныг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,467,673 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ