Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 182

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Н....

Шүүгдэгч, хохирогч З.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлогууд овогт ...н ..., 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт ...ын ... нарт холбогдох 1808057350044 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, "..." ХХК-д засварын механикч ажилтай, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Борлогууд овогт ...н ... /.../.

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, "..." ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Буянт овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

   Н.... нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны гадаа иргэн З....тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

             З.... нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны гадаа иргэн Н....тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч З....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Энэ үед нэлээн хэдэн залуучууд ирээд машины цонх цохисон. Хар савхин нимгэн куртик өмссөн залуу над дээр ирээд "танай найз намайг зодчихлоо" гээд намайг нүүр лүү гараараа цохиод авахаар нь би эргүүлээд нүүр лүү нь толгойгоороо мөргөсөн. Ингээд бид хоёр зууралдаад харилцан зодолдсон. Тэгсэн хажуунаас ... гэж нэрээ хэлсэн улаан урт куртиктай залуу нь миний хажуунаас нүүр лүү цохиод авсан. Тэгсэн чинь түүнийг манай дүү ...татаад салгасан. Ингээд хар савхин куртиктай залууг би барьчихаад цагдаа дуудаж өгнө гээд бариад зогсож байсан чинь нөгөө савхин куртиктай залуу миний куртикны малгайгаар намайг дарж тонгойлгож байгаад миний нүүр лүү өшиглөсөн. Би куртикаа хойшоо шувт татаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу цохихоо болиод намайг хоёулаа ийшээ явж учраа ольё миний куртик хаана байна гээд куртикээ нэхээд байсан. Ингээд шуудангийн тийшээ намайг заамдаад чирээд явсан. Энэ үед Цагдаагийн машины дохио дуугарсан чинь намайг газар дэгээдэж унагаад чамайг алчихаад явчихъя гээд хаанаас авсныг мэдэхгүй пивоны шилээр толгойд 2 удаа цохисон. Энэ үед цагдаа ирээд салгаад нөгөө нөхрийг барьж авсан. Шилнийх нь хагархайг сүүлд харахад бор өнгөтэй пивоны шил байсан. Шил нь хагараад бутраад унасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 09 х/,

 

2.Хохирогч З....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө буюу 24 цагийн үед “Вест” баарны үүдний урд машины зогсоол дээр иргэн Н....ад зодуулсан. Н.... нь машин дээр ирээд танай найз чинь намайг зодчихлоо гэж хэлээд намайг цохьсон юм. Намайг цохьсоны улмаас бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед иргэн Н....тай, иргэн н.... гэдэг хүн хамт явж байсан. Иргэн н.... нь хэрэгт ямарч хамааралгүй гэсэн. Би сард 700,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд ажилгүй байсан үеийн цалин болон эмчилгээний зардал болох 128,000 төгрөгийн хамт иргэн Н....аас нэхэмжилж байна, ... эмчилгээний зардалд 67,000 төгрөгийн эм тариа авсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 3.Хохирогч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зөөгч дээр очоод вино авъя гэхэд заавал тооцоогоо бэлэн хийгээд ав гэсэн. Би бэлэн 48.000 төгрөг төлөөд 1 вино авч, виногоо хувааж уусан. Тэгж байтал нөгөө 2 хүүхэн гараад явсан. Би бас явах гээд гарсан. Би араас нь гараад явахад баарны урд зогсоол дээр машинд нөгөө 2 эмэгтэй ороод суусан. Би яваад очсон чинь намхан шубатай хүүхэн нь уйлчихсан сууж байсан. Би тэр эмэгтэйд хөөе виноны мөнгөө авъя ядаж тал мөнгөө авъя гэсэн. Тэгсэн урдаас машин дотроос нэг залуу буугаад ирсэн, тэр залуу бууж ирээд энэ миний эхнэр байгаа юм чи яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд энэ хүүхэн надаар вино авахуулж уучихаад мөнгөө өгөхгүй намайг луйвардчихаад байна гэж хэлсэн. Нөгөө залуу намайг заамдаж аваад нүүрэнд мөргөсөн. Би түүнээс мултраад зугатаах гэсэн чинь дахиад нэг цохиод авсан. Би түүнийг зөрүүлээд мөрөнд нь цохисон. Барьцалдаад бид хоёр ноцолдсон. Тэгээд тэр залуу намайг цагдаад дуудаж өгнө гээд бариад явуулахгүй байсан. ...Түүнийг замдаа тавьчих гэж хэлэхэд тавихгүй байхаар нь түлхсэн чинь тэр намайг бас дахиад нүүрэнд мөргөсөн. Би түүнийг дараад газар унасан, би түүнийг тавихгүй болохоор газраас пивоны шил аваад толгойд нь хоёр удаа цохисон. Энэ үед цагдаа ирээд намайг салгаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,

 

4.Хохирогч Н....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө буюу 24 цагийн үед “Вест” баарны үүдэнд З....тэй маргалдсан. Тухайн үед архи уучихсан байсан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй байна. З....гийн эхнэр нь тухайн бааранд байсан бөгөөд бид хоёр вино дундаа авч уусан юм. Тэгсэн З....гийн эхнэр нь виноны мөнгө төлөөгүй, би төлсөн болохоор дотроо жаахан уур хүрсэн юм. Тэрнээс болж маргаан үүссэн, ... надад нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 5.Шүүгдэгч Н....ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...Би 2018 оны 12-р сарын 12-ны орой 19 цаг болж байхад ажлаа тараад гзрлүүгээ явсан юм. Харих замдаа Хархорин захын ар талд байсан жижигхэн караоке бааранд орсон. Тэнд ороод ганцаараа 1 шил пиво авч уусан. Тэндээс 22 цаг өнгөрч байхад гарсан юм. Тэгтэл араас нэг хүн дуудаад, улаан куртиктэй нэг залуу ирээд уучлаарай ахаа юм асууя гэснээ ахаа хоёулаа энэ урд талын бааранд оръё надад мөнгө байдаггүй та надад 1 пиво аваад өг гэсэн. Тэгээд тэр залуутай “Вест” бааранд орсон. ...хоёр эмэгтэйтэй танилцаад хамт суусан. Тэр хоёр эмэгтэй нэрээ хэлж байсан би тогтоож аваагүй. Тэгээд сууж байхад жирэмсэн эмэгтэй нь явах гээд яараад байсан. Нөгөөдөх нь чихэнд нь юм яриад л явуулахгүй байсан. Намхан хар шубатай эмэгтэй нь намайг вино уумаар байна, нэг вино авчихаач гэсэн. Би зөөгч дээр очоод вино авъя гэхэд заавал тооцоогоо бэлэн хийгээд ав гэсэн. Би бэлэн 48.000 төгрөг төлөөд 1 вино авч, виногоо хувааж уусан. Тэгж байтал нөгөө 2 хүүхэн гараад явсан. Би бас явах гээд гарсан. Би араас нь гараад явахад баарны урд зогсоол дээр машинд нөгөө 2 эмэгтэй ороод суусан. Би яваад очсон чинь намхан шубатай хүүхэн нь уйлчихсан сууж байсан. Би тэр эмэгтэйд хөөе виноны мөнгөө авъя ядаж тал мөнгөө авъя гэсэн. Тэгсэн урдаас машин дотроос нэг залуу буугаад ирсэн, тэр залуу бууж ирээд энэ миний эхнэр байгаа юм чи яах гээд байгаа юм гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд энэ хүүхэн надаар вино авахуулж уучихаад мөнгөө өгөхгүй намайг луйвардчихаад байна гэж хэлсэн. Нөгөө залуу намайг заамдаж аваад нүүрэнд мөргөсөн. Би түүнээс мултраад зугатаах гэсэн чинь дахиад нэг цохиод авсан. Би түүнийг зөрүүлээд мөрөнд нь цохисон. Барьцалдаад бид хоёр ноцолдсон. Тэгээд тэр залуу намайг цагдаад дуудаж өгнө гээд бариад явуулахгүй тавихгүй байсан. ...Түүнийг замдаа тавьчих гэж хэлэхэд тавихгүй байхаар нь түлхсэн чинь тэр намайг бас дахиад нүүрэнд мөргөсөн. Би түүнийг дараад газар унасан, би түүнийг тавихгүй болохоор нь газраас пивоны шил аваад толгойд нь хоёр удаа цохисон. Энэ үед цагдаа ирээд намайг салгаад аваад явсан. ... би ...гийн хохирлыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

6.Шүүгдэгч З....гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой 22 цаг болж байхад Цэцэрлэгт хүрээлэнгийн тэндээс эхнэрийн дүү ...ыг ажлаас нь аваад харих замд, эхнэр ... "Хар хорин захын ард Вест бааранд байна ирж ав" гэсэн учраас Вест бааранд ирсэн. Би баарны гадаа ирээд урд зогсоол дээр нь машинаа байрлуулж зогсоод, би гадаа ирчихлээ гээд утсаар ярихад манай эхнэр баарнаас гарч ирээд машиндаа суусан. Энэ үед нэлээн хэдэн залуучууд ирээд машины цонх цохисон. Энэ үед хар савхин нимгэн куртик өмссөн залуу над дээр ирээд "танай найз намайг зодчихлоо" гээд намайг нүүр лүү гараараа цохиод авахаар нь би эргүүлээд нүүр лүү нь толгойгоороо мөргөсөн. Ингээд бид хоёр зууралдаад харилцан зодолдсон. Тэгсэн хажуунаас ... гэж нэрээ хэлсэн улаан урт куртиктай залуу нь миний хажуунаас нүүр лүү цохиод авсан. Тэгсэн чинь түүнийг манай дүү ...татаад салгасан. Ингээд хар савхин куртиктэй залууг би барьчихаад цагдаа дуудаж өгнө гээд бариад зогсож байсан чинь нөгөө савхин куртиктай залуу миний куртикны малгайгаар намайг дарж тонгойлгож байгаад миний нүүр лүү өшиглөсөн. Би куртикээ хойшоо шувт татаад босоод ирсэн. Тэгээд тэр залуу цохихоо болиод намайг хоёулаа ийшээ явж учраа ольё миний куртик хаана байна гээд куртикээ нэхээд байсан. Ингээд шуудангийн тийшээ намайг заамдаад чирээд явсан. Энэ үед Цагдаагийн машины дохио дуугарсан чинь намайг газар дэгээдэж унагаад чамайг алчихаад явчихъя гээд хаанаас авсныг мэдэхгүй пивоны шилээр толгойд 2 удаа цохисон. Энэ үед цагдаа ирээд салгаад нөгөө нөхрийг барьж авсан. Шилнийхэн хагархайг сүүлд харахад бор өнгөтэй пивоны шил байсан. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            7.Гэрч Л....ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой 23 цагаас ажил тараад манай хүргэн ах очиж авсан. Манай эгч утсаар яриад 32-ийн гүүрний хажууд "Роло" пабад байна гэхээр нь хүргэн ах ...тэй хамт очиход эхлээд байхгүй байсан. Тэгээд хүлээгээд байсан чинь эгч ... нилээд олон залуучуудын хажууд хамт байж байсан. Тэгээд эгчийг аваад явах гэсэн чинь улаан куртиктэй ах "чи хэн бэ, би явуулахгүй" гээд байхаар нь би эгчийгээ авч явах гэж байна гэсэн. Манай эгч найзтайгаа хамт машинд суугаад би суугаад явах гэж байсан чинь улаан куртиктэй, хар савхитай  хоёр залуу манай хүргэн ахыг "танай найз чинь намайг зодсон" гээд машинаас буунгуут нь цохиод байсан манай ахын нүүр, толгой руу нь цохиод байсан. ...хар куртиктэй ах манай хүргэн ахын толгой дээр шилээр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

 

           8.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед багын найз ... ирээд бид хоёр “бууз" нэртэй хоолны газрын зүүн талд байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд бүжиглэнгээ тус бүрдээ 2 шил шар айраг хувааж уугаад 21 цагийн үед харьцгаахаар болоод тус баарнаас гараад явж байтал манай найз ... дахиад жаахан бүжиглэж байгаад явъя гээд байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Вест бааранд ороод тус бүрдээ дахиж нэг шил шар айраг хуваагаад ууж байтал манай найз ... улаан куртиктэй нэг залуутай сүрхий бүжиглэж байснаа бид хоёрын сууж байсан ширээн дээр нөгөө залуу нь бас нэг эрэгтэй найзын хамт хүрч ирж суусан. Би тухайн үед ...г явъя гэж ятгаад өөрөө гадуур хувцсаа өмсчихсөн сууж байсан болохоор ...тэй хамт бүжиглэсэн улаан куртиктэй залууг найзынх нь хамт хол явж уугаачээ бид хоёр та нартай танилцахгүй гэж хэлсэн боловч тоогоогүй. ...... хувцсаа өмсөөд бүгдээрээ харихаар болоод гарцгаасан. Гадаа гараад байж байтал нэг мэдсэн чинь нөгөө улаан куртиктэй залуугийн эрэгтэй найз нь ...гийн нөхөр ...тэй муудалцаад байх шиг байсан. Тэр үеэр би ...гийн унаж ирсэн Приус-11 маркийн машин дотор ...г маллаад сууж байсан бөгөөд нөхөр нь нөгөө хамт бүжиглээд байсан улаан куртиктэй залуугийн эрэгтэй найзтай нь маргалдаад байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,

 

9.Шинжээчийн 206 тоот дүгнэлт

1.З....гийн биед баруун сарвууны 2-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал, зүүн зулайн шарх, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх  гэмтэл  нь  мохоо  зүйлийн  олон  удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 24 х/,

 

10.Шинжээчийн 201 тоот дүгнэлт

1.Н....ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт хамар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо   зүйлийн   үйлчлэлээр   үүсгэгдэнэ.  

3.Тухайн   цаг   хугацаанд   үүссэн   байх боломжтой шинэ гэмтэл байна.  

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугагаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/,

 

11.Хохирлын баримтууд /хх 52, 53 х/

12.З....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56 х/

13.З....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 57 х/

14.З....гийн нийгмтйн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 60 х/

15.З....гийн ажлын газрын болон цалингийн тодорхойлолт /хх 61 х/

16.З....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 х/

17.Н....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 х/

18.Н....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 66 х/

19.Н....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70 х/

20.Н....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 71 х/

21.Н....ын ажлын газрын тодорхойлолт /хх 72 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

  1/. Н.... нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны гадаа иргэн З....тэй танай найз чинь намайг зодсон” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүр лүү өшиглөх, пивоны шилээр толгойн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч З....гийн “... хар савхин куртиктай залуу /Н..../-г би барьчихаад цагдаа дуудаж өгнө гээд зогсож байсан чинь нөгөө савхин куртиктай залуу миний куртикны малгайгаар намайг дарж тонгойлгож байгаад миний нүүр лүү өшиглөсөн. ... тэгээд шуудангийн тийшээ намайг заамдаад чирээд явсан. Энэ үед Цагдаагийн машины дохио дуугарсан чинь намайг газар дэгээдэж унагаад чамайг алчихаад явчихъя гээд хаанаас авсныг мэдэхгүй пивоны шилээр толгойд 2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 09 х/,

Шүүгдэгч Н....ын “...Би түүнийг дараад газар унасан, би түүнийг тавихгүй болохоор нь газраас пивоны шил аваад толгойд нь хоёр удаа цохисон. Энэ үед цагдаа ирээд намайг салгаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Л....ын  “... улаан куртиктэй, хар савхитай  хоёр залуу манай хүргэн ахыг "танай найз чинь намайг зодсон" гээд машинаас буунгуут нь цохиод байсан манай ахын нүүр, толгой руу нь цохиод байсан. ...хар куртиктэй ах манай хүргэн ахын толгой дээр шилээр цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 18 х /,

           Гэрч Ж....гийн “... Гадаа гараад байж байтал нэг мэдсэн чинь нөгөө улаан куртиктэй залуугийн эрэгтэй найз нь ...гийн нөхөр ...тэй муудалцаад байх шиг байсан. Тэр үеэр би ...гийн унаж ирсэн Приус-11 маркийн машин дотор ...г маллаад сууж байсан бөгөөд нөхөр нь нөгөө хамт бүжиглээд байсан улаан куртиктэй залуугийн эрэгтэй найзтай нь маргалдаад байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,

Шинжээчийн 206 тоот дүгнэлт

1.З....гийн биед баруун сарвууны 2-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал, зүүн зулайн шарх, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх  гэмтэл  нь  мохоо  зүйлийн  олон  удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 24 х/ зэргээр,

2/. З.... нь 2018 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест баарны гадаа иргэн Н.... түүн дээр ирж маргаан үүсгэсний улмаас түүний нүүр лүү толгойгоороо мөргөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н....ын “...Нөгөө залуу намайг заамдаж аваад нүүрэнд мөргөсөн. Би түүнээс мултраад зугатаах гэсэн чинь дахиад нэг цохиод авсан. Би түүнийг зөрүүлээд мөрөнд нь цохисон. Барьцалдаад бид хоёр ноцолдсон. Тэгээд тэр залуу намайг цагдаад дуудаж өгнө гээд бариад явуулахгүй тавихгүй байсан. ...Түүнийг замдаа тавьчих гэж хэлэхэд тавихгүй байхаар нь түлхсэн чинь тэр намайг бас дахиад нүүрэнд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,

Шүүгдэгч З....гийн “... намайг нүүр лүү гараараа цохиод авахаар нь би эргүүлээд нүүр лүү нь толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 49-50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Ж....гийн “... Гадаа гараад байж байтал нэг мэдсэн чинь нөгөө улаан куртиктэй залуугийн эрэгтэй найз нь ...гийн нөхөр ...тэй муудалцаад байх шиг байсан. Тэр үеэр би ...гийн унаж ирсэн Приус-11 маркийн машин дотор ...г маллаад сууж байсан бөгөөд нөхөр нь нөгөө хамт бүжиглээд байсан улаан куртиктэй залуугийн эрэгтэй найзтай нь маргалдаад байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 17 х /,

Шинжээчийн 201 тоот дүгнэлт

1.Н....ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт хамар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо   зүйлийн   үйлчлэлээр   үүсгэгдэнэ.  

3.Тухайн   цаг   хугацаанд   үүссэн   байх боломжтой шинэ гэмтэл байна.  

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугагаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.... нь З....г зодож хүндэвтэр гэмтэл учруулсан, З.... нь Н....ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тус тус тогтоогдсон, хөнгөн, хүндэвтэр хохирол, шүүгдэгч нарын үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой, З....гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл /хх 24 х/, Н....ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 28 х/ гэж тус тус дүгнэсэн нь уг гэмт хэргүүдийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Н...., З.... нар нь харилцан бие биенээ зодсон өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иймд энэ хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Н....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч З.... өвчтэй байсан 01 сарын цалин 700,000 төгрөг, эмчилгээний зардалд 120,000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8,000 төгрөг, нийт 828,000 төгрөг нэхэмжилснээс Н.... 67,000 төгрөгийн эм, тариа авч өгснийг хасаад 761,000 төгрөг нэхэмжилж буй нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох зарлагын падаан, ажлын болон цалингийн тодорхойлолт /хх 52, 61 х/, зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Н....аас дээрх зардлыг гаргуулж хохирогчид олгож, харин хохирогч Н.... эрүүл мэндийн зардалд мөнгө нэхэмжлэхгүй гэсэн болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй.

 

            Улсын яллагч: Шүүгдэгч З....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Л....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хөнгөн ял оноож өгнө үү? гэсэн болно.

 

            З...., Н.... нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.... нь архидан согтуурсан үедээ З.... рүү очиж зүй бус үйлдэл гаргаснаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүхээс З....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял,  Н....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгуулиудыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Буянт овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Борлогууд овогт ...н ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З....г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н....ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан З...., Н.... нарт үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З...., Н.... нарт мэдэгдсүгэй.

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н....аас 761,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 37 дугаар гудамжны 9 тоотод оршин суух,  ... регистрийн дугаартай ...ын ...д олгосугай.

  6.З...., Н.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, З.... бусдад төлөх төлбөргүй, Н.... хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З...., Н.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ