Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01919

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01919

 

 

2023 11 03 210/МА2023/01919

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/02363 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э Т т- ХК-д холбогдох,

Э Т т- ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э Т т- ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бадамжаргал, Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Э Т т- ХК-д 2013 оноос 2017 он хүртэл ХААБ-ын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оноос Цанхийн баруун уурхайн ашиглалтын инженерээр, 2022 оноос Ашиглалт хариуцсан инженерээр дэвшин ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Э Т т- ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалаар 1991 оны Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн Э Т т- ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн намайг Салбарын Үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Ийнхүү цуцалсан үндэслэлээ уг тушаалд эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэлийг дурдсан байна.

1.2. Тушаалыг 2023 оны 03 сарын 13-ны өдөр гардан авсан. Иймд Э Т т- ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э Т т- ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албанд тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж зохих баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т т- ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 заалтын хүрээнд Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх-ийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, эрх олгосны дагуу дээрх хууль, тогтоомжийг үндэслэн Б.Э-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалыг гаргасан.

2.2. Компанид томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 385 дугаар тогтоолоор компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Б.Э-ийн талаар хамт ажиллагсад болон бусад туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудаас удаа дараа өргөдөл гомдол ирсэн тул дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас дүгнэлт гарсан.

2.3. Нэхэмжлэгч нь өөрийн эрхэлсэн ажил, албан тушаалын чиг үүргийн байдлаа ашиглан уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээтэй ажилладаг компаниудад дарамт шахалт үзүүлж эхнэр болон төрсөн дүү нарыг ажилд оруулсан. Түүнчлэн зусландаа цахилгаан татуулах, зам засуулах ажлыг хийлгүүлсэн зэрэг мэдээлэл байсан тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор авч хэрэгжүүлэхийг даалгасан үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд хуулийн хүрээнд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг таслан зогсоох, албан тушаалтанд хариуцлага тооцох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн болно.

Иймд Б.Э-ийн Э Т т- ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Б.Э-ийг Э Т т- ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 93,393,762 төгрөгийг хариуцагч Э Т т- ХК-аас гаргуулж, Б.Э-өнд олгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон, нөхөн төлөхийг хариуцагч Э Т т- ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Э Т т-" ХК-иас 695,118 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

4.1. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдсон даруй компанид үүссэн нөхцөл байдалтай танилцаж, компанийн үйл ажиллагааг шууд хариуцан гүйцэтгэж, шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж авсан арга хэмжээний үр дунд улс орны эдийн засгийн байдал богино хугацаанд сайжирч, Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн орлого ашигтай гарч, Монгол Улс вальютын хомсдол орж, Олон улсын Валютын сангийн саарал жагсаалт, цаашлаад дефолт зарлах хэмжээний болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлж чадсан. Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хамгаалахад "Э Т т-" ХК-д онцгой дэглэм тогтоосон, авч хэрэгжуулсан арга хэмжээ шууд нөлөөлсөн.

4.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-д эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэл тогтоогдоогүй... гэж хууль тогтоомжид болоод түүний зорилго агуулгыг маргааны үйл баримтад буруу тайлбарласан. Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн аль алинд нь ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг зохицуулсан тул нарийвчилсан харилцааг эрх олгох тухай хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд тайлбарлаж, хэрэглэх ёстой бөгөөд онцгой дэглэм тогтоогдсон хугацаанд нийтлэг баримтлагддаг хууль буюу Хөдөлмөрийн тухай хууль хэрэглэгдэхгүй. Мөн Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 2 дугаар зуйлийн 1-д ... бүх шатных нь удирдах ажилтныг томилох" гэснийг зөвхөн томилох эрхтэй гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд чөлөөлөх агуулга мөн багтсан.

4.3. Энэхүү маргааны хувьд тухайн харилцааг буюу онцгой дэглэм тогтоосон харилцаанд нарийвчлан зохицуулсан хууль буюу хэрэглэх ёстой хууль нь Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хууль, түүнийг үндэслэн гарсан Засгийн газрын 385 дугаар тогтоол бөгөөд энэхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуулийг Засгийн газраас томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч дагаж мөрдөх, хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд чөлөөлөх нь зөвхөн онцгой дүрэм, журмыг зөрчсөн үндэслэлээр чөлөөлөх ёстой гэж дэлгэрүүлж тайлбарласан бөгөөд шаардлагатай бол гэдэг үндэслэлийг тайлбарласныг татгалзлын үндэслэл харилцан уялдаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй юм. Үндсэн хуулийн хавсралт хуульд зааснаар БНМАУ-ын Засгийн газрын бүрэн эрх 1992 оны Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрын бүрэн эрх, эрх эхэлснээр дуусгавар болно, мөн хуулийн 2 дугаар зүйлд онцгой дэглэмээр ажиллах үйлдвэр, байгууллагын Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь хууль тогтоомжийн ардчилсан зарчим, олон улсын гэрээний үндэслэл иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байна гэдэг.

5.2. Маргаж буй Б/109 дугаар тушаалын хувьд Б.Э-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай гэсэн толгойтой, тушаалын агуулгыг харахад Б.Э-ийг үүрэгт ажлаас нь халсан байдаг. Хөдөлмөрийн хуульд ажилтныг томилох, чөлөөлөх, халах гэсэн 3 харилцааг тусгайлан зохицуулсан харилцаа байна. Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын онцгой дэглэм тогтоосон захирамжаар халах гэдэг харилцааг онцгой дэглэмийн харилцаагаар шийдвэрлэх ёсгүй байсан.

5.3. Нэхэмжлэгчийг зусландаа цахилгаан татуулсан гэдэг. Гэтэл нэхэмжлэгч цалингийн зээлийн эх үүсвэрээр эрх бүхий байгууллагаар цахилгаан татуулсан. Мөн зусландаа зам засуулсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд техник хэрэгслээр замыг засах бөгөөд гараар засах боломжгүй. Одоо тухайн зам засуулсан гэдэг газарт ямар нэгэн зам зассан зүйл байхгүй, засах ч боломжгүй. Эхнэрээ ажилд оруулсан гэдэг нь мөн үндэслэлгүй бөгөөд эхнэр маань намайг тушаал дэвшин ажиллахаас өмнө өөр ажилд ажиллаж байсан, одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Э Т т- ХК-д холбогдуулан Э Т т- ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э Т т- ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

4. Монгол Улсын Засгийн газраас Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э Т т- ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, тодорхой бүрэн эрхийг олгожээ. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасан байна.

 

5. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Э Т т- ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2. дахь заалтыг баримтлан Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагын дагуу нэхэмжлэгч Б.Э-ийг Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

5.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулиар Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харьяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгохоор хуульчилсан бөгөөд уг хууль өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байна.

5.2. Анхан шатны шүүх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, уул хуулийн дагуу гаргасан шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, тушаалд заасан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуульд үл хамаарна. Иймд хариуцагч Э Т т- ХК-д Засгийн газрын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлж буй Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан, нэхэмжлэгч Б.Э-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дээрх хуулийн хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой үр дагаврыг арилгуулахаар тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/02363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э Т т- ХК-д холбогдох Э Т т- ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Б/109 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э Т т- ХК-ийн Салбарын үйлдвэрлэл, техникийн газрын Уулын ашиглалтын албаны ашиглалт хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх олговор гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695,118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ