Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 185

 

                     Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч С.Мөнхтулга,

Хохирогч А....,

Шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1808054931604 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод оршин суух, урьд

  1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

  1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

  1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

  2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Д.... нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-2 тоотод оршин суух иргэн А....ы амины орон сууцанд нэвтэрч, зурагт 1 ширхэг, хромон гутал 1 хос, будаа агшаагч 1 ширхэг, индукцэн плетка 1 ширхэг, 1кг-ийн савалгаатай гурил 2 ширхэг, жижиг савалгаатай лапша гоймон 2 уут, 1кг мушгиа гоймон 1 уут, кетчуп 1 ширхэг, урьхан нэртэй нойлын цаас 1 ширхэг, 1кг аарц, ястай хонины мах Зкг, кошлок 1 ширхэг, эмэгтэй урт сөдөн пелник куртик 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, ногоон шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, цулгуй мөнгөн бөгж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, жижиг кулон 4 ширхэг, төмөр ээмэг 3 ширхэг, ээмэг зүүлт 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,138,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Хохирогч А....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхрийн дүү ... надруу залгаад танай гэрт хулгайч орсон байна хулгайчийг нь барьсан байна гэхээр нь яараад гэрийнхээ хашааны үүдэнд иртэл алаг машинтай цагдаа нар ирсэн байсан. Бас нөгөө хулгай хийсэн гэх 50 орчим насны уруулын дээд талд сахалтай хүн байсан. Тэгээд манай гэрээс шарп маркийн зурагт, будаа агшаагч эрэгтэй хүний хромон гутал, шарп маркийн индукцэн плитка, уутанд хоол хүнсний зүйл авч явах гээд бэлдсэн байсан. Тэгээд үйлдэл дээрээ баригдсан байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай гэрийн хамаг зүйлийг онгичоод хаясан байсан. Тухайн үед алдагдсан зүйл гайгүй юм шиг байсан дараа нь шалгаж үзэхэд миний урт хар өнгийн пэлник куртик халаасанд нь байсан хар өнгийн товчлууртай нокиа маркийн гар утас, мөнгөн эдлэлүүд алга болсон байсан. Би өмнө нь бүх зүйлээ үнэлүүлсэн байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх 16-18 х/,

 

2.Хохирогч А....ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өглөө нөхрийгөө ажилд нь хүргэж өгчихөөд таксинд явж байгаад өдөр 13 цагийн үед гэртээ харьсан юм. Тухайн үед хүүхдийнхээ хоол, цайг хийчихээд сургуульд нь хүргэж өгсөн. Дараа нь би дахиж таксинд явж байгаад орой 17 цагийн үед хүүхдээ сургуулиас нь аваад харьж явтал манай нөхрийн дүү надруу залгаад танай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэр үед би бараг гэртээ ирж байсан. Хашааны гадаа иртэл цагдаа нар хулгайчийг барьчихсан байсан. Тэгсэн шүүгдэгч нь манай гэрээс авсан эд зүйлсийг хашааны гадаа бөөгнүүлээд тавьчихсан харагдсан. Би тэгээд гэртээ орсон чинь гэрийн хамаг юмыг ундуй, сундуй болгочихсон байсан бөгөөд гэрээс манай хүүхдийн гар утас болон миний гадуур хувцас болох пелник алга болсон байсан. Харин бусад эд зүйлсийг бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Одоо гар утас, пелникний мөнгийг гаргуулж  авмаар байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шүүгдэгч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн
орчим би ганцаараа архи уугаад согтуу явж байгаад гэрийнхээ хойд талд айлруу очих гээд явж байгаад хашааны хаалга нь онгорхой нэг айл байхаар нь хашаанд нь ортол шар өнгийн шавар байшин байхаар нь баруун талын вакум цонхыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод дотор нь ороод зурагт, будаа агшаагч мах, гоймон зэрэг хоол хүнсний зүйл, хромон гутал,  мөнгөн ээмэг,  бөгж,  зүүлтнүүд, гар утас зэргийг аваад хашаан дотор бөөгнүүлээд тавьсан байж байгаад хашааны үүдэнд нэг эмэгтэйтэй тааралдаад тэр эмэгтэй намайг цагдаад бариад өгсөн. Би цагдаад баригдахаасаа өмнө мөнгөн ээмэг
зүүлт эдлэлүүдийг хашааны гадаа хаясан байж байгаад дараа нь цагдаа нарт авчирч өгсөн юмаа. Би мөнгө олох гэж айлаас хулгай хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Шүүгдэгч Д....гийн шүүхийн хэлэлцүүлэгт “... би эмэгтэй хүний пелник, гар утасыг аваагүй, ... хэд хоногийн дараа би хашааны гадна нуусан байсан зүйлсээ цагдадаад өөрөө аваачиж өгсөн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим манай
ээж намайг дуудаад ахынд чинь хулгайч орчихлоо гэхээр нь би гараад ахын  гадаа ирсэн чинь хашаанд согтуу 40 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь барьж аваад ахын гэрийн үүдэнд авчирсан чинь ахын гэрийн зурагт, хоол хүнсний зүйл гутал зэргийг гялгар уутанд хийгээд бөөгнүүлсэн байсан. Бас будаа агшаагчийг нь цонхны баруун талд гаргаад тавьсан байхаар нь эгч рүү хэлээд цагдаа дуудсан. Огт танихгүй хүн байсан. Ганцаараа явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

 

6.Гэрч С.......ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... охиныхоо гэрт гутал оруулж өгчихөөд ус аваад явж байхад урд дэнж дээр нэг хүн суугаад байсан. Тэгээд усаа гэрийнхээ үүдэнд тавьчихаад хүүгийнхээ гэрийн үүдэнд очиход дэнж дээр сууж байсан эрэгтэй хүн зогсож байхаар нь хартал хүүгийн гэрээс зурагт болон хоол хүнсний зүйл, будаа агшаагч зэргийг гаргаад тавьсан байсан. Тэгээд би гэрлүүгээ гүйж ороод охин ...г дуудаад нөгөө хүнийг цагдаад барьж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

 

7.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь миний төрсөн ах байгаа юмаа, манай ах Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх газарт төрсөн, манай ах бага насаа Баянхошуунд буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын ...тоотод гэрээрээ хүмүүжсэн, тэгээд манай ах ямар ч сургуульд сураагүй боловсролгүй хүн байгаа юм, 13 нас хүрээд ээжийн хамтаар худалдааны байгууллагад ажиллаж байсан, тэгээд түүнээс хойш иймэрхүү ажил төрөл хийж байгаад 18 насандаа Улаанбаатар хотын Улиастайд холбооны цэргийн ангид цэргийн албыг 2 жилийн хугацаатай хаагаад халагдаж ирсэн, түүнээс хойш барилгын компанид ажиллаж байсан, ер нь барилгын ажлыг олон жил хийсэн, манай ах алдаж эндээд олон жил ял шийтгэл эдэлж байсан, одоогоор Нийслэлийн хот тохижилтын баазад ачигч ажил хийж байгаа, манай ах гэр бүл байхгүй өмнө нь нэг хүнтэй гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон, эхнэр нь 2 жилийн өмнө хорт хавдараар нас барсан, 9-10 насны хоёр хүүхэд нь Баянхошуунд асрамжийн газарт амьдардаг юм. Манай ах одоогоор ганц биеэрээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн ...тоотод амьдарч байгаа. Манай ах ааш зангийн хувьд дуу цөөтэй даруу төлөв зантай хүн байгаа юм, архийг нилээн ихээр уудаг, уг нь архи уудаггүй байсан, эхнэр нь нас барснаас хойш л архи их уудаг болсон юмаа. Манай ахад гоц гойд авъяас гээд байхаар зүйл байхгүй, хар ажилдаа сайн, ажлаа хийгээд л амьдралаа аваад явдаг хүн байгаа юмаа. ...” гэх мэдүүлэг /х 29-30 х/,

 

8.Гэрч Б....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хойд эцэг ... одоо гэртээ ганцаараа амьдарч байгаа, уг нь хот тохижилтод ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарсан гэсэн, яагаад гарсаныг нь би сайн мэдэхгүй байна. Манай аав урьд өмнө нь хаана юу хийж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй, өөрөө нэг их зүйл ярьдаггүй юм, хойд эцэг ... хааяа нэг архи уудаг агсам согтуу зан байхгүй, ааш зангийн хувьд даруу төлөв зантай, өөр надад хэлээд байх зүйл байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

 

9.Д....гээс хураан авсан “металл бөгж 5 ш, метал бугуйвч 1 ш, металл ээмэг 1 хос, зүүлтний кулон 5 ш, металл өрөөсөн ээмэг 3 ш, саарал өнгийн метал эд зүйл 5 ш” зэргийг хохирогчид А....д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12 х/

 

10.“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний  тайлан /хх 35-37 х/,

11.Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны засаг даргын “ам бүлийн тухай” тодорхойлолт /хх 63 х/,

12.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 х/,

13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 106 х/            14.Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх 108-109, 111, 121-123 х/

 зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

          Д.... нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-2 тоотод байрлах иргэн А....ы хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхоор нэвтрэн орж зурагт 1 ширхэг, хромон гутал 1 хос, будаа агшаагч 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг, 1 кг-ийн савалгаатай гурил 2 ширхэг, жижиг савлагаатай лапша гоймон 2 уут, 1 кг мушгиа гоймон 1 уут, кетчуп 1 ширхэг, урьхан нэртэй нойлын цаас 1 ширхэг, 1 кг аарц, ястай хонины мах З кг, кошлок 1 ширхэг зэргийг авч байгаад баригдсан,

           Харин эмэгтэй урт сөдөн куртик 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, ногоон шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, цулгуй мөнгөн бөгж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, төмөр бугуйвч 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, жижиг кулон 4 ширхэг, төмөр ээмэг 3 ширхэг, ээмэг зүүлт 5 ширхэг зэргийг гэрээс нь авч хажуу хашаанд нь оруулж тавьсан, хохирогчид нийт 1,138,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

           - Хохирогч А....ы “... гэртээ ороод үзэхэд манай гэрийн хамаг зүйлийг онгичоод хаясан байсан. ... дараа нь шалгаж үзэхэд миний урт хар өнгийн пэлникэн куртик халаасанд нь байсан хар өнгийн товчлууртай нокиа маркийн гар утас, мөнгөн эдлэлүүд алга болсон байсан. Би өмнө нь бүх зүйлээ үнэлүүлсэн байгаа. ... ” гэсэн мэдүүлэг /хх 16-18 х/,

- Шүүгдэгч Д....гийн “…баруун талын вакум цонхыг нь хөлөөрөө өшиглөж онгойлгоод дотор нь ороод зурагт, будаа агшаагч мах, гоймон зэрэг хоол хүнсний зүйл, хромон гутал,  мөнгөн ээмэг, бөгж,  зүүлтнүүд,  гар утас зэргийг аваад хашаан дотор бөөгнүүлээд тавьсан байж байгаад хашааны үүдэнд нэг эмэгтэйтэй тааралдаад тэр эмэгтэй намайг цагдаад барьж өгсөн.Би цагдаад баригдахаасаа өмнө мөнгөн ээмэг
зүүлт эдлэлүүдийг хашааны гадаа хаясан байж байгаад дараа нь цагдаа нарт авчирч өгсөн юмаа. Би мөнгө олох гэж айлаас хулгай хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 60-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Ц....гийн “... хашаанд согтуу 40 орчим насны эрэгтэй хүн явж байхаар нь барьж аваад ахын гэрийн үүдэнд авчирсан чинь ахын гэрийн зурагт, хоол хүнсний зүйл гутал зэргийг гялгар уутанд хийгээд бөөгнүүлсэн байсан. Бас будаа агшаагчийг цонхны баруун талд гаргаад тавьсан байхаар нь эгч рүү хэлээд цагдаа дуудсан. ... Ганцаараа явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

- Гэрч С.......ын “... гэрээс зурагт болон хоол хүнсний зүйл, будаа агшаагч зэргийг гаргаад тавьсан байсан. Тэгээд би гэрлүүгээ гүйж ороод охин ...г дуудаад нөгөө хүнийг цагдаад барьж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/

- Д....гээс хураан авсан “металл бөгж 5 ш, метал бугуйвч 1 ш, металл ээмэг 1 хос, зүүлтний кулон 5 ш, металл өрөөсөн ээмэг 3 ш, саарал өнгийн метал эд зүйл 5 ш” зэргийг хохирогчид А....д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12 х/

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний  тайлан /хх 35-37 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

                

Шүүгдэгч Д.... нь А....ы эзэнгүй байсан орон сууц руу цонхыг нь түлхэн орж эд зүйлсийг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч Д....гийн нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

 

Шүүгдэгч Д.... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйлс авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч Д....гийн өмгөөлөгч Д.Очбадрал: Хохирогч нь эмэгтэй урт дээл, гар утас алдсан гэж мэдүүлсэн боловч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Тухайлбал: Дээл, утасыг хэнээс хэзээ авснаа мэдэхгүй, худалдаж авсан гэх баримтууд байхгүй, мөн шүүгдэгч нь үйлдэл дээрээ баригдсан, улсын яллагч хулгайн гэмт хэрэг нь захиран зарцуулах эрхтэй болсноор төгс үйлдэгдсэнд тооцно гэсэн нь иргэний эрх зүйн эд хөрөнгө харилцан шилжүүлэх хэлцэл мэтээр дүгнэж байгаа, хулгайн гэмт хэрэг бол захиран зарцуулах эрхийн тухай биш тийм боломжтой болсноор төгссөнд тооцогддог тул Д....гийн гэмт хэргийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан:

Шүүгдэгч: Би гар утас, эмэгтэй хүний пелникийг аваагүй гэх тайлбарыг гаргасан.

Хохирогч А.... нь алдагдсан дээлээ 1 жил гаруйн өмнө захаас худалдаж авсан, харин худалдан авсан баримт байхгүй, гар утасыг хүүхэд барьж байгаад өөр утас аваад гэрт миний дээлний халаасанд байсан гэдэг тайлбарыг гаргасан, мөн шүүгдэгч Д.... мөрдөн байцаалтын шатанд “гар утас авсан” гэх мэдүүлэг /хх 60-61 х/ өгсөн, шүүгдэгч нь хулгайлсан зарим эд зүйлээ өөр айлын хашаанд нуусан, зарим эд зүйлээ авч явах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, нуусан байсан эд зүйлээ сүүлд нь өөрөө явж олж ирсэн, хулгайн эд зүйл бүгд баригдсан даруйдаа олдоогүй зэргээс дүгнэхэд эмэгтэй урт дээл, гар утасыг Д.... хулгайлсан, зарим эд зүйлээ айлын хашаанд аваачиж нууж өөртөө захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн байсан тул түүний үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч А....ы хохирол болох эмэгтэй урт дээлний үнэ 135,000 т, гар утасны үнэ 18,000 төгрөг, хөшиг эвдэлсний зардал 10,000 т, хохирлын үнэлгээний хөлс 10,000 төгрөг зэрэг шууд болон шууд бус зардлууд болох нийт 173,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А....д олгох.

 

Улсын яллагч: Д.... нь хулгайн зарим эд зүйлээ өөрөө сайн дураараа авчирч өгснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул 02 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.... нь согтуу явж байгаад хаалга нь онгорхой айл байхаар орсон нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр давхар хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй тул хуульд заасан хамгийн бага ялыг оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч Д.... нь хулгайн зарим эд зүйлээ өөрөө сайн дураараа авчирж өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин түүний согтуурсан үедээ хашааны хаалга нь онгорхой байсан айлын байшингийн цонхоор нэвтэрсэн үйлдлийг тохиолдлын шинжтэй гэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар үйлдсэн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс 02 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Боржигон овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д....г 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д....гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д....гээс 173,000 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 7-2 тоотод оршин суух ВЖ74031201 регистрийн дугаартай А....д олгосугай.

 

         5.Д....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ