Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй

           Хариуцагч: эмэгтэй, 1967 оны 02 сарын 09-нд төрсөн, 49 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонины 12 айлын орон сууцны 01-03 тоотод оршин суух Хоньт овогт Шаравын Нэмэхсайханд /РД:АЮ67020964/   холбогдох

          дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 132000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түмэнбаяр, хариуцагч Ш.Нэмэхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч Т.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шаравын Нэмэхсайхан нь  “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн тогтоолын  4 дүгээр заалт  Монгол Улсын  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн  147.1, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар  2003 оны 06 сарын  18-ны өдрийн Сууц өмчлөгчдийн  холбооны  эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн  13.2.2 зүйлүүдийг  тус тус зөрчиж “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  төлөх ёстой  дундын өмчлөлийн  эд хөрөнгийн  засвар үйлчилгээний  зардал болох  сарын 6000 төгрөгийн хураамжийг  2014 оны 7 сар төлөөгүйгээс  42000 төгрөг, 2015 оны 12 сар төлөөгүйгээс  72000 төгрөг,  2016 оны 3 сар 18000 төгрөг,  нийт 132000 төгрөгийн өртэй байна.  Иймд Ш.Нэмэхсайханаас  132000 төгрөгийг гаргуулан байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Би 2014 оны 06 сараас эхлэн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.  Энэ хугацаанд манай сууц өмчлөгчдийн холбоо 5 үйлчлэгч, 1 цахилгаанчин гэсэн оронтойгоор ажиллаж байна. Манай холбоо бүх үйл ажиллагааныхаа тайлан тооцоог Статистикийн газар гаргаж өгсөн байгаа. Бидний хийсэн ажлын талаар хүмүүс мэдэх учраас би өөрийгөө ажил хийгээгүй гэж үзэхгүй байна гэжээ.

 

          Хариуцагч Ш.Нэмэхсайхан  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оноос одоог хүртэл би энэ байранд 16 жил амьдарч байгаа. Энэ байранд амьдарснаас хойш гадна тал болон орцонд ямар нэгэн  засвар  үйлчилгээ хийгдээгүй болно.  Аймгийн 90 жилээр  байрны гадна талыг  охордож янзалсан.  Үүнээс өөр ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй. 3 жилийн өмнө орцонд мэдрэгчтэй  гэрэл тавьсан.  Тэр нь байнга шатдаг.  Одоо 1 давхарын мэдрэгч ажиллахгүй  унтраалга тавьсан.  Байнга асаалттай байдаг учраас  2-3 хоног болоод шатдаг.  Би өөрөө сольдог байсан.  Гадна талд нэгдсэн хогийн сав байхгүй учраас  манай цонхны  харалдаа  хогоо байнга  асгадаг байсан.  Орцны үйлчилгээ болон гадна цэвэрлэгээ маш муу  хийгддэг учраас орчин маш бохир, хог байнга тараастай байдаг.  Энэ оны 04 сард Эрдэнэбулган сумаас  хогийн сав  тавьсанаар  хогны асуудал арай гайгүй  болсон.  1 дүгээр орцонд бохир байнга  хальдагаас болоод хөлдөөд хэцүү  байхад нэг ч удаа  арга хэмжээ авч өгөөгүй.  Би өөрөө Мэргэжлийн хяналтын  газарт  өргөдөл бичиж  “Ундарга” ХХК  янзалж өгсөн.  Орцны хог бараг 7 хоног өнждөг. Оршин суугчдын сэтгэлд  хүртэл  цэвэрлэж,  ариутгаад ядахдаа хогийг нь өнжөөд ч гэсэн цэвэрлэдэг бол  сууц өмчлөгчдийн мөнгө  өгөхөд татгалзахгүй.  Нүдэнд харагдаж, гарт баригдах  ажил хийгүй байж мөнгө нэхээд  аваад байвал  иргэдийг хохироосон  асуудал болох байх гэж  бодоод  мөнгийг төлөх хүсэлгүй байна гэжээ.

Сууц өмчлөгчдийн холбоонд хийсэн ажил байхгүй. Хүмүүсээс сууц өмчлөгчдийн холбооны  мөнгө хурааж аваад ямар ч ажил үйлчилгээ хийдэггүй. Би өөрөө гэрийнхээ орц хэсгийн цэвэрлэгээгээ хийдэг учраас сууц өмчлөгчдийн холбооны  мөнгийг өгөхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ сараас хойш засвар үйлчилгээ хийгээд явах юм бол сууц өмчлөгчдийн холбооны  мөнгийг төлнө гэж бодож байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас мөнгө л авах үүрэгтэй болохоос биш орон сууцны засвар үйлчилгээний талд дээр ямар ажил хийдэггүй гэжээ.

 

          Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоо Ш.Нэмэхсайханд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 132000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Ш.Нэмэхсайхан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонины 12 айлын орон сууцны 01-03 тоотод оршин суудаг бөгөөд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2014 оны 7 сарын төлбөр 42000 төгрөг, 2015 оны 12 сарын төлбөр 72000 төгрөг,  2016 оны 3 сарын төлбөр 18000 төгрөг, нийт 132000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу Ш.Нэмэхсайхан нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

          Иймд хариуцагч Ш.Нэмэхсайханаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардал болох 132000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                        ТОГТООХ нь:

         

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Ш.Нэмэхсайханаас 132000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4610 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Нэмэхсайханаас 4610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өрнөх” сууц өмчлөгчдийн холбоонд  олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан  Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН