Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 199

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Г.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Улаан Сахалт овогт ...ын ...д холбогдох 180805519005...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах “...” ХХК-д рамчинаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ...дугаар баг, Хатгал тосгонд оршин суух, урьд

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201...оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Улаан сахалт овогт ...ын ... /.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Г.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талын гэрлэн дохион дээр иргэн Ш....тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч Ш....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дугаар сарын 28-наас 29-нийг шилжих шөнө ажлын хамт олонтойгоо ХУД-н 120-н тэнд байрлах спорт зааланд тоглож байгаад тэндээсээ гарч яваад Монгол улсын их сургуулийн замын урд байрлах Түлүүгийн давааны бууз гэсэн хоолны газарт хоол идээд тэндээс шөнийн 00 цагийн үед гарч яваад 01 цагийн үед 1-р хорооллын төв замаар зүүнээс баруун чигт явж байхад Цамбагаравын явган хүний гарцан дээр машинтайгаа зогсож байхад миний машины араас 6037унү улсын дугаартай цагаан өнгийн ниссан маркийн суудлын тэрэг мөргөсөн. Би миний машиныг мөргөсөн машин дээр очоод жолооч талын хаалгыг нь онгойлгоод жолоочтой нь уулзахад хажууд нь бас нэг залуу сууж байсан. Би жолоочид нь хандаж миний машины гуперийг төлөөд өгчих даатгалаа дууд гэж хэлсэн. Тэр залуу миний үгийг авахгүй чиний машин зүгээр байна гэж хэлээд хөдөлж явах гээд байхаар нь би машины хаалгыг нь хаалгахгүй явуулахгүй хоргооход жолооч нь бууж ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанааруу нэг удаа цохиод машиндаа суух гэхээр нь би машинд нь суулгахгүй байх санаатай зууралдахад баруун гараа атгаж байгаад миний зүүн шанааруу дахиад цохисон. Би тэр үед тэр залууг дийлэхгүй юм байна гэж бодоод тэр залуу тавихад машинтайгаа хөдлөөд явсан. Би тухайн үедээ машиныхаа хажууд зогсоод цагдаад дуудлага өгөөд хэргийн газраас хөдлөхгүй байж байхад гэрлэн дохион дээр зогсож байсан машины араас нэг машин ирээд мөргөсөн. Би тухайн үед буугаад харахад миний машиныг мөргөсөн машин өөр машины араас дахиад мөргөсөн зогсож байсан. Би мөргүүлсэн машины жолоочтой хамжиж байгаад цагдаа дуудаад машины түлхүүрийг нь булааж аваад замын цагдаад хүлээлгэн өгсөн.

Тэр залуу биеийн тамирын өмдтэй эсгий таавчиг өмссөн. Хар өвлийн куртик дотуураа бор шар өнгийн фудволк өмссөн. 165-170 см орчим өндөртэй пинтүү маягийн өрөвгөр үстэй улаан шар царайтай залуу байсан. Миний биед учирсан тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг миний   машины   араас   мөргөсөн   Г....   гэж  залуу  учруулсан.

Би ... гэж хүнээс машины гуфер хагалсан хохирлын мөнгө гэж 180,000 төгрөг авсан. Би хэрэг болсон өдрийн маргааш нь ажилдаа яваагүй нэг өдрийн ажлаа тасалсан. Миний нэг өдрийн цалин 50,000 төгрөг. Шүүх эмнэлэгт  үзүүлсэн   8000 төгрөг гарсан …Би ... гэх залуугаас зодуулсны зардал болон машиныхаа гуферний мөнгийг авсан, одоо надад энэ хэргийн талаар ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 11-12, 15 х/,

 

 2.Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед би Төмөр замын ард ажил дээрээ байж байгаад нутгийн ах ... ах руу яриад хоёулаа уулзая гэж хэлсэн. Тэр үед ... ах ажлаасаа буугаад явж байна. Ажил дээр чинь яваад очъё гэж хэлсэн. Удаагүй 30-40 минутын дараа ... ах миний ажил дээр ирсэн. Тэгээд би ... ахын машинд нь суугаад хамт яваад Баянгол дүүргийн Голден парк хотхонд гэрт нь очсон. Гэрт нь орохоос нь өмнө дэлгүүр орж 0,75 литртэй Хараа архи аваад гэрт нь орсон. ... ах бид хоёр авсан архи хувааж уугаад дуусгасан. Тэгээд бид хоёр Драгон орж Хөвсгөлийн автобуснаас ачаа авах гэж ... ахын гэрээс нь гараад ... ахын 60-37 улсын дугаартай Аdvan маркийн автомашиныг нь би унаад бид хоёр СХД-ийн 12 дугаар хороо Саппорогийн арын замаар явж байгаад гэрлэн дохион дээр зогсохдоо би болгоомжгүй нэг Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины араас нь мөргөөд машинаасаа буухад нөгөө мөргүүлсэн автомашины жолооч бас машинаасаа бууж ирээд намайг яаж байнаа гээд машины жолооч талын хаалган дээр очоод машин дотроос машины түлхүүр авах гээд байхаар нь би машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж нөгөө залууг цээж рүү нь гараараа түлхэхэд намайг зөрүүлээд цээж рүү гараараа түлхэхээр нь би уур хүрээд нөгөө залуугийн нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд машиндаа суугаад хөдлөх гээд ухрах гэхэд ард бас нэг машин ирсэн миний машинтай маш ойрхон зогсож байсан. Тэгэхэд нөгөө надад цохиулсан залуу цагдаа дуудаад миний машин хоёр машины голд байсан учир би хөдлөхгүй машиндаа сууж байхад цагдаа ирээд намайг барьсан. Надад зодуулсан залууг би нүүр лүү нь гараараа нэг удаа л цохисон. Харин тэр залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн надтай хамт явж байсан ... ах намайг машиныг унаж явж байгаад машин мөргөж мөргөсөн машиныхаа жолоочтой маргалдаж байх үед машин дотроо тасарсан унтаж байсан ба цагдаа ирээд ... ахыг сэрээсэн. Мөн би машиныг нь мөргөж улмаар маргалдаж зодсон залуугийн нэрийг нь сүүлд мэдсэн ба нэр нь ... гэж байсан. Би иргэн ...гийн машиныг нь мөргөснөөс болж учирсан хохирлыг нь СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс дээр барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шинжээчийн 12262 тоот дүгнэлт

1.Ш....гийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 23 х/,

4. “Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 3 дугаар хороонд оршин суудаг, “...” ХХК-д рамчнаар ажилладаг, сарын 300,000 төгрөгийн цалинтай” гэх тодорхойлолт /хх 49 х/

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 х/

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37, 51 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43 х/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг гарсан өдрийг буруу бичсэн, цаг минутыг орхигдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг буюу ямар шалтгааны улмаас уг гэмт хэрэг гарсныг хэргийн товч агуулгад зөв, бүрэн тусгаагүй зэргийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, мөн дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг давхар зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Г.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн үед автомашин жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны зүүн талын гэрлэн дохион дээр зогсож байсан Ш....ий автомашины ар хэсэг рүү “мөргөсөн” асуудлаас болж түүнтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар гараараа цохиж “тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Ш....ий “...2018 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нийг шилжих шөнийн 01 цагийн үед 1-р хорооллын Цамбагаравын явган хүний гарцан дээр машинтайгаа зогсож байхад миний машины араас 6037унү улсын дугаартай цагаан өнгийн ниссан маркийн суудлын тэрэг мөргөсөн. ... Би жолоочид хандаж миний машины гуперийг төлөөд өгчих даатгалаа дууд гэж хэлсэн. Тэр залуу миний үгийг авахгүй чиний машин зүгээр байна гэж хэлээд хөдөлж явах гээд байхаар нь би машины хаалгыг нь хаалгахгүй явуулахгүй хоргооход жолооч нь бууж ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн шанааруу нэг удаа цохиод машиндаа суух гэхээр нь би машинд нь суулгахгүй байх санаатай зууралдахад баруун гараа атгаж байгаад миний зүүн шанааруу дахиад цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 11-12, 15 х/,

 

Шүүгдэгч Г....ийн “... ... ахын гэрээс гараад 60-37 улсын дугаартай Аdvan маркийн автомашиныг нь би унаад бид хоёр СХД-ийн 12 дугаар хороо Саппорогийн арын замаар явж байгаад гэрлэн дохион дээр зогсохдоо би болгоомжгүй нэг Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины араас нь мөргөөд машинаасаа буухад нөгөө мөргүүлсэн автомашины жолооч бас машинаасаа бууж ирээд намайг яаж байнаа гээд машины жолооч талын хаалган дээр очоод машин дотроос машины түлхүүр авах гээд байхаар нь би машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж нөгөө залууг цээж рүү нь гараараа түлхэхэд намайг зөрүүлээд цээж рүү гараараа түлхэхээр нь би уур хүрээд нөгөө залуугийн нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шинжээчийн 12262 тоот дүгнэлт

1.Ш....гийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх 23 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.... нь хохирогч Ш....г гараараа нүүр лүү нь цохиж  тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 23 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Г.... нь хүний нүүр лүү гараараа цохиж зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Ш.... нь шүүгдэгч Г....тэй эвлэрч хохирлын талаар маргаангүй болсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан нь түүний бичгээр гаргасан баримт /хх 58 х/-аар  тогтоогдсон тул Г....ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч:Хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Г....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгч:Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргаагүй болно.

 

            Г.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн прокурорын ялын санал зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Улаан Сахалт овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11....дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г....д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....д мэдэгдсүгэй.

  5.Г....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ