Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 218

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД:1476/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жолооч овогт ...ийн ...т холбогдох 1808014950019 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жолооч овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Г.... нь 2018 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт иргэн Ж....ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Шөлөндөө” хоолны газар хоол идээд сууж байхад гаднаас нэг ядруу хувцастай залуу орж ирээд сууж байхад тэр залууд миний хажууд сууж байсан залуу цуйван авч өгсөн. Тэр залуу цуйвангаа идээд сууж байхад хамгаалагч залуу нь ... хоолны зааланд орж ирээд энэ хүнд хоол өгөхгүй гар гээд идэж байсан цуйванг нь аваад аяга таваг угаадаг бохирын ширээн дээр аваачаад тавьчихаар нь би хамгаалагч ...т уурлаад чи ямар сонин залуу вэ? “чи өөрөө ийм явахгүй юмуу” гэж хэлэхэд чи дуугүй наад хоолоо идчихээд гар гэхээр нь би юм хэлэлгүй хоолоо идчихээд нойл руу орох гэтэл оруулахгүй байхаар нь би хүчээр түлхэж нойл орж бие засчихаад гараад иртэл ... чи олон хүмүүсийг уриаллаа, хурдан гар гэхээр нь би ...т хандан “чи тэр хүнд хоол зүгээр идүүлчихсэн бол ийм асуудал гарахгүй шүү дээ” гээд жаахан маргалдаад хаалгаар гарах гээд явж байхад ... миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохиод авсан, тэгээд миний нүд харанхуйлаад хэсэг манараад газар суусан. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

 

           2.Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Шөлөндөө хоолны газарт 2018 оны 03 сарын 18-ны 05 цагийн үед хамгаалагчаар ажиллаж байхад Саппорогоор архи уугаад явдаг нэг залуу буюу ... согтуу орж ирсэн.Би түүнийг гар гэх шаардлага тавихад урдаас чи яахаараа хүн дээрэлхдэг юм гээд надтай маргалдаад над руу дайраар ална тална, гичий, пязда гээд дайраад байсан.Тэгэхэд үйлчлүүлж байсан хүмүүс наад хүнээ гаргаач гэхээр нь хамт ажиллаж байсан ...тэй хамт ... гэгч залуугийн хоёр талаас сугадаад нэг давхар луу буулгаад буцаад дээшээ гартал гаднаас орж ирсэн нэг хүн үүдэнд чинь согтуу хүн оруулахгүй байна гэсэн.Тэгээд би нэг давхар  луу буугаад очтол ... байхаар нь чи яв гэтэл явахгүй гээд чиний аав, ээж янхнаас гарсан чи Шөлөндөөгийн шавхрууг идэж байгаа биз дээ намайг цохь гээд дайраад байхаар нь миний уур хүрээд ... гэх залуугийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 69 х/,

            3.Шүүгдэгч Г....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтанд хэргийн талаар ярьсан тул мэдүүлэг өгөхгүй  ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Манай  хүүхэд Ж.... хөдөө Сэлэнгэ аймгийн Бугант суманд ажилладаг бөгөөд 2018 оны 04-р сарын 02-ны өдрийн 12:00 цагт явчихсан байгаа хотод байхгүй байна. Намайг хохирлын мөнгө авчихаарай гэж хэлсэн юм. Тэгээд би өнөөдөр 2018 оны 04-р сарын 03-ны өдөр хохирлын мөнгийг ...ийн аав ...өөс хүлээн авсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 х/,

 

5.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 03-р сарын 17-наас 18-нд шилжих шөнө СХД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шөлөндөө" цайны газарт хамгаалагч Б....ийн хамт үүрэг гүйцэтгээд ажлаа хийгээд явж байхад шөнийн 04:00 цагийн үед согтуу халамцуу байдалтай залуу орж ирсэн. Тэр залуу 2 цаг орчим цай авч уугаад гарахгүй хүн хүний ширээн дээр очоод юм яриад, нөгөө хүмүүс нь дургүйцээд байсан. Тэгээд тэр залуу ганцаараа орж ирээд тэр залуугийн ширээн дээр очиж суугаад юм яриад байхаар нь хамгаалагч ... бид хоёр очоод ширээн дээр сууж байсан хүнээс та энэ хүнийг таних уу гээд асуухад танихгүй сая ширээн дээр ирж суугаад юм ярьж байсан юм аа гэхээр нь тэр залууг гар гэж хэлээд хамгаалагч ... авч гарсан. Тэгээд би араас нь гарах гээд явж байхад шатан дээр хоёр залуу хоорондоо маргалдаж байхаар нь тэр хоёр залууг салгаад араас нь үүдний хэсэгт очиход ... тэр залууг түлхээд авахаар нь дундуур нь орж салгасан юм. Тэгтэл нөгөө залуу үүдэнд суучихаад чи намайг цохисон гээд байсан. Тухайн үед тэр залуугийн ам харамнаас цус гараагүй байсан. Тэгээд би зааланд очоод дахиж гараагүй. ... удалгүй араас гарч ирсэн. Тэрнээс хойш тэр залуу дахиж орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/,

 

           6.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Г.... нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Эхээс гурвуулаа, нэг эгчтэй, нэг дүүтэй эгч ... нь одоо Австрали улсад сурдаг ба дүү ... нь Комюпьтерийн сургуульд сурдаг юм. Харин ээж нь салж яваад 10 гаран жил болж байгаа юм. ...ийн хувьд 2001 оноос 2011 оны хооронд 114 дүгээр сургуульд суралцаж төгссөн бөгөөд сургуульд сурч байхдаа сайн сурдаг элдэв янзын асуудал гаргадаггүй хүүхэд байсан ба харин ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцдог байсан. Зан байдлын хувьд багаасаа төлөв дөлгөөн зантай хүүхэд байсан. Багаасаа унаж татдаг болсон. 2009 онд группд орсон, 3, 4 жилийн өмнөөс    зан    ааш    нь    жаахан    хувирч    өөрчлөгдөж    огцом    уурладаг  болсон. Уурласныхаа дараа тухайн үедээ юу болсныг мэддэггүй. Тэгээд 2009 оноос группд орж бас Сэтгэцийн  эмгэг судлалын үндэсний төвийн хяналтанд  орж  эхэлсэн.  Хүүгийн   маань  зан   ааш өөрчлөгдөж огцом уурладаг болоод байхаар нь эмч нараас асуухад өвчин нь хүндэрч байгаагийн шинж эмийг нь сайн уулга гэж хэлдэг, байнга эм уудаг, уг нь хүнд их тусархуу элдэв муу зуршил байхгүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/,

          7.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.... нь миний төрсөн дүү ...ийн төрсөн хүүхэд байгаа юм. Эхээс гурвуулаа нэг эгчтэй, нэг дүүтэй, эгч ... нь одоо Австрали улсад сурдаг ба дүү ... нь Комюпьтерийн сургуульд сурдаг, аав ... нь “...” ХХК-нд жолооч хийдэг юм. Харин ээж нь салж яваад 10 гаран жил болж байгаа юм. ...ийн хувьд 2001 оноос 2011 оны хооронд 114 дүгээр сургууль төгссөн. Сургуульд сурч байхдаа сайн сурдаг элдэв янзын асуудал гаргадаггүй хүүхэд байсан. Харин ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцдоггүй байсан. Зан аашийн хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу, ямар нэгэн муу зуршилгүй, тамхи хэрэглэдэггүй сайн хүүхэд байгаа юм. Багаасаа буюу 2, 3 ангид байх үеэсээ унаж татдаг болчихсон хүүхэд байгаа юм. 2011 онд 10-н жилийн сургууль төгссөнөөс хойш гэрээрээ жаахан асаргаанд байж байгаад 2017 оны 03-р сард Шөлөндөөд  хамгаалагчаар  ажилд   ороод  2018  оны  03-р  сарыг хүртлэх хугацаанд ажилласан, гэхдээ дунд нь орон гаран буюу тогтмол биш ажиллаж байсан. Учир нь бие нь жаахан муудахаар эмчилгээ хийлгэж байгаад буцаад ажилдаа ордог байсан. Гэрийнх нь байдлын хувьд ээж нь 10 гаран жилийн өмнө салаад явчихсан, аав нь ганцаараа ажил хийж амьдарлаа авч явдаг, эгч, дүү хоёр нь сурдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х/,

8.Шинжээчийн 3792 тоот дүгнэлт

1.2.Ж....ын биед доод зүүн талын хоншоор ясны их бие буюу  гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх  гэмтэл   нь   мохоо   зүйлийн   2   ба  түүнээс  дээш  удаагийн   үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 55 х/,

 

           9.Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... ...ын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. ... Хамар ясны гэмтэлд доод зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухайрхайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацарын төвгөрт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд орно. Дээрх гэмтлүүдийг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 58-59 х/,

 

          10.Шүүх сэтгэц эмгэг судлалын 146 дугаар дүгнэлт

         1.Г. ...  нь  гэмт хэрэг үйлдэгдэх үедээ Тархины  өвчин, гэмтэл,  үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.... нь хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Г.... нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

         2.Г.... нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

           3.Г....  нь  одоо  Тархины  өвчин,   гэмтэл,  үйл  ажиллагааны  хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Г....т   эмнэлгийн   чанартай  албадлагын   арга  хэмжээ   авах шаардлагагүй байна.

           4.Хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх 64-65 х/

           11.Камерийн бичлэг, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... шүүгдэгч Г.... нь хохирогч Ж....ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байгаа, уг бичлэгийн цаг 06 цаг 04 минутыг зааж байгаа” байдал тогтоогдсон  /хх 26 х/

           12.Хохирол төлсөн баримт /хх 20, 21 х/

13.Хохирлын баримтууд /хх 60 х

14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73 х/           15.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 85 х/

16.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх 89-90 х/

17.Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 112 х/

18.Г....ийн нэр дээрх Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 113-115 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсан хэргийн товч агуулгаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг гарсан өдөр, цаг минутыг буруу бичсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг буюу ямар шалтгааны улмаас уг гэмт хэрэг гарсныг хэргийн товч агуулгад зөв, бүрэн тусгаагүй зэргийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, мөн дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг давхар зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Г.... нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 06 цаг 04 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт хамгаалагчаар ажиллаж байхдаа Ж....той хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь доод зүүн талын хоншоор ясны их бие буюу  гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ж....ын “... “Шөлөндөө” хоолны газар хоол идээд сууж байхад гаднаас нэг ядруу хувцастай залуу орж ирээд сууж байхад тэр залууд миний хажууд сууж байсан залуу цуйван авч өгсөн. Тэр залуу цуйвангаа идээд сууж байхад хамгаалагч залуу нь ...т хоолны зааланд орж ирээд энэ хүнд хоол өгөхгүй гар гээд идэж байсан цуйванг нь аваад аяга таваг угаадаг бохирын ширээн дээр аваачаад тавьчихаар нь би хамгаалагч ... уурлаад чи ямар сонин залуу вэ? “чи өөрөө ийм явахгүй юмуу” гэж хэлэхэд чи дуугүй наад хоолоо идчихээд гар гэхээр нь би юм хэлэлгүй хоолоо идчихээд нойл руу орох гэтэл оруулахгүй байхаар нь би хүчээр түлхэж нойл орж бие засчихаад гараад иртэл ... чи олон хүмүүсийг уриаллаа, хурдан гар гэхээр нь би ...т хандан “чи тэр хүнд хоол зүгээр идүүлчихсэн бол ийм асуудал гарахгүй ш дээ” гээд жаахан маргалдаад хаалгаар гарах гээд явж байхад ... миний зүүн талын хацар луу гараараа нэг удаа цохиод авсан, тэгээд миний нүд харанхуйлаад хэсэг манараад газар суусан. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

           Шүүгдэгч Г....ийн “... би нэг давхар  луу буугаад очтол ... байхаар нь чи яв гэтэл явахгүй гээд чиний аав, ээж янхнаас гарсан чи Шөлөндөөгийн шавхрууг идэж байгаа биз дээ намайг цохь гээд дайраад байхаар нь миний уур хүрээд ... гэх залуугийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 69 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ж....гийн  “... үүдний хэсэгт очиход ... тэр залууг түлхээд авахаар дундуур нь орж салгасан юм. Тэгтэл нөгөө залуу үүдэнд суучихаад чи намайг цохисон гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х/,

Шинжээчийн 3792 тоот дүгнэлт

1.2.Ж....ын биед доод зүүн талын хоншоор ясны их бие буюу  гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, … гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх  гэмтэл   нь   мохоо   зүйлийн   2   ба  түүнээс  дээш  удаагийн   үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 55 х/,

           Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “... ...ын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. ... харин хамар ясны гэмтэлд доод зүүн талын хоншоор ясны их бие буюу гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухайрхайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд орно. Дээрх гэмтлүүдийг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх 58-59 х/,

            Камерийн бичлэг, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... шүүгдэгч Г.... нь хохирогч Ж....ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байгаа, уг бичлэгийн цаг 06 цаг 04 минутыг зааж байгаа” байдал тогтоогдсон  /хх 26 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Ж....ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Г.... нүүрэн тус газарт нь гараар нэг удаа цохиж учруулсан болох нь хэргийн  үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 26 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

 

Шүүгдэгч Г.... хүний нүүрэн тус газарт цохисон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч Г.... нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан группт байдаг, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, нэг удаа цохиход ийм олон гэмтэл үүсэх боломжгүй, мөн хохирогч өөр хүнд бас зодуулсан гэж байгаа, шинжээч шинэ, хуучин гэмтлийн аль нь болохыг тогтоогоогүй, мөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шинжээчийн 3792 тоот дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь “зүүн талын хоншоор ясны их бие буюу  гайморовын хөндийн урд болон арын ханы хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, …” бүхий хүндэвтэр гэмтлүүд нь байрлалын хувьд нэг дор байрлах хэсэг газарт буюу нүүрний зүүн хэсэгт учирсан байгаа, камерын бичлэгээр шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон зэрэг үйл баримтуудаас дүгнэхэд гэмтлүүдийг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бүрэн боломжтой гэх шинжээч эмчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, үндэслэл бүхий тайлбар гэж шүүх үзсэн.

Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл нь тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна гэж шинжээч тайлбарласан, энэ талаар улсын яллагч “энэ гэмтлийг өөр хүн учруулаад хэргийн газраас зугтаасан байгаа тул тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа” гэх тайлбарыг гаргасан, мөн шинжээч эмчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх тайлбар нь дээрх хоёр хэсэг газрын гэмтлүүдийг тус тусдаа буюу 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж ойлгох нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий тайлбар гэж шүүх үзсэн, мөн шинжээчийн дүгнэлтэнд “дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт бичигдсэн нь уг гэмтэл үүссэн цаг хугацааг тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.

           Г.... нь хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, хөгжлийн бэрхшээлтэй хүн хэдий ч Шүүх сэтгэц эмгэг судлалын 146 дугаар дүгнэлтээр:

         1.Г....  нь  гэмт хэрэг үйлдэгдэх үедээ Тархины  өвчин, гэмтэл,  үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.... нь хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Г.... нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

         2.Г.... нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

         3.Г.... нь одоо Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны  хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Г....т   эмнэлгийн   чанартай  албадлагын   арга  хэмжээ   авах шаардлагагүй байна.

           4.Хэрэг хариуцах чадвартай байна /хх 64-65 х/ гэснээс дүгнэхэд Г.... нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, хэрэг үйлдэгдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай болох нь нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон, хэрэгт холбогдох үедээ “Шөлөндөө” хоолны газрын хамгаалагчаар ажиллаж байсан, бүрэн дунд боловсролтой, шүүхийн шатанд өмгөөлөгч Ч.Даваасүрэнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өөрөө байгуулан өмгөөлөгчөөр авсан, шүүх хуралдаанд өөрөө тайлбар мэдүүлгээ гаргасан зэргээс үзэхэд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй гэх байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй тул түүний мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлсэн.

 

          Иймд өмгөөлөгчийн гаргасан хэргийг прокурорт буцаах тухай саналыг үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

           Хохирогч Ж.... эмчилгээний зардалд 200,000 төгрөг авсан болох нь хохирогчийн ээж Ч....гийн “би хохирлын 200,000 төгрөгийг хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх 21 х/, шүүгдэгчийн аав Б....ийн хохирол 200,000 төгрөгийг хохирогчийн ээж ...д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 20 х/-ээр тус тус тогтоогдсон, хохирогч Ж.... хохирол нэмж нэхэмжлээгүй боловч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

          Улсын яллагч:Шүүгдэгч Г....т 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч нь хөгжлийн бэрхшээлтэй, мөн тодорхой орлого олдог тул торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

             Г.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогчийн нэхэмжилсэн 200,000 төгрөгийн хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, уг гэмт хэрэг гарахад “хохирогчийн зүгээс тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон” зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, тодорхой орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Жолооч овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г....ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г....т үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г....т мэдэгдсүгэй.

  5.Г....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ