Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 214

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Шүүгдэгч Л.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...ад холбогдох 1808057920092 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бүрэнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух хаягтай, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Л.... нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нандин дурсамж” гэх газрын ойролцоо иргэн Б....той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай “...” ХХК-н шинэ жил болох гээд манай найзууд болох ...нар Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд би тэр гурван найзтайгаа Гурвалжингийн захын баруун талд нь байх нэрийг нь мэдэхгүй нэг зочид буудалд очиж уулзсан ...бид 4 хамт ... гэх найзыгаа хүлээж байсан. Манай найз ... 17 цагийн орчим ирсэн. Тэгээд ..., ... бид зочид буудлаас гараад СХД-н 3-р хорооны нутагт байх “Нандин дурсамж” гэх шинэ жил болох газар ирсэн. Тэгээд 19 цагийн орчим шинэ жилийн үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд шинэ жил тарах гэж байсан. Тэгсэн ... хүнтэй маргалдаад байсан. Би тэгэхээр нь салгасан чинь намайг чи энэ залууг өмөөрөөд байгаа юм уу гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг ... гэх залуу зодсон. Миний хаана юугаар хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг ... намайг зодож учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,

 

 2.Шүүгдэгч Л....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК-н шинэ жил СХД-н 3-р хорооны нутагт байх “Нандин дурсамж” гэх газар болсон. ..., ... бид 5 хамт орсон. Шинэ жилийн үйл ажиллагаа 19 цагийн орчим эхэлсэн. Тэгээд ..., ... бид 5 “Нандин дурсамж” гэх рестораны гадаа нэг шил 0,75 литрийн Чингис нэртэй архи уусан. Тэгээд бид 5 хамт “Нандин дурсамж” гэх ресторанд ороод бид 5 хамт нэг ширээн дээр суусан. Тэгсэн ... архи уучихаад нэг танихгүй хүнтэй маргалдаад байхаар нь би салгасан. Тэгээд ..., ... бид 5 гадаа гарч тамхи татчхаад буцаад дотор орсон. Дотор ороход Шинэ жил дундаа орсон байсан. ... архи уучихаад хүнтэй маргалдаад байхаар нь би салгасан чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ... бид хоёр маргалдсан. Би ...ын биед учирсан гэх гэмтлийг нэг удаа хамар луу нь мөргөсөн, өөр яаж зодож учруулснаа би санахгүй байна. ... зодоон шөнийн 00 цагийн үед уг ресторан дотор болсон ... Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 25-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Гэрч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай зоогийн газар 18 цагийн орчим “...” ХХК-н шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад хүмүүс нь тарцгаасан. Тэгсэн манай зоогийн газраар үйлчлүүлж байсан танихгүй 2 хүн танай 2 давхарт хүмүүс зодолдоод байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 2 давхарт гарсан чинь 2 танихгүй залуу хоорондоо зодолдоод байсан. Тэгсэн нэг нь цохиод газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд, гараараа дээрээс нь цохиод байсан. Тэгээд би салгаад зодоод байсан залууг нь гаргаж явуулсан. Тэгсэн зодуулсан залуугийн хамраас цус гарсан байсан. Зодсон гэх залуу нь махлагдуу, цагаандуу царайтай, цагаан цамцтай, хөх өнгийн хослолтой, хар куртик өмссөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х /,

 

4.Шинжээчийн 07 тоот дүгнэлт

1.Б....ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх 15 х/,

 

5.Ажлын газрын тодорхойлолт /хх 27 х/

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 х/

7.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 31-32 х/

8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/

9.Хохирлын баримтууд /хх 44-52 х/

10.Хохирогч Б....ын “... хохирол болон эмчилгээний мөнгөө бүрэн авсан.Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ... хуралд оролцохгүй ...” гэх хүсэлт /хх 57 х/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг гарсан өдрийг буруу бичсэн, цаг минутыг орхигдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг буюу ямар шалтгааны улмаас уг гэмт хэрэг гарсныг хэргийн товч агуулгад зөв, бүрэн тусгаагүй зэргийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, мөн дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг давхар зөрчсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Л.... нь архидан согтуурсан байхдаа 2018 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нандин дурсамж” рестораны 2 дугаар давхарт иргэн Б....ыг “...ыг хүнтэй маргалдаад байхаар нь салгах гээд очиход чи энэ залууг өмөөрөөд байгаа юм уу” хэмээн зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б....ын “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай “...” ХХК-н шинэ жил болсон  ... шинэ жил тарах гэж байсан. Тэгсэн ... хүнтэй маргалдаад байсан. Би тэгэхээр нь салгасан чинь намайг чи энэ залууг өмөөрөөд байгаа юм уу гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг ... гэх залуу зодсон. Миний хаана юугаар хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийг ... намайг зодож учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,

Шүүгдэгч Л....ын “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК-н шинэ жил “Нандин дурсамж” гэх газар болсон. ... Би ...ын биед учирсан гэх гэмтлийг нэг удаа хамар луу нь мөргөсөн, өөр яаж зодож учруулснаа санахгүй байна. ... зодоон шөнийн 00 цагийн үед уг ресторан дотор болсон, гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 25-26 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Ч....гийн “... манай зоогийн газраар үйлчлүүлж байсан танихгүй 2 хүн танай 2 давхарт хүмүүс зодолдоод байна гэж надад хэлэхээр нь би 2 давхарт гарсан чинь 2 танихгүй залуу хоорондоо зодолдоод байсан. Тэгсэн нэг нь цохиод газар унагаагаад хөлөөрөө өшиглөөд, гараараа дээрээс нь цохиод байсан. Тэгээд би салгаад зодоод байсан залууг нь гаргаж явуулсан. Тэгсэн зодуулсан залуугийн хамраас цус гарсан байсан. Зодсон гэх залуу нь махлагдуу, цагаандуу царайтай, цагаан цамцтай, хах өнгийн хослолтой, хар куртик өмссөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

Шинжээчийн 07 тоот дүгнэлт

1.Б....ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн дээд 1-р шүдний эмтрэл, уруулд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт /хх 15 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.... нь хохирогч Б....ыг цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 15 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Л.... нь хүнийг хөлөөрөө жийх, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Б.... хохирол болон эмчилгээний зардлаа гаргуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 57 х/-аар  тогтоогдсон тул Л....ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: Хохирлоо төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Л....ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргахгүй гэсэн болно.

 

            Л.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн прокурорын гаргасан ялын санал зэргийг харгалзан түүнд 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Л....ад үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Л....ад мэдэгдсүгэй.

  5.Л....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ