Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,                           

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Д-д холбогдуулж хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00319 0274 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Д, 1993 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Цэргийн 7а-33 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны 33 тоотод хохирогч М.Алтан-Очирыг хутгаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч  А.Алтан-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18:00 цагийн орчим найз Д.Д-тэй утсаар яриад гэрт хүрээд ирээч уулзая найзтайгаа хамт гэртээ байна гэхээр нь би түүний гэр болох БЗД-н 3 дугаар хороо 7А байрны 33 тоотод ганцаараа очиход найз Д.Д найз нь гэх Хишигбуян гэх залуугийн хамт 1 үнээ пиво уух гээд задлаад сууж байсан. Тэгээд бид гурав тэр үнээ пивийг нь хувааж уугаад гарч тамхи аваад дэлгүүр ороод бид гурав манай найз охиныг 20:00 цагийн үед ажлаас тосож аваад буцаад Д.Д-ий гэрт орохдоо дэлгүүрээс 0.5 граммын архи нэг шил, нэг том савтай 2.5 литр үнээ пиво аваад Д.Д-ий гэрт нь ороод өндөг шараад, архи, пивийг Д.Дөлгөөн, Хишигбуян бид гурав хувааж уусан. Б.Хишигбуян 22.30 минутын орчим явлаа гээд явсан. Удаагүй би 23:00 цагийн үед найз охин А.Хишигбуянгийн хамт явахаар болоод Д.Д-д явлаа ээжийн чинь төрсөн өдөр юм чинь хэт их уугаад яахав дээ гэж хэлтэл Д.Д урдаас агсам тавих гээд уурлаад байсан. Би түүнийг юунд уурлаад байгааг ойлгоогүй манай гэрт байна чи яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ямар лайтай юм вэ? гээд түүнийг хаалганых нь орчим зогсож байгаад гараараа  түлхэхэд тэр гал тогооны өрөөнд ороод шүүгээнээсээ хутга гаргаж ирэхээр нь би арай ч цохихгүй байх гээд түүнийг ирэхээр нь тэврээд авахад миний нүүр лүү хутгаараа цохиход нь миний нүүрнээс цус гарсан би Д.Д-өөс тэвэрсэн чигтээ газар доор нь орж унасан. Тэгэхэд Д.Дөлгөөн хутгаараа дахиад над луу дайрахаар гарыг нь тэврээд авсан. Манай найз охин хутгыг нь аваад нуусан юм. Тэгээд 102, 103 луу дуудлага өгсөн эмч ирээд миний баруун талын хөмсөгний дээд талд 5-6 оёдол тавьсан. Тэгээд  цагдаа Д.Д-ийг гавлаад аваад явсан. Миний баруун хөмсөгний орчим гэмтсэн.... “ гэх мэдүүлэг /хх 5-6/,

            Гэрч М.Хишигбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр амарч байхад манай 014 дүгээр ангид гэрээт цэргээр ажиллаж байсан Д над руу залгаад хоёулаа удаан уулзсангүй манайд хүрээд ир гээд гэртээ дуудсан. Тэгээд би 16 цаг өнгөрч би Д-ий гэрт очсон. Д намайг 13 дугаар хорооллын автобуснаас тосож аваад бид хоёр замаараа дэлгүүр орж 2.5 литрийн “Брат” гэх нэртэй пиво аваад тэдний гэрт очоод пивоо уугаад сууж байтал Д-ий найз гэх үл таних залуу бид хоёр дээр ирсэн. Тэгээд бид 3 сууж байтал Д-ий найз гэх залуугийн найз охин нь ирсэн байна гэсэн. Тэр залуу найз охиноо тосож авахаар гарсан. Д бид 2 удалгүй араас нь гарахад нөгөө залуу нэг найз охинтойгооо уулзаад байж байхад нь бид 4 дэлгүүр ороод дэлгүүрээс 0.75 литрийн “Цагаан” нэртэй архи, 2.5 литрийн хүрэн савтай пиво хоёрыг аваад бид 4 Д-ий гэрт орсон. Бид  гурав дэлгүүрээс авчирсан архи пиво уугаад Д-ий найз залуугийнх нь найз охин нь архи пиво уугаагүй. Би 23 цагийн орчимд найз Д-ий гэрээс гадаа ирчихээд над луу залгахаар нь би гэртээ харилаа гэхэд Д намайг гэрээсээ гаргаж өгсөн. Би найз Батбаярт гэр лүүгээ алхаад явсан. Д буцаад гэр лүүгээ алхаад орсон. Би найз Батбаярын гэрт хонсон. Маргааш 14 цагийн орчим Д над луу залгаад би эрүүлжүүлэхэд ороод гараад явж байна гэсэн. Намайг байхад ямар ч хэрүүл маргаан болоогүй. Бид нар зүгээр л юм яриад эвтэй найртай байсан. Ямар ч хэрүүл маргаан болоогүй. Д намайг гаргаж өгөхдөө согтолт ихтэй байсан. Намайг гадаа гаргаж өгчихөөд гэртээ орохдоо салхинд цохиулаад их согтсон байж магадгүй. Д-ий найз нь тийм ч их согтоогүй, согтолт гайгүй байсан... “ гэх мэдүүлэх /хх 9-10/,

            Гэрч Б.Хишигбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны 17 цаг өнгөрч байхал ажил тараад найз залуу Алтан-Очир нь найз Д-нийд байна. Ажил тараад хүрээд ир гэхээр нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 7а байрны гадаа очоод найз залуу  Алтан-Очир луу залгаад намайг тосч аваад бид 2 уулзаад байж байтал Алтан-Очир  үл таних залуутай гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид дөрөв дэлгүүр орж 0.75 литрийн нэрийн сайн мэдэхгүй архи, 2.5 литрийн пиво 2-ыг аваад бид 4 Д-ний гэрт орсон. Би архи, пиво уугаагүй Алтан-Очир, Д, Д-ний найз нь гээд үл таних залуу тэр гурав авсан архи пиво ууж байсан. Тэгтэл 23 цагийн орчимд Д-ий найз гэх залуу нь гэртээ харилаа гэхээр нь Д гэрээсээ найзыгаа гаргаж өгчихөөд буцаад ороод ирэхээр нь Алтан-Очир бид хоёр гэртээ харилаа гэж хэлчихээд зөрөөд гарах гэтэл Д ямар ч шалтгаангүйгээр уурлаад байхаар нь Алтан-Очир миний найз яагаад уурлаад байгаа юм вэ? чи согтуу байна хоёулаа маргааш эрүүл дээрээ ярилцая гээд мөр лүү нь гараараа түлхэтэл Д хөлөндөө орооцоолдоод шалан дээр унасан. Тэгээд Дөлгөөн босч ирээд чи намайг түлхэж  унагааж байгаа юм уу гээд гал тогооны өрөө рүүгээ ороод шүүгээнээс дөрвөлжин, мохоо үзүүртэй, заазуур шиг дөрвөлжин урт хутга аваад Алтан-Очир луу очоод хутгаараа далайх шиг болтол Алтан-Очир нүүр нь цус болсон байсан. Тэгээд Алтан-Очир, Д-ийг тэвэрч аваад хойшоо цуг шалан дээр унасан.Тэгээд Дөлгөөн нь Алтан-Очирыг дээр нь гарчихаад Алтан-Очирийг дахиад хутгаараа дүрэх гээд хутгаа далайхаар нь би Д-ий гэртээ барьсан хутгийг салгаж аваад гал тогооны өрөөний хажуу талын жижиг өрөө рүү шидээд хаалгыг нь хаасан. Би Д-ий гараас хутгийг салгаж авах гэж нилээн ноцолдож байж салгасан. Тэгээд би 103, 102 дугаарын утсанд өөрийн гар утаснаас дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид гуравыг аваад 3 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр авчихад 103 ирээд Алтан-Очирын сэтэрсэн хөмсөгт нь оёдол тавиад Д-ийг цагдаа нар эрүүлжүүлсэн. Д нь хамт архи ууж байсан найзыгаа гаргаж өгчихөөд орж ирэхээр нь бид хоёр зөрөөд гарах гэтэл ямар ч шалтгаангүй, юу ч болоогүй байхад уурлаад тэр хоёр маргалдсан. Тэгтэл Алтан-Очир, Д-ийг согтуу байна маргааш эрүүо болохоор уулзая гэж хэлээд түлхтэл хойшоо хөлөндөө орооцолдоод шалан дээр унасан. Тухайн үед Д нь согтолт ихтэй байсан. Найзыгаа гаргаж өгөх гэж байхдаа гуталаа ч өмсөж чадахгүй согтолт ихтэй байсан. Д нь гал тогооны өрөө лүүгээ ороод шүүгээнээсээ хар иштэй, мохоо үзүүртэй, дөрвөлжин, заазуур шиг мөртлөө урт хутга аваад Алтан-Очирын нүүр лүү далайх шиг болсон тэгтэл Алтан-Очирын нүүрнээс цус гарсан. Би Д-ийг Алтан-Очирын хөмсөгийг яаж зүссэнийг нь сайн харж чадаагүй. Алтан-Очир намайг харж байхад Д-ий биед гар хүрээгүй Д нь өөрөө согчихоод Алтан-Очирыг үгээр идээд хэрүүл өдөөд байсан. ....” гэх мэдүүлэг /хх 11-12 ху/

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1041 дугаартай дүгнэлт:

1. А.Алтан-Очирын биед баруун хөмсөг, хамрын зүүн угалзны зүсэгдсэн шарх, зүүн хацар, эрүүний зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 15/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-23/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

           

            Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7а байрны 33 тоотод хохирогч М.Алтан-Очирыг хутгаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

            Хохирогч  А.Алтан-Очирын: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23:00 цагийн үед найз охин А.Хишигбуянгийн хамт явахаар болоод Д.Д-д явлаа ээжийн чинь төрсөн өдөр юм чинь хэт их уугаад яахав дээ гэж хэлтэл Д.Д урдаас агсам тавих гээд уурлаад байсан. Би түүнийг юунд уурлаад байгааг ойлгоогүй манай гэрт байна чи яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ямар лайтай юм вэ? гээд түүнийг хаалганых нь орчим зогсож байгаад гараараа түлхэхэд тэр гал тогооны өрөөнд ороод шүүгээнээсээ хутга гаргаж ирэхээр нь би арай ч цохихгүй байх гээд түүнийг ирэхээр нь тэврээд авахад миний нүүр лүү хутгаараа цохиход нь миний нүүрнээс цус гарсан. ...Миний баруун хөмсөгний орчим гэмтсэн.... “ гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Хишигбуянгийн: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны ...23 цагийн орчимд Д-ий найз гэх залуу нь гэртээ харилаа гэхээр нь Д гэрээсээ найзыгаа гаргаж өгчихөөд буцаад ороод ирэхээр нь Алтан-Очир бид хоёр гэртээ харилаа гэж хэлчихээд зөрөөд гарах гэтэл Д ямар ч шалтгаангүйгээр уурлаад байхаар нь Алтан-Очир миний найз яагаад уурлаад байгаа юм вэ? чи согтуу байна хоёулаа маргааш эрүүл дээрээ ярилцая гээд мөр лүү нь гараараа түлхэтэл Д хөлөндөө орооцоолдоод шалан дээр унасан. Тэгээд Д босч ирээд чи намайг түлхэж унагааж байгаа юм уу гээд гал тогооны өрөө рүүгээ ороод шүүгээнээс дөрвөлжин, мохоо үзүүртэй, заазуур шиг дөрвөлжин урт хутга аваад Алтан-Очир луу очоод хутгаараа далайх шиг болтол Алтан-Очир нүүр нь цус болсон байсан. Тэгээд би 103, 102 дугаарын утсанд өөрийн гар утаснаас дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид гуравыг аваад 3 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр авчихад 103 ирээд Алтан-Очирын сэтэрсэн хөмсөгт нь оёдол тавиад Д-ийг цагдаа нар эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Д.Д-ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Д-ний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Алтан-очирт шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 670.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Д-нийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Дөлгөөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

Шүүгдэгч Д.Дөлгөөн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.