Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183

 

Ү.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр магадлалтай Ү.А-д холбогдох эрүүгийн 1822003450105 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны дарга ажилтай,  ял шийтгэлгүй Т овогт Ү-ийн А.

Ү.А нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй М.Э-д 15,000,000 төгрөгний, мөн өөрийн нөхөр Ш.Х-т 18,000,000 төгрөгийн зээл олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.А эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 24 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарын хамтран гаргасан болон өмгөөлөгч Ж.Чимэддулам нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ү.А гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс ... намайг Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй байхад өмнө нь ажиллаж байсан Засаг дарга Э.З-ийн үед хурал болсон мэтээр шинээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч болсон С.Ө-д танилцуулан зээл олгуулах тухай захирамж гаргуулан давуу байдал бий болгосон үйл явдал тогтоогдож байна гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Авлигын эсрэг хуулийн 3.1.3 “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” хэлнэ гэж хуульчилсан. Ш.Х, М.Э нарт Зээл олгох тухай Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 тоот захирамжийг  миний бие гаргаагүй, захирамжид би гарын үсэг зураагүй тул албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх боломжгүй. Намайг шүүхээс засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ө-д нөлөөлсөн гэж дүгнэснийг би зөвшөөрөхгүй байна. Намайг хэрхэн, яаж, нөлөөлсөн гэж үзээд байгаа юм бэ? төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал болоогүй гэдгийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ө “Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 тоот захирамж” гаргахдаа мэдэж байсан, яагаад гэвэл С.Ө нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө тус сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн байсан. Мөн уг захирамжийг гаргахад төсөл сонгон шалгаруулах хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэгдээгүй байхад уг захирамжийг гаргасан. Эндээс үзэхэд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ө-ийн “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/110 тоот захирамж” гаргасан, Ш.Х, М.Э нарт Зээлийн гэрээ байгуулсан үйлдэлд дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхээс С.Ө нь Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дөнгөж томилогдоод төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр захирамж гарган зээл олгосон үйлдэл нь мэдэх ёстой зүйлээ мэдэхгүй байх нь зөв мэтээр дүгнэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.  Аль ч талаасаа бодож үзсэн шийдвэр гаргасан албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үр дүнг өөрөө хариуцах ёстой. Давж заалдах шатны шүүхээс Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ө-ийн хууль зөрчсөн үйлдлийг шалгаагүй байна гэж дүгнэсэн. Энэ хэргийг хэт нэг талыг барьж намайг л буруутгахыг урьтал болгон шалгаж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.    

Төсөл авч, хэрэгжүүлж байгаа М.Э, Ш.Х нар нь тухайн суманд Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа хүмүүс болох талаар хохирогчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой мэдүүлж байсан. Миний бие Гурвансайхан сумын Сум хөгжүүлэх сангаас иргэн М.Э, Ш.Х нарт зээл олгосон үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, би төрийн албан хаагчийн хувьд ажил үүргийн дагуу хийх ёстой ажлаа л хийсэн. Би засаг даргын захирамж гарсны дараа хяналт тавих үүргийг хэрэгжүүлдэг. Намайг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Ү.А-ийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Ү.А нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай захирамжид гарын үсэг зураагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хийх ёсгүй үйлдлийг хийсэн байхыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж тайлбарласан. Гэтэл Ү.А нь сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай захирамжид гарын үсэг зураагүй. Давж заалдах шатны шүүх Ү.А нь энэ захирамжийг гарахад Өлзийбуянд нөлөөлжээ гэдэг байдлаар дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нөлөөлсөн байх нь энэ гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинжийг агуулахгүй байгаа гэж үзэж байна. Зээл олгох тухай захирамжид гарын үсэг зурсан Өлзийбуян гэдэг хүний үйлдлийг шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх захирамж гаргуулсан гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ асуудал дээр би захирамж гаргуулаагүй, захирамж гаргуулах гэж хуульд заагаагүй байна гэхээр давж заалдах шатны шүүх нөлөөлсөн байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нөлөөлөх гэсэн хуулийн агуулга, үг байхгүй. Нөлөөлөх гэдэг үгийг давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргадаг албан тушаалтанд хамаатуулж хэрэглэх юм байна. Ү.А нь санхүүгийн албаны дарга гэдэг албан тушаалтай боловч түүний гаргаж буй шийдвэр нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргахгүй этгээд юм. Дотогшоо буюу санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй шийдвэрүүд гаргадаг. Хоёр шатны шүүх бусдад нөлөөлсөн, захирамж гаргуулсан гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Мөн давж заалдах шатны шүүх Ү.А нь зээл олгохдоо Засгийн газрын тогтоосон журмын заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэлт хийгээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Гэтэл дурдсан Засгийн газрын тогтоолыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар уг тогтоол дотор  заагаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Журмын заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Засгийн газрын тогтоол зөрчсөн тохиолдол бүрт хариуцлага хүлээлгээд байвал Эрүүгийн хуулийн үндсэн зорилгоос хальсан, Эрүүгийн хуулиар хамгаалагдаагүй объект руу чиглэсэн үйлдэлд холбогдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх ийм үндсэн агуулгатай магадлал болсон учир энэ хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ер нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйлд заасан үйлдэл бол байгаа юм байна гэдгийг анхан шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн. Өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулсан гэдгийг бид зөвшөөрсөн. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2 дугаар зүйл бол 2017 онд хүчингүй болсон. Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйлд байгаа үйлдлийг 22.1 дүгээр зүйлд хамаатуулж байгаад ял шийтгэж байгаа учир үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Ү.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Сум хөгжүүлэх сангаас зээл олгох ажиллагаа нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмаар зохицуулагдсан байгаа. Энэ журамд зааснаар тухайн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулахдаа тов зарлаж, ирсэн төслийг шалгаруулах журмаар явуулах ёстой. Гэвч тов зарлагдаагүй, орон тооны бус зөвлөл журамд заасны дагуу хурал, үйл ажиллагаа хийгдээгүй. Хурлыг хуурамчаар хийсэн, хурлын тэмдэглэлийг Ү.А хийсэн гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэ төсөл сонгон шалгаруулсан гэдэг хуурамч хурлын тэмдэглэлийг сүүлд нь нөхөж, жилийн дараа үйлдсэн. Эдгээр нөхцөл байдлуудаас гадна өөрийн хамаарал бүхий буюу өөрийн нөхөрт 18,000,000 төгрөг, Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Э гэдэг хүний ээжид төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдэг байдлаар 15,000,000 төгрөгийн зээл олгох захирамжийг гаргуулснаар албан тушаалын байдлаа буюу албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон  эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ. 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт санхүүгийн албаны даргаас гадна сум хөгжүүлэх сан хариуцсан ажилтны чиг үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа Ү.А нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засаг даргын А/110 дугаар захирамж гаргуулан нөхөр Ш.Х-т 18,000,000 төгрөгийн, уг сангаас урьд нь авсан зээлээ бүрэн төлөөгүй байсан М.Э-д 15,000,000 төгрөгийн зээлийг тус тус олгуулж, өөрийн хамаарал бүхий этгээд болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримтыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ү.А нь зээл олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш хэдий ч дээрх хоёр албан тушаалын нэр хүнд, нөлөөг ашиглан сум хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг орон тооны бус зөвлөл сонгон шалгаруулсан мэтээр шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд танилцуулах, түүний гаргах шийдвэрийн төслийг бэлтгэн өгөх зэрэг идэвхтэй үйлдлээр эрх бүхий этгээдээс шийдвэр гаргахад оролцсоныг хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолд заасан журмын дагуу орон тооны бус зөвлөл хуралдаж тодорхой төслийг сонгон шалгаруулсныг тухайн сумын Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх байтал Ү.А нь Дундговь аймгийн Гурван сайхан сумын төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл огт хуралдаагүй байхад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж Ш.Х, М.Э нарын төслийг шалгаруулсан (хурлын тэмдэглэлийг 2018 оны 04 дүгээр сард хуурамчаар үйлдсэн) мэтээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Ө-д танилцуулж, сум хөгжүүлэх сан хариуцсан ажилтны эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашигласан байна.

Түүнчлэн тэрээр дээрх байдлаар өөрийн нөхөр Ш.Х-т хууль бусаар 18,000,000 төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргуулан, уг авсан зээлээс төрсөн охин Х.Б-ийн өмнө нь авсан зээлийн өрийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлж хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлжээ.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өртэйн улмаас Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан журмын 4.2.2-т зааснаар зээл дахин авах боломжгүй М.Э-д дээр дурдсан байдлаар Ү.А нь 15,000,000 төгрөгийн зээл олгуулан бусдад давуу байдал бий болгосон байна.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ү.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.А-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       

                           ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Б.ЦОГТ