Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 212

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, М.Л*******ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар тушаалын М.Л*******ид холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласныг тогтоон, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “ ... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар тушаалаар М.Л*******ийг Замын цагдаагийн газрын Мэргэжил, техник, хяналтын хэлтсий даргын үүрэгт ажлаас мөн оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн бөгөөд мөн газрын даргын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр тушаалаар Нийгмийн хэв журам хамгаалах албаны Бодлого, зохицуулалтын хэлтсийн даргаар 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилсон. 

М.Л*******ийн ажлаас чөлөөлөхөд түүнтэй цагдаагийн байгууллагааас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй бөгөөд түүний эдэлж байсан цолыг хураагаагүй, Хүний нөөцийн албаны мэдэлд байсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “ ... Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу /69.1 энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно/ гэж заасан. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан. 

Үүнээс үзэхэд М.Л*******ийн нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг цагдаагийн байгууллагаас нөхөн төлөх үндэслэлтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******д 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5/08 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч М.Л*******оос 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгчид танилцуулахад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон  хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан М.Л*******оос Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 148 дугаар тушаалын М.Л*******ид холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилласныг тогтоон, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* хүлээн зөвшөөрснийг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй бөгөөд улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                                 А.САРАНГЭРЭЛ