Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 024

 

Ц.Түвшингийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух Тыва хөйүк овогт Цэнджавын Түвшингийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Урианхай овогт Маньтайгийн Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Ц.Түвшин, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 1710000 төгрөг гаргуулах тухай.

 

 

Нэхэмжлэлийн агуулга: Би М.Цэрэндолгортой 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. М.Цэрэндолгор нь түрээсийн гэрээ байгуулж, уг өрөөг түрээсэлж авснаас хойш түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй чирэгдүүлж байсан. Би түрээсийн гэрээг цуцлах уу? гэж асуухад М.Цэрэндолгор түрээсийн гэрээг цуцлахгүй, үргэлжлүүлэн ажиллана гэж хэлж байсан. 2015 оны 11 сард намайг Улаанбаатар хотод байх хойгуур миний охин М.Цэрэндолгороос түрээсийн төлбөр авахаар очиход 11 сарын түрээс гэж 210000 төгрөг өгөөд үлдсэн 30000 төгрөгийг 11 дүгээр сарын 26-нд өгнө гэж хэлээд түлхүүр өгсөн байсан. Түрээсийн гэрээний нэг тал болох надад мэдэгдэлгүйгээр түрээсийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм.

Би М.Цэрэндолгортой түрээсийн гэрээ байгуулахад түрээсээ хувааж төлүүлэх, дамжуулан түрээслүүлэх талаар тохиролцоогүй. Би М.Цэрэндолгорт Энэ байр нэг хүн түрээслэх ёстой байр, нэг хүнд тохирох түрээсийн төлбөр, би нэг хүнтэй түрээсийн гэрээ хийнэ, өөр хүнд давхар түрээслүүлэхгүй, гэрээнд тийм заалт байхгүй, үүнийг зөвшөөрөхгүй бол байрнаас гарч болно гэж хэлэхэд гараагүй ба өөрөө дангаараа хариуцаж гэрээ хийсэн. Би М.Цэрэндолгортой түрээсийн гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд орсон болохоос бусад хүмүүстэй гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд ороогүй. Би хамгийн сүүлд 11 дүгээр сарын 11-ний өдөр М.Цэрэндолгорт Өвөл болж хүйтэрлээ, чи түрээсийн гэрээгээ цуцалж гарвал одоо гар, өвлийн улиралд миний өрөөг түрээслэх хүн олдохгүй би эрсдэлд орно гэж хэлэхэд М.Цэрэндолгор байрнаас гарахгүй гэж надад баримт бичиж өгч байсан. Иймд М.Цэрэндолгороос түрээсийн төлбөр 1710000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Ц.Түвшинтэй гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээг хийсний дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ноос эхлэн бараа огт борлогдоогүй. Үүний шалтгаан нь Монгол орон даяар явагдаж буй эдийн засгийн хямрал, хүмүүсийн худалдан авах чадвар нөлөөлсөн. Орифлейм компани нь бүтээгдэхүүний үнийг нэмсэн. Жич: 6000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн нь 35000 төгрөг болтол нэмэгдсэн нь хүмүүсийн худалдан авалтад нөлөөлсөн. Хамтран ажиллаж байсан хүмүүс дээрх шалтгаанаас болж хамтарч ажиллахаас татгалзаж үйл ажиллагаагаа зогсоосон. Эдгээр байдлыг Ц.Түвшинд хэлж үйл ажиллагаа дампуурсан гэдийг ойлгуулж хэлсэн. Энэ байдлыг Ц.Түвшин ойлгож мөн нөхцөл байдлыг мэдэрч надад ямар ч байсан ажиллаж бай, өрөөний түрээсийг 240000 төгрөг болгоё. Битгий гараарай гэснээр би энэ мөнгийг нь төлж суусан. Өрөө түрээсэлснээр би ашиг олоогүй. Надад өөр олох орлого байхгүй. Нэгэнт ажил маань дампуурч орлогогүй болсон тул төлбөрийн чадваргүй болсон. 2015 оны 11 дүгээр сарын гэж нэхэмжилсэн 30000 төгрөгийг нөхөр Г.Золбаярт өгсөн. Мөн өрөөний түлхүүрийг гэсэн өгсөн. Одоо төлөх төлбөргүй гэж үзэж байна гэжээ. гэжээ.

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч М.Цэрэндолгороос түрээсийн төлбөр 1680000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай;

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 41830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28370 төгрөгийг төрийн сангийн ХААН банкин дахь 020000941 данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.Цэрэндолгороос 41830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Түвшинд олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй. Шүүх хуралдааныг хариуцагчийг оролцуулахгүйгээр хийж, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Би шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээр байрны түрээсийн үлдэгдэл 30000 төгрөгийг байрны түлхүүрийн хамт Ц.Түвшингийн нөхөр Г.Золбаярт өгч тооцоогоо дуусгасан бөгөөд одоо төлөх төлбөргүй гэж бичсэн байхад шүүх намайг түрээсийн төлбөрийн талаар маргаагүй, ... нэгэнт хариуцагч М.Цэрэндолгор нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэж хавтаст хэрэгт түрээсийн гэрээ зөрчсөн тухай хангалттай нотлох баримт авагдаагүй байхад шүүх надаар түрээсийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би Ц.Түвшинтэй түрээсийн төлбөрийг 260000 төгрөгөөр тохиролцож, төлж байгаад 240000 төгрөг болгож багасгасан. Сарын түрээсийн төлбөрийг 240000 төгрөгөөр тохиролцож, 2015 оны 11 сар дуустал түрээсийн төлбөрийг бүрэн төлж, өрөөг Ц.Түвшингийн нөхөрт нь хүлээлгэж өгсөн. Би гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сараар дуусгавар болгож, цааш сунгаагүй. Үүнийг Ц.Түвшин сайн мэдэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч маргааны үйл баримтад үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Түвшин нь хариуцагч М.Цэрэндолгорт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн төлбөрт 1710000 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл түрээслэгч үүргээ зөрчсөнөөс түрээслүүлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахыг шаарджээ.

 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд Ц.Түвшингийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Гурван сайхан төвийн 2 давхарт байрлах ажлын өрөөг хариуцагч М.Цэрэндолгор нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар сард 260000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан, улмаар 2015 оны 12 дугаар сараас эхлэн М.Цэрэндолгор нь өөр газрыг түрээслэх болсон гэх үндэслэлээр түрээсийн төлбөрөө төлөөгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Талууд анх гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрийг сард 260000 төгрөгөөр тохиролцсон боловч хожим нь түрээсийн төлбөрийг сард 240000 төгрөгөөр дахин тохиролцсон нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ болон хариуцагчийн тайлбараар нотлогдсон учир анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1-6 дугаар сарын түрээсийн төлбөрт нийт 1680000 төгрөгийг хариуцагч М.Цэрэндолгороос гаргуулж, Ц.Түвшинд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т нийцсэн байна. Учир нь түрээслэгч М.Цэрэндолгор түрээсийн гэрээгээр хэлэлцэн тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 30000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж (хэргийн 9 дүгээр тал) уг шаардлагаасаа татгалзсан байна.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн эхний заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т заасан шаардах эрхийн үндэслэлийг нэмж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү тушаасан 28370 төгрөгийг төрийн сангийн 0020000941 дугаартай данснаас гаргуулан хариуцагч М.Цэрэндолгорт буцаан олгож шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 227 дугаар зүйлийн 227.1, гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан төрийн сангийн 0020000941 дугаартай данснаас 28370 төгрөг гаргуулан хариуцагч М.Цэрэндолгорт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК