Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0065

 

 

 

  

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0065

Улаанбаатар хот

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Н” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргасан хэдий ч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ, шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэж хуулийн хугацаанд зохих хариуг өгөөгүй болно.

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм.

Мөн Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, улмаар хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан.

Ингээд “Н” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” 1/589 дугаар газар эзэмших хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” 1/589 дугаар газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх “...энэхүү албан бичгийг газар эзэмших тухай хүсэлт гэж үзэхээргүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдэд хүсэлтээ гаргаагүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Газрын албанд хандаж гаргасан хүсэлтдээ 104.14 мкв талбайг одоо эзэмшиж байгаа талбай дээр нэмж баталгаажуулах, ...” гэсэн нь агуулгын хувьд газар эзэмших эрх хүссэн өргөдөл байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “хүсэлтээ тухайн шатны Засаг даргад баталсан загварын дагуу гаргана” гэж заасан байх ба мөн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшүүлэх эсэх шийдвэр гаргах эрх хэмжээ нь Нийслэлийн Засаг даргад хадгалагдаж байна.

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээ бүхий захиргааны байгууллагад газар эзэмших тухай хүсэлтээ гаргаагүй, ...хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг Нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаагүй байна тиймээс Нийслэлийн Засаг дарга эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн.

Гэтэл Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана”, 3.2-т “Энэ журмын 3.1.1-3.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг дараах харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана” гэж заасны дагуу болон бодит байдал дээр ч иргэн хуулийн этгээд газар эзэмших хүсэлтийг толгойг Газрын албанд хэмээн хаяглан өгдөг.

Ийнхүү Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад зайлшгүй шалган тогтоох ажиллагааг Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх хэрэгжүүлэгч агентлаг болох газрын алба нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газар эзэмшихээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу хийж, иргэн аж ахуйн нэгжид бичгээр хариу өгөх үүргээ биелүүлээгүйг шүүх зөвтгөж боломжгүй юм.

Мөн хариуцагчаас “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч эвлэрэх эрх олгогдоогүй, “Н” ХХК болон “Интер ном” ХХК-иудын газар эзэмшүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой, талуудын байлцуулж асуудлыг дахин маргахгүй байдлаар шийдвэрлэнэ” гэж мэдүүлсээр байтал анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хангалттай нотлох баримт цуглуулж, түүндээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх “Н” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлтэд хуулийн дагуу хариу ирүүлээгүй, “Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу  шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” хүсэлт нь Нийслэлийн Засаг даргад хаяглагдаагүй, түүнд очоогүй байна.

Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс 1/978 албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан байна.

Тухайн албан бичгийн агуулга нь урьдчилан шийдвэрлэх журмаар хандаж байгаа агуулгатай, Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлийг үндэслэн гаргасан гомдол гэж үзэхээр байна.

Нөгөө талаар тухайн албан бичгийг гаргах болсон үндэслэл нь “Интер ном” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байрлах талуудын хэн аль нь хуулийн дагуу эзэмших эрх үүсээгүй, сул чөлөөтэй байгаа газартай холбоотой байх бөгөөд энэ тохиолдолд “Н” ХХК-ийн компанийг тухайн газрыг “шинээр эзэмших хүсэлт” гаргаж байна гэж үзэх ёстой.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Нэгэнт “Н” ХХК тухайн газрыг шинээр эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа тул Газрын тухай хуульд заасан журам, хэлбэрийн дагуу хүсэлтээ гаргах үүрэгтэй. Даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхийн тулд 1/-рт Эс үйлдэхүй байх 2/-рт уг эс үйлдэхүй хууль бус байх, 3/-рт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Энэхүү хэргийн тухайд эс үйлдэхүй байна гэж үзэх боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмыг иш татаж байна. Гэвч “хууль бус эс үйлдэхүй”-г шүүхээс “хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэхээс ямар нэгэн “журам зөрчсөн эс үйлдэхүй”-н асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Энэ тохиолдлын тухайд шинээр иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулсан байхад өөр ямар нэгэн журмыг баримтлан Нийслэлийн Засаг даргыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

          ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР