| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2023/02060/И |
| Дугаар | 210/МА2023/01987 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/01987
| 2023 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2023/01987 |
З.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/03694 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: З.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т т д ц с- ТӨХХК-д холбогдох,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Оюунбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие Т т д ц с- ТӨХХК-д 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс Хэмжүүрийн инженер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон, улмаар Чанар хяналтын инженер албан тушаалд 2022 оны 07 сарын 01-ний өдрийн Б/61 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэлгүй зөрчил гаргаж байгаагүй.
1.2. Т т д ц с- ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 15-ны өдрийн Б/15 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
1.3. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд уг хорооны 2023 оны 03 сарын 13-ны өдрийн хуралдаанд талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тухайд өнөөдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдрийг хасч нийт 122 өдөр ажилгүй байгаа. 1 сарын дундаж цалин 2,575,708.73 төгрөг, нэг өдрийн цалин 122,652.79 төгрөг, үүнийг 122 өдөрт үржүүлэхэд 14,963,641 төгрөг болж байгаа гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Т т д ц с- ТӨХХК-ийн төрийн өмчлөлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Эрчим хүчний яамны дотоод аудитын шалгалтаар "төсөл эхлээгүй байхад ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, Чанар хяналтын инженерийн шаардлагагүй ажлын байранд ажилтан авсан гэж дүгнэн, холбогдох арга хэмжээг авч бүтэц орон тоог цөөрүүлэх зөвлөмж өгсөн тул хэд хэдэн ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны нэг нь З.Н- юм. Түүнтэй 2023 оны 01 сарын 19-ний өдөр уулзалт хийж нөхцөл байдлыг танилцуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор хоёр тал харилцан тохиролцсон.
2.2. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хороо нь З.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ын 2023 оны 02 сарын 24-ний өдөр гаргасан гомдлын дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хороо нь гомдол гаргагч З.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий байдлыг шалгахгүйгээр шууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь үндэслэлгүй.
2.3. Дээрхээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна. Иймд З.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч З.Н-г Т т д ц с- ТӨХХК-ийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Т т д ц с- ТӨХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14,963,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч З.Н-гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 14,963,640 төгрөгөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Т т д ц с- ТӨХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т т д ц с- ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 232,768 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хариуцагчийн гаргасан баримтыг буруу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
4.1. Хариуцагчаас нотлох баримтаар 2 удаагийн уулзалтын дууны бичлэгийг гаргаж өгсөн. Эдгээр уулзалтууд нь цаг хугацааны хувьд болон харилцан ярилцсан сэдвийн хувьд өөр агуулгатай байсан.
Эхний уулзалтыг 2023 оны 01 сарын 19-ний өдөр хийж Т т д ц с-ыг барих төсөл амжилттай хэрэгжиж эхлэх хүртэл З.Н-гийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар дуусгавар болгож, төсөл амжилттай хэрэгжиж эхэлмэгц эгүүлэн ажилд авах саналыг түүнд ажил олгогчоос тавьсан. Ажилтан З.Н- нь ажил олгогчийн саналыг хүлээн авч, харилцан тохиролцсон болохоо илэрхийлсэн.
Дараагийн уулзалтыг З.Н-г хэзээ ажлаас чөлөөлөх хугацааг тогтоох, тэтгэмж авах бол хүсэлт гаргахыг сануулах, өөр хүсэлт байгаа эсэхийг сонсохоор зохион байгуулсан. Энэ уулзалтаар өмнө шийдэгдсэн хөдөлмөрийн дуусгавар болгох талаар хэлэлцээгүй. З.Н-гийн хувьд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход хуульд заасны дагуу тэтгэмж олгох боломжгүй тухай мэдэгдэхэд, эргэж хариу хэлье гэсэн байдаг.
Гэтэл шүүхээс эдгээр уулзалтын агуулга, гарсан шийдвэрийг хольж бодит байдалд үл нийцэх байдлаар дүгнэсэн гэж үзэж байна. Шийдвэрт "Нэхэмжлэгч З.Н-гийн зүгээс уулзалтад оролцохдоо ажил олгогчийн танилцуулсан асуудлыг ойлголоо, эргээд хариу хэлье гэж хэлсэн үйл баримтаар ажил олгогчийн гаргасан саналыг ажилтан хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байх ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох асуудлаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн нь буруу юм.
Уулзалтын тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт "Чанар хяналтын инженер З.Н-тэй Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-д заасны дагуу харилцан тохиролцож 30 хоногийн хугацаанд ажил үүргийг гүйцэтгүүлэн, ажлаас чөлөөлөхөөр тохиролцов" гэж хэлцлийн үр дүнг тодорхойлж З.Н- тохиролцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагч талаас шүүх хуралдаанд дээрх 2 уулзалтын талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргасан ч авч хэлэлцэлгүй бодит байдалд нийцэхгуй шийдвэрийг гаргасан.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2023 оны 01 сарын 19-ний өдөр уулзалтын тэмдэглэл нь ажил олгогчийн зүгээс ажилтан З.Н-д харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлж, ажилтан түүнийг хүлээн авсныг нотлох ба энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасанд нийцсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талуудын хооронд хийгдсэн хэлцлийг уулзалтын тэмдэглэлээр баримтжуулж, талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан хэлцлийг хийхэд хэлбэрийн болон хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигдахгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасны дагуу энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл болох уулзалтын тэмдэглэлээр бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурсан тул хэлцэл хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхээс маргалдагч талуудын үүссэн маргааны гол агуулга буюу талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй.
Дээрхээс үзэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын гаргасан үндэслэл тайлбарыг бодит байдалд нийцэж байгаа эсэхийг тал бүрээс нь харьцуулан үзэлгүй буруу үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: З.Н-гийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцсоноор дуусгавар болгосон байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг харилцан судалсны үндсэн дээр бодитойгоор үнэлсэн байна гэж үзсэн. Хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан уулзалтын тэмдэглэл нь 2023 оны 01 сарын 20-ны өдөр гарын үсэг зурагдсан гэдгийг н.Нарандулам болон бусад гэрч нарын мэдүүлгээр нотолж байна. Мөн тухайн уулзалтын тэмдэглэл болон хариуцагч талаас гаргаж өгсөн уулзалтын бичлэг нь хоорондоо агуулгын хүрээнд зөрүүтэй байдаг. Хариуцагч талаас Ё.Оюунбаяр нь компанид асуудал гарсан учраас З.Н-г ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан гэх агуулгыг тайлбарладаг. Гэтэл Ё.Оюунбаяр нь төслийг хэрэгжээгүй байхад шаардлагагүй, орон тоонд З.Н-г ажилд авч ажиллуулсан гэж хэлсэн. Тухайн байгууллагын зүгээс ажилтнууд тэтгэмжээ авч, 2023 оны 02 сарын 18-ны өдөр эсхүл 2023 оны 02 сарын 15-ны өдрөөр тасалбар болгохоор болсон. Уг ажилтнуудаар хүсэлтийг нь бичүүлэн авч, 1 сарын тэтгэмжийг олгож болно эсхүл хүсэлт бичсэний дагуу тэтгэмжийг олгох асуудал яригддаг. З.Н- нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад хариу хэлье гэж тайлбарласан. Мөн З.Н- нь тухайн уулзалтын тэмдэглэлд тусгасны дагуу өргөдөл болон тэмдэглэлийг бичээгүй. Тухайн уулзалтын агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар уг байгууллага бүтэц, зохион байгуулалт, орон тооны өөрчлөлт оруулсан гэдгийг 2 гэрчийн мэдүүлгээр нотолдог. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх уулзалтад ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөхийг шаардсан. Уг өргөдлийг өгсөн тохиолдолд тэтгэмжийг олгоно гэж тайлбарласан. Харин нэхэмжлэгчийн зүгээс уг асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэх агуулга байхгүй. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлахдаа хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан 2023 оны 01 сарын 19-ний өдрийн уулзалтын тэмдэглэл болон хэргийн 58 дугаар талд авагдсан уулзалтын бичлэгийн агуулгын зөрүүг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тухайн уулзалтын тэмдэглэл болон уулзалтын бичлэг зөрж байгаа тохиолдолд уг ажилтны хүсэл зоригийг харж үзэх нь хуульд нийцэж байна. Мөн хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан уулзалтын тэмдэглэлд авагдсан гарын үсэг болон хөдөлмөрийн гэрээ бусад баримт бичгүүдэд авагдсан гарын үсэг зөрүүтэй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох агуулгыг 2023 оны 01 сарын 20-ны өдөр уулзалтын тэмдэглэлийг хөтөлсөн хүн өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, уулзалтын тэмдэглэлд тусгагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан зохицуулалт нь уулзалтын аудио бичлэгт тусгагдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэлийг 2023 оны 02 сарын 27-ны өдөр авсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар гомдол нь 30 хоног дотроо байгаа тохиолдолд эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Иргэний хуульд зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн буюу төлөөлүүлэгч дэмжсэнээр хүчин төгөлдөр байна. Уг нөхцөл байдлын улмаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа процессын журам зөрчсөн гэдэг нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч З.Н- нь хариуцагч Т т д ц с- ТӨХХК-д холбогдуулан тус компанийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, З.Н-тэй харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.
3. З.Н- нь Т т д ц с- ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 01-ний өдрийн Б/61 дугаар тушаалаар тус компанийн Чанар хяналтын инженерээр тус тус томилогдон ажиллажээ. Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, Т т д ц с- ТӨХХК-ийн дүрмийн 10.6.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6 дахь хэсэг, ажилтан З.Н-тэй хийсэн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн уулзалтын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгон ...З.Н-тэй харилцан тохиролцсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 02 сарын 17-ны өдрөөр дуусгавар болгож, Чанар хяналтын инженерийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж нэхэмжлэгч З.Н-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтантай харилцан тохиролцож дуусгавар болгосон эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нэг үндэслэлд хамаарах бөгөөд хэргийн баримтаас үзвэл ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцсон нь тогтоогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
6. Талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотойгоор 2023 оны 01 сарын 19-ний өдөр хийгдсэн уулзалтын дууны бичлэгийг хариуцагч шүүхэд баримтаар гаргаж, шүүх уг бичлэгт 2023 оны 06 сарын 05, 22-ны өдрүүдэд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авчээ. 2023 оны 06 сарын 05-ны өдрийн уулзалтын бичлэгт З.Н-: ...ямарч байсан гэрийнхэндээ хэлье. Бараг өргөдөл бичиж таарах байх даа. Ер нь бол ойлгосон. Тэгээд ярьчихаад өргөдөл бичих бол бичиж өгөөд хариу хэлье дээ. Хийгээд байх хэл ам байхгүй, маргааш хариу өгч болох уу, өнөөдөртөө амжихгүй байхаа ... гэж тэмдэглэгджээ.
Хариуцагч нь Эрчим хүчний яамнаас Т т д ц с- ТӨХХК-д 2022 онд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, мөн яамны 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 6/4368 тоот Хяналт шалгалтын үр дүнгийн тухай зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо дээрх уулзалтын тэмдэглэлд дурдсанаар З.Н- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг зөвшөөрснөө тодорхой илэрхийлсэн болон энэ тухай хүсэлтийг ажил олгогчид гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасныг зөрчиж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.
7. Дээрх уулзалтын тэмдэглэлээс үзвэл Т т д ц с- ТӨХХК дахь давхардсан зарим ажлын байрыг цөөрүүлэн цомхотгох тухай Эрчим хүчний яамны дотоод аудитын шалгалтын дүн, зөвлөмжийг ажил олгогчоос ажилтанд танилцуулж, уг цомхотгох ажлын байранд З.Н-гийн ажлын байр хамаарч байгааг мэдэгдсэн, ажилтны зүгээс уг шалгалтын дүн, зөвлөмжийн талаархи байр сууриа илэрхийлсэн, талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг харилцан тохиролцох замаар дуусгавар болгохоор ярилцаж байгааг бэхжүүлэн авчээ. Харин уг ярилцлагын дүнд ажилтан З.Н-гийн зүгээс ажлын байрнаасаа татгалзсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор зөвшөөрсөн агуулга илэрхийлэгдээгүй байна.
8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрт ажилтан гомдол гаргаж шүүхэд хандсан нь талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн гэж үзнэ. Энэ нөхцөлд ажил олгогч гаргасан шийдвэрийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Иймд дээрх үндэслэлээр талууд хоёр удаагийн уулзалтын тэмдэглэлээр баталгаажсан, нэхэмжлэгч зөвшөөрч уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.
9. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Н-г Т т д ц с- ТӨХХК-ийн Чанар хяналтын инженерийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн, шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцож нэхэмжлэгчид олгон, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцсэн байна.
10. Мөн анхан шатны шүүх Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/03694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,768 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ