Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 222

 

              Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч А....,

Шүүгдэгч У...., тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 1808020111304 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

  Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ
аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд
боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой  ажилгүй,  Кино урлагийн дээд
сургуулийн дэргэдэх Урлаг-Урлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Фото
зурагчны 11 дүгээр ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт
Дархан-Уул аймгийн, Хонгор сум, 3 дугаар баг, Салхит, Шивээт ...тоот хаягт
оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн ...тоотод түр оршин суух, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овогт ...ийн ... /.../.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

А...., У.... нар нь бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" автовокзал дотор үйл ажиллагаа явуулдаг нэг цэгийн үйлчилгээний газарт татварын улсын байцаагч ажилтай иргэн С....гийн ажлын ширээн дээрээс түүний эзэмшлийн "Самсунг-Жи 7" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 А.... нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 05-ны
өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Фокус" жаазны
дэлгүүрээс иргэн Б....ын эзэмшлийн "Самсунг-Эс7" маркийн гар утсыг
хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 450.000 төгрөгийн
хохирол учруулсан,

А.... нь ганцаараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний
өдөр Чингэлтэй дүүргийн  11  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит"
шонхор худалдааны төвийн "ХАС" банкны 158 дугаар тооцооны төв дотор иргэн
А....ын    эзэмшлийн    "Самсунг А-6    плас"    маркийн    гар    утсыг    хүч
хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 697.600 төгрөгийн хохирол
учруулсан буюу бусдад нийт 1.707.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би “Драгон”-ны нэг цэгийн үйлчилгээний төвд татварын улсын байцаагч ажилтай. 15 цагийн үед манай ажлын эмэгтэй оймс зарж байхаар нь очиж сонирхох гээд 17 дугаар цонхруу явахдаа утсаа ширээн дээр үлдээснээ анзаараагүй юм. Эргэж ирээд жоохон сууж байгаад утсаа санаад шалгахад байхгүй байсан. Утсаа хулгайд алдсанаа мэдээд тэнд байх цагдаад хандан камерын бичлэгийг шалгахад 2 хүүхэд намайг 17 дугаар цонх руу очсон хойгуур ширээн дээрээс аваад явж байсан. ... хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 13-15, 16 х/,

 

2.Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би  Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” зах дотор байдаг Хас банкны тооцооны төвд нягтлан бодогч хийдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цаг 20 минутын орчим өөрийн ажлын ширээн дээр Самсунг А-6 плас маркийн хар өнгийн гар утсаа үлдээгээд хажуу талд байдаг материалын өрөөндөө ороод гараад ирэх хооронд ширээн дээр байсан гар утас алга болсон байсан. Тухайн үед би өөрийн ажлын хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн үед миний ширээн дээр нэг хар өнгийн хувцас өмсөж цүнх үүрсэн, цэнхэр өнгийн пүүз өмссөн баруун талын гарын ард хэсэгт том дугуй хэлбэрийн шивээстэй 14-18 настай хүүхэд ирж суугаад миний ширээн дээрээс гар утсыг маань цаасаар дарж аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. ... утасны үнээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 101-102 х/,

 

3.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Фокус" нэртэй жаазны дэлгүүр болох өөрийн ажил дээр байж байсан. Гаднаас 18-20 орчим настай 2 залуу орж ирээд жаазны үнэ асууж байгаад гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад дэлгүүр дотор байх ширээн дээр байсан "Самсунг-Эс 7" маркийн гар утсаа авах гэхэд байхгүй болохоор нь дэлгүүр доторх хяналтын камераа шүүж үзэхэд нөгөө 2 эрэгтэй хүүхдийн нэг нь миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. ...утасаа 500,000 төгрөгөөр худалдан авч байсан, утасны үнийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 164-166 х/,

4.Шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...... бид хоёр “Драгон” дээр буугаад Драгоны нэг цэгийн үйлчилгээний төврүү ороод заалаар алхаад явж байхад нэг
цонх хүнгүй байсан. Тэгэхээр нь би энэ цонхонд манай эгч суудаг юм 2-лаа эгчийг иртэл хүлээж байя гээд цонхны наад талын сандал дээр хүлээж байхад ширээн дээр нь утас харагдсан. Тэгэхээр нь би 2-лаа гараад хүлээж байя гээд ширээн дээр нь байсан "Самсунг Жи-7" маркийн гар утсыг аваад гарсан. Би гараад ...т түрүүн худлаа хэлсэн юм, хулгай хийсэн шүү гэсэн. Тэгээд наад утсыг чинь зарая гээд Монтел ороод зүс танихгүй нэг ахад 120,000 төгрөгөөр зарсан. ... Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор” зах дотор байрлах "Хас" банкны
тооцооны төвийн хаалгаар ороод баруун талын булангийн ширээн дээр байсан
"Самсунг А-6" маркийн гар утсыг ширээн дээр сууж байгаад цаасаар дарж байгаад
нууцаар авчихсан юм. Тэгээд тэндээс гарч танихгүй хүнд уг гар утсыг 300,000 төгрөгөөр зарсан, ... 2018 оны 06 сард Баянгол дүүргийн Модны 2-ын зам дагуу байдаг “Фокус” төв рүү ороход эзэн нь цаад талын өрөөндөө байхаар нь ширээн дээр байсан Самсунг эс 7 гар утасыг хулгайлан авсан ...” гэх мэдүүлэг /хх 50-51, 114-115, 235-236  х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5.Шүүгдэгч У....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна. Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. ... ...той хамт Драгон луу автобусанд суугаад явсан. Тэгээд Драгоны нэг цэгийн үйлчилгээний үүдэнд очиход энд манай эгч ажилладаг юм. 2-лаа орьё гээд орсон юм. Дотогшоо ороод бид 2 заалаар алхаад явж байхад эзэнгүй цонх байхаар нь эгч чинь энд суудаг биш билүү гэхэд ... наана чинь суудаг байхаа би эгчийгээ аль цонхон дээр суудгийг мэдэхгүй байна гэсэн. Тэгсэн ... цонхон дээр очоод сандал дээр суусан, би хажуу талын сандал дээр нь суусан. Гэтэл Пүүжээ эгч байхгүй байгаа юм чинь 2-лаа утсыг нь аваад гадаа гараад байж байя гээд ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан. Тэгээд гараад явж байгаад "за би тоглосон юм аа, манай эгч ажилладаггүй юм" гэсэн. Тэгээд бид 2 тэндээс такси бариад "Монтел" дээр очоод нэг танихгүй ахад 120,000 төгрөгөөр утсыг нь зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 41-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

6.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 15 цаг 20 минут 56 секундэд цэнхэр цагаан өнгийн пүүз, саарал бараан өнгийн өмд, хар өнгийн хүрэм, хар өнгийн цүнх нуруундаа үүрсэн баруун гарын сарвууны ард хэсэгт том дугуй хэлбэрийн шивээстэй 15-18 насны залуу ... ширээний урд байх улаан өнгийн сандал дээр суугаад ... баруун гартаа цаас барьж байгаад уг ширээн дээр байсан гар утасыг авч байв ...” /хх 93-95 х/,

 

7.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... ..., ... хоёр нэг цэгийн үйлчилгээний урд хаалгаар ороод ... ...гийн ажлын ширээн дээр очин ... хажууд зогсож байсан хүнээ халхалж байгаад ... нь суугаад гар утасыг авч 04 сарын 16-ны өдрийн 15 цаг 12 минут 54 секундэд буцаад гарч яваа бичлэг байв” /хх 33 х/,

 

8.“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... Самсунг А6+ маркийн  гар утас 697,600 т, ..., Самсунг эс7 маркийн гар утас 450,000 т, ... Самсунг жэй 7 маркийн гар утас 560,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 28-29, 107-108, 172-173 х/,

 

9.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай дүү 2000 оны 05 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эхээс 6-лаа, айлын 5 дахь хүүхэд, доороо нэг эрэгтэй дүүтэй, дээрээ 2 эгчтэй. Дүү маань Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн ангид сурч байгаад төгсөөгүй гарчихсан. Сургууль төгсөх жилээ болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж ПС тоглож   гадуур, дотуур хонууд өнжүүдээр сургуулиасаа завсардчихсан юм. Манай ээж   Орбитад хойд аавтай амьдардаг. ...ын ааш зан нь төлөв даруу, гэртээ гэрийнхээ хийгээд эгч, дүү нартайгаа зүгээр хэвийн л харьцаатай байдаг, гэрийн ажилд нь сайн, усаа авна, мод, нүүрсээ зөөж оруулна. Гэрийн хүнд хүчир ажлыг хийдэг, fасебүүкээр найзуудтайгаа харьцаж байгаад гараад явчихдаг, нэг юм уу хоёр удаа гадуур хонох тохиолдол байдаг. ... гэж найзтайгаа гар утас хулгайлж мөнгө олж ПС тоглосон сурагтай байна лээ. Хэргийн талаар өөр мэдэх зүйл алгаа. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

 

10.Гэрч У....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү 2000 оны 12 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа хотод төрсөн, эхээс 4-лээ, айлын хоёр дахь хүүхэд нь байгаа. Би өөрөө айлын том нь, доороо 3 дүүтэй. Манайх 2012 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирсэн бөгөөд ... 9-р ангиа Ханын материалын сургуульд сурч төгссөн. Сургуулиа төгсөөд Кино урлагын дээд сургуулийн МСҮТ-д элсэн орсон. Одоо 2-р курсэд сурдаг. Дүү маань 10-н жилд байхдаа хичээл сурлагандаа их сайн хүүхэд байсан. Сүүлийн үед ПС тоглоод байгаа сурагтай байна, ... дуу муутай, үг дуу цөөтэй, хүний үгийг хүлээж авах тал дээр сайн, бага байхдаа л томоотой хүүхэд байсан. Би дүүгээ одоо ч гэсэн томоотой л хүүхэд гэж боддог. ... одоогоор надтай хамт цуг амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

 

11.У....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 55 х/

12.У....ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 57, 206 х/

13.У....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 х/

14.А....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61, 117, 205 х/

15.А....ийн сургуулийн тодорхойлолт /хх 63 х/

16.А....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 64, 120, 193 х/

17.А....ийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 124-126 х/

18.А....ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 203 х/

19.А...., У.... нарын нас тоолсон тэмдэглэлүүд /хх 58, 66, 131, 237 х/

20.А....ийг 02 хоног баривчилсан тогтоол /хх 179,180 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

А...., У.... нар бүлэглэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" дахь нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв дотроос иргэн С....гийн ажлын ширээн дээр байсан түүний эзэмшлийн "Самсунг-Жэй 7" маркийн гар утасыг хулгайлж, 560,000 төгрөгийн хохирол,

 А.... нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Фокус" жаазны дэлгүүрээс иргэн Б....ын эзэмшлийн "Самсунг-Эс 7" маркийн гар утасыг хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол,

           А.... нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор худалдааны төв дэх "ХАС" банкны 158 дугаар тооцооны төвөөс иргэн А....ын   эзэмшлийн    "Самсунг А-6    плас"    маркийн    гар    утасыг хулгайлж, 697,600 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч С....гийн “... Эргэж ирээд жоохон сууж байгаад утсаа санаад шалгахад байхгүй байсан. Утсаа хулгайд алдсанаа мэдээд тэнд байх цагдаад хандан камерын бичлэгийг шалгахад 2 хүүхэд намайг 17 дугаар цонхруу очсон хойгуур ширээн дээрээс аваад явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-15, 16 х/,

Хохирогч А....ын “...камерыг шүүж үзэхэд тухайн үед миний ширээн дээр нэг хар өнгийн хувцас өмсөж цүнх үүрсэн, цэнхэр өнгийн пүүз өмссөн баруун талын гарын ард хэсэгт том дугуй хэлбэрийн шивээстэй 14-18 настай хүүхэд ирж суугаад миний ширээн дээрээс гар утсыг маань цаасаар дарж аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 101-102 х/,

Хохирогч Д....ын “...хяналтын камераа шүүж үзэхэд нөгөө 2 эрэгтэй хүүхдийн нэг нь миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 164-166 х/,

Шүүгдэгч А....ийн “... ширээн дээр нь байсан "Самсунг Жи-7" маркийн гар утсыг аваад гарсан. Би гараад ...т түрүүн худлаа хэлсэн юм, хулгай хийсэн шүү гэсэн. Тэгээд наад утсыг чинь зарая гээд Монтел ороод зүс танихгүй нэг ахад 120.000 төгрөгөөр зарсан. ... Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит" шонхор зах дотор байрлах "Хас" банкны тооцооны төвийн хаалгаар ороод баруун талын булангийн ширээн дээр байсан "Самсунг А-6" маркийн гар утсыг ширээн дээр сууж байгаад цаасаар дарж байгаад нууцаар авчихсан, ... 2018 оны 06 сард Баянгол дүүргийн Модны 2-ын зам дагуу байдаг “Фокус” төв рүү ороход эзэн нь цаад талын өрөөндөө байхаар нь ширээн дээр байсан Самсунг эс 7 гар утасыг хулгайлан авсан” гэх мэдүүлэг /хх 50-51, 114-115, 235-236 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч У....ын “... Драгон дахь нэг цэг рүү ороод ширээн дээр байсан гар утасыг ... аваад гарсан. ... бид 2 тэндээс такси бариад "Монтел" дээр очоод нэг танихгүй ахад 120,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 41-43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... 15 цаг 20 минут 56 секундэд цэнхэр цагаан өнгийн пүүз, саарал бараан өнгийн өмд, хар өнгийн хүрэм, хар өнгийн цүнх нуруундаа үүрсэн баруун гарын сарвууны ард хэсэгт том дугуй хэлбэрийн шивээстэй 15-18 насны залуу ... ширээний урд байх улаан өнгийн сандал дээр суугаад ... баруун гартаа цаас барьж байгаад уг ширээн дээр байсан гар утасыг авч байв ...” /хх 93-95 х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... ..., ... хоёр нэг цэгийн үйлчилгээний урд хаалгаар ороод ... ...гийн ажлын ширээн дээр очин ... хажууд зогсож байсан хүнээ халхалж байгаад ... нь суугаад гар утасыг авч 04 сарын 16-ны өдрийн 15 цаг 12 минут 54 секундэд буцаад гарч яваа бичлэг байв” /хх 33 х/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “... Самсунг А6+ маркийн  гар утас 697,600 т, ..., Самсунг эс 7 маркийн гар утас 450,000 т, ... Самсунг жэй 7 маркийн гар утас 560,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 28-29, 107-108, 172-173 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

         

Шүүгдэгч А...., У.... нар хохирогч нарын гар утаснуудыг тэдгээрийн бие махбодид халдаж биеийн болон сэтгэл зүйн ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, хохирогч нарт мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан, учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос илүү гарсан тул шүүгдэгч нарын үйлдэл хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг бүрэн хангасан.         

 

            Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч А...., У.... нар бусдын гар утаснуудыг хулгайлан авсан  өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

             Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А...., У.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

            Хохирогч А....т 697,600 төгрөгийн хохирол, Б....д 450,000 төгрөгийн хохирол, С....д 560,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хулгайлагдсан гар утаснуудын үнэлгээгээр, шүүгдэгч хохирлоо төлөөгүй нь хохирогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 223, 226, 227 х/-ээр  тус тус тогтоогдсон тул шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй.

 

Улсын яллагч: Шүүгдэгч А....ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч А....ийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд буюу 2017 оны 4, 6, 10 саруудад нийт 3 удаа гэмт хэрэг үйлдсэн. Шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

            У....д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдөр А.... нь насанд хүрсэн, сургуульд сурдаг зэрэг нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорихгүйгээр нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Иймд өмнөх шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нь 30 хоногоор бодож нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү? гэсэн санал гаргаж байна.

Шүүгдэгч У....ын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд учруулсан хор уршиг нь 288,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохиролтой. Сургуульд сурдаг бөгөөд тодорхойлолтоо авч ирээгүй гэдгээ сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч А...., У.... нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, У....ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд А....ид 01 жилийн хорих ял, У....д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, А....ийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

   Шүүгдэгч А.... нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилээр хойшлуулсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн эдлүүлэх хуульзүйн үндэслэлтэй.

 

   Прокуророос: А....ийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

   Шүүгдэгч А....ийн 3 удаагийн хулгайн үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, уг үйлдлүүдийг нэгтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд нийцэж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлтэй.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь ямар үйлдлүүдийг нэг гэмт хэрэгт тооцож болохыг зохицуулсан тул ял шийтгэл оногдуулахад уг заалтыг прокуророос журамлаж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй.

 

   Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлсэн нь учир дутагдалтай.Мөн зүйлийн 1 дэх хэсэг нь бүлэглэн гүйцэтгэх гэдгийг тодорхойлсон.Харин уг зүйлийн 2 дахь хэсэг нь бүлэглэн гүйцэтгэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцооны байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахыг зохицуулсан байгаа тул 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У....т хорих ял оногдуулж тэнсэх нь мөн түүний хувийн байдалд тохирохгүй учир нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирлоо нөхөн төлөөгүй учраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзсэн, А....ид өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй тухайлбал: урьд нь хулгайн гэмт хэргээр хорих ял шийтгүүлж, уг ялыг хойшлуулсан хугацаанд дахин хэд хэдэн удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийг үйлдсэн болно.

 

   Шүүгдэгч А....ийн 02 хоног баривчлагдсан хугацааг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох.

 

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих, У....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...ийн ..., Боржигон овогт ...ийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А....ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У....ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 6.9 дүгээр зүйлд зааснаар А....ид энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А....ийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар А....ийн цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан У....д мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар А....оос 697,600 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 6-83 тоотод оршин суух ИЮ88102374 регистрийн дугаартай А....т, 450,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Никийн 1-7 тоотод оршин суух, БН81040604 регистрийн дугаартай Д....д, 280,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Гаалийн 1-3 тоотод оршин суух ПЙ76112361 регистрийн дугаар С....д, У....аас 280,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Гаалийн 1-3 тоотод оршин суух ПЙ76112361 регистрийн дугаар С....д тус тус олгосугай.

 

8.А...., У.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, У.... цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 02 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

            11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....ид  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих, У....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ