Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01996

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01996

 

 

 

 

 

 

 

2023 11 15 210/МА2023/01996

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03440 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З- СӨХ, З- СӨХ-ны Удирдах зөвлөлд холбогдох,

Гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүнээс С.Б-ыг чөлөөлсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. СӨХ-ны бүх гишүүдийн 2019 оны 01 сарын 12-ны өдрийн хурлаар гүйцэтгэх захирал н.Лутбатын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог тогтоох, сонгох асуудлыг хэлэлцээд удирдах гишүүдийн тоо 3, хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо 5 байхаар шийдвэрлэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилох эрх удирдах зөвлөлд байдаг. Гэтэл СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүд гүйцэтгэх захирлыг сонгосон нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлснээр хууль бус шийдвэр гаргасан үйлдэл гэж үзэж байна.

1.2. Мөн хуулиар удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хурлаар сонгохоор хуульчилсан. СӨХ-ны бүх гишүүдийн 2013 оны 01 сарын 12-ны өдрийн хурлаар огт хэлэлцэгдээгүй Н.Н- гэх хүнийг залруулга хийх хэлбэрээр удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн шийдвэрээр томилсон хууль бус шийдвэр гаргасан. 2019 оны 01 сарын 30-ны өдөр оршин суугч н.Лутбатад хүргүүлсэн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн З- СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлтийн гишүүдийн хурлын протокол, хурлын шийдвэрээр З- СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг 2019 оны 02 сарын 23-ны бямба гарагт зарлан хуралдуулах, энэ хурлаас дараагийн шинэ СӨХ-ны даргыг сонгон шалгаруулахыг шийдвэрлэв гэж протоколд тусгасан. Гэвч 2019 оны 02 сарын 23-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон эсэх нь тодорхойгүй.

1.3. СӨХ-ны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн С.Б- өөрөө өөрийгөө сонгож томилсон нь үндэслэлгүй. Удирдах зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлаар ажиллахыг хуулиар хориглоогүй ч гүйцэтгэх удирдлагад хяналт тавих чиг үүрэгтэй удирдах зөвлөлийн гишүүн нь гүйцэтгэх удирдлага байх нь СӨХ-ны гишүүдийн хэвийн байдлыг хангах, эд хөрөнгийг үр ашигтай захиран зохицуулах боломжгүй болгож байна гэж үзэж байна.

Иймд З- СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоол, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Б-ыг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч З- СӨХ-г төлөөлж, СӨХ-ны дарга С.Б-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Энэ байранд миний хүү амьдардаг байсан. Оршин суугчид намайг томилж шийдвэрлэсэн. Оршин суугчдыг хуралдаа ирээч, энэ ажлыг чинь өгмөөр байна гэж хэлэхээр та гарч яах юм бэ? гээд хуралдаа ирэхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч З- СӨХ-ны Удирдах зөвлөлийг төлөөлж, Удирдах зөвлөлийн дарга Ч.З-ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай хуучин СӨХ-ны дарга бол н.Л-асуудал гаргасны дараа 2019 онд байраараа хуралдаад, СӨХ-ны даргаа солихоор шийдсэн. Тухайн өдрийн хурал дээр шинэ удирдах зөвлөлөө сонгож, хуралд оролцсон нийт оршин суугчдаас СӨХ-ны даргыг томилох болсон. Бид С.Б-ыг идэвхитэй хүн тул даргаар томилсон. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн, хариуцагч З- СӨХ, З- СӨХ-ийн удирдах зөвлөлд холбогдуулан гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоол, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Б-ыг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд 2019 оны 01 сарын 12-ны өдрийн З- СӨХ-ны бүх гишүүдийн хурлын дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн. Уг бичлэгт З- СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдэд Ч.З-, Б.Б-, С.Б- нарыг оршин суугчдаас сонгосон тухай гардаг. Гэтэл шүүх үзлэгийн тэмдэглэлд С.Б-ыг СӨХ-ны даргаар сонгосон мэтээр илт худал зүйлийг бичсэн ба хэрэгт тухайн 2019 оны 01 сарын 12-ны өдрийн "З- СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл авагдсан ба С.Б-ыг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгосон, томилсон зүйл огт байхгүй байхад үүнийг харьцуулан үнэлээгүй.

5.2. Мөн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлд 2019 оны 02 сарын 23-ны өдөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж, тус хурлаар гүйцэтгэх захирлыг сонгохоор шийдвэрлэсэн байхад уг хурлаар гүйцэтгэх захирлыг томилсон мэтээр нотлох баримтыг илт худал үнэлж, үндэслэлгүй шийдвэрлэсэн. Ингэхдээ СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөлийн тогтоолыг анхан шатны шүүх үнэлээгүй, маргааны гол үйл баримт болсон тус тогтоолуудын талаар үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй. Тухайн тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүн С.Б-ыг хасч, Н.Н- гэх хүнийг томилсон, Хяналтын зөвлөлийн гишүүн гүйцэтгэх захирлыг томилох эрх хэмжээтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг илт зөрчсөн тогтоол, шийдвэрүүдийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.3. Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т "удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх" гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Уг заалт нь СӨХ-ны Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох эрх олгосон заалт болохоос бус гүйцэтгэх захирлыг сонгох, томилох заалт биш юм. Нэхэмжлэгч нь "З- СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилсон Удирдах зөвлөлийн тогтооолыг хүчингүй болгож, С.Б-ыг "З-" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилсныг тогтоолгох шаардлага гаргасан ба удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон эсэхэд маргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

5.4. Хэргийн 21 талд 2019 оны 02 сарын 18-ны өдрийн З- СӨХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр гэсэн баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн ба түүнд Удирдах зөвлөлийн дарга дангаар гарын үсэг зурсан байдаг. Хуулиар СӨХ-ийн гүйцэтгэх захирлыг СӨХ-ны Удирдах зөвлөл сонгохоор хуульчилсантай нийцэхгүй удирдах зөвлөлийн дарга дангаар гүйцэтгэх захирлыг томилж илт хууль бус шийдвэр гаргасан байтал шүүхээс СӨХ-ны гүйцэтгэх захирлыг ийнхүү томилсон нь хууль зөрчөөгүй мэт дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч З- СӨХ, З- СӨХ-ны Удирдах зөвлөлд холбогдуулан Гүйцэтгэх захирлыг томилсон удирдах зөвлөлийн тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүнээс С.Б-ыг чөлөөлсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй, зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч тал 2023 оны 09 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд гаргасныг хариуцагч З- СӨХ-ны Удирдах зөвлөлийн төлөөлөгч Ч.З-т 2023 оны 09 сарын 26-ны өдөр танилцуулж гардуулсан атлаа хариуцагч З- СӨХ-д танилцуулах ажиллагааг хийгээгүй байна. 2023 оны 09 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч З- СӨХ-г төлөөлөн С.Б- оролцсон байхад түүнд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг шүүх танилцуулаагүй, эсхүл С.Б- танилцахаас татгалзсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх хэрхэн явуулсан нь ойлгомжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

3.2. З- СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 01 сарын 12-ны өдрийн хурлаар С.Б-ыг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн, мөн Удирдах зөвлөлийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн А/62 дугаартай тогтоолоор С.Б-ыг тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхэд зохигч маргажээ.

Хэрэгт авагдсан З- СӨХ-ны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн 2019 оны 01 сарын 12-ны өдрийн тогтоолоор С.Б-ыг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн, мөн Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд тус хурлаар СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгоогүй, харин СӨХ-ны тамга, санхүүгийн баримтыг СӨХ-ны өмнөх удирдлагаас хүлээн авах ажлын хэсгийг томилж, 2019 оны 02 сарын 19-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны удирдлагыг томилохоор тогтжээ. /хх 12-17/

Мөн тус СӨХ-ны 2019 оны 01 сарын 12-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход С.Б- удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь, мөн өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлын үйл явцыг бэхжүүлсэн CD бичлэгт СӨХ-ны даргаар С.Б-ыг дэмжиж байгааг, гишүүд гар өргөн дэмжив гэсэн баримтад шүүх үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар авчээ. /хх 57-67/

3.3. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4удирдах зөвлөлийн гишүүдийг Бүх гишүүдийн хурлаас, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т СӨХ-ны гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн хурлаас тус тус сонгохоор хуульчилсан.

Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтуудад бүх гишүүдийн хурлаас С.Б-ыг бус Б.Н-ыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон гэх баримтгүй, зөвхөн Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгасан, мөн С.Б-ыг СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлаас сонгосон тухай хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигч маргасан байхад шүүх маргаан бүхий үйл баримтыг харьцуулан дүгнэж, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар дүгнээгүй, хариуцагч З- СӨХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлыг тус тус сонгосон шийдвэрүүд нь хуульд нийцэж байгаад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

4. Хэргийн нөхцөл байдал тодорхой бус, нотлох баримт харилцан зөрүүтэй нөхцөлд шүүх маргаан бүхий үйл баримтын талаар хэргийн оролцогчоос тодруулах, маргаан бүхий үйл баримтын зөрүүг арилгах ажиллагааг хийж, улмаар нотлох баримтууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

5. Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03440 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Э.ЭНЭБИШ